| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2024/0194/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/194 |
| Огноо | 2024-10-30 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Ганцэцэг |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/194
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Х овгийн Х-ын Э, Х овгийн Б-ийн М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, өсвөр насны шүүгдэгч Ж овгийн А-ийн Б, Ж овгийн М-ын Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт заасныг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.
2. Өсвөр насны шүүгдэгч Х.Э, Б.М, М.Г, А.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ял оногдуулахыг тэнсэж, М.Г, А.Б нарыг тус бүрийг 1 жилийн хугацаагаар, Б.М-ыг 1 жил 6 сарын хугацаагаар, Х.Э-г 2 жил 6 сарын хугацаагаар тус тус хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, тус бүрд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Х.Э, Б.М, М.Г, А.Б нарт авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Говь-Алтай аймаг дахь Хүүхэд гэр бүл, хөгжлийн газарт даалгасугай.
4. Өсвөр шүүгдэгч нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг өсвөр насны шүүгдэгч Х.Э, Б.М, М.Г, А.Б нарт мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Х.Э, Б.М, М.Г, А.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Өсвөр насны шүүгдэгч Х.Э, Б.М, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгчөөс тус бүр 330,000 төгрөг гаргуулж хохирогч С.М-д, өсвөр насны шүүгдэгч М.Г, А.Б, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нараас тус бүр 110,000 төгрөг гаргуулж хохирогч Г.М-т, өсвөр насны шүүгдэгч Б.М болон түүний хууль ёсны төлөөлөгчөөс 275,000 төгрөг, өсвөр насны шүүгдэгч Х.Э, түүний хууль ёсны төлөөлөгчөөс 825,000 төгрөг тус тус гаргуулж хохирогч Г.М-т, өсвөр насны шүүгдэгч Х.Э Б.М, М.Г, А.Б нараас тус бүр 97,250 төгрөг гаргуулж хохирогч Г.М-т олгохоор шийдвэрлэсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, өсвөр насны шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч өсвөр насны шүүгдэгч Х.Э, Б.М, М.Г, А.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА