Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/145

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

      2024           11           05                                       2024/ШЦТ/145

      

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                 Б.Наранжаргал

 Улсын яллагч                                                Б.Батцэцэг

 Шүүгдэгч                                                      Ж.******* нар оролцов.

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, халх, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолоооч мэргэжилтэй, ******* аймгийн ******* суманд “******* *******” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Багануур дүүргийн 4 дүгээр хороо, ******* хэсгийн 14 дүгээр гудамжны 13 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,

урьд Багануур дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг, 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг өршөөн хасч, биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн, 2012 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 5 сар 7 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ******* овгийн Жаргалын ******* /РД:*******/

Яллагдагч Ж.******* нь согтуурсан үедээ хохирогч Н.тай таарамжгүй харилцааны улмаас харилцан маргалдаж, улмаар биед нь мохоо болон ирмэгтэй зүйлээр 2 удаагийн үйлдлээр халдсаны улмаас эрүүл мэндэд нь духны хэсэгт язарсан ил шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2024 оны 9 дүгээр сарын 05-ны орой 18 цагийн үед дүү нар ирж намайг эргэсэн ба бид хамт архи ууцгааж байгаад явцгаасан. Унтах гэж байхад манай эхнэр сандалаар миний толгой руу цохиод байхаар хөлөө жийх үед сандалын ирмэг хэсгээр эхнэрийнээ биед гэмтэл учруулсан гэж бодож байна. Яг хэрхэн гэмтэл учруулснаа би мэдэхгүй байна. Өөрийн үйлдэлдээ гэмшиж байна. Эхнэр бид хоёр эвлэрээд хамт амьдарч байгаа...” гэх мэдүүлэг, (хх-ийн 91, шүүх хуралдааны тэмдэглэлээс)

Хохирогч Н.гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тухайн өдөр манай гэрт нөхрийн дүү найзынхаа хамт ирээд архи ууцгаасан. Шөнө унтаж байхад манай нөхөр намайг зодсон байсан. Намайг согтуу унтаж байхад сандалаар цохьсон байх. Гомдол саналгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг (хх-ийн 23-25, 28),

Гэрч Ч.ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Тухайн өдөр Ж.Бат-Эрдэнийн гэрт очиж архи ууцгаасан. Болсон асуудлын талаар мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 41-42),

Гэрч Ж.ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Тухайн өдөр хамтран амьдрагч Ч.ийн хамт Ж.******* ахынд очсон. Ахын 2 гар гэмтсэн гээд архи хувааж уусан. эгч уур амьсгал эвдээд байхаар нь бид 2 гэрлүүгээ явсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 45-46),

Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоолд “бүртгэлийн 1405 дугаартай гомдол мэдээлэлд 27 см өргөнтэй, 36 см өндөртэй саарал өнгийн хуванцар 1 ширхэг сандлыг эд мөрийн баримтаар тооцов” гэжээ. (хх-ийн 14),

Согтуурал шалгасан тухай тэмдэглэлд “шүүгдэгч Ж.******* нь 1.08 хувь, хохирогч Н. нь 1.03 хувийн согтолттой” гэжээ (хх-ийн 16-17),

Хохирогчийн биед үүссэн шархийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 16),

Аюулгүйн зэргийн үнэлгээний тэмдэглэлд “бага 0-3” гэжээ, (хх-ийн 18-19),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн “...Н.гийн биед духны хэсэгт язарсан ил шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх шарх гэмтэл нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн 269 дугаартай дүгнэлт (хх-ийн 55-56),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн “...Ж.Батэрдэнийн биед цээж, зүүн талын дал, зүүн мөний хэсэгт зулгаралт, баруун гарын бугалганы хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх шарх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарахгүй...” гэсэн 272 дугаартай дүгнэлт (хх-ийн 49-50),

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдэд “Хэрэг учрал болсон газар Багануур дүүргийн 4 дүгээр хороо, ******* хэсгийн 14 дүгээр гудамжны 13 тоотод иргэн Н. нь нөхөртөө зодуулсан гэх, хэргийн газрын үзлэгээр гэрийн хоймор хэсэгт байх саарал өнгийн сандалыг эд мөрийн баримтаар хураан авсан” гэжээ (хх-ийн 4-7),

Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн “Н. нь 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш Багануур дүүргийн яаралтай тусламж 106.190 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна” гэсэн 28/118 дугаартай албан бичиг (хх-ийн 30),

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх “Ж.******* нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй” гэх лавлагаа болон шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 60, 70-74),  

Иргэний үнэмлэхний “******* овогт Жаргалын *******, РД:*******” гэх лавлагаа болон хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 77-80) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан дүгнэлт, тайлбар, тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийн гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Шүүгдэгч Ж.******* нь 2024 оны 9 дүгээр сарын 05-ны орой Багануур дүүргийн 4 дүгээр хорооны ******* хэсгийн 14 дүгээр гудамжны 13 тоот гэртээ эхнэр Н. болон гэрч Ч., Ж. нарын хамт согтууруулах ундааны зүйлийг хэрэглэжээ.

Улмаар 2024 оны 9 дүгээр сарын 06-ны шөнө 01 цагийн үед хохирогч Н. нь шүүгдэгч Э.Бат-Эрдэнийг унтахаар хэвтэж байхад нь сандалаар цохьсон үйлдэлд дургүйцэж, шүүгдэгч Ж.******* нь хохирогчийг цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь духны хэсэгт язарсан ил шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

           -шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “сандалыг хөлөөрөө жийх явцад хохирогчийн биед гэмтэл учирсан” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.гийн мэдүүлсэн “Унтаж байхад манай нөхөр намайг зодсон байсан” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед духны хэсэгт язарсан ил шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №269 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогчийн нүүр хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтуурал шалгасан тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийн дээрх үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.

Согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэх нь хүнийг зан төлөвийн хувьд хөөрлийн байдалд оруулж, улмаар дээрх нөхцөл байдалд гэмт хэрэг үйлдэх нь гэмт этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ихэсгэх нөхцөл болдог.

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж, өөрийн үг үйлдлээ хянах чадвар нь алдагдаж, уур бухимдлаа зохицуулж чадаагүй байдал нь гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ж.******* нь хохирогч Н.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд гэм буруугийн талаар улсын яллагчийн гаргасан “шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

              Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ж.******* нь хохирогч Н.гийн духны хэсэгт язарсан ил шарх бүхий хөнгөн хохирол учруулсан ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь эрүүл мэндэд учирсан болон сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн байна. Мөн шүүгдэгч Ж.******* нь хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардал болох 106.190 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн Төрийн банк дахь 100900020080 дугаартай дансанд төлсөн болох нь хавтаст хэргийн 125 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Бат-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.  

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.

Улсын яллагчаас “Шүүгдэгч Ж.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000  төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлж барагдуулах” гэсэн дүгнэлт гаргасныг шүүгдэгчийн зүгээс маргаагүй.

Иймд шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа иргэний нэхэмжлэлийг төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийн хувийн байдал (ажил хөдөлмөр эрхэлдэг), гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд баримталдаг нийтлэг зарчим, зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 3 төрлийн ялаас торгох ялыг сонгож оногдуулахаар шийдвэрлэв.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн саарал өнгийн хуванцар материалаар хийгдсэн хагархай сандалыг устгах нь зүйтэй.         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. ******* овгийн Жаргалын Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.*******д 800 (найман зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг Ж.*******д мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ж.*******д мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн саарал өнгийн хуванцар материалтай хагархай 1 ширхэг сандалыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Ж.*******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

      9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА