Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2026/00145

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/10381 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2026/00485 дугаар магадлалтай

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Г-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 115,684,418 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор, шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Г-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 115,684,418 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/10381 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.2-т зааснаар хариуцагч Г-д холбогдох, Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 115,684,418 төгрөг гаргуулах тухай “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56,1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 736,380 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2026/00485 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/10381 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч “Х” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 736,380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх магадлалынхаа Хянах хэсгийн 5.1, 5.2-т дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 62 дугаар зүйлд заасан төлөөллийн эрх зүйн зохицуулалтыг хэрэглээгүй, мөн хэрэгт авагдсан захиалагчийн хүсэл зоригийг илэрхийлсэн бичгийн нотлох баримтуудыг ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлд зааснаар тал бүрээс нь бодитойгоор үнэлээгүйгээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул гомдлыг гаргаж байна.

4.1. Төлөөллийн харилцаа болон Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2, 345.3 дахь хэсгийг шүүх буруу тайлбарлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд.

4.1.1. Төслийн менежерийн төлөөлөх эрх хэмжээг шүүх үгүйсгэж, Иргэний хуулийн 62 дугаар зүйлийг хэрэглээгүй талаар. Давж заалдах шатны шүүх магадлалынхаа 5.1-д ““Х” ХХК-аас 2021.08.16-ны өдрийн 08/16-1 тоот албан бичгээр Хөдөлмөр ур чадварыг дээшлүүлэх төсөлд мэдэгдсэнийг захиалагч талд /яаманд/ мэдэгдсэн гэж үзэхгүй” хэмээн дүгнэж, нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн. Энэ нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн дүгнэлт юм. Талуудын хооронд байгуулсан CW29 дугаартай гэрээний ерөнхий нөхцөлийн 51.2, 52.1, 21.1-д зааснаар Захиалагч нь төлбөр тооцоо, төсөв, ажлын гүйцэтгэлийг хянах, баталгаажуулах, тодруулга өгөх бүрэн эрхийг Төслийн менежерт албан ёсоор шилжүүлэн гэрээгээр баталгаажуулсан байдаг. Манай компани гэрээгээр олгогдсон эрх бүхий этгээд болох Төсөлд 2021.08.16-ны өдөр төсөв нэмэгдэх болсныг мэдэгдсэн. Гэрээнд заасан төлөөлөгчид хандсан үйлдлийг “Захиалагчид хандаагүй” гэж салгаж, хэлбэрийн төдий тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Түүнчлэн захиалагч буюу Г нь 2021.10.21-ний өдрийн 3/2801 тоот албан бичгээр Б-д “төсвийг хянан магадалж өгнө үү” гэж хандсан нь төслийн менежерт ирсэн бидний мэдэгдлийг захиалагч өөрөө хүлээн авч, төлөөлөгчийнхөө үйлдлийг дэмжиж баталгаажуулсан бодит үйлдэл юм. Шүүх энэхүү төлөөллийн харилцаа үүссэн, захиалагч төлөөлөх бүрэн эрхийг олгосон нөхцөлийг үгүйсгэх нь илт үндэслэлгүй юм.

Төслийн менежерийн захиалагчийг бүрэн төлөөлөх, шийдвэр гаргах эрх олгогдсон тухай гэрээний зохицуулалт:

ГЕН 1.1: “Төслийн менежер гэж ажлын гүйцэтгэлд хяналт тавьж гэрээний удирдлагыг хэрэгжүүлэх үүрэгтэй, ПН-д дурдсан этгээд (эсхүл төслийн менежерийн оронд ажиллуулахаар захиалагчийн томилж, гүйцэтгэгчид мэдэгдсэн этгээд)-ийг хэлнэ.”

ГЕН 10.1: “Гэрээнд тусгайлан заагаагүй бол гэрээтэй холбогдсон аливаа асуудлыг захиалагчийг төлөөлөн төслийн менежер шийдвэрлэнэ.”

ГЕН 41.1: “Гүйцэтгэгч ажлын чанарт сөргөөр нөлөөлөх, гэрээний үнийг өсгөх, эсхүл ажил дуусгах хугацааг хоцроож болзошгүй нөхцөл байдлын талаар төслийн менежерт аль болох эртхэн анхааруулах үүрэгтэй.”

ГЕН 41.2: “Гүйцэтгэгч эдгээр нөхцөл байдлын үр дагаврыг хэрхэн арилгах, эсхүл багасгах талаар санал гаргаж төслийн менежерийн гаргасан зааварчилгааг хэрэгжүүлэхдээ түүнтэй хамтран ажиллана.”

ГЕН 53.3: “Гүйцэтгэгчийн зардалд нөхөн төлбөр хийх нөхцөл хэрхэн нөлөөлж буйг харуулсан тооцоо мэдээллийг гүйцэтгэгчээс ирүүлсэн тухай бүрт төслийн менежер нь түүнийг үнэлж, гэрээний үнийг тохируулна.”

4.1.2. Коронавируст халдвар /цаашид Ковид-19 гэх)-ын цар тахлын үеийн үнийн огцом өсөлтийг Иргэний хуулийн 220, 345.2-т заасан нөхцөл байдалтай уялдуулаагүй талаар. Магадлалын 5.2-т “Тендерт оролцож гэрээ байгуулах үед Ковид-19 байсан нь нийтэд илэрхий байсан тул гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн гэж үзэхгүй” хэмээн дүгнэсэн.

2021 оны 5 сард гэрээ байгуулахад Ковид-19 байсан нь үнэн боловч, үүнээс хойш 2021 оны зун БНХАУ-ын хил (Эрээн боомт) гэнэт тэг зогсолт хийж, барилгын материалын татан авалт гацаж, тээврийн үнэ хэд дахин нугарч өссөн нь гэрээ байгуулах үед хэн ч урьдчилан таах боломжгүй цоо шинэ давагдашгүй хүчин зүйл байсан. Үүнийг бид биш захиалагч яам өөрөө баталж 2021.10.21-ний өдрийн 3/2801 тоот албан бичигтээ “Дэлхий нийтийг хамарсан Ковид-19-с үүдэн хил хаагдсан, барилгын материалын хомсдол үүсэж, үнэ өртөг нэмэгдсэн байна. Иймд гэрээний үнийг нэмэгдүүлэх шаардлага гарсан...” гэж бичсэн байдаг. Хариуцагч өөрөө “хил хаагдсан, үнэ өртөг нэмэгдсэн, гэрээний үнийг нэмэх шаардлагатай” гэдгээ хүлээн зөвшөөрсөн байтал шүүх хөндлөнгөөс “нөхцөл байдал эрс өөрчлөгдөөгүй” гэж илт эсрэгээр дүгнэсэн нь Иргэний хуулийн 220 дугаар зүйл, 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсгийг буруу тайлбарласан зөрчил юм.

4.1.3. Захиалагч татгалзах эрхээ хэрэгжүүлээгүй үйл баримтыг Иргэний хуулийн 345.3, 345.4 дахь хэсэгт нийцүүлэн хэрэглээгүй талаар. Иргэний хуулийн 345.3, 345.4-т төсөв нэмэгдсэнийг захиалагч хүлээн зөвшөөрөхгүй бол гэрээг цуцлах эсхүл төлбөр төлөхөөс татгалзах эрхтэй байхаар тодорхой заасан. Хэрэв хариуцагч төсөв нэмэгдүүлэхийг зөвшөөрөхгүй байсан бол тухайн үедээ гэрээг цуцлах бүрэн эрхтэй байсан.

Гэтэл хариуцагч гэрээг цуцлаагүй төдийгүй, манай компанийн өөрийн хөрөнгөөрөө эрсдэл үүрэн байж барьж дуусгасан барилгыг 2021.10.12-ны өдрийн 10/2021-А дугаартай комиссын дүгнэлтээр 100 хувь хүлээн авч, зориулалтын дагуу ашиглаж байна. Захиалагчийн энэхүү үйлдэл (ажлын үр дүнг хүлээж авсан болон магадлал хийлгэхээр өөрөө хандсан) нь Иргэний эрх зүйн харилцаанд хүсэл зоригоо үйлдлээрээ илэрхийлсэн буюу төсвийн нэмэгдлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдох хангалттай үндэслэл юм.

4.2. Процессын эрх зүйн зөрчил. ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг ноцтой зөрчсөн тухайд.

Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэгт авагдсан гол нотлох баримтуудыг харилцан хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна. Хариуцагчийн дээр дурдсан 2021.10.21-ний өдрийн 3/2801 тоот албан бичгийг шүүх огт үнэлээгүй. Хэрэв манай компаниас бодит зардал гараагүй, Төслийн менежерт өгсөн бидний мэдэгдлийг захиалагч хүлээн зөвшөөрөөгүй байсан бол яам юуг үндэслэж төрийн экспертизийн байгууллагад (Б) “төсөв нэмэгдүүлэхээр хянуулж өгнө үү” гэж хандах байсан бэ.

Мөн хэрэгт авагдсан 2021.07.30-ны өдрийн 92/21, 2021.08.24-ний өдрийн 110/21 тоот албан бичгүүдэд төсвөөс санхүүжүүлэх тухай хүсэл зоригоо илэрхийлсэн байгааг шүүх үнэлээгүй. Б-ийн 2022.06.19-ний өдрийн 88-290/2022 дугаартай магадлалын дүгнэлтээр бараа материалын үнийн өсөлтийг 115,684,418 төгрөг болохыг тогтоосон. Хариуцагч энэ үнийн дүнгийн хэмжээ болон тооцооллын талаар огт маргаагүй. Маргаагүй үйл баримт, төрийн байгууллагын албан ёсны дүгнэлт зэргийг үгүйсгэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь мэтгэлцэх зарчим болон ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн.

Давж заалдах шатны шүүхээс гэрээний ГЕН 1.1-т захиалагчийг хөдөлмөр нийгмийн хамгааллын яам байхаар тодорхойлжээ гэж хянавал хэсгийн 5.1-т дурдсан. Гэтэл гэрээний дараах зохицуулалтыг огт үнэлээгүй мөн үгүйсгэх үндэслэлээ заагаагүй нь маш ноцтой зөрчил гэж үзэж байна. Эдгээр нь төслийн менежер нь захиалагчийг бүрэн төлөөлөх эрхтэй байсныг нотолдог бөгөөд эдгээр баримтыг үнэлээгүй, судлаагүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарахад нөлөөлсөн байна. Учир нь гүйцэтгэгч нь захиалагчид мэдэгдээгүй гэх дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс хийсэн байдаг байдаг хэдий ч төслийн менежер төлөөлөх эрхтэй болох нь нэгэнт тогтоогдож байх тул төслийн менежерт мэдэгдсэн нь захиалагчид мэдэгдсэн гэх хангалттай үндэслэл болно.

4.3. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.3 дахь хэсэгт заасан татгалзах, цуцлах эрхийг хэрэгжүүлэх хугацааны хязгаар, түүнийг хэрэгжүүлээгүйн эрх зүйн үр дагаврын талаар хууль хэрэглээний нийтлэг ач холбогдол бүхий практик тогтоох тухайд.

Энэхүү хэрэг маргаан нь зөвхөн нэг гэрээний төлбөрийн асуудал төдийгүй, барилга болон ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд байнга гардаг “Төсөв нэмэгдсэн тухай мэдэгдлийг захиалагч хүлээн авсан атлаа хариу өгөхгүй чимээгүй байж байгаад, ажлын үр дүнг бүрэн хүлээн авсныхаа дараа татгалзах эрхтэй эсэх” асуудлаар Улсын дээд шүүхээс хууль хэрэглээний нэгдмэл практик тогтоох онцгой ач холбогдолтой юм.

4.3.1. Татгалзах, цуцлах эрхийг хэрэгжүүлэх хугацааны хязгаарын талаар. Иргэний хуулийн 345.3-д “Төсвийн хэмжээ нэмэгдсэнээс захиалагч нь гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн бол гүйцэтгэсэн ажлын хөлсийг ажил гүйцэтгэгчид төсөвт заасан хэмжээгээр төлөх үүрэгтэй”, 345.4-т “Ажил гүйцэтгэгч төсөв зохиохдоо үндэслэлгүй өндөр үнэлгээ тогтоосон бол захиалагч хөлс төлөхөөс татгалзах эрхтэй” гэж заасан. Хуулийн энэхүү хэм хэмжээ нь захиалагчид сонголт (цуцлах, төлбөр төлөхөөс татгалзах эсхүл үргэлжлүүлэх) олгосон боловч уг эрхээ хэзээ, ямар хугацаанд хэрэгжүүлэх ёстойг анхан болон давж заалдах шатны шүүхүүд анхаарч үзсэнгүй.

Ажил гүйцэтгэгчээс 2021.08.16-ны өдөр төсөв нэмэгдэх тухай мэдэгдэхэд, Захиалагч тал “тийм” эсхүл “үгүй” гэсэн ямар нэгэн хариу өгөөгүй буюу тухайн үедээ төлбөр төлөхөөс таггалзах, гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй. Иргэний эрх зүйн зарчмаар захиалагч нь гэрээг цуцлах, татгалзах эрхээ ажил гүйцэтгэгчийг ажлаа үргэлжлүүлэхээс өмнө буюу боломжит богино хугацаанд нэн даруй хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл шүүхүүд захиалагчийг уг эрхээ хэрэгжүүлэх ёстой цаг хугацаанд нь хэрэгжүүлээгүй байхад, хэдэн жилийн дараа шүүхийн маргааны шатанд хэрэгжүүлж буй мэтээр хамгаалж шийдвэрлэсэн нь холбогдох зохицуулалтад нийцэхгүй байна.

4.3.2. Ажлын үр дүнг хүлээн авсны дараах татгалзах эрх дуусгавар болох талаар. Захиалагч нь төсөв нэмэгдсэнийг мэдсэн атлаа гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүйгээр барахгүй, гүйцэтгэгчээр барилгыг 100 хувь бариулж дуусгаад, 2021.10.12-ны өдөр Улсын комиссын дүгнэлтээр ажлын үр дүнг бүрэн хүлээн авч, зориулалтын дагуу ашиглаж эхэлсэн. Ийнхүү ажлын үр дүнг хүлээж авсан үйлдэл нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар “хүсэл зоригоо бодит үйлдлээрээ илэрхийлсэн” буюу төсвийн нэмэгдлийг хүлээн зөвшөөрсөн үйлдэл юм. Нэгэнт ажлын үр дүнг хүлээж авсан бол Захиалагчийн Иргэний хуулийн 345.3-т заасан гэрээг цуцлах, татгалзах эрх дуусгавар болох ёстой. Хэрэв захиалагчид ажлын үр дүнг хүлээж авсныхаа дараа (2-3 жилийн дараа) татгалзах эрхээ хэрэгжүүлэхийг зөвшөөрвөл ажил гүйцэтгэгч үргэлж хохирч, хувийн өмчөөрөө төрийн ажлыг үнэгүй хийж гүйцэтгэх ноцтой уршиг дагуулна.

4.3.3. Улсын дээд шүүхээс практик тогтоох шаардлага. Монгол Улсын дээд шүүхээс энэхүү хэргийг хянан хэлэлцэж, дээр дурдсан гэрээг цуцлах, татгалзах эрхээ хэдий хугацаанд хэрэгжүүлэх боломжтой болон ажлыг бүрэн хүлээн авсны дараа мөн цуцлах, татгалзах эрхээ хэрэгжүүлэх боломжтой эсэх асуудлаар хууль хэрэглээний тайлбар хийж, нэгдмэл практик тогтоох нэн шаардлагатай байна. Шүүхүүдийн зүгээс захиалагч байгууллагыг цуцлах, татгалзах эрхтэй гэж үздэг хэдий ч гэрээг цуцлах, төлбөр төлөхөөс татгалзах эрхийг хэрэгжүүлэх эсэхийг шүүх бус захиалагч шийдвэрлэх ёстой. Гэтэл шүүхээс гүйцэтгэгч нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, захиалагч зөвшөөрсөн хариу өгөөгүй зэрэг байр суурьтай байгаа нь илт үндэслэлгүй буюу захиалагчийн хэрэгжүүлээгүй эрхийг хэрэгжүүлсэн мэтээр дүгнэж байна. Дээрх асуудлуудаар тайлбар, дүгнэлт хийх нь эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзэж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийн төлөөллийн болон ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Захиалагчийн хүсэл зоригийг нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Улсын төсвийн шинжтэй барилгыг цар тахлын хүнд үед царцаалгүйгээр өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн төрд хүлээлгэн өгсөн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид учирсан, төрийн байгууллагаар магадлагдсан бодит зардлыг Захиалагч гэрээний хатуу заалтаар бамбай хийн төлөхөөс татгалзаж байгаа болон захиалагчийн гэрээг цуцлах, төлбөр төлөхөөс татгалзах эрхээ хэрэгжүүлээгүй атал хэрэгжүүлсэн мэтээр шүүх хамгаалсан нь хэт нэг талыг барьж бизнес эрхлэгчийг хохироосон шударга бус үйлдэл юм.

Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А-ын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2026.05.21-ний өдрийн 001/ШХТ2026/00676 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

7. Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Г-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 115,684,418 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...“Х” ХХК нь Гтай 2021.05.14-ний өдөр “Дархан-уул аймаг дахь Дархан-Өргөө политехник коллежийн хүнд машин механизмын гражийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Гэрээний үнийн дүнг 447,944,869 төгрөг байхаар тохирч, 2021.08.05-ны өдөр гэрээгээр харилцан тохиролцсон барилгын ажлыг дуусгах үүрэг хүлээсэн. Гэвч Ковид-19-ийн улмаас хил, гааль хаагдаж барилгын материалын хомсдол бий болж, тээврийн зардлын үнэ, өртөг илт өссөн. Улмаар манай байгууллагын зүгээс үнэ өртөг нэмэгдсэнтэй холбоотой гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлтийг 2021.08.16-ны өдрийн №08/16-01 албан бичгээр танилцуулж, захиалагчид нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлсэн, захиалагч гэрээний үнийн дүнг өөрчилж нэмэгдүүлэх боломжтойг илэрхийлсэн нь 2021.07.30-ны өдөр төслийн зохицуулагч М-ийн Б-д гаргасан тодорхойлолт, 2022.06.19-ний өдрийн 88-290/2022 дугаартай Бийн барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлээр нотлогдоно. Бийн 2022.06.19-ний өдрийн 88-290/2022 дугаартай дүгнэлтээр бараа материалын үнийн өсөлтийн өөрчлөлтийг 115,684,418 төгрөг байхаар хянасан. Барилгыг 2021.10.12-ны өдрийн 10/2021-А дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр хүлээлгэн өгсөн. Иргэний хуулийн 345.2-т заасны дагуу манай байгууллага төсвийн хэмжээ нэмэгдэх болсон тухай мэдэгдэх үүргээ биелүүлсэн. Захиалагч тал гэрээг цуцлах тухай аливаа санал гараагүй ба гэрээний төсвийн нэмэгдэлтэй холбоотойгоор дүгнэлтийг зохих байгууллагаас гаргуулж нэмэлт төлбөрийг төлөх, харилцан тохиролцох хүсэл зориг байсан нь Б-д гаргасан тодорхойлолт болон Б-ийн дүгнэлтээр нотлогддог. 2022.06.19-ний өдрийн 88-290/2022 дугаартай Бийн барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлд зааснаар бараа материалын үнийн өсөлтийн өөрчлөлтийг 115,684,418 төгрөг болох нь тогтоогдсон тул хариуцагчаас 115,684,418 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тайлбарласан.

Хариуцагч хариу тайлбартаа: “...“Х” ХХК нь тендерт шалгарч, Г-тай 2021.05.14-ний өдөр Дархан-уул аймаг дахь Дархан-Өргөө политехник коллежийн хүнд машин механизмын гражийн барилга угсралт CW29 дугаартай, 447,944,869 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг байгуулсан. Гэрээний тусгай нөхцөлд ГЕН-ийн 56 дугаар зүйлд гэрээний үнийн тохируулга хийж болохгүй гэж зааснаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, үнийн тохируулга хийх талаар харилцан тохиролцоогүй. ...нэхэмжлэгчийн Б-д хүргүүлсэн 2021.07.30-ны өдрийн 92/21 дугаартай тодорхойлолт нь магадлалаар батлагдсан хөрөнгийг гаргах талаар А-д уламжилж мэдэгдсэн албан бичиг байх тул үүнийг гэрээнд үнийн тохируулга хийх тохиролцоо хийсэн гэж үзэхгүй, ...бодит байдалд үнийн тохируулга хийх талаар яам болон гүйцэтгэгч нар уулзсан, тохиролцож байгаагүй. ...Тус төсөл 2021.08.30-ны өдөр хаагдаж, тус төслөөс энэ өдрөөс хойш ямар нэг санхүүжилт огт хийгдэхгүй тул, энэ хугацаанаас хойш өгсөн хүсэлтээр тохируулга хийгдэх боломжгүй, өөрөөр хэлбэл, төлбөр 2021.08.30-ны өдрөөс өмнө хийгдэнэ, энэ өдрөөс хойш ямар ч төлбөр энэ гэрээнд хийгдэхгүй болохыг Гүйцэтгэгч ойлгосон, гэрээний ерөнхий нөхцөлийн 21.1-д ГТН-ийн талаар гаргасан асуулгад төслийн менежер тодруулга тайлбар өгнө. Ийм тодруулгаар гэрээний нөхцөлийг өөрчлөхгүй” гэж заасан. Гэрээгээр гүйцэтгэсэн ажил нь ...улсын төсөвт тусгагдаагүй. Гэрээ хэрэгжиж дуусаад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа үнийн өсөлт шаардсан нь хууль бус. ...гэрээгээр ажлыг 2021.08.05-ны өдөр дуусган хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн тул нэхэмжлэгч шаардах эрхгүй, 2021.10.12-ны өдөр 10/2021-8 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарснаар барилгыг ашиглалтад хүлээн авч, эцсийн тооцоог хийсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэж тайлбарласан.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үүрэг даалгаврын биелэлтийн хуудсуудаар биелэлт хангагдсан талаарх баримтууд 2021.08.28-2021.08.30-ны өдрөөр үйлдэгдсэн, зохигчид ажил гүйцэтгэх гэрээний хэрэгжих хугацааг сунгасан эсэх, гүйцэтгэгч хугацаандаа үүргээ биелүүлсэн эсэх асуудлаар маргаагүй тул ажлыг гэрээгээр тохирсон хугацаанд хийж гүйцэтгэсэн гэж үзнэ. ...Ажил гүйцэтгэх гэрээгээр харилцан тохирсон ажлын хөлс, гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас шалтгаалан төсөвт өртөг их хэмжээгээр цаашид нэмэгдэх нь тодорхой байгаа, мөн нэмэгдсэн тохиолдолд гүйцэтгэгчээс тухайн асуудлыг захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй, гэтэл гэрээний хэрэгжих хугацаа дуусгавар болж байхад, мөн ажлын гүйцэтгэл даруй 90 хувьд хүрсэн байхад тухайн асуудлаар захиалагчид анх мэдэгдсэнээс шалтгаалан талууд гэрээнд өөрчлөлт оруулах, тухайн төсөвтэй холбоотой асуудлаар харилцан тохиролцох хууль зүйн боломжгүй болсон, улмаар гэрээний үүрэг дуусгавар болсноор ажлыг бүрэн хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, төсвийн хэмжээ ихээхэн хэмжээгээр өсөж байгааг ажил гүйцэтгэгч захиалагчид нэн даруй мэдэгдэх ёстой байсан боловч гэрээний хугацаа дуусгавар болох шатанд мэдэгдсэнээр ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэмэлт зардлыг харилцан тохирох, талууд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, нэмэлт зардлыг гаргах боломжгүй тохиолдолд захиалагч нь захиалгаа цуцлах, хийгдсэн ажлын гүйцэтгэлд нийцүүлэн хөлс төлж дуусгавар болгох гэх мэт харилцааг хэн аль нь гүйцэтгэх боломжгүй болжээ. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нь хэрэгжиж дуусгавар болсон, гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд талууд үнэ, хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан, мөн гүйцэтгэгчээс гарсан илүү зардлыг захиалагч төлөх, нэмэгдүүлэх талаар тодорхой үнийн дүнг хүлээн зөвшөөрсөн гэх үйл баримт тогтоогдоогүй, гэрээг дуусгавар болсноос хойш 2022.06.19-ний өдөр Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлт гарсан, зөвхөн үүнд үндэслэн нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 115,684,418 төгрөг шаардсантай холбоотойгоор хариуцагч нэмэлт үүргийг гүйцэтгэхээс татгалзсаныг буруутгах үндэслэлгүй байна. ...төсвийн хэмжээ нэмэгдэх болсон шалтгааны талаар нэн даруй мэдэгдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй, энэ талаар баримтаар нотлоогүй, 2021.08.16-ны өдрөөс өмнөх хугацаанд захиалагчид урьдчилан таамаглашгүй нөхцөл байдал бий болсны улмаас зардлын хэмжээ илт нэмэгдсэн гэх шалтгаан, үндэслэлийг мэдэгдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй, Ажил гүйцэтгэх гэрээний хөлс, төлбөрийг нэмэгдүүлэх асуудлаар талууд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэх үйл баримт нотлогдоогүй, мөн ажил гүйцэтгэх гэрээгээр урьдчилан таамаглах, төлөвлөх боломжгүй байдал үүссэнээр гүйцэтгэх ажлын төсөв нэмэгдэх болсонтой холбоотой, гүйцэтгэгчээс бодит зардал гарсантай холбоотой үйл баримт тогтоогдоогүй...” гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

9. Хэдийгээр хоёр шатны шүүх үйл баримт, маргааны шаардлагад холбогдох эрх зүйн харилцааны талаар зөрүүгүй шийдвэр гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн, шүүх хуулийг агуулгаас нь зөрүүтэй тайлбарлаж шийдвэрлэсэн гэх нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хянан хэлэлцлээ.

10. Хэрэгт авагдсан баримтаар зохигчийн хооронд 2021.05.14-ний өдөр “Дархан-уул аймаг дахь Дархан-Өргөө политехник коллежийн хүнд машин механизмын гражийн барилга угсралт” CW29 дугаартай гэрээ байгуулагдсан, тус гэрээгээр гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь ажлын хөлсөнд 447,994,869 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн.

Зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв, хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байна.

11. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээхээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зохицуулсан.

Гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэгч хийж гүйцэтгэн 2021.10.12-ны өдрийн №10/2021 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлт”-ээр хүлээлгэн өгсөн, захиалагч гэрээнд заасан ажлын хөлсийг төлсөн байна.

12. Нэхэмжлэгчээс ажил гүйцэтгэх хугацаанд Ковид-19-ийн улмаас барилгын материалын үнэ өртөг илт өссөнөөс шалтгаалан ажлыг гүйцэтгэхэд хэлэлцэн тохирсон үнээс их зардал гарсан, энэхүү бараа материалын үнийн өсөлтийн өөрчлөлт 115,684,418 төгрөг болох нь 2022.06.19-ний өдрийн 88-290/2022 дугаартай Бийн барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтээр тогтоогдсон үндэслэлээр хариуцагчаас 115,684,418 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байдаг.

13. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ гүйцэтгэгч нь захиалагчид үнийн тохируулга хийх талаар мэдэгдээгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон байх тул дүгнэлтийг залруулна. Нэхэмжлэгч нь 2021.08.16-ны өдөр Г, боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөлд хандаж, цар тахлын дэгдэлт, хил гаальд үүссэн нөхцөл байдлыг улмаас барилгын материал, хил гаалиар дамжиж ирэх тээврийн зардлын үнэ огцом өсөж, ...алдагдал хүлээж байгаа асуудлыг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг захиалагч буюу Ганд мэдэгдсэн тул үнийн тохируулга хийх талаар мэдэгдээгүй гэж үзэх боломжгүй.

Шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлээгүй буюу нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн гэх гомдол үндэслэлтэй боловч энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц ноцтой зөрчилд тооцогдохгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгох гомдлыг хангахгүй.

14. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-т “Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэж зохицуулсан.

Хэдийгээр нэхэмжлэгч үнийн өсөлтийн талаар мэдэгдэж, дээрх хүсэлтийг илгээснийг хариуцагч хүлээн авч, холбогдох судалгааг хийлгэх талаар хариу өгсөн боловч үнийн өсөлтийг хүлээн зөвшөөрсөн  гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд гэрээ байгуулах үед Ковид-19-ийн улмаас улс орон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хилийн боомтыг хаах, хөл хорих зэрэг арга хэмжээ авч байсан нь нийтэд илэрхий үйл баримт. Нэхэмжлэгч гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, тендэрт оролцсон үеэс нөхцөл байдал илт өөрчлөгдсөн гэж үзэхгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. 

Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “худалдан авах гэрээ болон ерөнхий гэрээнд дараах тохиолдолд нэмэлт өөрчлөлт оруулж болно”, 40.1.2-т “энэ хуулийн 11.11-д заасан нөхцөл аргачлалын дагуу гэрээний үнийг тохируулах” гэж, 11.11-д “Захиалагч гэрээний хэрэгжилтийн явцад гүйцэтгэгчээс үл хамаарах шалтгаанаар бараа, ажил, үйлчилгээний тоног төхөөрөмж, үндсэн материал, түүхий эд, хөдөлмөрийн хөлс өөрчлөгдсөнтэй холбоотойгоор гэрээний үнийг тохируулах бол тохируулга хийх нөхцөл, аргачлалыг тендер шалгаруулалтын баримт бичигт заана” гэж тус тус зохицуулсан.

Нэхэмжлэгч нь Г-наас зарласан Дархан-Уул аймаг дахь Дархан-Өргөө политехник коллежийн хүнд машин механизмын гражийн барилга угсралтын тендэрт шалгарч, CW29 дугаартай гэрээ байгуулсан ба талууд гэрээний ерөнхий нөхцлийн 56.1-д зөвхөн гэрээний тусгай нөхцөлд заасан нөхцөлд ажлын орцын зардлын өсөлтийг тусгах зорилгоор үнийн тохируулга хийнэ гэж, тусгай нөхцлийн 56.1-д гэрээнд үнийн тохируулга хийж болохгүй гэж тохиролцсон байна.

Нэгэнт талууд гэрээнд үнийн тохируулга хийхгүй байхаар тохиролцсон тул нэмэлт зардал гарсан талаар хүсэлт илгээсэн, улмаар 115,684,418 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдлийг буруутгах үндэслэлгүй.

15. Нэхэмжлэгч нь нэмэлт зардал гарсан тухай мэдээллийг гэрээт ажил дуусах хугацаанаас 14 хоногийн өмнө мэдэгдсэн гэх боловч нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үнийн өсөлтийн өөрчлөлтийг тогтоосон  Б-ийн Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл баримт нь гэрээт ажил дууссаны дараа буюу гэрээт ажил дуусгавар болсны дараа 2022 онд тогтоогдсон үйл баримт, гэрээт ажил нь төсвийн хөрөнгөөр бус А-ы 3243 дугаар зээлийн санхүүжилтээр хэрэгжиж байх бөгөөд гэрээний 5-д зааснаар тус төсөл 2021.08.31-ны өдөр хаагдаж, тус төслөөс энэ өдрөөс хойш ямар нэг санхүүжилт огт хийгдэхгүй талаар талууд харилцан тохиролцсон байна. 

16. Дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/10381 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2026/00485 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А-ын гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “Х” ХХК-аас 2026.04.06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 736,380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.УНДРАХ

                            ШҮҮГЧИД                                                    Н.БАТЗОРИГ

                                                                                                     Н.БАТЧИМЭГ

                                                                                                   Д.ЦОЛМОН

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД