| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2022/00867/И |
| Дугаар | 183/ШШ2021/02809 |
| Огноо | 2022-03-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 183/ШШ2021/02809
| 2022 оны 03 сарын 28 өдөр | Дугаар 183/ШШ2021/02809 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Б.Ш, Боржигон овогт Ц.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2004 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Э.Эрдэнэбаяр, 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү Ш.А нарыг эх Ц.Э-ийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн Ш.А-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 2004 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төрсөн Э.Э , 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн Ш.А нарыг 11-16, хэрэв хүүхэд суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр, хүүхэд тус бүрийг эцэг Б.Ш-аар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нөхөр Б.Ш Худалдаа хөгжлийн банкны зээлийг сар бүр төлж, зээлийг бүрэн төлж дууссаны дараа эхнэр Ц.Э болон хүү Э.Э , Ш.А нарын нэр дээр Эрдэнэт хотод байрлах, 2 дугаар микрын 26 дугаар байрны 53 тоот, 2 өрөө орон сууцыг шилжүүлэхээр тохирч эвлэрснийг баталсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар Б.Ш-ыг хүү Э.Э , Ш.А нартай уулзах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг Ц.Э даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН

Нэхэмжлэгч:Б.Ш нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Ц.О холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгө хуваарилуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Б.Ш
Хариуцагч:Ц.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ш Ц.Э-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгө хуваарилуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие Ц.Э 2002 онд танилцаж, гэр бүл болсон. Бидний дундаас 2004 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүү Э.Э 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүү Ш.А нар төрсөн. Миний хувьд 18 жилийн турш ганцаараа ар гэрээ тэжээн тэтгэдэг байсан ба эхнэр Ц.Э 18 жилийн хугацаанд ажил хийж үзээгүй. Бидний хооронд байнгын хэрүүл маргаан гарч, зан ааш, үзэл бодол таарахаа больсон. Ажлын онцлогоос шалтгаалан ар гэртээ цаг зав гаргадаггүй нь үнэн. 2015 оноос хойш таарч тохирохгүй болж, одоог хүртэл 1-2 сарын хугацаанд хоёр талд тусдаа амьдарч байна. Бид 2014 онд 50.000.000 төгрөгөөр Эрдэнэт хотод байрлах, 2 дугаар микрын 26 дугаар байрны 53 тоот орон сууцыг Худалдаа хөгжлийн банкны зээлээр худалдан авч, сар бүрийн зээлийн төлбөр 416.000 төгрөгийг би өөрийнхөө цалингаасаа төлдөг. Байрны зээл 2036 онд дуусна. Нэгэнт бид хоёр таарч тохирохгүй, цаашдаа амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдүүдээ эхийнх нь асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Бид гэрлэлтээ цуцлуулсан ч байрныхаа зээлийг би цаашид өөрөө төлж дуусгаад орон сууцыг эхнэр хоёр хүүхдийн нэр дээр шилжүүлэн өгнө, бидний дунд өөр эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие Б.Ш-тай 2004 онд танилцаж, 2006 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2004 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүү Э.Э , 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүү Ш.А нар төрсөн. Б.Ш нь байнгын ажил ихтэй, гэр бүлдээ анхаарал халамж, тавьдаггүй, дуртай цагтаа гарч, дуртай цагтаа орж ирдэг байсан. Би 18 жил ажил хийж байгаагүй биш, мэр, сэр хувийн байгууллагад ажилладаг байсан. 18 жилийн турш ар гэртээ анхаарал тавьж, үр хүүхдүүдээ хичээл сургуульд нь хүргэж өгч, авч явсан. Нэхэмжлэгч хүүхдүүдээ нэг ч удаа сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгч байгаагүй. Сарын цалин нь байрны зээлээ төлөөд таардаг. Би группд байдаг, группын мөнгөөрөө гэр бүлийн хэрэгцээгээ хангаж ирсэн. Б.Ш ажил ихтэй нэрээр гэр орондоо ирдэггүй, цаашид хамтран амьдрах боломжгүй гэж байхад миний хувьд хамт амьдрах гэж хичээгээд ямар ч боломжгүй болж байна. Гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй, зөвшөөрч байна. Хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Хэрвээ муугаар бодоход миний бие муудвал хүүхдүүдээ эцгийх нь асрамжид өгнө. Б.Ш Худалдаа хөгжлийн банкинд орон сууцны зээлийг сар бүр төлөөд явж байгаа нь үнэн. Цаашид зээлээ төлж дуусгаад орон сууцыг миний болон хоёр хүүхдийн нэр дээр шилжүүлэн өгөхөөр тохирсон, бидний дунд өөр эд хөрөнгийн маргаан байхгүй. Эрдэнэт дэх орон сууцаа хүнд түрээслүүлсэн байгаа, цаашид хоёр хүүхдээ аваад уг байрандаа очиж амьдарна. Миний бие сэтгэл санааны хохирлоо нөхөн төлүүлнэ гэж тайлбартаа бичсэн ба үүнээсээ татгалзаж байна гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхний хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүү Э.Э , Ш.А нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай тэмдэглэл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Б.Ш эхнэр Ц.Э цаашид хамтран амьдрах боломжгүйгээс гэрлэлтээ цуцлуулж, хүү Э.Э , Ш.А нарыг Ц.Э-ийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөх, дундын өмчлөлийн эд хөрөнгө хуваарилуулах тухай гэж шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч Б.Э Б.Ш-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болно.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Б.Ш Ц.Э нар 2002 онд танилцаж, 2006 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн байх бөгөөд тэдний дундаас 2004 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүү Э.Э , 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүү Ш.А нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
6.Б.Ш Ц.Э нар зан харилцаа, бие биенээ үл ойлголцох байдлаас болж 2015 оноос хойш таарч тохирохгүй, одоог хүртэл хоёр газар тодорхой хугацаагаар тусдаа амьдарч, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцсон боловч эвлэрэл амжилтгүй болсон болох нь хэрэгт цугларсан бичгийн баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
7.Гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байх тул Б.Ш , Ц.Э нарын гэрлэлтийг цуцалж, тэдний тохирсноор 2004 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Э.Э , 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү Ш.А нарыг эх Ц.Э-ийн асрамжид үлдээж, хуульд зааснаар Э.Э , Ш.А нарыг эцэг Б.Ш-аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
8.Гэрлэгчид дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Эрдэнэт хотод байрлах, 2 дугаар микрын 26 дугаар байрны 53 тоот, 2 өрөө орон сууцыг 2014 онд худалдан авч, нөхөр Б.Ш нь Худалдаа хөгжлийн банкинд сар бүр зээл төлдөг байх ба цаашид зээлийг бүрэн төлж дууссаны дараа эхнэр Ц.Э болон хүү Э.Э Ш.А нарын нэр дээр дээрх орон сууцыг шилжүүлэхээр хариуцагч Ц.Э харилцан тохирсон байх тул тэдний тохирсноор шийдвэрлэв.
9.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”,
26.2-т “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй”,
26.4-т “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ” гэж тус тус заасан ба Б.Ш хүү Э.Э Ш.А нартай уулзах, дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг Ц.Э даалгах нь зүйтэй гэж үзэв.