Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2020/ДШМ/087

 

Ц.Д-д

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Дашдорж

Нарийн бичгийн дарга Д.Номингоо нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЗ/901 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр Ц.Д  холбогдох эрүүгийн 1914002980006 дугаар хэргийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, овогт Ц.Д , 1969 оны 10 дугаар сарын 31-нд Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны менежер мэргэжилтэй, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дарга ажилтай, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг, 38-9 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /ВЙ69103111/

Яллагдагч Ц.Д  нь 2018 оны 07 сард Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дарга буюу төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий төсвийн шууд захирагчаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын албан хэрэгцээнд ашиглах автомашин худалдан авах тендерийн хүрээнд 16.600.000 төгрөгөөр худалдан авсан Чиссан Караван маркийн 99-02 БНХ улсын дугаартай автомашиныг 35.000.000 төгрөгөөр худалдан авсан мэтээр баримт бүрдүүлэн зөрүү болох 18.000.000 төгрөгөөр хувьдаа Тоёота Филдер маркийн 06-43 БНХ улсын дугаартай автомашин худалдан авч өөртөө давуу байдал бий болгосон.

Мөн яллагдагч Ц.Д  нь 2018 оны 08 сард Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дарга буюу төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий төсвийн шууд захирагчаар ажиллаж байхдаа Төсвийн тухай хуулийг зөрчиж 35.110.000 төгрөгөөр худалдан авсан Лексус 470 маркийн 07-63 БНА улсын дугаартай автомашиныг 45.110.000 төгрөгөөр худалдан авсан мэтээр баримт бүрдүүлэн зөрүү 10.000.000 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ц.Д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.8 дугаар зүйлийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Хэргийн материалыг судлан үзвэл яллагдагч Ц.Д  холбогдох хэрэгт хөндлөнгийн санхүүгийн шинжээчийн дүгнэлт огт авагдаагүй байх бөгөөд яллах дүгнэлтэнд дурдсан хохирлын тооцоог яллагдагч болон гэрч нарын мэдүүлэгт үндэслэж тооцсон нь учир дутагдалтай болжээ.

Яллагдагч Ц.Д  нь Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргүүдэд холбогдсон ба Төсвийн тухай хууль болон төсөвтэй холбогдох бусад журам, төсвийн ангилал зэрэг холбогдох хууль тогтоомжуудын чухам ямар утга агуулгатай, аль заалтуудыг зөрчсөн эсэхийг огт тогтоогоогүй, уг хэрэгт санхүүгийн тусгай мэдлэг зайлшгүй шаардагдсан байхад хэрэгт огт шинжээч томилоогүй орхигдуулсан, мөн төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэгт учирсан хохирлын дүнг тогтоохдоо тусгай мэдлэг зайлшгүй шаардагдсан шинжээчийн дүгнэлт гаргуулах ёстой байхад хохирлын дүнг хэт ерөнхий тооцож яллагдагч болон гэрч нарын өгсөн мэдүүлгийг үндэслэж тооцсон байна.

Энэ нь яллагдагч Ц.Д  холбогдох 1914002980006 дугаартай эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн дүүрэн эргэлзээгүй тогтоож чадаагүй гэж үзнэ.

Мөн яллагдагч Ц.Д  нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж авсан Тоёота Филдер маркийн 06-43 БНХ улсын дугаартай автомашиныг өөрийн хүү Д.Энхбаатарын нэр дээр шилжүүлсэн бөгөөд Д.Энхбаатар нь 4 дүгээр хавтаст хэргийн 01-02 дугаар талд "... Миний нэр дээр байдаг, би унаж ашигладаг, миний өмч байгаа юм. Манай аав надад авч өгсөн. Хэрхэн яаж авч өгсөн талаар би сайн мэдэхгүй ...” гэж мэдүүлсэн байх тул Д.Энхбаатарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн эрхээ сэргээлгэх шаардлага тавьж байгаа эсэх, иргэний нэхэмжлэгч мөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна.

Түүнчлэн яллагдагч Ц.Д  холбогдох 1914002980006 дугаартай эрүүгийн хэргийн 4 дүгээр хавтас 68-96 дугаар хуудсанд уг хэрэгт огт хамааралгүй Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ны 2020 оны 06 сарын 19-ний өдрийн №1/44 тоот “яллагдагч Б.Амарсайханд холбогдох 2014002180235 дугаар эрүүгийн хэрэгт хамаарах” 28 хуудас шинжээчийн дүгнэлт авагдсан байгааг дурдав.

Иймд Ц.Д  холбогдох 1914002980006 дугаартай эрүүгийн хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор В.Дэлгэрмаагийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 50 дугаар эсэргүүцэлд:

Хэргийг буцаасан шүүгчийн захирамжид заасан ажиллагаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Яллагдагч Ц.Д  нь Монгол улсын төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38 дахь заалтад заасан төсвийн шууд захирагч бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдэд бөгөөд тэрээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хэрэгцээнд зориулан 35.000.000 төгрөгөөр машин худалдан авахуулахаар шилжүүлсэн мөнгийг хуульд заасан өөрийн эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрт ашигтай байдлаар 16.600.000 төгрөгөөр Ниссан Караван маркийн 9902 БНХ улсын дугаартай автомашиныг худалдан авч үлдэгдэл 18.400.000 төгрөгийг өөрт ашигтай байдлаар захиран зарцуулсан хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрч Содномпилын Мөнхбаатар гэх нэр бүхий хүний Хаан банкны 5247117503 дугаарын дансны хуулгаас тодорхой харагддаг юм.

Дээрх 18.400.000 төгрөгийг өөрт ашигтайгаар захиран зарцуулах явцдаа өөртөө 9.100.000 төгрөгөөр Тоёота Филдер маркийн 06-43 БНХ улсын дугаартай автомашин худалдан авч хүү болох гэрч Д.Энхбаатарын нэр бүртгүүлсэн нь байдаг. Дээрх байдал хэрэгт хууль ёсны дагуу авагдсан нотлох баримтууд болох гэрч Ц.Пүрэвадшийн мэдүүлэг, Цэвээнсүрэнгийн Пүрэвдаш гэх нэр бүхий хүний Хаан банкны 5023130404 дугаарын дансны хуулга, Содномпилын Мөнхбаатар гэх нэр бүхий хүний Хаан банкны 5247117503 дугаарын дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон болно.

Яллагдагч Ц.Д  нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахдаа хэн нэгэн огт хамааралгүй хүний дансанд шилжүүлэн, тухайн төсвийн мөнгийг өөр хэн этгээд захиран зарцуулсан бус дан ганц өөрт ашигтай байдлаа ашиглаж хэрэглэсэн, төвсийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан зэрэг нь хэрэгт хууль ёсныдагуу авагдсан санхүүгийн баримтуудаас тодорхой харагддаг тул яллагдагчийн буруутай үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг тодорхой бус тогтоогдоогүй гэрч нарын мэдүүлэгт үндэслэсэн гэж дүгнэсэн үндэслэлгүй./Жишээ нь тээврийн хэрэгсэл худалдан авахад зориулж 45.110.000 төгрөгийг Тайжийн овоо ХХК-ны дансанд шилжүүлсэн төлбөрийн хүсэлт, мөн Тайжийн овоо ХХК-ны 45.110.000 төгрөг орсон дансны хуулга, мөн тухайн данснаас машин худалдан борлуулсан гэх гэрч П.Энхжаргалын дансанд шилжсэн баримт буюу дансны хуулга зэрэг гэрчүүдийн мэдүүлгийг үнэн бодиттойг нотолсон нотлох баримтуудаар тогтоогдсон байдаг учраас 35.000.000 төгрөгөөр машин худалдан авах байснаас машин худалдан авсан 16.600.000 төгрөгийг хасаад 18.400.000 төгрөгийн хохирол, 45.110.000 төгрөгөөр машин худалдан авахаар шилжүүлсэн мөнгөнөөс 10.000.000 төгрөгийг буцаан авч зориулалтын бусаар зарцуулсан зэрэг дүгнэхэд энэ хэргийн улмаас учирсан бодит хохирол нь 28.400.000 төгрөг болох нотлогдсон бөгөөд прокуророос ямар нэгэн баримт нотолгоо үндэслэлгүйгээр учирсан хохирол хор уршгийг тооцсон гэж үзсэн үндэслэлгүй юм.

Мөн прокуророос үйлдсэн яллах дүгнэлтийн хавсралтад яллагдагч Ц.Д гээс 29.500.000 төгрөгийг гаргуулахаар бичсэн хэдий ч шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд бодит хохирлыг тооцон хэргийг шийдвэрлэх боломжтой тул хэрэгт санхүүгийн шинжээчийн дүгнэлт гаргах шаардлага байхгүй болно.

Гэрч Д.Энхбаатарын Тоёота Филдер маркийн 06-43 БНХ улсын дугаартай автомашиныг 9.100.000 төгрөгөөр худалдан авахад ямар нэгэн байдлаар хөрөнгө мөнгө зарцуулаагүй нь Д.Энхбаатарын өөрийн мэдүүлэг болон бусад хөндлөнгийн нотлох баримтаар нотлогдсон байдаг тул түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд зааснаар иргэний нэхэмжлэгчээр тогтоох хууль зүйн үндэслэл байхгүй.

Учир нь иргэний нэхэмлэгч нь гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол учирсан этгээд байх бөгөөд гэрч Д.Энхбаатарын хувьд түүнд ямар нэгэн байдлаар хохирол, хор уршиг учирсан нөхцөл байдал тогтоогдохгүй юм.

Иймд яллагдагч Ц.Д гийн гэм буруутай эсэхийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул эрүүгийн 1914002980006 дугаартай хэргийн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЗ/901 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор В.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.                                                                                                  

   ТОДОРХОЙЛОХ нь:

   Прокурорын бичсэн эсэргүүцэлд үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасны дагуу давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурорын эсэргүүцлийн үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад:

Ц.Д г 2018 оны 07 сард Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дарга буюу төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий төсвийн шууд захирагчаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын албан хэрэгцээнд ашиглах автомашин худалдан авах тендерийн хүрээнд 16.600.000 төгрөгөөр худалдан авсан Чиссан Караван маркийн 99-02 БНХ улсын дугаартай автомашиныг 35.000.000 төгрөгөөр худалдан авсан мэтээр баримт бүрдүүлэн зөрүү болох 18.000.000 төгрөгөөр хувьдаа Тоёота Филдер маркийн 06-43 БНХ улсын дугаартай автомашин худалдан авч өөртөө давуу байдал бий болгосон, мөн 2018 оны 08 сард Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дарга буюу төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий төсвийн шууд захирагчаар ажиллаж байхдаа Төсвийн тухай хуулийг зөрчиж 35.110.000 төгрөгөөр худалдан авсан Лексус 470 маркийн 07-63 БНА улсын дугаартай автомашиныг 45.110.000 төгрөгөөр худалдан авсан мэтээр баримт бүрдүүлэн зөрүү 10.000.000 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан тус тус гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ц.Д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.8 дугаар зүйлийн 1.1-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлаж үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоовол зохих зүйлийг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүгдийг шалган тогтоосон  байх тул Ц.Д  холбогдох эрүүгийн  хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан  нотлох баримтуудыг шүүгч тал бүрээс нь нягт нямбай, бодит байдлаар хянан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.2 дугаар зүйлийн 1.5-т заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон Эрүүгийн хуульд заасан бусад байдлуудыг хэрэгт  цугларсан нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн хэр хэмжээг тооцон шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

 Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг зөрчжээ.

Мөн түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг” хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нотлон тогтоосон байх тул Прокурорын дээрх агуулгаар бичсэн гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЗ/901 дүгээр захирамжийг хүчингүй болгож,  хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж  шийдвэрлэх нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

                                    Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

                                      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

                           зүйлийн  1.3 -т  тус тус заасныг  удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЗ/901 дүгээр  захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

ШҮҮГЧИД Д.ЭРДЭНБИЛЭГ, 

Б.БОЛОР-ЭРДЭНЭ