| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2024/0128/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/144 |
| Огноо | 2024-11-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батцэцэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/144
2024 11 05 2024/ШЦТ/144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.*******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч Б.Батцэцэг
Шүүгдэгч Ч.******* нар оролцов.
Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, халх, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хамтран амьдрагч, 1 хүүхдийн хамт амьдардаг, Багануур дүүргийн 5 дугаар хороо, ******* *******ий 19 дүгээр гудамжны 9 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ******* аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 198 дугаартай таслан шийдвэрлэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дугаар зүйлд зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн ******* овгийн *******ын ******* /РД:*******/
Шүүгдэгч Ч.******* нь согтуурсан үедээ хамтран амьдрагч Л.тэй маргалдан, биед нь олон удаагийн гараар цохих үйлдээр халдсаны улмаас эрүүл мэндэд нь “цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дал, нуруу, зүүн бугалга, хүзүү, баруун эгэмд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Ч.*******ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...тухайн өдөр гэртээ найз , нарын хамт 2 шил архи хувааж уусан бөгөөд орой 22 цагийн үед эхнэр Л. ажлаасаа ирээд “архи уулаа” гээд уурлаж бид хоёрын дунд хэрүүл маргаан үүссэн. Би уурандаа Л.ийг араас нь гараараа түлхэхэд эхнэр гэрийн зүүн ор мөргөж газар унасан.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна, бид 2 хамтран амьдраад 11-12 жил болж байна, гэр бүлийн баталгаагүй, дундаасаа 1 хүүхэдтэй...” гэх мэдүүлэг, (хх-ийн 62, шүүх хуралдааны тэмдэглэлээс)
Хохирогч Л.ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 01-ний орой 23 цагийн үед ажлаа тараад гэртээ ирэхэд нөхөр ******* нь согтуу байсан. Гэрт 2 хүн унтаж байсан. Би нөхөртөө “архи уулаа” гэж хэлэхэд тэрээр “чиний явалддаг хүнийг олсон пизда” гэж хэлээд үснээс татаж босгоод гараараа дух руу хоёр удаа, ар дагз руу хэд хэдэн удаа цохиж, эгэм рүү хоёр удаа өшиглөсөн. Би үсээ *******ын гараас салгаад зугтаах гэсэн чинь шүүгээнээс хутга аваад “ална” гэж айлгасан. Энэ үйлдэл нь 15-20 минут үргэлжилсэн. ******* намайг 2022 оны 5 дугаар сард гутлаар цохиж байсан. Гомдолтой байна” (хх-ийн 8-11),
Гэрч Б.гийн “*******ын гэрт бид гурав архи уусан. Тэгээд нилээн согтож *******ын гэрт тасраад хэсэг унтаад сэрсэн, тэгээд харьсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18),
Налайх дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн “...Лхамсүрэнгийн ийн биед духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дал, нуруу, зүүн бугалга, хүзүү, баруун эгэмд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн 139 дугаартай дүгнэлт (хх-ийн 36-37),
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирогч Л.т хоёрдугаар зэрэглэлд хамрагдсаныг танилцуулж гарын үсэг зуруулсан” гэжээ. (хх-ийн 12),
Хохирогчийн биед үүссэн шарх, гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 13),
Аюулгүйн зэргийн үнэлгээний тэмдэглэлд “өндөр 8-10” гэжээ (хх-ийн 26-27),
Иргэний үнэмлэх лавлагаа болон Багануур дүүргийн 5 дугаар хорооны засаг даргын тодорхойлолтоор “******* овогт *******ын ******* “*******” нь Багануур дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* хэсгийн 19 дүгээр гудамжны 09 тоотод оршин суудаг” гэжээ. (хх-ийн 77-78)
Шүүгдэгч Ч.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын “урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, 1997 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №198 дугаартай тогтоолоор Эрүүгийн 718138 тоот хэрэгт Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан гэх Эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх хуудас”, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хх-ийн 66, 71-72) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан дүгнэлт, тайлбар, тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ч.*******ын гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ч.******* нь согтуугаар 2024 оны 4 дүгээр сарын 01-ний орой 22 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, ******* *******ий 19 дүгээр гудамжны 9 тоот өөрийн гэртээ хамтран амьдрагч Л.тэй хардалтын улмаас маргалдан улмаар үснээс нь зулгааж байгаад гараараа дух болон ар дагз руу хэд хэдэн удаа цохих, эгэм рүү нь өшиглөх зэргээр цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дал, нуруу, зүүн бугалга, хүзүү, баруун эгэмд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.ийн мэдүүлсэн “манай нөхөр миний үснээс зулгаж байгаад дух болон ар дагз руу гараараа цохиж эгэм рүү өшиглөсөн” гэх агуулга бүхий мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн №139 дугаартай дүгнэлт, хохирогчийн биед учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Хавтаст хэргийн 71-73 дугаар талд авагдсан ******* аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №198 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын 2 дахь хуудас нь Ч.Базаргүр гэх хүнд хамааралтай байхаас гадна 3 дахь хуудас нь уншигдахгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ч.******* нь хохирогчийг үсдэж байгаад гараараа цохих, өшиглөх зэргээр зодсоныг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэх нь хүнийг зан төлөвийн хувьд хөөрлийн байдалд оруулж, улмаар дээрх нөхцөл байдалд гэмт хэрэг үйлдэх нь гэмт этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ихэсгэх нөхцөл болдог.
Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл шүүгдэгч Ч.******* нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж, өөрийн үг үйлдлээ хянах чадвар нь алдагдаж, уур бухимдлаа зохицуулж чадаагүй байдал нь гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ч.******* нь хохирогч Л.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд гэм буруугийн талаар улсын яллагчийн гаргасан “шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ч.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн этгээд өөрч учирсан хохирлоо нөхөн төлүүлэх буюу сэргээлгэх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй” гэж тусган баталгаажуулжээ.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ч.******* нь хохирогч Л.ийн биед хөнгөн хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогчоос “сэтгэцэд учирсан хоёрдугаар зэрэглэлийн хор уршгийг гаргуулах”-аар нэхэмжилсэн.
“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” гэж,
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж заасан.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал” болон Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалын 1, 2 дугаар хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгий зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-д тус тус заасны дагуу тухайлсан гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирогч Л.ийн сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол нь “хоёрдугаар зэрэглэл” гэж хүснэгтээр тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх бөгөөд уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлтэй адилтгаж үзнэ.
Мөн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай тогтоолын 1 дэх заалтад “Улсын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 3929 төгрөг 80 мөнгө буюу сард 660.000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосугай” гэж заажээ.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-аар сэтгэцийн эмгэгийн хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тооцохоор заасан.
Шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг тооцохдоо шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгааг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 4.620.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ. (660.000х5=4.620.000)
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.
Улсын яллагчаас “Шүүгдэгч Ч.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх” гэсэн,
Шүүгдэгчийн зүгээс “Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулбал ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болох тул торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд түүний хувийн байдал (эрхэлсэн тодорхой ажилгүй), гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд баримталдаг нийтлэг зарчим, зорилгод нийцүүлэн шүүгдэгч Ч.*******т Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулахаар шийдвэрлэв.
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №193 дугаартай шүүгчийн захирамжаар Ч.*******т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан боловч тэрээр оргон зайлж, түүнийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Багануур дүүрэг дэх Цагдан хорих байранд хүлээлгэн өгсөн байна. (хх-ийн 107, 112-114)
Иймд Ч.*******ын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 05-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 8 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус тогтоолд дурдаж шийдвэрлэлээ.
Хавтаст хэргийн 14 дүгээр талд Ч.*******т холбогдох хэрэгт 19 см урттай, хар өнгийн бариултай хутгыг хураан авч хавсаргасан гэх гэрэл зургийн үзүүлэлтийг хэрэгт хавсаргасан байх боловч шүүхэд уг хутгыг ирүүлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овгийн *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн *******ын *******т 2 (хоёр) сар, 28 (хорин найм) хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.*******т шүүхээс оногдуулсан 2 (хоёр) сар, 28 (хорин найм) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр өөрийн байнга оршин суух Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* хэсгийн 19 дүгээр гудамжны 09 тоотод оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүрэгтэйг Ч.*******т мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ч.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг Ч.*******т мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд зааснаар Ч.*******ын цагдан хоригдсон 8 (найм) хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасч тооцсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.*******аас хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрт 4.620.000 (дөрвөн сая зургаан зуун хорин мянган) төгрөгийг гаргуулж, хохирогч Л.т олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Ч.*******т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон хавсарган ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА