Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 112

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

- шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Доржпүрэв,

- улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг

- шүүгдэгч С.Баярсайхан нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт Самбуугийн Баярсайханд холбогдох эрүүгийн 201719000190 тоот хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 41 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Малчин ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 5-р баг, Усны аж ахуйн В-2-4 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Шарнууд овогт Самбуугийн Баярсайхан /РД:НЮ77110776/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

     Яллагдагч С.Баярсайхан нь 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5-р багийн Усны аж ахуйн в-2-4 тоотод байрлах хашаандаа орчиндоо аюул учруулж болох тэжээвэр халтар зүсмийн нохойгоо хамгаалалтгүй байлгасны улмаас 12 настай, Б.Бямбатын зүүн дал хэсэгт хазаж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Баярсайхан нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Бямбабат хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: “... Би 2017 оны 03 сарын 08-ны өглөө ах Түвшинбат, Цолмон хоёртой цэнгэлдэх дотор тоглож байгаад гэртээ орох гээд Зуунмод сумын 5-р багийн УАА-В-2-4 тоот хашааны үүдэнд иртэл хашаан дотроос гинжээ чирсэн халтар нохой гарч ирээд миний зүүн талын далан дээрээс хазсан тэгээд гэртээ ороод манай ах Түвшинбат тэр айлын хүнийг дагуулж гэрт ирсэн...” гэх мэдүүлэг /хх-14-15 тал/

 

Насанд хүрээгүй гэрч М.Түвшинбат хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: “... Тэр өдөр 11 цаг өнгөрч байхад Төв аймгийн Төвөөс Бямбабатын гэрт очих гээд гэрт нь орох гэж байтал зүүн талых нь хашааны айлын нохой хашаанаасаа гинжтэйгээ гараад ирсэн, тэгээд бид гурав зугтсан чинь Бямбабатыг далан дээрээс хазахаар нь Мөнхцолмон бид хоёр чулуу шидсэн чинь нөгөө нохой хашааруугаа орсон тэгээд гэрт нь ороод харсан чинь Бямбабатын далан дээрээс нь хазаад 4 ширхэг шүд орсон шарх байсан..” гэх мэдүүлэг /хх-16 тал/,

 

Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №133 тоот дүгнэлтэнд: Б.Бямбатын биед зүүн дал хэсэгт соёо орсон шархт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй гэх дүгнэлт /хх-18 тал/,

 

Бусад баримт сэлт

- Төв аймгийн Зуунмод сумын 5-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-35 тал/,

- Б.Бямбабатын төрсний гэрчилгээний хуулбар /хх-36 тал/,

- Вакцин хийлгэх бичиг /хх-37 тал/,

- хэрэг бүртгэгчийн тэмдэглэл /хх-38 тал/,

- таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-39-40 тал/,

 

-Шүүгдэгч С.Баярсайханы ял шийтгэгдсэн эсэхийг шалгахад: үгүй гэх лавлагаа /хх-29 тал/,

Шүүгдэгч С.Баярсайханыг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-24-25 тал/, 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-27 тал/  зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч С.Баярсайхан нь 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5-р багийн Усны аж ахуйн в-2-4 тоотод байрлах хашаандаа орчиндоо аюул учруулж болох тэжээвэр халтар зүсмийн нохойгоо хамгаалалтгүй байлгасны улмаас 12 настай, Б.Бямбатын зүүн дал хэсэгт хазаж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогч Б.Бямбабатын хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг, шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №133 акт, С.Баярсайханы хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.Баярсайханы холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодийг  хөнгөн буюу хүндэвтэр гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь  дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар  хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт  хэргийг  хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт  яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно. гэж зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул шүүгдэгч С.Баярсайханд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хохирлын талаар:

Насанд хүрээгүй хохирогч Б.Бямбабат, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Бөхбатын, шүүгдэгч С.Баярсайхантай сайн дураараа эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.

                

     Шүүгдэгч С.Баярсайхан нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар болон иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шарнууд овогт Самбуугийн Баярсайханыг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас нэг хүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бөхбат нь шүүгдэгч С.Баярсайхантай сайн дураараа эвлэрсэн байх тул С.Баярсайханд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           

3. Шүүгдэгч С.Баярсайхан нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц С.Баярсайханд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Баярсайханд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ю.ЭНХМАА