Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2026/00163

 

 

Ю.Ч-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/10346 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2026/00596 дугаар магадлалтай,

Ю.Ч-ийн нэхэмжлэлтэй

“С” ХХК, Д.М нарт холбогдох

Газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор танхимын тэргүүн Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ю.Ч нь хариуцагч “С” ХХК, Д.М нарт холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/10346 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4-т заасныг баримтлан Ю.Ч-ийн эзэмшлийн Э-2206*** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, *** дүгээр хороо, *** хаягт байрлах нэгж талбарын 17*** дугаартай 7,827 м.кв газарт хариуцагч “С” ХХК-ийн барьсан 3 талт блокон хашаа, дүнзэн байшинг албадан чөлөөлж, газрыг “С” ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж нэхэмжлэгч Ю.Ч-д олгож, хариуцагч Д.М-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний  хэргийн  давж заалдах  шатны шүүхийн  2026  оны  03 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2026/00596 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/10346 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасныг баримтлан эзэмшлийн Э-2206*** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, *** дүгээр хороо, *** хаягт байрлах нэгж талбарын 17*** дугаартай 7,827 м.кв газарт хариуцагч “С” ХХК-ийн барьсан 3 талт блокон хашаа, дүнзэн байшинг чөлөөлөхийг “С” ХХК-д даалгаж, хариуцагч Д.М-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... “Х” ХХК” гэснийг “... “С” ХХК” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж дараахь үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

4.1 Хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал: Шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт заасныг баримтлан Ю.Ч-ийн эзэмшлийн Э-2206*** дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, *** хороо *** хаягт байрлах, нэгж талбарын 17*** дугаартай 7,827 м.кв газарт хариуцагч “С” ХХК-ийн барьсан 3 талт блокон хашаа, дүнзэн байшинг албадан чөлөөлж, газрыг “С" ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж нэхэмжлэгч Ю.Ч-д олгож, хариуцагч Д.М-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгчийн шаардлага нь хууль бус эзэмшлээс газрыг албадан чөлөөлүүлэхийг хүссэн байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 106.1, 106.4-т заасныг баримтлан анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсгийн 6-д “... Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт нийцсэн” гэсэн дүгнэлт хийж хууль буруу хэрэглэсэн.

Нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд үүссэн газар чөлөөлүүлэхтэй холбоотой маргаан нь өмчийн газартай холбоотой бус эзэмшлийн газартай холбоотой байхад Иргэний хуулийн 106 дугаар зүйлийг баримтлан шийдвэрлэж хууль буруу хэрэглэсэн. Маргаж буй газар эзэмших эрхтэй холбоотой маргаан учир Иргэний хуулийн 89, 90 дугаар зүйлийг баримтлан шийдвэрлэх байсан гэж үзэж байна.

4.2 Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэхээр заасан. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байсан боловч иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

4.3 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс зохигчдын маргаж буй эзэмшиж буй газрын хувийн хэргийг татуулах болон уг газар дээр үзлэг хийлгэх, хэмжилт хийлгэх шинжээч томилуулах зэрэг хүсэлтүүд гаргасан. Талуудын гаргасан нотлох баримтуудыг судлаж үзэхэд эзэмшиж буй газрын хэмжээ өөр өөр, эзэмшиж буй газрын давхцалгүй байх нөхцөл байдал байгаа эсэхэд дүгнэлт хийхэд шинжээч шаардлагатай гэж үзэж хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахгүйгээр шүүх хурлыг үргэлжлүүлэн явуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаартай “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38,120,124,166,167 дугаар зүйлийн зарим заалтыг тайлбарлах тухай тогтоол"-ын 1-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсгийн “шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах” гэж заасныг зөрчсөн.

4.4 Монгол Улсын Дээд шүүхийн тайлбарласнаар шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн зөв гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй, зохигчдын болон хэргийн бусад оролцогчдын гаргасан нотлох баримтыг шүүгч урьдчилан үнэлэхгүй бөгөөд тал бүрээс нь хэргийн байдалтай бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр шүүгч дотоод итгэлээр үнэлнэ гэж заасан байна.

Бодит байдал дээр 5-6 сарын өмнө буюу 2025.03.19-ний өдөр /хүсэлт хэлэлцэн хурал хойшилж шүүгч нөлөөллийн мэдүүлэг бөглөнө гэсэн өдөр/ “Даргалагчаас: Нэхэмжлэгч талын газар өмчлөх эрхийн гэрчилгээ 2008 оны 15 жилийн хугацаатай гэсэн байна. Шинээр гэрчилгээ авсан уу гэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Газрын маргаантай гэсэн тул Газрын алба өгөхгүй байгаа. Маргаанаа шийдвэрлэсний дараа болно гэв" /хх-77-79 талд гэсэн тэмдэглэл/ “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Байхгүй, авах боломжгүй” гэж хэлж байсан газар эзэмших гэрчилгээг 2025.10.23 өдөр яаж гаргах болов, шүүгчийг нөлөөллийн мэдүүлэг яагаад бөглөхөд хүргэв, оролцогчоос яагаад газрын хэмжээсүүд өөр, өөр байгаа асуудал, яагаад газрын хувийн хэргийг гаргуулах, газар дээр очиж үзлэг хийлгэх, хэмжилт хийлгэх, шинжээч томилуулах гэх мэт хүсэлт гаргав” гэх зэргийг эргэцүүлэлгүй зөвхөн газрын эзэмшлийн гэрчилгээ байна гэж хэт нэг талыг барьж шийдвэрлэж хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэж шийдвэрлэсэн нь шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2, 172.2.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлүүлэхээр хяналтын журмаар гомдол гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 001/ШХТ2026/00590 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц-ын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ

6. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц-ын гомдлын зарим хэсгийг хангах үндэслэл тогтоогдов.

7. Нэхэмжлэгч Ю.Ч нь хариуцагч “С” ХХК, Д.М нарт холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...“Ю” ХХК-ийн эзэмшиж байсан газраас 7800 м.кв газрыг Хан-Уул дүүргийн Засаг даргын 2007.12.05-ны өдрийн 290 тоот захирамжаар Ю.Ч эзэмших болсон. Миний бие тухайн газар дээрээ үхрийн нүд, чацаргана тарьж байгаад 2008 оноос өвчний учир хэвтэрт орж, газар дээрээ очиж чадахгүй нэлээд хугацаа өнгөрсөн. 2013 онд бие гайгүй болж газар дээрээ очиход Д.М гэх хүн миний газар дээр байшин бариулж байсан. Шүүхэд хандахад Д.М нь “барьсан байшин минийх биш “С” ХХК-ийн байшин” гэсэн болно. Иймд хариуцагч нарын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх үндэслэлтэй” гэж тайлбарласан.

8. Хариуцагч “С” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “...Тус газрыг ... 2000 оны эхээр ... компаниудад эзэмшүүлэхээр хуваарилсан. Үүний дагуу “С” ХХК-ийн нэр дээр шилжсэн. Бид ногоо, жимс тариалж 2001 онд газрыг хашаалж, модон хашаа барьсан. Манай компани нь хуульд заасны дагуу газрын төлбөрийг төлж байсан. Гэтэл 2014 онд Ю.Ч гэх хүн манай газар дээр маргаан үүсгэсэн. “С” ХХК-ийн анх барьсан модон хашаа элэгдэж нурсан тул 2019 онд 3 талт блокон хашаа барьсан. Тус газрыг хувь хүнд өгөөгүй ба компаниудад эзэмшлээр өгсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

9. Хариуцагч Д.М нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... Ю.Ч-ийн Д.Мөнхжаргалд холбогдуулан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1879 дүгээр шийдвэрээр Д.М-ын эзэмшлийн байшин гэх баримт хэрэгт авагдаагүй гэх үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн маргаан бүхий газрын асуудлаар Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т “...маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэнэ.” гэж заасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.” гэж тайлбарласан.

10. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэлдээ: “...Хан-Уул дүүргийн Засаг даргын 2007.12.05-ны өдрийн 390 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, *** адагт төмс, хүнсний ногоо тарих зориулалтаар 7,800 м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаатай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэхэмжлэгчид эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон бөгөөд тэрээр 2025.10.23-ны өдрийн А/49 тоот шийдвэрийн дагуу нэгж талбарын 17*** дугаарт бүртгүүлж, кадастрын зураг хийлгүүлж, газрын нэгдмэл сангийн удирдлагын системд бүртгүүлсэн ... газар чөлөөлүүлэх талаарх хүсэлтээ дүүргийн газрын албанд гаргаж байсан болох нь баримтаар тогтоогдсон. Хариуцагч “С” ХХК нь Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, ***өд төмс, хүнсний ногоо тарих зориулалтаар 10,000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмших гэрчилгээ авсан боловч 2014.11.04-ний өдөр эзэмших эрхийн хугацаа дууссан. Хариуцагч нь өөрийн эзэмшлийн газартай холбоотой баримтаа хэрэгт ач холбогдолтой гэж үзсэн тохиолдолд өөрсдөө бүрдүүлж өгөх боломжтой байхад бүрдүүлж өгөөгүй тул нэхэмжлэгчийн эзэмшлийн маргаан бүхий газарт хариуцагч 3 талт блокон хашаа, дүнзэн байшинг барьсан үйлдлийг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4-д заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй. Хариуцагч Д.М нь нэхэмжлэгчийн эзэмшлийн маргаан бүхий газарт блокон хашаа, дүнзэн байшин барьж ашиглаж байгаа болох нь баримтаар тогтоогдоогүй” гэж дүгнэсэн.  

11. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээсэн. Магадлалд “... Зохигчийн эзэмшлийн газар давхацсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, хариуцагчаас газар давхацсантай маргаангүй тул анхан шатны шүүх хариуцагчийн “хэмжилт хийлгэх, үзлэг хийлгэх, шинжээч томилуулах хүсэлтүүдийг хангахаас татгалзсан шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчөөгүй. Хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг хашаалж, байшин барьсан үйлдэл нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн тул уг зөрчлийг арилгуулахаар шаардах эрхтэй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрх тодорхойлогдож байхад анхан шатны шүүх мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4-т заасныг баримталсан нь оновчгүй болсон байх тул хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах үндэслэлтэй” гэж дүгнэсэн.

12. Хоёр шатны шүүх хэргийг зөрүүгүй шийдвэрлэсэн боловч хууль хэрэглээний ялгаатай дүгнэлт өгсөний зэрэгцээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх агуулга бүхий хяналтын гомдлыг хариуцагч талаас гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1, 172.2.2 дахь үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцлээ.

13. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд хангаж шийдвэрлэхдээ ач холбогдол бүхий үйл баримтыг хангалтгүй тогтоож эрх зүйн дүгнэлт хийсэн нь шийдвэр, магадлал хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч өөрийн эзэмшил газар дээр бусдын хөрөнгө байрладаг гэж, хариуцагч “С” ХХК уг эд хөрөнгө байрлаж байгаа талбай нэхэмжлэгчийн эзэмшлийнх биш гэж мэтгэлцэж маргасан байна. Өөрөөр хэлбэл хариуцагч “С” ХХК байшин нь түүний хууль ёсны өмчлөлийн зүйл болох тухайд маргаагүй боловч уг байшин байрлаж буй дэвсгэр газар чухамхүү нэхэмжлэгчийн эзэмшлийнх эсэх талаар маргажээ.

Энэ тохиолдолд хариуцагчийн байшингийн дэвсгэр газар нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа эсэх нь маргааны зүйл болно. Байшин гагцхүү нэхэмжлэгчийн эзэмшил газар дээр оршиж байгаа бөгөөд газар эзэмшихтэй холбоотой байшин өмчлөгчийн эрх хууль бус байвал түүний эзэмшлээс дэвсгэр газрыг шаардах эрхийг нэхэмжлэгч эдэлнэ. Эсрэгээрээ уг байшин нэхэмжлэгчийн газарт байрлаагүй тохиолдолд өөр хэний газарт байрлаж байгаагаас үл хамааран нэхэмжлэгч Иргэний Хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардлагыг гаргах хууль зүйн боломжгүй.  

14. Нэхэмжлэгчийн төлөөлөгч байшин түүний эзэмшил газарт байрладаг болох нь хэрэгт авагдсан “талууд маргаанаа шүүхээр шийдүүлэх тухай” Газрын албаны албан бичиг, хариуцагч Д.М-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2022/01879 дугаартай хүчин төгөлдөр шийдвэрээр тус тус тогтоогдоно гэж тайлбарлаж байна. Гэвч эдгээр нотлох баримтууд тухайлсан маргааны зүйл буюу нэхэмжлэгчийн эзэмшиж буй газарт байшин байрласан эсэхийг тодорхойлоход чиглэгдээгүй байх тул дан ганц эдгээр баримтын агуулга, үгийн шууд утгад тулгуурлах хангалтгүй. Талууд энэ талаар мэтгэлцэх, холбогдох нотлох баримтыг гаргах боломжтой байх ба шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан маргааны зүйлд шууд хамааралтай хүсэлтийг хангаагүй нь үндэслэлгүй болжээ. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй.

15. Дээрх байдлаар анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий баримтыг цуглуулах, бүрдүүлэх, үнэлэхтэй холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулаагүй байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчигдсөн үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/10346 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2026/00596 дугаар магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч “С” ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026.04.27-ны өдөр 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЦОЛМОН

                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Н.БАЯРМАА

                    ШҮҮГЧИД                                                   Н.БАТЗОРИГ

                                                                                        Н.БАТЧИМЭГ

                                                                                        Э.ЗОЛЗАЯА