| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2022/00488/И |
| Дугаар | 183/ШШ2022/00648 |
| Огноо | 2022-03-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 183/ШШ2022/00648
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б овогтой Г З ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ж ХХК-д холбогдох
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.З нь хариуцагч ЖХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Г.З нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ЖХХК-ийн барьж, ашиглалтад оруулах Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Парк вью хотхоны 753 дугаар байрны 358 тоот орон сууцны зориулалттай 53,58 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авахаар тус байгууллагын борлуулалтын менежер Э.Саруултуяа болон Ерөнхий захирал Б.Халиунаа нартай Барилгад хөрөнгө оруулалт хийх тухай 180523 тоот гэрээг байгуулсан. Тус гэрээг байгуулахдаа 1 м.кв талбайг 3.100.000 төгрөгөөр тооцож, хөнгөлөлт 7 хувь байхаар харилцан тохиролцож, нийт төлбөр 154.471.140 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 80 хувь, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үлдэх 20 хувь төлөхөөр харилцан тохиролцсон. Улмаар 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гэхэд миний бие бүх төлбөрөө төлж барагдуулсан боловч орон сууцны үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарахгүй өнөөдрийг хүрсэн. Өмчлөх эрхийн гэрчилгээг хэзээ гарах талаар тус компаниас тодруулахад Удахгүй гарна гэдэг хариу өгдөг. Иймд Г.З би орон сууц худалдан авсан төлбөрөө бүрэн төлж, гэрээний үүргээ биелүүлсэн хэдий ч өнөөдрийг хүртэл тус байрны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг аваагүй байгаа тул намайг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Парк вью хотхоны 753 дугаар байрны 358 тоотод байрлах, 53,58 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ЖХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Зын тус компанийн барьсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Парк вью /Park View/ хотхоны 3 дугаар байр, 14В тоотод байрлах, 53,58 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг манай компани бүрэн хүлээн зөвшөөрч байгаа. Тэрээр орон сууц баригдах явцад гэрээ байгуулан, гэрээний дагуу нийт 154.471.140 төгрөгийг төлж, үүргээ биелүүлсэн. Манай барьсан барилга блокоороо банкны зээлийн барьцаанд байгаа бөгөөд орон сууц тус бүрээр улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй байгаа тул Г.Зод үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж олгох боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа болно гэжээ.
3. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, 222 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 52 дугаар Итгэмжлэл, Г.З болон Б.Мөнхбаяр нарын иргэний үнэмлэхний хуулбар, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 180523 дугаартай Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ-ний хуулбар, Төлбөрийн тооцоо гэх баримт,
4. Хариуцагч талаас тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ерөнхий захирал Б.Халиунаагаас Э.Батцэцэгт олгосон Итгэмжлэл зэргийг шүүхэд ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Талуудын хооронд 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 180523 тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулагдаж, Г.З нь тус компанийн барьсан Баянзүрх дүүгийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Парк вью /Park View/ хотхоны 3 дугаар байр, 14В тоотод байрлах, 53,58 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэ 154.471.140 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд төлөх, хариуцагч ЖХХК нь хөрөнгө оруулалтын дүнг бүрэн төлж, барилгыг зохих журмын дагуу ашиглалтад оруулсны дараа захиалагчийн өмчлөлд тухайн захиалсан орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцжээ.
3. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба захиалагч Г.З ажлын хөлс болох 154.471.140 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд төлж, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн нь хэргийн 14 дүгээр талд авагдсан Төлбөрийн тооцоо гэх баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.
4. Хэдийгээр орон сууц ашиглалтад орж, нэхэмжлэгч уг орон сууцандаа амьдарч байгаа боловч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг гүйцэтгэгч тал буюу ЖХХК нь өнөөдрийг хүртэл хугацаанд шилжүүлж өгөөгүй ажээ.
5. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулахаар эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч Г.З уг орон сууцны өмчлөх эрхийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн.
7. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Зыг Нийслэлийн Баянзүрх дүүгийн 26 дугаар хороо, Парк вью /Park View/ хотхоны 3 дугаар байр, 14 В тоот буюу 753 дугаар байрны 358 тоотод байрлах, 53,58 м.кв талбай бүхий 2 өрөө ороны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэв.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Зын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЖХХК-иас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Зод олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Зыг Нийслэлийн Баянзүрх дүүгийн 26 дугаар хороо, Парк вью /Park View/ хотхоны 3 дугаар байр, 14 В тоот буюу 753 дугаар байрны 358 тоотод байрлах, 53,58 м.кв талбай бүхий 2 өрөө ороны өмчлөгчөөр тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Зын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЖХХК-иас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Зод олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА