Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2022/00804

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Хүннү 0000 хотхон, 000-00 тоот хаягт оршин суух,  Х овогт Э-ы Ж /РД:000000000/-ын нэхэмжлэлтэй, 

 Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 00 байр, 00 тоот хаягт оршин суух, С овогт Ч-ын Б /РД:000000000/-д холбогдох,

 Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, хоёр хүүхдийн 2018-2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт төлсөн 37 035 000 төгрөг гаргуулах, дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг болох 16 530 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн асрамж тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагч Ч.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, Г.Х, гэрч Д.Ч, Б.Б, Ч.Х, нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Бидний хамтын амьдрал 2017 оноос тусдаа болсноос хойш би ганцаараа 2 хүүхдийнхээ хүмүүжилд хөрөнгө оруулж, миний хувьд 2 хүүхдийнхээ амьдрах таатай орчин, хоол унд, 4 улирлын хувцас, эмнэлэг, эмчилгээ, сэтгэл зүйн үйлчилгээ, үзвэр үйлчилгээ, амралт зугаалга, аялал, сургалтуудаас гадна цэцэрлэг болон сургуулийн төлбөр 25 720 000 төгрөгийг миний зүгээс гаргаж байсан. Бид гэрлэлтээ батлуулаагүй ч 2 хүүхэд эцгийн нэрээр овоглодог. Салах үедээ Ч.Б өөрийн хүү нарын зардлыг хариуцаж байна гэж тохирсон ч амлаж, ярьсан дэмжлэгийг бидэнд үзүүлээгүй.  Салснаас хойш 1.5 жилийн хугацаанд миний санаачилга, шаардлагын дагуу төвөгшөөн байж алданги хоног хөвгүүдтэйгээ уулздаг байсан. Сүүлийн 1.5 жил бид огт харьцахаа байгаад 3 жилийн хугацаанд хангалттай хугацаа бас боломжуудыг өгч хүлээсэн. Иймд хариуцагч Ч.Б-ээс хүү Б.Н, Б.Б нарт хуулийн дагуу тэтгэлэг тогтоолгох, 2018, 2019, 2020, 2021 онуудын цэцэрлэг болон сургуулийн төлбөрт төлсөн 37 530 000 төгрөгийг гаргуулна. Мөн Ч.Б-ийнөмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 хороолол, Д.Чимэд-Осорын гудамж 00 байр, 00 тоот хаягтай 0 өрөө 38.6 м.кв байрыг Б.Б-ийн аав Ч бэр гуйх үедээ бидэнд бэлэглэж байсан. Зээл авах зорилгоор Ч нь уг байрыг 73 340 000 төгрөгөөр үнэлж Төрийн банкнаас 51 300 000 төгрөгийн зээл авсан бөгөөд урьдчилгаанд 22 040 000 төгрөгөөс хоёр хүүхэд болон бидэнд ногдох хэсэг 16 530 000 төгрөгийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн холбогдох хэсгийн дагуу хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тэтгэлэг тогтоолгох шаардлагын тухайд хүүхдүүдийн асран хамгаалагчийг тогтоогүй байгаа нөхцөлд 2 хүүхдийн тэтгэлгийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй ба эцэг хүний хувьд миний бие хүү Б.Н, Б.Бнарыг сургаж, хүмүүжүүлэх байгууллагыг сонгох талаар санал бодлоо солилцох, тэднийг хүмүүжүүлэх, асран хамгаалж тэжээн тэтгэх хүсэлтэй байдаг. Гэвч нэхэмжлэгч надтай огт ярилцахгүй дан ганц өөрийн шийдвэрээр сонгосон сургууль, цэцэрлэгийн төлбөрийг гаргуулах нь үндэслэлгүй. Э.Жтай хамтран амьдрах болсон цагаас эхэлж би найз нөхөд, гэр бүлээсээ хөндийрч эхэлсэн. Э.Ж нь намайг байнга сэтгэл санааны дарамтад оруулж, би ходоодны шархтай болсон. Би хүүхдүүддээ эцгийн хайраар дутаахгүй өсгөж, хүүхдүүдийнхээ сайн үлгэр дуурайлал чадна гэж боддог. 2014 онд дээр дурдсан 2 өрөө байрны өмчлөх эрх Улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан бөгөөд миний аав Д.Чинбатын эзэмшил, ашиглалтад байсан. Миний аав Д.Ч нь уг байрыг 2011 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Э ХХК-тай 00/00-00 дугаартай орон сууцын захиалгын гэрээ байгуулж анх худалдан авч байсан. Намайг БНХАУ-д суралцаж байх хугацаанд надад зориулж авсан ба өөрийн нэр дээр захиалгын гэрээ байгуулж, эзэмшиж ашиглаж байсан. Өөрөөр хэлбэл 2011 оноос миний хуваарьт хөрөнгө болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: ...Нэхэмжлэгч Э.Жг хүү Б.Нг тээж байх үеэс эхлэн түүний болон үр хүүхдийнхээ эрүүл мэндэд санаа тавьж ирсэн. Нэхэмжлэгч нь хүүхдүүдийн эрх ашгийг хохироож тэднийг хүчээр эцэгтэй нь уулзуулахгүй хэмээн шийдсэнээр миний эцэг байх үүргээ хэрэгжүүлэх боломжийг хаасан. Энэ үе хүртэл би хүүхдүүдээ тэжээн тэтгэж, тэднийг хүмүүжүүлэхэд тэгш эрхтэй оролцож байсан. Түүний маш их уур уцаартай бусдыг дарамталдаг, тайван биш байдал нь хүүхдүүдийн хүмүүжил, сэтгэхүйд муугаар нөлөөлнө гэж үзэж байгаа тул хүү Б.Н, Б.Бнарын өөрийн асрамждаа авна. Намайг хүүхдүүдийн асран хамгаалагчаар тогтоож өгнө үү... гэв.

 

Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ...Би хөвгүүдийнхээ аавыг хүүхдүүдээ харах, уулзахыг дэмжсээр ирсэн ба хүүхдүүдийн хүмүүжил, боловсролд санаа тавьж анхаарахыг шаардсан ирсэн. Харамсалтай нь аав Ч.Бнь өөрийн санаачлагчаар анхаарсан удаа өнөөдрийг хүртэл байхгүй байна. Хүүхдүүдийн боловсрол, хүмүүжлийн талаар ярилцаж байгаагүй. Эрүүл мэнд, хоол хүнс, витамин дээр анхаарсан удаа байхгүй. Эрүүл аюулгүй орчинд амьдрах дээр туслалцаа үзүүлээгүй. Хөвгүүдийн эрүүл мэнд, сэтгэл санаа дээр өөрийгөө зориулсан удаа байхгүй. Би тухайн үед түүний өмгөөлөгчид хөвгүүдээ ямар сургуульд сургах талаар нь асуусан ба тэдний зүгээс дэмжиж байна гэж байсан. Тиймдээ ч гэрээн дээр жишиг болгож оруулсан байгаа. Ч.Б-ийн өмгөөлөгчийнхөө хамтаар явуулсан гэрээ, нэхэмжлэлийн хариу тайлбараас харвал хөвгүүдийнхээ төлөөх миний нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа харагддаг. Мөн сөрөг нэхэмжлэл нь ч өөрийн хариу тайлбараар хангалттай хүчингүй болохоор харагдаж байгаа ба би эсэргүүцэж байна... гэв.

 

Нэхэмжлэгчээс Иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хүү Б.Н, Б.Бнарын эрүүл бойжиж байгаа талаар өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, төлбөр төлсөн талаар Жаалхүү цэцэрлэгийн тодорхойлолт, 2014.08.31-ний өдөр төрсөн хүү Б.Ны төрсний гэрчилгээний хуулбар, 2017.11.13-ны өдөр төрсөн хүү Б.Б-ын төрсний гэрчилгээний хуулбар, 2020.06.09-ний өдрийн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, Монгол билиг оюу сургууль, цэцэрлэгийн цогцолбор салбар-2-ийн тодорхойлолт, Хан-Уул дүүргийн Элит худ цэцэрлэгийн тодорхойлолт, Аз жаргалант цэцэрлэгийн тодорхойлолт, Ш ХХК-ийн 2020 оны 09 сарын 21-ны өдрийн Э.Ж-гийн ажлын байрны болон цалингийн тодорхойлолт эдгээр баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас Аз жаргалант цэцэрлэгийн тодорхойлолт, Pexa med клиник эмнэлгийн асуумж, сэргээн засах эмчилгээний карт, эмчлүүлэгчийн карт, хэт авиан оношлогоо, Төрийн банк ХХК-тай зээлдэгч Ч.Б, хамтран зээлдэгч Д.А нарын хороонд байгуулагдсан 2016 оны 04 сарын 26-ны өдрийн 00/00тоот орон сууцны ипотекийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, мөн өдрийн барьцааны гэрээ, ЭХХК болон Д.Ч нарын хооронд 2011 оны 09 сарын 21-ний өдөр байгуулагдсан 00/00-00 тоот орон сууцны захиалгын гэрээ, ЭХХК-иас 2015 оны 12 сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт, Ч.Б-ийннийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Ч.Б-ийнХаан банк дахь дансны хуулга 4 хуудас баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.  

 

Хариуцагчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилсон ба Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ирүүлсэн шинжээчийн дүгнэлт, хариуцагч Ч.Б-ийн эх Д.А-гийн фэйсбүүк дэх A нэртэй хаягт нэхэмжлэгч Э.Ж-гийн J хаягаас илгээсэн зурваст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Б.Б, Л.Ч нарын гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ч.Х-н асуусан гэрчийн мэдүүлэг, эдгээр баримтуудыг шүүх зохигчдын хүсэлтээр бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.Ж нь хариуцагч Ч.Б-д  холбогдуулан 2014.08.31-ний өдөр төрсөн хүү Б.Н, 2017.11.13-ны өдөр төрсөн хүү Б.Б нарт тэтгэлэг тогтоолгох, 2018-2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт төлсөн 37 035 000 төгрөг, дундын эд хөрөнгөөс хоёр хүүхэд болон өөртөө ногдох хэсэг болох 16 530 000 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хүү Б.Н, Б.Б нарыг өөрийн асрамжид авах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган харилцан эс зөвшөөрч маргав.

 

2. Шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...бид гэрлэлтээ бүртгүүлээгүй, 2013 оны 12 сараас 2017 оны 4 сар хүртэл хамтран амьдарсан. Бидний дундаас 2014 оны 08 сарын 31-ний өдөр хүү Б.Н төрсөн. Биднийг салсны дараа буюу 2017 оны 11 сарын 31-ний өдөр бага хүү Б.Б төрсөн. Хүүхдүүдээ хуульд зааснаар тэтгэлэг тогтоолгоно. Нэхэмжилж байгаа сургалтын төлбөр зөвхөн академик боловсролд зарцуулсан мөнгө. Бусад зардал төлбөрүүдийг нэхэмжлээгүй. Мөн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс хүүхдүүд болон өөрт ногдох хэсэг 16 350 000 төгрөгийг орон сууцны зээлийн урьдчилгаанд төлсөн 22 040 000 төгрөгөөс тооцон гаргасан дүн... гэж тайлбарлав.

 

4. Хариуцагч ...миний бие хүү Б.Н, Б.Бнарыг сургаж, хүмүүжүүлэх байгууллагыг сонгох талаар санал бодлоо солилцох, тэднийг хүмүүжүүлэх, асран хамгаалж тэжээн тэтгэх хүсэлтэй байдаг. Гэвч нэхэмжлэгч надтай огт ярилцахгүй дан ганц өөрийн шийдвэрээр сонгосон сургууль, цэцэрлэгийн төлбөрийг гаргуулах нь үндэслэлгүй. Би хүүхдүүдээ эцгийн хайраар дутаахгүй өсгөж, хүүхдүүдийнхээ сайн үлгэр дуурайлал чадна гэж боддог. 2014 онд дээр дурдсан 2 өрөө байрны өмчлөх эрх Улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан бөгөөд миний аав Д.Ч-ын эзэмшил, ашиглалтад байсан. Миний аав Д.Ч нь уг байрыг 2011 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ЭХХК-тай 00/00-00дугаартай орон сууцын захиалгын гэрээ байгуулж анх худалдан авч байсан. Намайг БНХАУ-д суралцаж байх хугацаанд надад зориулж авсан ба өөрийн нэр дээр захиалгын гэрээ байгуулж, эзэмшиж ашиглаж байсан. Өөрөөр хэлбэл 2011 оноос миний хуваарьт хөрөнгө... гэх үндэслэлээр нэхэмжлэлийг шаардлагыг үгүйсгэв.

 

5. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Нэхэмжлэгч нь хүүхдүүдийн эрх ашгийг хохироож тэднийг хүчээр эцэгтэй нь уулзуулахгүй хэмээн шийдсэнээр миний эцэг байх үүргээ хэрэгжүүлэх боломжийг хаасан. Э.Ж маш их уур уцаартай бусдыг дарамталдаг, тайван биш байдал нь хүүхдүүдийн хүмүүжил, сэтгэхүйд муугаар нөлөөлнө гэж үзэж байгаа тул хүү Б.Н, Б.Бнарын өөрийн асрамжиндаа авна ... гэж тодорхойлсон.

 

6. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг ...хариуцлагаас түрүүлж хайр байх ёстой гэдэгт би итгэдэг. Хөвгүүдэд минь хэрэгтэй үед аав нь дэргэд байгаасай гэж их хүсдэг ч тэрээр салсан хугацаанд огт хүүхдүүдэд анхаарал халамж тавиагүй. Бага хүү Бахдам маань ааваа бараг мэдэхгүй өсөж байгаа... гэх үндэслэлээр няцаасан.

 

7. Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Э.Ж, хариуцагч Ч.Бнар 2012 оноос эхлэн үерхэж, улмаар 2013 оны 12 дугаар сараас хамтран амьдарч тэдний дундаас 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдөр том хүү Б.Н, 2017 оны 11 сарын 31-ний өдөр бага хүү Б.Бнар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээ болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Талууд зан харилцааны таарамжгүй байдлаас 2017 оны 04 сараас тусдаа амьдарсан, цаашид хамтран амьдрах хүсэлгүй гэж хэн аль нь тайлбарлаж байна. Тусдаа амьдарсан бүхий л хугацаанд хүүхдүүд эх Э.Жгийн асрамжид байсан үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа тохиролцож болно, 14.6-д гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэхээр заасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр хүүхдүүдийг эцэг, эхийн хэнийх нь асрамжид байлгах нь хүүхдийн эрх ашигт нийцэхийг тогтоолгохоор шүүх Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газрыг шинжээчээр томилж, уг газар гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн багийг ажиллуулсан байна. Шинжээчид нэхэмжлэгч, хариуцагчийн гэрт очиж, нөхцөл байдлын үнэлгээ хийж, уулзалт ярилцлага зохион байгуулан, сэтгэлзүйн тест ажиллуулах зэрэг аргуудыг хэрэглэсний үр дүнд 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Б.Н, 2017 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр төрсөн хүү Б.Бнарыг эхийн асрамжид үлдээх нь хүүхдийн эрх ашигт нийцнэ гэж дүгнэсэн байна.

 

Мөн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд талуудын хэн аль нь хүүхдүүдийг асрамжиндаа авснаар хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, сурч боловсроход сөрөг нөлөө үзүүлэх байдал тогтоогдохгүй боловч талуудыг тусдаа амьдарч эхэлсэн хугацаанаас хойш бага хүү Б.Бтөрсөн, ээждээ илүү ээнэгшин дассан байгаа нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд 2017 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр төрсөн хүү Б.Бахдамд шаардагдах асаргаа, халамж, насны байдлыг нь харгалзан эхийн асрамжид үлдээх нь хүүхдийн эрх ашигт нийцнэ. Мөн 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Б.Ны тухайд эцэг эхийнхээ хэн алинтай нь цуг амьдрах боломжоор хязгаарлагдсан хүүхдийн сэтгэл санааны хүнд байдлыг дүүгээс нь салгах давхар дарамтад оруулах нь хүүхдийн эрүүл мэнд, хүмүүжил, эрх ашигт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тул том хүү Б.Ныг мөн эх Э.Жгийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хуульд зааснаар эцэг, эх хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд гэрлэлт цуцлуулсан эцэг эхийн хүүхдүүдээ асран хамгаалж, тэжээн тэтгэх үүрэг хэн алинд нь хэвээр хадгалагдах ба шүүх тусдаа амьдрах болсон эцэг, эхийн хэнтэй нь хүүхдүүдийг байнга оршин суухыг л тодорхойлж байгаа явдал болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч Э.Ж нь хүүхдийн тэтгэлэг, нэмэлт зардлыг гаргуулахаар хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч Ч.Бнь хүү Б.Н, Б.Бнарыг асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй болно.

 

Иймээс эцэг Ч.Б-ээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Б.Н, Б.Бнарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Э.Жгийн нэмэлт зардал буюу 2018-2021 оны хичээлийн жилд төлсөн сургалтын төлбөр 37 035 000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:

 

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасан бөгөөд уг зохицуулалтын онцгой нөхцөл байдал тохиолдсон гэдэгт тэжээн тэтгүүлэгч нь хүнд нөхцөлд байгаа, хүүхэд асрах байгууллага, халамжийн газрын асрамжид байгаа, эсхүл нэн ядуугаас гадна өрхийн нэг хүнд ногдох орлого тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингээс бага байгаа зэрэг бусдын санхүүгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болсныг ойлгох юм. Хэрэгт авагдсан баримтаар дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан. Зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгээр хариуцагч Б.Бнь тусдаа амьдарсан хугацаанаас хойш буюу 2018-2019 онд хамаарах хугацааны хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлж байсан үйл баримт тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

 

Иймд нэмэлт зардал болох 2018-2021 оны хичээлийн жилд хоёр хүүхдийн сургалтын төлбөрт төлсөн 37 035 000 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь ...Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол Д.Чимэд-Осор гудамж, 00 дугаар байрны 00 тоот 38,6 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хадам эцгээс биднийг гэр бүл болоход зориулж бэлэглэсэн. Зээл авах зорилгоор уг байрыг 73 340 000 төгрөгөөр үнэлж, урьдчилаа 22 040 000 төгрөгийг төлж, банкнаас 51 300 000 төгрөгийн зээл авсан. Урьдчилгаанд төлсөн 22 040 000 төгрөгийг дундын эд хөрөнгө гэж тодорхойлон түүнээс хоёр хүүхэд болон өөрт ногдох хэсэг болох 16 560 000 төгрөг гаргуулна... гэж тайлбарласан.

 

Хэрэгт Э ХХК болон Д.Ч нарын хооронд 2011 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан 00/00-00тоот орон сууцны захиалгын гэрээ, ЭХХК-иас 2015 оны 12 сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг Д.Чинбатын нэр дээр гаргаж өгнө үү гэх хүсэлт, Төрийн банк ХХК-тай зээлдэгч Ч.Б, хамтран зээлдэгч Д.А-н хороонд байгуулагдсан 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 00/00тоот орон сууцны ипотекийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, мөн өдрийн барьцааны гэрээ нотлох баримтаар авагдсан.

 

Гэр бүлийн хамтын амьдралтай байх үед бий болсон дундын өмчөөс ногдох хэсгийг буюу орон сууцын зээлийн урьдчилгаанд төлсөн 22 040 000 төгрөгөөс хоёр хүүхэд болон өөрт ногдох хэсэг болох 16 560 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар шаардах эрхтэй боловч тэрээр тухайн банкны урьдчилгаанд төлсөн гэх 22 040 000 төгрөгт өөрийн оруулсан хувь хэмжээгээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй тул уг шаардлагыг хангах боломжгүй байна.   

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 793 350 төгрөгөөс 310 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хүүхдийн тэтгэмж, нэмэлт зардал гаргуулах шаардлага хуульд зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул 482 550 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, 70 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. Мөн хариуцагчаас сөрөг шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1.   Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2014 оны 08 сарын 31-ний өдөр төрсөн хүү Б.Н, 2017 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр төрсөн хүү Б.Б нарыг эх Э.Жгийн асрамжид үлдээж, хариуцагч Ч.Б-ийн хүүхдийн асрамж тогтоохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.   Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2014 оны 08 сарын 31-ний өдөр төрсөн хүү Б.Н, 2017 оны 11 сарын 31-ний өдөр төрсөн хүү Б.Б нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Ч.Бэр тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.   Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д заасныг тус тус баримтлан хоёр хүүхдийн 2018-2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт төлсөн 37 035 000 төгрөг гаргуулах, дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг болох 16 530 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

4.   Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийн Ч.Б-д, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Э.Ж-д тус тус даалгасугай.

 

5.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 793 350 төгрөгөөс 310 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хүүхдийн тэтгэмж, нэмэлт зардал гаргуулах шаардлага хуульд зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул 482 550 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас сөрөг шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

6.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

  

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МӨНХЦЭЦЭГ