Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/946

 

                                              

 2024          8          30                                     2024/ШЦТ/946

   

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн А.Амаржаргал,

улсын яллагч Т.Нансалмаа

хохирогч А.Э, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Х овогт Мын Сөд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн  2406 00000 1745 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол улсын иргэн,1994 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр А............. аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Нийслэлийн Баянзүрх дүүргийн ..............  дугаар хороо ..............тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгэлгүй,

           Х овогт Мын С, /РД:....................  /

Холбогдсон хэргийн талаар:                                                                

Шүүгдэгч ******* нь 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 11 цагийн орчимд Баянзүрх дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..... дугаар байрны гаднах зогсоолд ....дугаартай Хариер маркийн тээврийн хэрэгсэлтэй зогсож байх явцдаа А.Эийг цонхны шилнээс барьж хэрүүл маргаан хийж зодох гэлээ гэсэн шалтгаанаар тээврийн хэрэгслээ хөдөлгөн чирч түүний биед баруун дал, бүсэлхий, баруун тохой, шуу, зүүн шуу, баруун шагай, шилбэнд зулгаралт зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Э мэдүүлэхдээ: “Би энэ хүнийг 1 жилийн өмнө таньдаг болсон. Манай эхнэртэй гэр бүлийн гадуурх харилцаа үүсгэсэн байсан. Тэгээд энэ асуудлаас болоод хэд хэдэн удаа утсаар ярьж муудалцсан. Би энэ хүнээс “манай эхнэрээс салаад өгөөч” гээд маш олон удаа гуйсан. Гэтэл намайг утсаар ярихаар их доромжлоод, хараагаад байдаг. Миний гэр бүл салж байгаа. Миний 15 жилийн амьдралыг энэ хүн сүйрүүлж байна. Энэ амьдралыг босгох гэж их зовсон. Би энэ хүнээс болоод 3 хүүхдээсээ салах болоод байна. Энэ хүн надаас уучлалт гуйгаагүй, намайг машинаар чирч алах гэж байсан. Би сэтгэл зүйл хувьд маш их гомдолтой байна” гэв.   

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Эийн өгсөн: “...Би Сүхбаатар дүүргийн...... дүгээр хороо ..................... дэлгүүрийг түрээсэлдэг. Би эхнэртэйгээ 2009 оноос хойш амьдарч байгаа, гэрлэлтээ батлуулсан дундаасаа 3 хүүхэдтэй. Манай эхнэр миний мэдэхээр 1 жилийн өмнөөс эхлээд өөр залуутай уулзаад байгаа. Энэ асуудлаас болоод бид 2 маргалдаад улмаар гэрлэлт цуцлуулахаар шүүх дээр байгаа энэ хугацаанд би 21 хоногийн турш гэртээ очихгүй байж өнөөдөр том хүү маань хээрийн бэлтгэлд явах гээд би хүүгээ гаргаж өгөх гээд гэртээ очсон.Тэгтэл байрны гадаа нөгөө уулздаг залуу болох М овогтой С гэх залуу өөрийн ....гэх хар өнгийн хариертай гадаа зогсож байсан. Би очоод “чи С байна шүү дээ, чи юу хийж байгаа юм” гэтэл “би бишээ” гээд явах гэж байсан тэгээд би “чи мөн байна” гэтэл машинаа асаагаад миний зүүн гарын бугуйнаас бариад хөдлөөд намайг чирээд машин тэрэг мөргүүлэх гээд явж эхэлсэн. Би гарыг нь тавиулах гэж байгаад өнхрөөд унасан ойролцоогоор 300 метр орчим газарт намайг чирч явсан.Тэгээд тэр хүн тэр чигтээ цаашаагаа яваад өгсөн: “...Би шүүх эмнэлэгт үзүүлнэ.Миний 2 тохой 2 гуя өвдөг нуруу гээд ихэнх газар өвдөж байна.Шагай хэсэгт шалбарсан зүүн баруун тохой шалбарсан хувцас бүгд урагдсан байна: “... Эхнэртэй нь уулздаг болохоор айсандаа намайг чирсэн байх гэж би бодож байна: “... Хяналтын камер байгаа яг намайг харж байгаа: “...Холбоо барих дугаар 88.........  гэсэн дугаартай гэрийг нь бол мэдэхгүй. Ажлын газрыг нь ч мэдэхгүй: “...Хажуугаар зөрсөн хүмүүс харсан байхаа тэрнээс бол би ганцаараа С бас ганцаараа явж байсан: “ ...Би гомдолтой байна.Сэтгэл санааны хувьд маш их хохиролтой байна.Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дахь тал/,

     Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 8417 дугаартай А.Эийн биед гарсан дүгнэлт /хх-ийн 25-26 дахь тал/ ...”

     2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр З.........  гэх манай найз над руу залгаад ирээд юманд яваад өгөөч гэсэн тэгээд би гэрийнх нь гадаа очоод байж байтал Э ирсэн тэгээд би уулзахгүй таарахгүй гээд шууд машинаа унаад явсан тэгтэл Э машинаас  чирэгдсэн тэгээд тавихгүй байхаар нь яваад өгтөл замдаа унаад өгсөн: “...Намайг эхнэртэйгээ хардаж янз бүрээр дарамталдаг байсан болохоор зугтах гээд чирсэн: “...Тийм асуудал болоогүй: “...Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна хэргийг хялбаршуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дахь тал/,

Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 06-13 дугаар тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав. 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

            Улсын яллагч: “Шүүгдэгч *******  нь 2024  оны 6 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн ....... дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч ....... дугаар байрны гадна зогсоолд хохирогч Эийг тээврийн хэрэгслээр чирч хөнгөн хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд цаашид гарах зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, сэтгэцэд учирсан хохирол болох 8,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна” гэв.

            Хохирогчийн өмгөөлөгч: Энэ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар нь их байна гэж харж байна. Манай үйлчлүүлэгчид тээврийн хэрэгсэл ашиглаж гэмтэл учруулсан байна. Тийм учраас зүйлчлэлийг нь харж үзнэ үү. Шүүгдэгч нь манай үйлчлүүлэгчийг машинаар тодорхой хэмжээнд чирч явсан байна. Энэ нь хяналтын камерын бичлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байна. Мэдээж энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохироогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд заасныг журамлан зүйлчлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч нь манай үйлчлүүлэгчийг утсаар ярихдаа хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог. Сэтгэцэд учирсан хохирол нь 2 дугаар зэргээр тогтоогдсон байна. Тийм учраас гэмт хэргийн улмаас гарсан хохирлыг тооцож хохирогчид олгуулж өгнө үү” гэв

Шүүгдэгч ******* нь 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 11 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ...... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...... байрны гаднах зогсоолд ....дугаартай Хариер маркийн тээврийн хэрэгсэлтэй зогсож байх явцдаа А.Эийг цонхны шилнээс барьж хэрүүл маргаан хийж зодох гэлээ гэсэн шалтгаанаар тээврийн хэрэгслээ хөдөлгөн чирч түүний биед баруун дал,бүсэлхий, баруун тохой, шуу, зүүн шуу, баруун шагай, шилбэнд зулгаралт зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 11 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ....... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..... дугаар байрны гаднах зогсоолд ....дугаартай Хариер маркийн тээврийн хэрэгсэлтэй зогсож байх явцдаа А.Эийг цонхны шилнээс барьж хэрүүл маргаан хийж зодох гэлээ гэсэн шалтгаанаар тээврийн хэрэгслээ хөдөлгөн чирч түүний биед баруун дал, бүсэлхий, баруун тохой, шуу, зүүн шуу, баруун шагай, шилбэнд зулгаралт зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хохирогч А.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-20 дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 8417 дугаартай А.Эийн биед гарсан дүгнэлт: 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 61-62 дахь тал/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-13 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэний улмаас хохирол хор уршиг учруулсан гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. 

 

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байна.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.8 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч ******* нь хохирогч А.Эийн бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар харгалзан 3.4-т “...Сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу ... 2 дугаар зэрэглэлд тогтоолгосон байх бөгөөд, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл гэж зааснаар хохирогч А.Ээд гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хор уршигт Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.0 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлж, шүүгдэгч *******өөс 5,280,000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Улсын яллагч: “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах,  саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хадгалах, битүүмжлэгдсэн зүйлгүй” гэх

Хохирогчийн өмгөөлөгч: “Миний гаргасан хэргийн зүйлчлэлийг шүүхийн зүгээс хүлээн авсангүй. Ял шийтгэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг сонгох санкцтай байгаа. Улсын яллагчийн зүгээс 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан. Миний хувьд 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирогчоос уучлалт хүсэхгүй байгаа байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөх талаар санаачилга гаргахгүй байгаа байдал зэргийг харгалзан үзэж ял шийтгэлийг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх шүүгдэгч *******өд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд үзэж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирол төлөгдөөгүй, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал тус тус харгалзан, Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.

             Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Мын Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******өд оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өөс 5,280,000 /таван сая хоёр зуун наян мянга/ төгрөг гаргуулж хохирогч А.Ээд олгосугай.

5. Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНХТУЯА