Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2016/0701/З |
Дугаар | 128/ШШ2017/0224 |
Огноо | 2017-03-31 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 128/ШШ2017/0224
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Э******* даргалж тус шүүхийн шүүх хуралдааныг 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: З******* А******* хороо,
Хариуцагч: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг дарга,
Гуравдагч этгээд: Хүүхэд залуучуудын чөлөөт цагийн төв төслийн ашиглалтын өмнөх захиргаа, Х х ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/454 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, А******* хорооны нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэжлэгдсэн төлөөлөч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд Хүүхэд залуучуудын чөлөөт цагийн төв төслийн ашиглалтын өмнөх захиргаа-ны дарга Н.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хосжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...З******* а******* хороо нь 71 жилийн түүхтэй байгууллага. Анх байгуулагдсан цагаас эхлэн Монгол ардын хувьсгалт намын сайд нарын зөвлөлийн тогтоолоор тамирчдын бэлтгэл сургуулилтыг хийлгэх, сэргээн ажиллуулах төвийг байгуулсан. Батлан хамгаалах зориулалтаар цэргийн анги нэгдлийн эзэмшил объектүүдийн газар бол 1994 он, 2000 оны Засгийн газрын нууц тогтоолоор баталгаажсан байдаг. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Газрын тухай хуулийн дагуу Улсын батлан хамгаалах зориулалтаар олгосон тусгай хэрэгцээний газар нь Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаардаг. 2007 онд тогтоолыг хуульд нийцүүлэн шинэчлэхээр Батлан хамгаалах яамны сайд, Барилга хот байгуулалтын яамны сайд нарын хамтарсан тушаалаар улсын хэмжээнд бүх тусгай хэрэгцээний газрын хэмжилтийг хийж Улсын Их Хурлын 2010 оны маш нууц 27 тогтоолоор баталгаажсан. 2007 оны маргаан бүхий газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 200 тоот захирамжаар Х х ХХК-д эзэмшүүлсэн тул дээрх тогтоолд хамрагдаагүй. Газрын тухай хуулинд заасны дагуу Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газрын алба, Сүхбаатар дүүргийн Засаг даргад албан ёсоор хандаж судлуулсан. Нийслэлийн өмчийн харилцааны газраас маргаан бүхий газар нь албан ёсоор З******* А******* хорооны өмч мөн гэсэн агуулга бүхий албан бичгийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Б*******д явуулсан.
Үүний дагуу Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр А/143 тоот захирамжаар 2007 оны 200 тоот захирамжийг хүчингүй болгосон байдаг. 2015 оны А/454 тоот захирамжийг гаргаж Х х ХХК-ийн эзэмших эрхийг сэргээсэн байна. Хүүхэд залуучуудын цагийг зөв боловсон өнгөрүүлэх ашиглалтын өмнөх захиргаа гэх нэршилтэй газар нь төрийн байгууллага биш. С.Э******* сайд байхдаа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж байгуулсан ч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны бүтцэд байдаггүй.
Мөн Батлан хамгаалах яам нэхэмжлэлээсээ татгалзсан шалтгаан нь З******* а******* хороо бие даасан төрийн байгууллага учраас өөрийгөө шүүхэд төлөөлүүлэх нь зүйтэй гэж нэхэмжлэлээ гаргасан. З******* а******* хороо хуулийн этгээд гэдгийг гэрчилгээгээр, нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолтоор нотолж байгаа. 2012, 2016 онуудын төрийн өмчийн тооллогоор тус газар нь З******* а******* хорооны өмч мөн гэдгийг баталсан. 2010 оны Улсын Их Хурлын тогтоолд байхгүй гэж хэлж байгаа нь үнэн. Учир нь 2007 оны маш нууц тогтоол хүчинтэй байсан.
Маргаан бүхий газар нь З******* а******* хорооны үндсэн хөрөнгө гэдэг нь шүүх хуралдааны явцад нотлогдож байна. Бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Нэхэмжлэгч 2010 оны маш нууц 27 тогтоолд тус газар ороогүй гэдгийг нэхэмжлэлдээ дурдсан учраас улсын тусгай хэрэгцээнд авсан газар гэдэг нь тогтоогдохгүй байна. А/454 тоот захирамжтай холбоотой асуудлаар Батлан хамгаалах яам 2015 онд нэхэмжлэл гаргаад нэхэмжлэлээсээ татгалзсан. 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн захирамжаар тус шүүхэд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хүчин төгөлдөр шийдвэр нь байгаа тохиолдолд дахин шийдвэрлэхгүй гэж ойлгож байна.
З******* а******* хороо нь газар эзэмших тухай ямар нэгэн хүсэлт өнөөдрийг хүртэл гаргаж байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл бүхий байж чадахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй санал нэг байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд эрхийг нь шилжүүлж авсан. Тухайн үед Батлан хамгаалах яам нэхэмжлэлээсээ татгалзсан. Тус газрыг аваад барилга барихад бэлэн болчихсон байгаа. Спортын ордон барих нь З******* а******* хороо төдийгүй бусад спортын хороодод ч мөн хэрэгтэй. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С-д шүүх хуралдааны товыг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр түүний 99******* дугаартай утсаар мэдэгсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мөн хэргийн оролцогч нараас шүүх хуралдааныг үргэлжүүлэх хүсэлт гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан зэргийг харгалзан түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/454 дугаар захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн № 200 дугаар захирамж[1][1]-аар тус дүүргийн 15 дугаар хороонд 49658 м2 газрыг Х х ХХК-нд 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн ба мөн дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн № А/133 дугаар захиримж[2][2]-аар дээрх захирамжийн Х х ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.
Улмаар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн № А/454 дүгээр захирамж[3][3]-аар Х х ХХК-ний газар эзэмших эрхийг сэргээж, дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн № А/133 дугаар захиримжийн Х х ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг нь сэргээсэн нь хуульд нийцээгүй байна.
Учир нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заажээ.
Х х ХХК нь дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн № А/133 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзсаныг тус шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн № 702 дугаар захирамж[4][4]-аар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Өөрөөр хэлбэл Х х ХХК нь дээрх захирамжид гомдохгүйгээ илэрхийлж нэхэмжлэлээсээ татгалзсан, маргааны үйл баримтын талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад хариуцагч захиргааны байгууллага нь 2015 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/454 дугаар захирамжийг гаргасан нь хууль нийцээгүй байна.
Нөгөөтээгүүр маргаан бүхий газрыг анх МАХН-ын төв хороо, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1961 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 323/501 дүгээр тогтоол[5][5]-оор Алдар нийгэмлэг, Батлан хамгаалах, Хөдөлмөрийн нийгэмлэгийн шигшээ багийн тамирчдын түр сургуулийн зориулалтаар байгуулж байсан ба түүнээс хойш уг газар нь нэхэмжлэгчийн эзэмшилд байсан болох нь тус шүүхэд ирүүлсэн Батлан хамгаалах яамны 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн мн/132 тоот албан бичиг, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн № н/09 тоот албан бичиг болон түүнд хавсаргасан маш нууц, нууц зэрэглэлийн баримтуудаар тогтоогдож байна.
Мөн уг газар нь одоо ч А******* хорооны үндсэн хөрөнгийн бүртгэлд байдаг болох нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн № 1/333 тоот албан бичиг6, Батлан хамгаалах яамны 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн н/140 тоот албан бичиг болон түүнд хавсаргасан нууц зэрэглэлийн баримтуудаар нотлогдож байна.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан ба дүүргийн Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн № 200 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг Х х ХХК-нд эзэмшүүлэхдээ дээрх хуулийн заалтыг зөрчжээ.
Уг асуудлаар Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн № 3/7832 тоот албан бичиг7-ийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад хүргүүлж байсан болохыг дурьдах нь зүйтэй байна
Иймд дүүргийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/454 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2. А******* хорооны нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1- д газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, Газрын харилцаа, геодиз, зураг зүйн газрын даргын 2008 оны № 83 дугаар тушаалаар баталсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 10 дугаар зүйлийн 10.2-т Иргэн, хуулийн этгээдэд холбогдох шатны Засаг даргын шийдвэрийг үндэслэн газар эзэмших, ашиглах гэрээг байгуулсны үндсэн эрхийн гэрчилгээг Газрын албаны дарга, сумын Газрын даамал баталгаажуулж олгоно гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч байгууллага нь дээрх хуульд заасан үйл ажиллагааны дараалалын дагуу газар эзэмших хүсэлтийг гаргах, эсхүл З******* нэгж болохын хувьд маргаан бүхий газрыг тусгай хэрэгцээнд авах тухай хүсэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах нь зүйтэй байна.
Иймд А******* хорооны нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Мөн нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А******* хорооны нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох хэргийн нэхэмжлэхийн шаардлагын зарим хэсгийг хангаж дүүргийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/454 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлгөсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ