Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 223/МА2019/0001

 

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 223/МА2019/0001

 

 

Н.Н-н нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, Ерөнхий шүүгч Г.Болормаа, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 151/ШШ2018/01247 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Н.Н-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч Төв, БС, ЗД-д холбогдох,

“Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6.363.097 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдмаа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нар оролцов.

 

 Нэхэмжлэгч Н.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргаас хууль бусаар халж ажилгүй байлгасан хугацааны, мөн шүүхээр ажилдаа эргүүлэн тогтоогдсоноос хойш хугацааны, ажилд эргүүлэн томилохгүй байсан хугацаануудын буюу 2017 оны 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар сарын 15-ны хүртэл нийт 6 сар 15 хоногийн сарын цалин болох 6.363.097 төгрөгийг надад гэм хор учруулсан гэж үзэж нэхэмжилж байна. Төв, БС, ЗД Д.Ганбаяр намайг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймаг Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажлаас үндэслэлгүй халсан. Шүүхийн эцсийн шийдвэр 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдөр ажилд эгүүлэн тогтоосон. Шүүх ажилгүй байсан хугацааны цалинг 2017 оны 5 дугаар сар хүртэл хугацаагаар гаргаж энэ мөнгийг би авсан. Харин би 5 дугаар сараас хойш 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааныхаа мөнгөө аваагүй юм. Шүүхийн шийдвэр 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдөр гарснаас хойш намайг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Засаг дарга тушаал гаргаж Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр томилсон. Иймд би ажилгүй байсан хугацааны 2017 оны 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар сарын 15-ны хүртэл нийт 6 сар 15 хоногийн сарын цалин болох 6.363.097 төгрөгийг намайг ажилгүй болгосон, мөн шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд аваагүй хууль зөрчсөн Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргаас надад гэм хор учруулсан үндэслэлээр нэхэмжилж байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Н.Н өөрөө ажилд орохоор ирээгүй, хаана байсан болох нь мэдэгдэхгүй, утас нь холбогдохгүй байсан. Очсон өдөр нь ажилд авсан. Энэ мөнгийг төлөх боломжгүй.” гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргаас 3.484.826 /гурван сая дөрвөн зуун наян дөрвөн мянга найман зуун хорин зургаан/ төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Н.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.868.271 /хоёр сая найман зуун жаран найман мянга хоёр зуун далан нэгэн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Н.Н-н нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Төв аймгийн Засаг даргад даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төв, БС, ЗД-с 61.547 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Н-д буцаан олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдмаа гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны бүх цалин болох 6,363,097 төгрөгөөс зарим хэсгийг буюу 3,484,826 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдсэн 2,868,271 төгрөгийг буюу 2017 оны 06,07,08 дугаар саруудын цалин олговрыг хэрэгсэхгүй болгож, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн дээрх 3-н сарын бичилт завсардан дунд нь үлдэх нөхцөлөөр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэгэнт шүүхийн байгууллага нэхэмжлэгч Намжилмааг буруу халсан гэж ажилд нь эргүүлэн тогтоосон тул миний ажилгүй байсан хугацааны мөнгийг шүүхээс тасалж зарим хэсгийг хангаж, зарим хэргийг хангахгүйгээр хэсэгчлэн үлдээж намайг хохироох ёсгүй гэж үзэж байна. Хэрвээ би ажлаасаа үндэслэлгүй халагдаагүй бол 2017 оны 06,07,08 дугаар саруудад цалин хөлсөө авч, түүнд тохирсон эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл хураамжаа зохих журмын дагуу төлөөд л явж байх байсан.Энэ нь миний ирээдүйд маш их үр дагавар хор уршиг дагуулах тул үүнийг тоохгүй өнгөрөх боломжгүй юм. Нэхэмжлэгч Н.Н нь анх 2016.11 28-ны өдөр ажлаа өгч,шүүхэд 2016.12 дугаар сард хандсан байдаг Шүүхийн анхан шатны шийдвэр 2017.02.24-ний өдөр гарч ажилд нь эргүүлэн тогтоосон Гэтэл хариуцагч Төв аймгийн Төв, БС, ЗД давж заалдаж Давж заалдах шатны шүүх 2017.04.20 ны өдөр магадлал гаргаж хэргийг анхан шатны шүүхрүү дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Ингээд энэ хэрэг 2017 оны 05,06,07 дугаар саруудад шүүхийн шатанд байж энэ хугацаанд шүүгч Мөнхцэцэг ээлжийн амралт авч байгаад 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр намайг ажилд эргүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг 2017 оны 05 дугаар cap хүртэлх хугацаагаар тооцон гаргаж энэ хүртэлх хугацааны мөнгөө авсан байдаг. Хариуцагч 2С17.08.01-ний өдрийн дээрх анхан шатны шүүхийн шийдвэрт давах гомдол гаргасан боловч гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр гомдлыг аваагүй байсан Харин би хэрэг давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд буцаж очиход 2017 оны 06,07 дугаар сарын цалингаа нэмэгдүүлэн нэхэмжлэл гаргаагүй боловч шүүх хурал дээр нэмэгдүүлж хэлж явсан юм. Хэрэг анхан ШЁТНЫ шүүхэд очсон хойно нэг сарын хугацаанд шийдэгдэх байх гэж бодсон чинь шүүгч амарсан учир шүүх дээр 2 cap болсон. Энэ үед зуны амралтын үе таарсан байсан. Нэхэмжлэгч 2017 оны 05 дугаар хүртэл ажилгүй байсан хугацааны мөнгөө авсан өдрөөс хойш ажилд авах үе тухайлбал 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговороо шүүхээр нэхэмжлэл гаргаж нийт 6-н cap 15 хоногийн мөнгө болох 6,363,097 төгрөг нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх, урьд гаргасан анхан шатны шүүхийн 2017.02.24-ний өдрийн шийдвэрийн хугацаа, шүүх дээр хэрэг байсан хугацаануудыг үл ойшоон хамгийн сүүлд гарсан анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 1-ний өдрийн шийдвэрийг үндэслэн энэ шийдвэр нь 2019.09. 04-ний өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг 2019 оны 09 дүгээр сарын 04 -ний өдрөөс эхлэн тооцож 2017.12.15-ний өдөр хүртэл нийт 3-н cap 15 хоногийн цалинг бодож нийт 3.484,826 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн 2.868.271 төгрөгийн буюу түүний ажилгүй байсан 2017 оны 06,07,08 дугаар саруудад авах ёстой байсан нөхөн олговрыг хэрэгсэхгүй болгож. мөн дээрх 3-н сарын нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэр ямар ч бичилт хийгдэхгүй үлдээхээр шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж өөрийн зөрчигдсөн эрх ашгаа сэргээлгэн шүүхээр хамгаалуулахаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхэд нэхэмжлэгч 6,363,097 төгрөгийг нэхэмжлэхдээ түүнд холбогдуулан нотлох баримт болгож Н Намжилмаа өөрийн нийгмийн даатгалын дэвтрээ өгсөн. Энэ нотлох баримтаар Н.Н нь 2017 оны 05 дугаар сараас хойш 6-н cap 15 хоногийн цалин бичигдээгүй байгаа нотлох баримтыг шүүх дутуу үнэлсэн гэж үзэж байна.

    Иймд анхан шатны шүүхийн. 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 01247 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж Хөдөлмөрийн хуулийн 69.1-д зааснаар Н.Н-н ажилгүй байсан бүх хугацааны урьд авч байсан дундаж олговор болох анхан шатны шүүхийн хэрэгсэхгүй болгосон 2,868,271 төгрөгийг нэмж хариуцагч талаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор , Хөдөлмөрийн хуулийн 46.1,46.2-т зааснаар ажилгүй байсан бүх хугацааны олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг тооцон Н.Н-н нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Батсүмбэр сумын Засаг даргад даалгахаар анхан шатны шүүхийн дээрх шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр  тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлж чадаагүй, тухайн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэсэн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байх тул давж заалдах шатны шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийн нотлох баримтад үнэлэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хууль хэрэглээний алдааг залруулах боломжтой гэж үзэв. 

 

Нэхэмжлэгч Н.Н-г Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 151/ШШ2017/00842 дугаар шийдвэрээр урьд эрхэлж  байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх  ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг ажил олгогчоос гаргуулахаар шийдвэрлэсэн болох нь  шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байна./хх-ийн 6-9-р тал/,

Нэхэмжлэгч Н.Н шүүхэд хандаж, 2017 оны 6 дугаар сараас  12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 6 сар 15 хоногийн цалинтай тэнцэх олговорт 6 363 097 төгрөг нэхэмжилснийг шүүх анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хугацаатай холбож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хугацааг ч хуульд нийцүүлэн зөв тодорхойлоогүй хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт өгснөөс гадна нэхэмжлэлийн шаардлагад хамаарах 2017 оны 6 дугаар сараас 2017 оны 9 дүгээр сар хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг ямар нэг эрх зүйн дүгнэлт өгөхгүйгээр уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1. дэх хэсгийн заалтыг зөрчсөн нь  нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг шүүхийн журмаар сэргээн тогтоох шүүхийн эрх зүйн хамгаалалтын зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

Ажил олгогч Төв, БС, ЗД нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарснаас хойш 4 сар гаруй хугацааны дараа түүнийг ажил албан тушаалд нь буцаан томилсон шийдвэр гаргаж ажилд нь авснаар Н.Н-н зөрчигдсөн эрх сэргээгдсэн болох нь Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/537 дугаар “ Н.Н-г ажилд нь эгүүлэн авах тухай” захирамжаар тогтоогджээ./хх-ийн 3-р тал/

 

Иймд Н.Н-н ажилгүй байсан бүх хугацааны буюу 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх 148 хоногийн цалинг нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг үндэслэн сарын 978938 төгрөгийн цалинг нэг сарын ажлын 21,5 өдөрт хувааж 1 өдрийн цалинг 45 532 төгрөгөөр тооцоход /148 хоног х 45,532 төгрөг=6 738 736 төгрөг/ нэхэмжлэгч нь хууль бусаар ажлаас халагдсаны улмаас түүний үр дагавар болох ажилгүй байсан хугацааны 6 738 736 төгрөгийн цалингийн хохирол хүлээсэн байх боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд 6 363 097 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Анхан шатны шүүх ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах тухай нэхэмжлийн шаардлагыг хянан шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2.-т заасан шийдвэрийг гаргахдаа нэхэмжлэгч ямар хугацааны олговрыг гаргуулахаар шаардсаныг, шүүхээс хангасан шаардлага болон хэрэгсэхгүй болгосныг, олговрын хэмжээг хэрхэн тооцсон зэрэг шүүхээс зайлшгүй эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагатай асуудлаар Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн тодорхой, ойлгомжтой тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2., 118 дугаар зүйлийн 118.3., 118.4. дэх хэсгийн заалтад нийцэхгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 151/ШШ2018/01247 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газраас 6 363 097 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Н-д олгосугай” гэж, 2 дугаар заалтын “... Засаг даргад...” гэснийг “...Засаг даргын Тамгын газрын санхүүд...” гэж, 3 дугаар заалтын “...Засаг даргаас ...”  гэснийг “...Засаг даргын Тамгын газраас ....” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалт хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдмаагийн давж заалдах гомдлыг хангасугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгч Н.Н-н гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 60 850 төгрөгийг шүүгчийн захирамжаар орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Т.ЭНХМАА

           

                  ШҮҮГЧИД                                                            Г.БОЛОРМАА

 

                                                                                           Ц.ӨРНӨНДЭЛГЭР