Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2022/00744

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, Нэгдсэн үндэстний гудамж, 00-00 тоот хаягт байрлах, Я ББСБ ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, 0 хэсэг анома, 00 байр, 0 тоот хаягт оршин суух Б овогт Г-ийн Б /РД:00000000/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 96 415 105,68 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Б нь манай компанитай анх 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж байсан бөгөөд тэрнээс хойш одоог хүртэл зээл авч байгаа. Тус зээлдэгч нь 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 00/000тоот зээлийн гэрээ байгуулж 31 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, фидуцийн гэрээгээр өөрийн өмчлөлийн SALLAAAD4BA563115 арлын дугаартай, 00 02 УБГ улсын дугаартай LANROVERDISCOVERY4HSE маркийн суудлын авто машиныг барьцаанд тавин дээрх мөнгийг зээлсэн. Үүний дараагаар дахин 2021 оны 3 сарын 24-ний өдрийн 00/000 дугаартай зээлийн гэрээ байгуулж 50 000 000 төгрөгийг сарын 3,5% хүүтэй, 12 сарын хугацаатай дээрх автомашиныг дахин барьцаалж гэрээ хийсэн. Гэтэл Г.Б нь 2020 оны 9 сарын 30-ны өдрийн 00/000дугаартай зээлийн гэрээнээс үндсэн зээлийн төлбөрөөс 3 510 981,52 төгрөг, зээлийн хүү 5 992 164,38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21 008,17 төгрөгийг төлсөн бөгөөд үүнээс хойш зээлийн төлбөрөө огтхон ч төлөхгүй, зээлийн гэрээний үндсэн нөхцөлийн дагуу гэрээний үүргээ хугацаанд биелүүлэхгүй Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 27 489 018,48 төгрөг, хүү 5 877 303,89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 433 122,99 төгрөг болсон. Харин 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 00/000 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрөө огт төлж барагдуулаагүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 50 000 000 төгрөг, хүү 11 276 712,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 528 482,24 төгрөг болсон. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул манай компанийн зүгээс Г.Бд зээлээ төлөх талаар удаа дараа мэдэгдэл өгч, утсаар мэдэгдэх, уулзалт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч, зээлийн төлбөрөө төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн өр төлбөр төлөгдсөнгүй. Иймд хариуцагчаас 2020 оны 9 сарын 30-ны өдрийн 00/000тоот зээлийн гэрээ, 2021 оны 3 сарын 24-ний өдрийн 00/000 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 96 415 105,68 төгрөг, нотариатын зардал 9 000 төгрөгийн хамт гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Зээлүүдийг авсан өдрөө буцаагаад төлсөн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. Хариуцагч Г.Б нь өөрийн эгч Болормаагийн зээлийг төлсөн байдаг. Зээлийн мөнгөн хөрөнгийг хэрхэн зарцуулах нь тухайн зээлдэгчийн эрх юм гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2020 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийн 00/000тоот зээлийн гэрээний үүрэгт 34 609 911,13 төгрөг гаргуулах шаардлагын хүрээнд Я ББСБ ХХК-аас 2020 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр зээл олгогдсон бөгөөд тухайн үедээ буцаагаад өөрийн эзэмшлийн Голомт Банк ХХК-ийн 0000000000 тоот данснаас 27 058 500 төгрөгийг нэхэмжлэгчийн 0000000000 тоот данс руу шилжүүлсэн ба үлдэгдэл 4 000 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 0000000000 тоот данснаас 2020 оны 09 дүгээр сарын 30-ний өдрөө буцааж шилжүүлсэн байдаг тул уг гэрээтэй холбоотой зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 00/000 тоот зээлийн гэрээний хувьд Голомт Банк ХХК-ийн 0000000000 тоот дугаартай данснаас 50 000 000 төгрөгийг ЯББСБ ХХК-ийн 0000000000 тоот дансанд буцаан шилжүүлсэн байдаг тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 00/000дугаар зээлийн гэрээ болон зээлийн эргэн төлөлтийн хуваарь, мөн өдрийн 00/000дугаартай фидуцийн гэрээ, мөн өдрийн зээлийн дэд хорооны шийдвэр, хариуцагч Г.Бгийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2021 оны 03 сарын 24-ний өдрийн 00/000 дугаар зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн хуваарь, мөн өдрийн 00/000 дугаар фидуцийн гэрээ, Голомт банкны цахим гүйлгээний баримт 2 хуудас, 2020 оны 09 сарын 30-ны өдрийн Я ББСБ ХХК-иас Г.Б-д 31 000 000 төгрөгийн зээлийн олголт гэх утга бүхий мемориалын баримт, мөн өдрийн Г.Б-гаас ЯББСБ ХХК-д 27 058 500,94 төгрөгийн зээл хаав гэх утгатай мемориалын баримт, 2021 оны 03 сарын 24-ны өдрийн Я ББСБ ХХК-иас Г.Б-д 50 000 000 төгрөгийн зээл олголт гэх мемориалын баримт, мөн өдрийн Г.Б-гаас 50 000 000 төгрөгийн Болормаагаас зээл хаав гэх утга бүхий мемориалын баримт, 2019 оны 09 сарын 30-ны өдрийн 00/000 дугаартай Г.Б-тайбайгуулсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн тооцоолол, зээлийн гэрээний огноо харагдахгүй, 00/000дугаарлалттай Г.Бтай байгуулсан зээлийн гэрээ, /28 900 000 төгрөгийг 2020 оны 03 сарын 31-ний өдрөөс 2021 оны 03 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай/, мөн дугаарлалт бүхий фидуцийн гэрээ, 2020 оны 03 сарын 31-ны өдрийн 00/000дугаар зээлийн дэд хорооны шийдвэр, зээлийн тооцоолол 2 хуудас баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн хавтаст хэргийн 22-24 дүгээр талд авагдсан цахим гүйлгээний баримт, зээлийн тооцоолол гэх 3 хуудас баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй болно.

Хариуцагчаас Г.Бгийн Худалдаа хөгжлийн банк дахь 0000000000тоот харилцах дансны 2017.01.01-2021.12.06-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга, мөн Г.Бгийн эзэмшлийн 000000000 тоот дансны 2017.01.01-2021.12.31-ний өдрийг хүртэлх хугацааны хуулга, Голомт банкны Г.Б-гийн эзэмшлийн 0000000000 тоот дансны 2020.09.29-2021.12.06-ны өдрийг хүртэлх дансны хуулга, 2019.09.30-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, 2019.09.30-ны өдрийн Голомт банкны орлогын мэдүүлэг эдгээр баримтуудын шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

   1. Нэхэмжлэгч ЯББСБ ХХК нь хариуцагч Г.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 96 415 105,68 төгрөг, нотариатын зардал 9 000 төгрөг, нийт 96 424 106 гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлээс зээлийн гэрээний үүрэгт 89 087 622 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 7 336 484 төгрөгт холбогдох нэхэмжлэл болон барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагч 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 00/000тоот зээлийн гэрээгээр 31 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн бөгөөд тэрээр үндсэн зээл 3 510 981,52 төгрөг, зээлийн хүү 5 992 164,38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21 008,17 төгрөгийг төлсөн. Үүнээс өөр төлөлт хийгээгүй. Иймд үндсэн зээлийн 27 489 018,48 төгрөг, хүү 5 877 303,89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 433 122,99 төгрөгийн үүргийг шаардаж байгаа. Мөн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 00/000 дугаартай зээлийн гэрээгээр 50 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн боловч огт төлөлт хийгээгүй. Тухайн гэрээний үүрэгт үндсэн зээл 50 000 000 төгрөг, хүү 11 276 712,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 528 482,24 төгрөг болсон. Иймд дээрх 2 зээлийн гэрээний үүрэгт 96 415 105,68 төгрөг, нотариатын зардал 9 000 төгрөг, нийт 96 424 106 төгрөгийг хууль болон гэрээний дагуу хариуцагчаас шаардах эрхтэй... гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч зээлийн гэрээ байгуулсан, зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй, харин зээлийг буцаан төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

4. Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

ЯББСБ ХХК болон Г.Б нарын хооронд 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 00/000дугаар зээлийн гэрээ байгуулагдаж, 31 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, мөн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 00/000 тоот зээлийн гэрээгээр 50 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлөөр шилжүүлэх, зээлдэгч Г.Б нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүг төлөхөөр харилцан тохиролцож, дээрх хоёр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож SALLAAAD4BA563115 арлын дугаартай, 00-02 УБГ улсын дугаартай LANROVERDISCOVERY4HSE маркийн суудлын авто машиныг үүрэг гүйцэтгүүлэгч буюу ЯББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг байгуулжээ. /хх-ийн 9-13, 17-21/

 

Зээлийн болон фидуцийн гэрээг талууд бичгээр байгуулж, хүсэл зоригоо гарын үсгээр баталгаажуулсан тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 235 дугаар зүйлийн 235.5, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлага хангасан, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2-т нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд гэж дүгнэв.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгч Г.Бд шилжүүлсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй ба хариуцагчийн дансны хуулга, мемориалын баримтаар тогтоогдож байх тул зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч ЯББСБ ХХК нь 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 00/000тоот, 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 00/000 тоот зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Хариуцагчийн ... зээлийн гэрээний дагуу хүлээн авсан мөнгөн хөрөнгөө хүлээн авсан өдөртөө буцаан шилжүүлсэн тул дээрх хоёр гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү тооцогдох үндэслэлгүй, үүрэг дуусгавар болсон... гэх татгалзал харин үндэслэлгүй байна.

 

ЯББСБ ХХК болон Г.Б нарын хооронд урьд байгуулагдсан 28 900 000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирсон 00/000 тоот зээлийн гэрээ нотлох баримтаар хэрэгт авагдсан байх ба зээлдэгч Г.Б нь уг зээлийн үүрэгт 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 31 058 500,94 төгрөгийг төлснөөр гэрээ дуусгавар болсон болох нь зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн тооцоолол гэх баримтаар тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч Г.Бгаас 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 27 058 500,94 төгрөгийг зээл хаав гэх утгаар, 3 929 447,75 төгрөгийг зээлийн төлөлт гэх утгаар тус тус нэхэмжлэгч ЯББСБ ХХК-д шилжүүлсэн нийт 30 987 979 төгрөгийн төлөлт нь талуудын хооронд урьд байгуулсан 00/000тоот зээлийн гэрээ төлөлт гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй. Улмаар уг гэрээ дуусгавар болсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Түүнчлэн хариуцагч Г.Бгаас 2021 оны 3 дугаар сарын 24-ны өдөр Болормаа-с зээл хаав гэх утгаар 50 000 000 төгрөгийг ЯББСБ ХХК-д шилжүүлсэн байх ба хариуцагч уг төлөлтийг мөн талуудын хооронд 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 00/000 тоот гэрээний дагуу хүлээн авсан мөнгөн хөрөнгийг буцаан шилжүүлсэн гэж тайлбарласан нь үндэслэлгүй.

 

Хэрэгт ЯББСБ ХХК болон Г.Болормаа нарын хооронд байгуулагдсан 2019 оны 09 сарын 30-ны өдрийн 00/000тоот зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн тооцоолол гэх баримтууд нотлох баримтаар авагдсан ба 2021 оны 3 дугаар сарын 24-ны өдөр 50 415 192,92 төгрөгийн төлөлт хийгдсэнээр уг зээлийн гэрээ дуусгавар болсон байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар нэхэмжлэгч ЯББСБ ХХК нь талуудын хооронд байгуулсан 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 00/000тоот, 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 00/000 тоот зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 00/000 тоот зээлийн гэрээний тухайд зээлийн тооцоолол үндэслэлтэй, зээлдэгчийн дансны хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол зэрэг баримтуудыг үндэслэн үндсэн зээл 50 000 000 төгрөг, зээлийн хүү 11 276 712,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 528 482,24 төгрөг, нийт 61 805 195 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

 

Харин 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 00/000тоот гэрээний тухайд нэхэмжлэгч хариуцагчийг үндсэн зээл 3 510 981 төгрөг, хүү 5 992 164 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21 008 төгрөг, нийт 9 524 153 төгрөгийг төлөлт хийсэн гэж тайлбарлаж байх боловч тухайн зээлийн гэрээний хугацаанд хариуцагчаас 4 удаагийн шилжүүлгээр нийт 14 439 346 төгрөгийн төлөлт хийсэн болох нь хариуцагч Г.Бгийн Худалдаа хөгжлийн банк дахь 0000000000тоот дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Хариуцагчаас төлсөн төлбөрийн зөрүү 4 914 191 төгрөгийг зээлийн хүү болон үндсэн зээлээс хасч тооцон зээлдэгч Г.Бгийн 00/000тоот зээлийн гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих үүрэг 27 282 427 төгрөг байна гэж үзэв.

 

Иймд хариуцагч Г.Бгаас 00/000, 00/000 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэгт нийт 89 087 622 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Я ББСБ ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Я ББСБ ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан нотариатын зардал 9 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар нэхэмжлэгч дээрх зардлыг хохиролд тооцон шаардах эрхтэй боловч энэ талаарх баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул тус шаардлагыг хангахгүй орхив.

 

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан 00/000, 00/000 тоот фидуцийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зохицуулалтад хамаарах харилцаа тул гэрээний зүйл болох SALLAAAD4BA563115 арлын дугаартай, 00 02 УБГ улсын дугаартай LANROVERDISCOVERY4HSE маркийн суудлын авто машин буюу хөдлөх эд хөрөнгийг барьцааны зүйл гэж үзэх үндэслэлгүй. Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хуулиар тогтоосон шүүх хуралдааны дэгийн дагуу буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т зааснаар гаргаагүй, харин түүний гаргасан хүсэлтийг мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар шийдвэрлэж, хүсэлтийг хангахгүй орхисонтой холбоотойгоор шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаж байгаа нь анхан шатны шүүх хуралдааны хуулиар тогтоосон дэгийг зөрчиж байгаа тул шүүх хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн хэргийг хянан шийдвэрлэсэн. Хэргийн оролцогч өөрийн хүсэлтийг хангаагүй үйл баримтыг шүүгчийг татгалзан гаргах үндэслэл болгож буй явдал нь шүүх хуралдаан хойшлуулах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саад учруулах зорилготой үйлдэл гэж үзэхээр байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2-т зааснаар шүүх хуралдааны явцад шүүгчийг татгалзан гаргах үндэслэл илэрвэл хэргийн оролцогч энэ талаар шүүхэд мэдэгдэх үүрэгтэй болохоос бус шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах боломжгүй, харин шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үндэслэлтэй гэж үзвэл шүүх хуралдааны аль ч үед үүргээ биелүүлэх боломжтой юм.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 2021 оны 03 сарын 24-ний өдөр 00/000 тоот зээлийн гэрээний үүрэгт 61 805 195 төгрөг, 2020 оны 09 сарын 30-ны өдөр 00/000тоот гэрээний үүрэгт 27 282 427 төгрөг, нийт 89 087 622 төгрөгийг хариуцагч Г.Бгаас гаргуулан нэхэмжлэгч ЯББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 336 484 төгрөгт, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 710 622 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 603 389 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.МӨНХЦЭЦЭГ