Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2022/00774

 

2022 оны 03 сарын 25 өдөр                                 Дугаар 183/ШШ2022/00774                                  Улаанбаатар хот

 

       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Г  000 тоотод байрлах, “Т ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, ..... тоотод оршин суух, Боржигон овогт С-ын А/РД:ХБ00000000000/-д холбогдох

 

21.880.204,58 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Т

Хариуцагч: С.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.

                                   

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч болох С.А нь манай байгууллагад 2017 оноос хойш менежерийн албан тушаалд ажиллаж байгаад гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан компанийн ажилтан юм. 2019 оны 06 сарын 14-ны өдрийн “ЭХХК-аас 24.000.000 төгрөг авах авлагадаа тооцож 99-55 УНО улсын дугаартай RX400H маркийн автомашиныг авахаар болсон бөгөөд уг автомашиныг ажилтан С.А-тай “Компанид 5 жил тасралтгүй ажиллана, тэгэхдээ уг машины үнийг сар бүр төлж байна” гэсэн аман тохиролцоо хийж нэр дээр нь шууд шилжүүлж өгсөн. Гэвч уг машиныг шилжүүлсэн өдрөөс хойш жилийн дараа ажилдаа ирэхээ больсон ба уг автомашины төлбөрөөс 5.750.000 төгрөгийг төлж, үлдсэн 18.250.000 төгрөгийг төлөлгүй өдий хүрч байна. Мөн манай компани болон “Ж мобайл” ХХК-ийн хооронд хийгдсэн хамтран ажиллах гэрээний дагуу Samsung-A51 маркийн 1.112.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг зээлээр авсан бөгөөд, уг гэрээний дагуу С.А-ийн хувьдаа авсан гар утасны зээлийн төлбөрийг сар бүр цалингаас нь суутган “Т  ХХК нь “Ж ХХК-д төлөх ёстой гэрээ байсан. Уг зээлийн төлбөрөөс С.Ань 111.200 төгрөгийг төлж, үлдэгдэл 1.000.800 төгрөгийг төлөлгүй ажлаас гарч явсан. Тийм учраас “Тиссен” ХХК нь өр төлбөрт унаж байна. С.А нь 2020 оны 04 сарын 20-ны өдөр цахилгаан шатны гадна дуудлагын хавтан 950.000 төгрөгийн үнэ бүхий, магнит кондактор 220.130,7 төгрөгийн үнэ бүхий 2 төрлийн сэлбэгийг “Зайсан РГВ СӨХ”-д худалдана хэмээн авч явсан ба дахин тус СӨХ-д онош тодруулахад кабины хаалганы хавтан буюу плат 1.559.273,88 төгрөг хэрэгтэй байна хэмээн нэмж авч явсан. 2020 оны 04 сарын 23-нд Зайсан РГВ СӨХ-с гадна дуудлагын хавтангийн үнэ болох 950.000 төгрөг шилжигдэн орж ирсэн хэдий ч үлдсэн 2 сэлбэгийн төлбөр төлөгдөхгүй байсан тул С.Амарсанаагаас асуухад би шалгаж үзэж байгаад шатаасан тул удахгүй засаж өгнө хэмээн хэлсэн ч засаж өгөөгүй. Тийм учраас сэлбэгийн үнэ болох 1.779.404,58 төгрөгийг гаргуулах. Мөн манай байгууллагаас 2020 оны 02 сард Механик инженерийн их сургуулийн багшаар 1.000.000 төгрөгийн үнэ хөлстэйгөөр цахилгаан шатны тооцоолол хийлгэхээр тохирсон. Уг ажлын хөлсний үлдэгдэл 500.000 төгрөгийг С.А нь би шилжүүлнэ гэж хэлж өөрийн дансанд шилжүүлж авсан. Гэвч А багшид 150.000 төгрөгийг шилжүүлээд үлдэгдэл 350.000 төгрөгийг өгөлгүй хувьдаа авсан байсан. Мөн С.А нь хариуцаж байсан ажилтай нь холбоотойгоор 3 лифтний зөвшөөрөл авахад 500.000 төгрөг хэрэгтэй байна гэсний дагуу 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 500.000 төгрөг авсан боловч уг 3 лифтний зөвшөөрлийг авах ажлыг хөөцөлдөлгүйгээр уг мөнгийг хувьдаа авсан байсан. С.А нь 2020 оны 09 сарын 17-ны өдөр эхнэр төрсөн хэмээн ажлаа хүлээлгэн өгөлгүйгээр ажлаа хаяж явсан болно. Ингээд нийт хариуцагч С.А-аас 21.880.204,58 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч С.А нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Машины хэрэг тодорхой байгаа. Б гээд өмгөөлөгч намайг ажлаас гараад удаагүй байхад залгаж дуудсан. Би тэр үед очиж уулзаад “дүү нь угаасаа ажлаасаа гарсан та ойлгож байгаа биздээ” гэхэд за ойлголоо машиныхаа үлдэгдлээ яах вэ гэхээр нь харин хэцүү байна гэхэд “Т ХХК-тай очоод уулз гэсэн. Тэгээд нягтлан Б-тэй уулзсан. Нягтлан намайг нэг мөр ажлаа хүлээлцэж өгчих тэгээд дуудъя гэхээр нь за гэсэн. Тэгсэн гэнэт нэг өдөр Хан-уулын  цагдаа, прокуророос ярьж байна гээд гээд ярьсан. Би өгөхгүй гэж хэлээгүй. Өмнө надад чиний ийм асуудлууд байна шүү гэж хэлж яриагүй байж гэнэт ийм байдал гараад цагдаа шүүхээс намайг дуудсан. Завшсан идсэн зүйл байхгүй. Сэлбэгийн тал дээр би өөрөө гүйцэтгэх захирал байсан. Механик хэрэгслүүдтэй яваад засвар үйлчилгээ хийдэг байсан. Тэр үед зарагдсан зүйл нь 950.000 төгрөг байсан юм шиг байна. Шилжиж орж ирсэн. Сүүлд эвдэрсэн шатсан зүйл нь байгаа хувьдаа завшсан юм байхгүй. Багшийн мөнгө гээд байгааг мэргэжлийн хяналтын газраас хүлээн зөвшөөрсөн цагт мөнгөө өгөөрэй гэсэн. Надад 500.000 төгрөг нь явж байсан. Гэтэл баяр болох гээд байна чи надад 200 мянган цаас өгөөч гэхээр нь 150.000 төгрөг шилжүүлсэн. Би 350.000 төгрөгийг өөртөө авсан нь үнэн. Миний зүгээс лифтний 1.779.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас Улсын бүртгэлийн гэрчилгээ, Т ХХК болон Жи ХХК-иудын 2020.07.03-ны өдрийн №ББГ-1351/20 тоот Зээлээр худалдан авах гэрээний дагуу ажилчдын Самсунг А51 гар утасны зээлийн төлөлтийн бүртгэл, Автомашины төлбөр цалингаас суутгал хийсэн тооцоо, шилжүүлгийн баримт, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 728 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, Цалингаас суутгал хийсэн тооцоо, Т ХХК-ийн дүрэм, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №17/01 дугаар Хөдөлмөрийн гэрээ, түүний хавсралт, ТХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ний өдрийн №19/002 дугаар Гүйцэтгэх захирал томилох тухай тушаал, Ажлын байрны тодорхойлолт, Т ХХК-аас ЭХХК-д гаргасан хүсэлт, 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Техник хүлээлцсэн акт, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №ББГ-1351/20 дугаар Зээлээр худалдах, худалдан авах гэрээ, түүний хавсралт, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №ББГ/1351/20 дугаар Гар утас, төхөөрөмж зээлээр худалдан авах гэрээ, Автомашины төлбөрт цалингаас суутгал хийсэн тооцоо, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №ББГ/1351/20 дугаар Гар утас, төхөөрөмж зээлээр худалдан авах гэрээний дагуу Самсунг А51 гар утасны зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Шилжүүлгийн баримт, Бараа хүлээн авсан тухай баримт, Бараа материалын бүртгэл, Нөөцөнд байгаа техникийн сэлбэгийн жагсаалт, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Мөрдөгчийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол, Д ХХК-ийн хөрөнгийн үнэлгэний тайлан, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Хариуцагч талаас: Нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

           1. Т ХХК нь С.А-д холбогдуулан 21.880.204,58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

2. Хариуцагч С.А нэхэмжлэлийн шаардлагаас лифтнийс сэлбэгийн үнэ 1.779.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, үлдэх төлбөрийг надад олгогдоогүй цалин, амралтын мөнгөнөөс хасч, төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

3. Т ХХК 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 17/01 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулж, С.А- борлуулалтын менежерийн албан тушаалд томилж, 2019 оны 09 дүгээр сарын 13-ний өдөр түүнийг тус компанийн гүйцэтгэх захирлын албан туушаалд томилсон байна.

 

4. Нэхэмжлэгч ТХХК 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 99-55 УНО улсын дугаартай Lexus RX 400 маркын автомашиныг С.А-ийн нэр дээр шилжүүлж, Т ХХК, Жи мобайл ХХК нарын хооронд 2020.07.03-ны өдөр зээлээр худалдах-худалдан авах ББГ-1351/20 гэрээ байгуулагдаж, Samsung A51 гар утсыг хариуцагч С.Амарсанаа авчээ.

 

5. Хариуцагч С.А 00-55 УНО автомашины үлдэгдэл төлбөр 18.250.000 төгрөг, гар утасны төлбөр 1.000.800 төгрөг, ажлын хөлсөнд өгөх 350.000 төгрөг, 3 лифтны зөвшөөрөл авахад шаардагдах 500.000 төгрөг, нийт 20.100.800 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх хуралдаанд илэрхийлсэн байна.

 

6. Нэхэмжлэгч Т ХХК С.А-гийн авч явж эвдэлсэн лифтний сэлбэг магнит контактор 220.130,7 төгрөг, кабины хаалганы хавтан буюу плат 1.559.273,88 төгрөг, нийт 1.779.404,58 төгрөгийн материалыг С.А авч явж, шатаасан гэх боловч энэ талаарх баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотолж чадаагүй байна. 

 

7. Хариуцагч С.А миний ажиллаж байсан хугацааны сүүлийн нэг сарын цалин, амралтын мөнгийг ТХХК олгоогүй тул цалин, амралтын мөнгө бодуулна гэх тайлбарлыг шүүхэд гаргасан боловч энэ талаар сөрөг нэхэмжлэл шүүхэд гаргаагүй болно.

 

8. Иймд хариуцагч С.А-гаас 20.100.800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэр 1.779.404,58 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1 Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч С.А-с 20.100.800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.779.404,58 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар ТХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267.352 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.А-гаас 258.454 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т   ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.СОЛОНГО