Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 135

 

 

 

 

 

 

 

                                                  

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

улсын   яллагчаар  Төв  аймгийн   Прокурорын   газрын  хяналтын  прокурор Х.Оюунцэцэг, 

хохирогч О.Тэмүүжин,

шүүгдэгч Б.Идэрсүрэнгийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг,

шүүгдэгч Н.Алтансүхийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

шүүгдэгч Б.Идэрсүрэн, Н.Алтансүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Идэрсүрэн, Н.Алтансүх нарт холбогдох эрүүгийн 201619000778 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

  Монгол улсын иргэн 1989 оны 03 сарын 01-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Алтанбулаг сумын 2-р баг, Аргал гэх газар оршин суух, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, 2012 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Сум дундын 1-р шүүхийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Сум дундын 1-р шүүхийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан, 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Сум дундын шүүхийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 29 хоногийн хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх 2 жил 11 сар 29 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 сарын 06-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 3 сар 24 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Бугалга овогт Баянзулын Идэрсүрэн, /РД:НА89030171/

 

   Монгол улсын иргэн 1989 оны 11 сарын 28-ны өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Улаанбаатар хотод засварын газарт ажилладаг, ам бүл 10, ээж 8 дүүгийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, чингисийн өргөн чөлөө гудамж 073-25 байр 02 тоотод оршин суух амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2006 оны 05 сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Савар овогт Наранцэцэгийн Алтансүх, Регистрын дугаар: ОР89112819

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Яллагдагч Б.Идэрсүрэн нь ялтай байх хугацаандаа, яллагдагч Н.Алтансүхтэй бүлэглэн Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг "Улаан хужирын булан" гэх газраас 2016 оны 10 дугаар сарын 07-ны шөнө 22 цагийн орчим иргэн Д.Мягмаржавын гэрийн гадна морины уян дээр байсан чойндон тамгатай, зөв талын хойд хөл нь мөчигхөн бэлэвсэн хээр зүсмийн, монхор хамартай, гурван хөл бэлэвсэн хээр зүсмийн 2 тооны морьдыг хулгайлж,

Мөн өдрийн 23 цагийн орчим Д.Мягмаржавын гэрээс 5-6 км зайтай нутаглаж байсан иргэн Б.Адъяасүрэнгийн гэрийн гаднаас аргамжаатай байсан ширээтэй зуузай тамгатай, зээрд зүсмийн морь, монгол эмээл зэргийг давтан удаагийн үйлдлээр хулгайлж, бусдад 3.200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Дээрх хулгайн гэмт хэрэгт шалгагдан Төв аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны харъяа Цагдан хорих байранд сэжигтнээр цагдан хоригдож байхдаа 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Л.Тэмжүүжинг албан үүргээ гүйцэтгэж байхад нь буюу яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол танилцуулах үед "батлан даалтанл гаргахгүй, үргэлжлүүлэн хорьлоо" гэх шалтгаанаар хүч хэрэглэж, эсэргүүцэн зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан

- Яллагдагч Н.Алтансүх нь яллагдагч Б.Идэрсүрэнтэй бүлэглэн Төв аймгил-Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг "Улаан хужирын булан" гэх газраас 2016 оны 10 дугаар сарын 07-ны шөнө 22 цагийн орчим иргэн Д.Мягмаржавын гэрийн гадна морины уян дээр байсан чойндон тамгатай, зөв талын хойд хөл нь мөчигхөн бэлэвсэн хээр зүсмийн, монхор хамартай, гурван хөл бэлэвсэн хээр зүсмийн 2 тооны морьдыг хулгайлж,

Мөн өдрийн 23 цагийн орчим Д.Мягмаржавын гэрээс 5-6 км зайтай нутаглаяи байсан иргэн Б.Адъяасүрэнгийн гэрийн гаднаас аргамжаатай байсан ширэй зуузай тамгатай, зээрд зүсмийн морь, монгол эмээл зэргийг давтан удаагийн үйлдлээр хулгайлж, бусдад 3.200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Идэрсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 10 дугаар сарын 08-нд Н.Алтансүхийг гэрт хүрээд ир гэж дуудсан. Бид хоёр Төв аймгийн Алтанбулаг сумын Улаан хужирын булан гэх газрын дэнжээс уруудаж Мягмарсүрэнгийн уяан дээр байсан 2 тооны гурван хөл нь цагаан хээр, хээр морийг авч, 2-лаа нэг нэгээр нь унаад урагшаа бургас руу орж, Адъяасүрэнгийн уяан дээр байсан хүрэн морийг эмээллээд цааш явсан. Н.Алтансүх 3 хөл цагаан хээр морь унаж, хүрэн морь хөтлөөд би хээр морио унаад Баячандмань сум орж чацарганы манаач хийдэг Анхаа гэх айлд хонож хүрэн морио зарсан. Н.Алтансүх гурван хөл цагаан хээр морио унаад Партизаны сангийн аж ахуй орж Мөнхсүхэд өрөндөө унаж явсан морио өгөөд 100 000 төгрөг нэмж авсан гэсэн. Би Н.Алтансүхтэй хамтарч бусдын адуу мал хулгайлсандаа харамсаж байна. 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр намайг цагдан хорих байранд сэжигтнээр хоригдож байхад Оюунцэцэг прокурор, Тэмүүжин байцаагч хоёр байцаалт авсан. Би Тэмүүжин байцаагчаас “Намайг батлан даалтанд хэзээ гаргах юм бэ” гэж асуухад мөрдөн байцаагч “Сэжигтнээр хоригдож байгаа 14 хоногийг дуусгаад батлан даалтанд гаргана” гэж надад хэлсэн. 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Тэмүүжин байцаагч цагдан хорих байранд надаас яллагдагчаар байцаалт авахаар ирсэн. Би тэр үед өмгөөлөгчтэй байцаалт өгнө гэж хэлсэн. Тэмүүжин байцаагч ширээн дээр гаргаж тавьсан зүйлүүдээ цүнх рүүгээ уурлаад л хийж байсан. Би гадуур батлан даалтанд гармаар байна гэхэд Тэмүүжин байцаагч “Би чамайг насаар чинь хорино. Чи хараарай за гээд” надтай маш муухай харьцсан. Би уурандаа Тэмүүжин байцаагчийн цамцнаас зуурсан. Үйлдсэн хэрэгтээ харамсаж байна.  Хөнгөн ялаар шийтгэж өгнө үү гэв.  

 

Шүүгдэгч Н.Алтансүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 08-нд намайг гэртээ байхад Б.Идэрсүрэн утсаар дуудсан. Бид хоёр Төв аймгийн Алтанбулаг сумын Улаан хужирын булан гэх газрын дэнжээс уруудаад Мягмарсүрэнгийн уяан дээр байсан 2 тооны гурван хөл нь цагаан хээр, хээр морийг авч, 2-лаа нэг нэгээр нь унаад урагшаа бургас руу орж, Адъяасүрэнгийн уяан дээр байсан хүрэн морийг эмээллээд явсан. Би 3 хөл цагаан хээр морь унаж, хүрэн морь хөтлөөд Идэрсүрэн хээр морио унаад Баячандмань сум орж чацарганы манаач хийдэг Анхаа гэх айлд хонож хүрэн морио зарсан. Би гурван хөл цагаан хээр морио унаад Партизаны сангийн аж ахуй орж Мөнхсүхэд өрөндөө унаж явсан морио өгөөд 100 000 төгрөг нэмж аваад Улаанбаатар хот орж 11 сард Алтанбулаг сумын цагдаад баригдсан. Б.Идэрсүрэнтэй хамт бусдын адуу мал хулгайлсандаа харамсаж байна. Үйлдсэн хэрэгтээ харамсаж байна.  Хөнгөн ялаар шийтгэж өгнө үү гэв.  

 

Хохирогч О.Тэмүүжин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын дундуур би Б.Идэрсүрэнг яллагдагчаар татсан, тогтоол танилцуулж, мэдүүлэг авах гэж цагдан хорих байранд орсон. Гэтэл Б.Идэрсүрэн өмгөөлөгчтэй байцаалт өгнө гэсэн учраас мэдүүлэг авахгүйгээр тэмдэглэл тусгасан. Б.Идэрсүрэн  батлан даалтанд гаргана гэсэн яасан бэ гэхээр би чиний гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан талаарх тогтоолыг танилцуулахад Б.Идэрсүрэн  яагаад намайг батлан даалтанд гаргадаггүй юм бэ гээд доошоо хараад юм бичиж байсан намайг шилэн тасалгааны доогуур заамдаж, шил мөргүүлэн биед гэмтэл учруулсан. Би орилж уулзалтын өрөөнд 2 хянагч орж ирж намайг салгасан. Би Б.Идэрсүрэнд буруу зүйл хийгээгүй, ажил үүргээ хуулийн дагуу гүйцэтгэж явахад намайг доромжилсонд гомдолтой байна. Шүүгдэгч Б.Идэрсүрэн гээс нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Хохирогч Д.Мягмаржав мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Төв аймаг Алтанбулаг сумын 2-р баг Туул голын хойн байрлах "Улаан хужирын булан гэх газраас" 2016 оны 10-р сарын 07-08-нд шилжих шөнө үүрээр 01-цагаас 06 цагийн хооронд гэрийн гадаа уяатай байсан дөрвөн тооны адуунаас хоёр тооны хээр морио хулгайд алдсан. Миний хулгайд алдсан хоёр морь нь “Хээр зүсмийн чойндон тамгатай зөв талын хойд хөл нь мөчигхөн билэвсэн" “Нөгөө хээр морь нь монхор хамартай чойндон тамгатай гурван хөл билэвсэн морь” байсан юм...  2016 оны 10-р сарын 17-ны өдөр Төв аймаг Алтанбулаг сумын 3-р багийн иргэн Баттүшиг гэдэг ах "Надруу утсаар ярьж ахын дүү чиний том хээр морыг Төв аймгийн Баянцогт сумын нутаг Гунь гэдэг газар айлд зарцан байна гэж надад хэлсэн" Тэгээд би 2016 оны 10-р сарын 20-ны өглөө Морь байгаа айлруугаа очиж өөрийн морио авах гэтэл айлын эзэн өгөхгүй гээд миний морыг өгөхгүй байсан. Тэгээд би Баянчандмань сумын хэсгийн төлөөлөгч дээр очоод "Идэрсүрэн миний морыг айлд зарцан байна нөгөө айл нь миний морыг өгөхгүй байна гэж хэлэхэд надад Баянчандмань сумын хэсгийн төлөөлөгч бичиг хийж өгсөн" Тэгээд би буцаад нөгөө айлдаа очиж өөрийн том хээр морио аваад Баянчандмань сумын Онгой гэдэг айлд очиж өөрийн хэзр зүсмийн нэг морио үлдээгээд үлдсэн морио хайх гэтэл. Онгой гэдэг залуу энд хүрэн зээрд даага зарагдсан даа та тэрийг очоод нэг үздээ гэж надаа хэлсэн. Би очиж үзтэл зээрд морь, сартай хүрэн зээрд даага хоёрыг Анхаа гэдэг залууд 500.000 төгрөгөөр зарцан байхаар би адуугаа авах гээд хөдөө байдаг гэрт нь очтол Анхаа гэдэг залуугийн ээж өгөхгүй гээд байсан. Тэгэхээр би Баянчандмань сумын хэсгийн төлөөлөгч рүү залгаад миний морыг өгөхгүй байна гэж хэлэхэд Баянчандмань сумын хэсгийн төлөөлөгч наад хүмүүс ээ дагуулаад постон дээр яваад ир гэж хэлсэн чинь нөгөө хүмүүс за за бид өглөө өгье гэж хэлээд би өглөө нь өөрийн хээр морио, хажуу айлын залуугийн зээрд морыг аваад гэрлүүгээ явсан.” гэх мэдүүлэг /хх-51-53 тал/,

Хохирогч Д.Адъяасүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 10 дугаар сарын 07-ны орой 22 цагийн үед ширээтэй зуузай тамгатай, зээрд морио орой унтахдаа гэрийн зүүн урд хэсэгт гэрээс 100-200 м орчим зайд аргамжаад, морь уядаг бургасны ойролцоо эмээлээ тавьчихаад, үхэр малаа хашчихаад гэртээ 23 цагийн үед унтаж амарсан. Маргааш өглөө нь буюу 2016 оны 10 дугаар сарын 08-ны өглөө гэрээс гарсан чинь аргамжаад хоносон морь байхгүй байсан. Би өглөө нь гараад голын ойролцоо байдаг Б.Идэрсүрэнгийн ээжийнх нь гэрт очиж морио асуусан чинь Б.Идэрсүрэнгийн ээж юм ажиглагдаагүй хойшоо хэдэн тугалтай үхэрүүд цуваад байна гэж хэлсэн. Би дурангаараа хартал манай үхрүүд өвөлжөөрүүгээ тугалтайгаа цуваад явж байсан. Би үхэрийнхээ араас яваад буцаагаад туугаад явж байсан чинь Мягмаржав ахтай таарсан чинь Мягмаржав ах надад өчигдөр орой 2 морио уяан дээрээсээ алдчихлаа гэж ярьж байсан. Би Мягмаржав ахьн гэрт ороод утсаар нь Алтанбулаг сумын хэсгийн төлөөлөгч Ц.Анхбаяртай яриад урд шөнө гэрийнхээ гаднаас морь алдчихлаа урьд шөнө хулгайч явсан юм шиг байна гэж хэлсэн. Удалгүй хэсгийн төлөөлөгч хүрч ирээд бид гурав эмээлтийн бойн дээгүүүр явсан. Эмээлтийн бойн дээгүүр явж байгаад орой нь сумын төвд ирсэн. Маргааш нь Мягмаржав ах ганцаараа эрэлд явсан чинь замд нь таарсан хүн зээрд морь, хээр морьтой хоёр хүн хэдэн адуу туугаад явж байсан гэж Мягмаржав ахад хэлсэн  гээд бид хоёр араас нь Баянчандмань, Зүүнхараа зэрэг газруудаар хайж явсан... ” гэх мэдүүлэг /хх-55-56 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Н.Энхбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... 2016 оны 10 дугаар сарын 08-ны өглөө Төв аймгийн Баянчандмань сумын адгын худаг гэх газар үхэр услаж байхад Идэрсүрэн гэх залуу өсгийн цагаан бор хээр морь халзан морь хөтөлчихсөн ирээд мөнгөний хэрэг болчихлоо бор хээр морийг 400.000 төгрөгөөр худалдаад  авчаач гэхээр нь манай аавд очоод үзүүлчих гээд явуулсан. Тэгээд надад мөнгө байхгүй байна гэхэд 1 дэх өдөр мөнгийг нь өгчиж болно гэхээр нь за тэгвэл үлдээчээд явахгүй юу гэхэд хөтөлж явсан морио унаад унаж явсан морио үлдээгээд чандмань орно гээд явсан. Тухайн өдөр бүтэн сайн өдөр байсан болохоор маргааш нь буюу 1 дэх өдөр Идэрсүрэнгийн хаан банкны данс руу 400.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд  2016 оны 11 сард өвөлжөөндөө бууцан байхад морины эзэн ирээд морио авий гэхээр нь би өгч болж байна харин сумын хэсгийн төлөөлөгчөөс зөвшөөрөл аваад тэмдэглүүлээд ир гэж хэлсэн чинь надад хэсгийн төлөөлөгчөөр тодорхойлолт хийлгэж ирэхээр нь би өгсөн мотоцикльтой хөтлөөд явсан...” гэх мэдүүлэг /хх-58 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч М.Анхбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... Тэгээд Идэрсүрэн намайг мөнгний хэрэг болчихлоо 150.000 төгрөгөөр даага худалдаад авчаач гэхээр нь  би мөнгө байхгүй 100.000 төгрөг байна өгвөл авий гэхэд ахиад зээрд хүрэн морь 400.000 мянгад зарна гэхээр нь би ээжээс 400.000  төгрөг аваад сумын төвд ирээд картнаасаа 100.000 мянган төгрөг аваад зээрд морийг нь 350.000 мянгад бодоод даагыг нь 150.000 мянгад бодоод нийлүүлээд 500.000 мянгад худалдаж авсан. Тэгээд 10 сарын сүүлээр мотоцикльтой 2 залуу ирээд морь авна гэхээр нь би мөнгө өгч авсан юм чинь өгөхгүй гэхэд хэсгийн төлөөлөгчид чинь хэлээд авна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-61 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Чулуунхүү мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 10 сарын сүүлээр СХД-ийн 21-р хороонд оршин суух Даваа гэх хүнээс морь зарна гэсэн сураг сонсоод утсаар яриад очиж үзээд худалдаж авахаар болоод 1 гунжин үхэрээр наймаалцаж аваад хонинд унж байна..” гэх мэдүүлэг /хх-63 тал/,

 

Гэрч Д.Энхтуул мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Төв аймаг Алтанбулаг сумын 2-р баг Туул голын хойн байрлах "Улаан хужирын булан гэх газраас" 2016 оны 10-р сарын 07-08-нд шилжих шөнө үүрээр 01-цагаас 06 цагийн хооронд гэрийн гадаа уяатай байсан дөрвөн тооны адуунаас хоёр тооны хээр морио хулгайд алдсан. Миний хулгайд алдсан хоёр морь нь “Хээр зүсмийн чойндон тамгатай зөв талын хойд хөл нь мөчигхөн билэвсэн" “Нөгөө хээр морь нь монхор хамартай чойндон тамгатай гурван хөл билэвсэн морь” байсан юм... ” гэх мэдүүлэг /хх-64-65 тал/,

 

Гэрч Н.Батмөнх мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Мягмаржавын адууг яагаад хоёр сая төгрөгөөр үнэлсэн бэ гэвэл нэгт хурдан удмын морь биш, тэрийг хурдан удмын морь гэхэд нотлох баримт байхгүй байсан. Энэ оны 09-10 сарын байдлаар зах зээлд малын махны ханш бага байсан болохоор би хоёр саяаар үнэлсэн юм. Ер нь орон нутагт адууны ханш нэг сая төгрөгөөс доош үнэтэй байгаа...” гэх мэдүүлэг /хх-70 тал/,

 

Гэрч Т.Онгорбайя мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “... 2016 оны 10 сарын 08-ны өдөр би морьнд нь хараа тавиад 4 морийг нь усалж аргамжсан. Өдөр 13 цаг 00 минутын үед Идэрсүрэн нь нөгөө залуутайгаа ирж, хоёр хээр морио унаж яваад хоёр хөтөлж явсан морио орхиод явсан. Тэгэхээр нь би хоёр морийг нь хашиж хоноод, 2016 оны 10 сарын 09-ний өглөө Идэрсүрэн нь нөгөө залуутайгаа ирж, Цагдаа морьдоо аваад ир гэж  байна гээд морьдоо аваад явсан. 2016 оны 10 сарын 09-ний орой Идэрсүрэнгийн гэр мөн үү гэж Алтанбулаг сумын малчин Мийгаа  хэлж манайд ирсэн...” гэх мэдүүлэг /хх-71-72 тал/,

 

Гэрч З.Роза мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 10 сарын 07-ны өдөр өмнөх малчин Идэрсүрэн гэгч нь нэг залуутай хамт 3 морь 1 даагатай ирж, би өмнөх малчин Идэрсүрэн байна. Гадаа их хүйтэн жоохон дулаацаад явая гэхээр нь би гэртээ оруулсан...” гэх мэдүүлэг /хх-73-74 тал/,

 

Гэрч Д.Шинэбаяр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 10 сарын 09-ний өдөр би ажилдаа явцан байхад Идэрсүрэн гэрт эмээл хазаараа эргэж ирээд авъя би хот орох ажилтай болчихлоо гээд гэрт үлдээгээд явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-76 тал/,

 

Гэрч Д.Товуухорол мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “... 2016 оны 10 сарын 08-ны өглөө Төв аймгийн Баянцогт сумын 1-р багийн нутаг гурын адаг гэх газар 09 цагийн орчим үхрээ туугаад урагшаа бөөрийн адаг гэх газар луу үхрээ туугаад явж байхад цөөхөн тооны 7-8 адуу туусан 1 нь хөтөлгөө морьтой нөгөө нь уурга барьчихсан туугаад бөөрийн ар луу гурын адаг руу уруудаад явж байсан. Би  үхрээ туугаад гэртээ ирэхэд манай уяан дээрээс мордож байсан. Надтай тааралдаад би хаанаас хаа хүрж яваа юм бэ гэхэд Өлзийт хорооллоос Зүүн хараа руу адуу хүнд хүргэж өгөх гээд явж байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-77-78 тал/,

 

Гэрч Б.Мөнх-Очир мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “... 2016 оны 10 сарын 07-ны өдөр 15 цагийн үед миний төрсөн ах Идэрсүрэн найз Алтансүхтэйгээ цуг ирээд Алтанбулаг сум руу гэрлүүгээ очих гэсэн унаа байхгүй байна. Мотоциклоо өгчих гэхээр нь гэрийн гадаа байсан цэнхэр өнгийн мустанг-5 маркийн мотоциклыг өгөөд явуулсан... гэх мэдүүлэг /хх-80 тал/,

 

Гэрч Ё.Даваадорж мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “.. 2016 оны 10-р сарын 26-ны үед СХД-ийн 21-р хороонд Мөнхсүх гэдэг хүнээс хойд 2 хөл цагаан хээр морийг 2 охин 3 эр тугалаар наймаалцаж авсан. Худалдаж аваад 10-д хоногийн дараа Чулуунхүү гэх хүн морь худалдаж авна гэхээр нь утсаар холбоо барьтал ирж үзээд авий гэхээр нь 1 ширхэг шүдлэн гунжаар наймаа хийж морио Чулуунхүү гуайд өгөөд шүдлэн гунжийг нь идшинд идсэн... гэх мэдүүлэг /хх-81 тал/,

 

Гэрч Э.Мөнхсүх мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “... 2016 оны 10 сарын 10-н үеэр морьтой ганцаараа ирсэн. Унаж явсан морь нь хойд 2 хөл цагаан урд 1 хөл нь цагаан засмал дэлтэй бүдүүн морь унчихсан ирсэн. Тэгээд өмнө өнгөрсөн зун манайд ирээд намар өвс өгнө одоо 2 хонь өгчих гэхээр нь би 2 хонь өгөөд мотоцикльтой авч явсан. Сая манайд ирэхдээ унаж ирсэн морио 2 хониныхоо оронд өгөөд зөрүү мөнгө гэж надаас 100.000 төгрөг аваад манайд 1 хончихоод явсан... гэх мэдүүлэг /хх-82 тал/,

 

Гэрч С.Батсайхан мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2016-10-08-ны орой Хар ямаат гэх газар явж байгаад малчин айлд ороход үл таних хоёр залуу байхаар нь би тэр хоёр хүний нэр хаягийг тогтоох зорилгоор цагдаагийн хэсэг дээрээ авч ирсэн бөгөөд цагдаагийн хэсэг дээр авч ирээд зургийг аваад нэр хаягийг тогтоогоод явуулсан юм. Тэр хоёр хүнээс тайлбар аваагүй. Тухайн үед Алтансүх. Идэрсүрэн нар нь морьтой явж байсан морь нь айлын хашаанд байсан тул ямар зүстэй морьтой явсан талаар нь хараагүй... гэх мэдүүлэг /хх-83 тал/,

 

Гэрч Ц.Батхишиг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 10 сарын 14 нд Адъяасүрэн надруу утасаа залгаад Молцог элсний ард Бор морь хонгор халзан морь 2 хөлтэй байна гэхээр нь би хадам дүүгээ дуудаад цуг хойшоо яваад 2 морио олдоггүй. Тэгээд Баянчандмань сум ороод Хар ямааны бэлдмэл гэх газар очоод малчин залуу казак хүн байхаар нь алдсан морио асуутал цагаан хөлтэй хээр морь, том хээр, хүрэн морь, хүрэн морь, зээрд даага нийлсэн 5 тооны адуу Идэрсүрэн гэх залуу хашисан гэсэн. Тэгээд бордооны хашаанд ороход дан саран тамгатай сарны баруун дээд хэсэгт хөндөлтэй зүрхэн тамгатай хүрэн морь байсан. Тэгээд Баянчандмань суманд хончихоод маргааш нь Баянчандмань сумаас баруун ургашаа Гуний ферм гэх газар Мягмаржавын том улаан хээр морь айлд байхаар нь эзэнгээс нь асуутал Идэрсүрэн гэх залуу зарчихаад явсан гэж ярьж байхаар нь би Мягмарсүрэнд утсаар хэлсэн юмаа...” гэх мэдүүлэг /хх-84 тал/,

 

Гэрч М.Амаржаргал мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “... Идэрсүрэнг танина  2016 оны 05-р сард манай байгууллагад малчинаар ажилд ороод тэр цагаас эхлэн таньдаг болсон харин Алтансүх 2016 оны 07 сараас Идэрсүрэн дагуулж ирж танилцсан... Би архи уучихаад явж байгаад байшингын довжоон дээрээс халитарч унаад хөлөө гэмтээчихээд тухайн үед ажлынхан мэдчихвэл бөөн асуудал болно гээд гэмтлийн эмнэлэгт ирээд айсандаа Төв аймгийн Баянчандмань сумын төвд явж байгаад 3 хүнд зодуулчихлаа гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-85 тал/,

 

Гэрч А.Лхагвасүрэн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 12 сарын 12-ны өдөр би ээлжинд гарч байхад өдөр 16 цагийн үед мөрдөн байцаагч Тэмүүжин Идэрсүрэнгээс байцаалт авна гээд орж ирээд Идэрсүрэн байцаалтын 1 номерын өрөөнд оруулж уулзуулсан. Тухайн үед би хяналтын өрөөнд үүрэг гүйцэтгэж байхад Идэрсүрэн нь Тэмүүжинг заамдаад байцаалтын өрөөний хаалтанд наачихсан байхад би хаалгыг нь онгойлгоод ороход Тэмүүжин энийгээ аваач гээд орилсон тэгээд би Идэрсүрэнг араас нь боогоод арагш нь салгаад хана руу түлэхээд байцаалтын өрөөнөөс авч гараад хорих өрөөнд нь оруулсан...” гэх мэдүүлэг /хх-86 тал/,

 

БУСАД БАРИМТ

  • Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-21-24 тал/,
  • Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-25-26 тал/,
  • Мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хх-27 тал/,
  • Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-29-32 тал/,
  • Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-33-34 тал/,
  • Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-35-37 тал/,
  • Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-38-40 тал/
  • Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-41 тал/,
  • Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-42-43 тал/,
  • Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-45-46 тал/,
  • Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-47 тал/,
  • Камерын бичлэг хуулж авсан тухай тэмдэглэл /хх-48 тал/,
  • Т.Гантуяагийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-59 тал/,
  • Эд зүйлийн үнэлгээ /хх-88, 93, 96, 100, 105 тал/,
  • Сэжигтэн Б.Идэрсүрэнг баривчлах тогтоол /хх-111 тал/,
  • Сэжигтэн Б.Идэрсүрэнг баривчлах тухай шүүгчийн захирамж /хх-112-113 тал/,
  • Сэжигтэн Б.Идэрсүрэнг цагдан хорих тухай шүүгчийн захирамж /хх-116-117 тал/,
  • Яллагдагч Б.Идэрсүрэнг цагдан хорих тухай шүүгчийн захирамж /хх-119-120, 122-123 тал/,
  • Сэжигтэн Н.Алтансүхийг баривчлах тогтоол, шүүгчийн захирамж /хх-125-127 тал/,
  • Сэжигтэн Н.Алтансүхийг суллах тухай /хх-128 тал/,
  • Хорьж мөрдөх 1 дүгээр хугацаа сунгах тухай /хх-137 тал/,
  • 2012 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Төв аймгийн Сум дундын 1-р шүүхийн 48 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-164-166 тал/,
  • 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Төв аймгийн Сум дундын 1-р шүүхийн 24 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-167-169 тал/,
  • 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Төв аймгийн Сум дундын шүүхийн 74 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-170-171 тал/,
  • 2006 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 113 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-174 тал/,
  • Төв аймгийн Цагдаагийн газрын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 49/05-4918 тоот албан бичиг /хх-178 тал/,
  •  Цагдаагийн ерөнхий газрын Асап сангийн лавлагаа /хх-181-188 тал/,
  • Төв аймгийн Алтанбулаг сумын 2-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-193, 195 тал/,
  • Хас банкны Зуунмод салбарын 2016 оны 11 сарын 08-ны өдрийн 130/572 тоот лавлагаа /хх-197 тал/,
  • Хаан банкны 2016 оны 11 сарын 08-ны өдрийн 16/460 тоот лавлагаа, депозит дансны хуулга /хх-198-199 тал/,
  • Капитал банкны 2016 оны 11 сарын 07-ны өдрийн 164 тоот лавлагаа /хх-200 тал/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №07 тоот дүгнэлтэнд: О.Тэмүүжингийн биед тархи доргилт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, О.Тэмүүжингийн биед учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна гэх дүгнэлт /хх-108 тал/,

 

шүүгдэгч Б.Идэрсүрэнг сэжигтнээр /хх-138-148 тал/, яллагдагчаар /хх-149-154 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

шүүгдэгч Н.Алтансүхийг сэжигтнээр /хх-155-158 тал/, яллагдагчаар /хх-159-160 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

 

Б.Идэрсүрэнгийн ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад "2012 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Сум дундын 1-р шүүхийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Сум дундын 1-р шүүхийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан, 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Сум дундын шүүхийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 29 хоногийн хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн, биечлэн 2 жил 11 сар 29 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 сарын 06-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 3 сар 24 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж суллагдсан " гэх лавлагаа /хх-161 тал/,

 

Н.Алтансүхийн ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад "2006 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 113 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цаг албадан ажил хийлгэх ял шийтгэгдсэн" гэх лавлагаа /хх-172 тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Идэрсүрэн нь ялтай байх хугацаандаа, яллагдагч Н.Алтансүхтэй бүлэглэн Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг "Улаан хужирын булан" гэх газраас 2016 оны 10 дугаар сарын 07-ны шөнө 22 цагийн орчим иргэн Д.Мягмаржавын гэрийн гадна морины уян дээр байсан чойндон тамгатай, зөв талын хойд хөл нь мөчигхөн бэлэвсэн хээр зүсмийн, монхор хамартай, гурван хөл бэлэвсэн хээр зүсмийн 2 тооны морьдыг хулгайлж,

Мөн өдрийн 23 цагийн орчим Д.Мягмаржавын гэрээс 5-6 км зайтай нутаглаж байсан иргэн Б.Адъяасүрэнгийн гэрийн гаднаас аргамжаатай байсан ширээтэй зуузай тамгатай, зээрд зүсмийн морь, монгол эмээл зэргийг давтан удаагийн үйлдлээр хулгайлж, бусдад 3.200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Дээрх хулгайн гэмт хэрэгт шалгагдан Төв аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны харъяа Цагдан хорих байранд сэжигтнээр цагдан хоригдож байхдаа 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Л.Тэмжүүжинг албан үүргээ гүйцэтгэж байхад нь буюу яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол танилцуулах үед "батлан даалтанд гаргахгүй, үргэлжлүүлэн хорьлоо" гэх шалтгаанаар хүч хэрэглэж, эсэргүүцэн зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Н.Алтансүх нь яллагдагч Б.Идэрсүрэнтэй бүлэглэн Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг "Улаан хужирын булан" гэх газраас 2016 оны 10 дугаар сарын 07-ны шөнө 22 цагийн орчим иргэн Д.Мягмаржавын гэрийн гадна морины уян дээр байсан чойндон тамгатай, зөв талын хойд хөл нь мөчигхөн бэлэвсэн хээр зүсмийн, монхор хамартай, гурван хөл бэлэвсэн хээр зүсмийн 2 тооны морьдыг хулгайлж,

Мөн өдрийн 23 цагийн орчим Д.Мягмаржавын гэрээс 5-6 км зайтай нутаглаяи байсан иргэн Б.Адъяасүрэнгийн гэрийн гаднаас аргамжаатай байсан ширэй зуузай тамгатай, зээрд зүсмийн морь, монгол эмээл зэргийг давтан удаагийн үйлдлээр хулгайлж, бусдад 3.200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч О.Тэмүүжингийн мэдүүлэг, шүүгдэгч Б.Идэрсүрэн, Н.Алтансүх нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Адъяасүрэн, Д.Мягмаржав, иргэний нэхэмжлэгч Н.Энхбаяр, М.Анхбаяр, Д.Чулуунхүү, гэрч Д.Энхтуул, Н.Батмөнх, Т.Онгорбайя, З.Роза, Б.Ганчулуун, Д.Шинэбаяр, Д.Товуухорол, Б.Мөнх-Очир, Ё.Даваадорж, Э.Мөнхсүх, С.Батсайхан, Ц.Батхишиг, М.Амаржаргал, А.Лхагвасүрэн нарын мэдүүлсэн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Идэрсүрэнг ялтай байхдаа, бүлэглэн, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг, мөн төрийн албан хаагчийг эсэргүүцсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.Алтансүхийг бүлэглэн, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэлийг тус тус оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Идэрсүрэнд ял шийтгэл оногдуулахдаа ялтай байхдаа, бүлэглэн, давтан үйлдлээр гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал гаргаагүй байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож эд хөрөнгийг хураахгүйгээр хорих ял оногдуулан, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Н.Алтансүхэд ял шийтгэл оногдуулахдаа бүлэглэн, давтан үйлдлээр гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал гаргаагүй зэрэг шүүгдэгч Н.Алтансүхийн хувийн байдлыг харгалзан эд хөрөнгийг хураахгүйгээр хорих ял оногдуулан, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд шүүгдэгч Б.Идэрсүрэнгийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг “хэргийн зүйлчлэлийн хувьд маргаан байхгүй. Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 нь хоёуулаа баривчлах ялтай тул баривчлах ялд багтааж өгнө үү ” гэх хүсэлт гаргасан байна.

 

Шүүгдэгч Б.Идэрсүрэн нь энэ төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдэж байсан / 3 удаа /, ялтай байхдаа / 2015 оны 11 сарын 06-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эдлээгүй үлдсэн 3 сар 24 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж суллагдсан /  буюу Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт зааснаар ялтай байдал нь арилаагүй байхдаа бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, дээрхи гэмт хэрэгт шалгагдаж байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

 

Харин шүүгдэгч Н.Алтансүхийн өмгөөлөгч И.Отгонсүрэн нь “...хэргийн зүйлчлэлийн хувьд маргаан байхгүй. Шүүгдэгч Н.Алтансүхийн хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулах ялыг тэнсэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан байна.

 

Шүүгдэгч Н.Алтансүх нь 2006 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 113 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цаг албадан ажил хийлгэх ял шийтгэгдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2 дахь хэсэгт заасан ялтай байдал нь арилсан байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3- д “Энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хүндэвтэр гэмт хэрэг гэнэ.” гэж зааснаар Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг нь хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж, нэгээс таван жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож болно...” гэсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлэээн авах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

 

Хохирлын талаар

Хохирогч Д.Адъяасүрэн, Д.Мягмаржав, О.Тэмүүжин, иргэний нэхэмжлэгч Н.Энхбаяр, М.Анхбаяр, Д.Чулуунхүү нар нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирлоо бүрэн барагдуулж авсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх гэм хорын хохиролын асуудал байхгүй байна.

 

Битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар

2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн таван ханатай монгол гэр, 2017 оны 01 сарын 03-ны өдрийн Мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Н.Алтансүхийн эзэмшлийн 32 инчийн самсунг маркийн телевизор, маураг маркийн хөлдөөгч, Хайер маркийн угаалгын машин, зэргийн битүүмжлэлийг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагдан хорих байрны 01 тоот байцаалтын өрөөний 2016 оны 12 сарын 12-ны өдрийн бичлэг бүхий сиди 1 ширхэг, шүүгдэгч Б.Идэрсүрэнгийн дохож явсан ногоон оломцогтой эмээл, улаан эмжээртэй 2 ширхэг тохом, 2 ширхэг хазаар ногт 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Идэрсүрэнд буцаан олгож, шүүгдэгч Н.Алтансүх нь 3 хоног баривчлагдсаныг дурьдаж, шүүгдэгч Б.Идэрсүрэнгийн цагдан хоригдсон  149 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Бугалга овогт Баянзулын Идэрсүрэнг ялтай байхдаа, давтан үйлдлээр, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг, төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байхад нь төрийн албан хаагчийн биемахбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг,

 

 Шүүгдэгч Савар овогт Наранцэцэгийн Алтансүхийг давтан үйлдлээр, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Идэрсүрэнгийн эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн  хугацаагаар хорих ялаар,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Алтансүхийн эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн  хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Идэрсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг багтааж, ялтан Б.Идэрсүрэнгийн биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Идэрсүрэнд оногдуулсан 2 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг, ялтан Н.Алтансүхэд оногдуулсан 2 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

5. Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Алтансүхэд оногдуулсан 2 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ 3 /гурав/ сарын хугацаагаар хянан харгалзсугай.

 

6. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Алтансүхэд тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар ялтан Н.Алтансүх нь тэнсэгдсэн хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1,59.2 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Идэрсүрэнгийн цагдан хоригдсон 149 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, ял эдлэх хугацааг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагдан хорих байрны 01 тоот байцаалтын өрөөний 2016 оны 12 сарын 12-ны өдрийн бичлэг бүхий сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.Идэрсүрэнгийн дохож явсан ногоон оломцогтой эмээл, улаан эмжээртэй 2 ширхэг тохом, 2 ширхэг хазаар, 1 ширхэг ногт зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан Б.Идэрсүрэнд буцаан олгохыг шүүгчийн туслах Г.Сугармаад даалгасугай.

 

10. Ялтан Н.Алтансүх, Б.Идэрсүрэн нар нь бусдад төлөх төлбөргүй, ялтан Н.Алтансүх нь 3 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр эүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн таван ханатай монгол гэр, 2017 оны 01 сарын 03-ны өдрийн Мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Н.Алтансүхийн эзэмшлийн 32 инчийн самсунг маркийн телевизор, маураг маркийн хөлдөөгч, Хайер маркийн угаалгын машин зэргийн битүүмжлэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Идэрсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Н.Алтансүхэд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ю.ЭНХМАА