Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2020/ДШМ/088

 

О.У-т

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, ******* /цахимаар/

Шүүгдэгч О.У

Нарийн бичгийн дарга Ч.Жавзансүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Ч.Байгалмаа, Д.Батцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/292 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.У т холбогдох эрүүгийн 1814006860175 дугаар хэргийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, овогт О.У , 1983 оны 3 дугаар сарын 23-нд Баянхонгор аймгийн Баянговь суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

О.У  нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Хэлтгий булаг 1 багийн нутаг “Сэртэнгийн орой” гэх газарт 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 16 цагийн орчим *******ыг дуудан ирүүлж, цээжин тус газарт нь буудаж алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас О.У т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч овогт О.У ыг хүнийг алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Хоо овогт О.У ыг найман / 08 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч О.У т найман / 08 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шүүгдэгч О.У  нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар бор өнгийн бариултай 20 см урттай хутга нэг ширхэг, сумны хонгио нэг ширхэг, ТОЗ-78-01 загварын 082907 гол төмрийн дугаартай, 8291 замагны дугаартай буу нэг ширхэг зэргийн хураан авсан прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн Тамгын газарт, буу болон хонгиог ЦЕГ-т хүргүүлж устгуулахыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт тус тус даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч О.У т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Баянхонгор аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04 ны өдрийн шүүх хуралдааныг шүүгч Б. Гэрэлмаа даргалж шүүгч Ч.Байгалмаа Д.Батцэнгэл нарын бүрэлдхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 д заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 т зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.У т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд "хүн алахыг завдаж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон О.У т 8 жилийн хорих ял оноож оноосон ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн 292 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 д зааснаар гомдол гаргаж байна.

Шүүгдэгч О.У  нь 2018 оны 11 дүгээр сарын 28 ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь сумын Хэлтгий булаг 1 дүгээр багийн нутаг Сэртэнгийн орой гэх газарт иргэн *******ын цээжин тус гаарт буудаж хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон.

Өмгөөлөгч би шүүхийн шатнаас өмгөөлөгчөөр оролцсон бөгөөд хэргийн материалд авагдсан нотлох баримтаас хархад *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 буюу "зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэж мэтгэлзсэн.

Анхан шатны шүүхээс О.У ыг хүн алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцохдоо: "хохирогч болон хүн рүү буу чиглүүлж буудаж байгаа үйлдэл нь О.У  нь нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарласан ...хүний эрүүл мэндэд хор уршиг учрахыг ухамсарласан, хүний биед хор уршиг учрах нь зайлшгүй, учрах боломжтойг мэдсэн атлаа хүнийг буудаж байгаа нь санаа сэтгэл хүчтэй цочирон давчидсан үйлдэл биш , харин шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийг айлгах гэж буудсан гэж байгаа хэдий ч ....хүн рүү галт зэвсэг, хүйтэн зэвсгээр айлгах гэх үйлдэл байхгүй бөгөөд аль төрлийн зэвсэг хэрэглэсэн хүний эрүүл мэнд амь насанд аюултай үйлдэл учирна гэдгийг хүн бүр ойлгож ухамсарласан, энэ үйлдлийг хориглосон гэдгийг хуульчилсан байгааг анхаарвал зохино гээд өмгөөлөгч миний гаргасан санал дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсан байна.

1. Шүүхээс хийсэн дүгнэлт нь зөвхөн өмгөөлөгч *******ын “санаа сэтгэл хүчтэй цочирон давчидаж хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдлэхийг завдсан гэж үзэж мэтгэлзсэн мэтгэлзээн дээр дүгнэлт хийсэн байна. Тэгэхээр миний байр суурь бол хүний эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулсан гэмт хэргийн бүрэлдхүүнтэй гэж үздэг. Анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцохдоо “хүнийг алахыг завдаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэсэн нь 2 утгатай дүгнэлт хийсэн бөгөөд хэргийн материалаас хархад гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал бусад нотлох баримтаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь илүү тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн объектив талын шинж нь: *******ын буудсан үйлдлээс *******ын биед ШША-ны шинжээч эмчийн 2018 оны 12 дугаар сарын 28 ны өдрийн 49 дүгээр дүгнэлтээр: *******ын биед учирсан гэмтэл нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлтээр, харин субьектив талын шинж нь" Би *******ыг айлгах гэж буудсан гэх ******* мэдүүлгээр тодорхойлогдож байгаа тул энэ гэмт хэргийн бүрэлдхүүний шинжийг бүрэн агуулж байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс хүн рүү галт зэвслгээр айлгана гэсэн ойлголт байхгүй гэж дүгнэсэн ч *******ын хувьд чиглүүлэхдээ алах зорилгоор биш гагцхүү айлгах зорилгоор буудсан гэдгээ хэлсэн, гэрч *******, хохирогч ******* нарын ямар ч байсан буу дуугарсан чиглүүлсэнийг хараагүй тухайн үед ******* ч буудуулсанаа мэдээгүй гэх мэдүүлэг байна. *******ын хувьд хэдийгээр өөрийн үйлдлийн улмаас учрах хор уршгийг ухамсарласан ч эцсийн үр дагаварыг хүнийг амь насыг хохироохгүй гэдэгт найдсан тиймээс ч *******ын биед хүнд гэмтэл учирсан байна.

Шүүхээс ******* нь *******ыг дуудан ирүүлж буу чиглүүлж буудаж алахыг завдсан гэх боловч хэргийн материалд авагдсан баримтаар дуудаж ирүүлээгүй, өөрөөр хэлбэл *******ын дуудсанаар ******* очоогүй гэдгийг ******* удаа дараагийн мэүүдлэгтээ “******* намайг ******* хүрээд ир гэж байна би явлаа гэхээр нь хамт явъя гээд би хамт явсан гэх мэдүүлгээр тогтоогддог.

******* нь 2014 оноос хойш *******ын эхнэртэй дотно харьцаатай болсон бөгөөд сүүлийн жилүүдэд гэрт нь болон хаа явсан газар нь зодох дарамтлах явдал байсан бөгөөд энэ хууль бус үйлдлүүд нь энэ гэмт хэрэг гарах гол шалтгаан болсон. Гэрч *******гийн, Ш.Сүнжидмаагийн, Ж.Сарантуяа, Адъяасүрэн нарын мэдүүлэгээр ******* нь 2014 оноос хойш *******ын эхнэртэй дотно харьцаатай болсон бөгөөд *******ыг байнга дээрэлхэх дарамтлах эрх чөлөөнд халдах зэрэг үйлдлүүд нь нотлогддог. Тиймээс ч *******ыг энэ хэрэгт холбогон шалгагдаж эхэлснээс хойш өнөөг хүртэл ******* нь *******ын эхнэртэй түүний гэрт хамтран амьдарч байгаа нь маш их доромжлол гэж үзэж байна. Тиймээс ч сэтгэл санааны хувьд маш хүнд нөхцөлд 4 жил гаран байсан.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг гарах болсон шалтгаан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн арилсан, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж гэмт хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлж байгаа, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг хуульд заасан ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй хүнд ял шийтгэл оногдуулсан гэж үздэг. ******* нь багаасаа өнчирч ахтайгаа амьдарч байгаад эхнэртэйгээ гэр бүлж тусдаа амьдарсан. Хүний хувьд төлөв томоотой үг дуу цөөтэй хүлцэнгүй зантай учраас *******т зодуулж доромжлуулан 4-5 жил тэсвэртэй хандсан байдаг. Гэхдээ *******ыг алах гэсэн санаа зорилго байгаагүй гэдгээ удаа дараа хэлсэн.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж О.У т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял оногдуулсаныг 11.1 дүгээр зүйлийн 2.4 болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д зааснаар уг зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээг доош татаж оногдуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Миний бие Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт холбогдсон О.У т холбогдох хэрэгт түүний өмгөөлөгчөөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 292 дүгаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна.

Миний үйлчлүүлэгчийг Анхан шатны шүүхээс хүнийг алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлд заасныг журамлан 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн.

Хэрэгт авагдсан баримтуудаас харахад хохирогч ******* нь миний үйлчлүүлэгчийг удаа дараалан тохуурхан доромжилж, хүч хэрэглэх, заналхийлэх, агсан тавих , зодох зэргээр байнгын сэтгэл санааны дарамтанд 4 жил орчмын хугацаанд байлгасан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл эхнэртэй нь эр эмийн харилцаатай болсноос гадна гэрт нь ирж зодох, эхнэртэйгээ унтаж байхад нь хөнжлийг нь сөхөх, гэр бүлийн ариун нандин харилцаа руу орж, эхнэрийг нь гичий янхан банзалаар дуудах, өөрийг нь зодох зэргээр хүчирхийлэл дарамтанд байнгын оруулж байсан.

О.У ын хувьд хар багаасаа эх эцгээсээ өнчирч хоцорсон, айлаар дамжин хүн болж өссөн, бүрэг дугай, хүний үгнээс гардаггүй, сул дорой нэгэн. Тэрээр *******ын энэхүү үйлдлээс болж сэтгэл гутралд удаан хугацааны турш байсан байх бөгөөд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгийн 110 дугаартай дүгнэлтээр сэтгэл гутрал нь дээд цэгтээ хүрснээс шалтгаалан гэнэт тэсэрч түр зуурын ойгүйдэлд орсон байх боломжтой талаар дүгнэсэн байдаг.

Түр зуурын ойгүйдэл болон сэтгэл санаа хүчтэй цочрон давчдах үйлдэл нь тухайн цаг хугацаанд хохирогчийн буруутай үйлдэл байхаас гадна удаан хугацааны туршид ч байнгын дарамт, доромжлол стресст өртөж байсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон эсэхийг анхаарах ёстой гэж Улсын дээд шүүх тогтоолдоо заасан байна.

   Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 2-т “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуүлахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заасан байх бөгөөд энэ нь ялын дээд хэмжээний талаархи ойлголт бөгөөд О.У т холбогдох хэргийн хувьд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон хэдий ч шүүх түүнийг анхаараагүй 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Түүнд холбогдох хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

   Иймд дээрхи нөхцөл байдал хохирогчийн буруутай үйл ажиллагаа зэргийг харгалзан миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийн зүйлчлэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү хэмээн энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.

Прокурор ******* тус  шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: О.У ын үйлдэл нь бусдыг алахыг завдсан санаатай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогддог. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогч ******* луу буу чиглүүлээд буудаад байгаа үйлдлийн сэдэлтийг анхаарч үзнэ үү. Сэдэлтийн хувьд хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан байдаг гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогчийн удаа дараалан тохуурхан доромжилж, хүч хэрэглэх, заналхийлэх, агсан тавих , зодох зэргээр байнгын сэтгэл санааны дарамтанд байлгах, мөн эхнэртэй нь дотно харьцаатай байсны улмаас миний үйлчлүүлэгч маш их сэтгэлийн дарамт стресст орсны улмаас түр хугацаанд санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж дээрх үйлдлийг хийсэн тул уг хэргийн зүйлчлэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын  дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл О.У  нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Хэлтгий булаг 1 багийн нутаг “Сэртэнгийн орой” гэх газарт 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 16 цагийн орчим *******ыг дуудан ирүүлж, цээжин тус газарт нь буудаж алахыг завдсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь 1814006860175 дугаар хэрэгт авагдсан хохирогч *******, гэрч , , А.*******, , , *******, , , , , нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 49 дүгээр дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн  шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудын цуглуулахдаа хэргийн  оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан бэхжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

 Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасантай нийцсэн, шүүгдэгч О.У  нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Хэлтгий булаг 1 дүгээр багийн нутаг “Сэртэнгийн орой” гэх газарт 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 16 цагийн орчимд *******ыг дуудан ирүүлж, цээжин тус газарт нь буудаж алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон түүнд хуульд заасан төрөл хэмжээний хүрээнд хорих ял оногдуулжээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.У ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэм хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус байдал нөлөөлсөн зэргийг харгалзан  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх Эрүүгийн хуулийн зорилгыг баримтлан анхан шатны шүүхээс шүүгдэгч О.У т 8 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялд өөрчлөлт оруулж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээж, өмгөөлөгч *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс  дүгнэв.

     Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

  зүйлийн 1.4-т  заасныг  тус тус  удирдлага болгон

   ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/292 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн

2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ийн *******ыг найман /08/ жилийн хугацаагаар  хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг

 “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хоо овогт ийн *******ыг гурван /03/ жилийн хугацаагаар  хорих ялаар шийтгэсүгэй...” гэж

3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч О.*******т найман /08/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэснийг

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч О.*******т гурван /03/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч О.*******ын 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 53 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Г.УЛАМБАЯР

 

           ШҮҮГЧИД                                                    Д.ЭРДЭНЭБИЛЭГ

 

                                                                                        Б.БОЛОР-ЭРДЭНЭ