| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 128/2016/0462/з |
| Дугаар | 221/МА2017/0094 |
| Огноо | 2017-02-01 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2017/0094
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Д.*******хүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 926 дугаар шийдвэртэй, Н.*******ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.******* нарын давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 926 дугаар шийдвэрийн нэг дэх заалтаар Төрийн албаны тухай хуулийн 4.1, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.3, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасан заалтыг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн б/180 дугаар тушаалыг хүчингүй болгож, Н.*******ыг Уул уурхайн яаманд ажиллаж байсан ТЗ-8, Ашигт малтмалын газарт ажиллаж байсан ТЗ-9 ангиллын албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлсийг бууруулахгүйгээр зохих албан тушаалд томилон ажилуулахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж, хоёр дахь заалтаар Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 15.172.770 /арван таван сая нэг зуун далан хоёр мянга долоон зуун дал/ төгрөгийг Н.*******т олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийхийг Ашигт малтмал, газрын тосны даргад даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 926 дугаар шийдвэрийг 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдөр хүлээж аваад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарын бичгийн даргад холбогдох хэсгийг эс зөвшөөрч шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн, бүрэн шинжилж судлаагүй байх тул дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.
Нэхэмжлэгч Н.******* нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулж, яаманд ажиллаж байсан ТЗ-8 ангиллын албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлсийг бууруулахгүйгээр зохих албан тушаалд томилон ажиллуулахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Шүүгч нь үндэслэх хэсэгтээ “Н.*******ын төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлсийг бууруулахгүйгээр үргэлжлүүлэн ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байсан нь ... Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 76, 77 дугаар тушаалуудыг тус тус гаргаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна” гэсэн байх бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 76, 77 дугаар тушаалуудаар уг яаманд сул орон тоо гарсны улмаас хүн томилсон бус ажиллаж байсан албан тушаалтныг албан тушаал ахиулсан, нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод зааснаас өөр албан тушаалд, түүний мэргэжил, мэргэшилд үл нийцэх ажлын байранд хүн томилсон байдаг болно.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтад цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих гэж заасан боловч ажил, албан тушаалын ангилал, зэрэглэлийн талаар зохицуулаагүй байхад шүүх Н.*******ын өмнө ажиллаж байсан ангилал, зэрэглэл, цалин хөлсийг бууруулахгүйгээр зохих албан тушаалд томилон ажиллуулахыг даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй билээ. Мөн түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйл 22.3 дахь заалт нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хувьд хамаарахгүй заалт байтал шүүх уг зүйлийг баримтлан Н.*******ыг ажилд нь эгүүлэн томилохыг даалгасан нь хуулийг буруу хэрэглэсэн болохыг нотолж байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь заалт нь сэлгэн ажиллаж буй төрийн жинхэнэ албан хаагчийн сэлгэн ажиллах хугацаа дуусгавар болсон тохиолдолд л хэрэглэгдэх заалт бөгөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн авах хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.******* давж заалдах гомдолдоо: “... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 926 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хүчингүй болгуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161.1, 162.1, 162.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.
Шүүх хэргийг шийдэхдээ үйл баримтыг тогтоох, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг буруу үнэлж, хэрэглэгдэх ёстой хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Ашигт малтмал, газрын тосны газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болохынхоо хувьд Монгол улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт “Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан зарчмуудыг үйл ажиллагаандаа баримтлан ажилладаг.
Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт: “Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-т заасан заалт дахь эрх зүйн хэм хэмжээний “...тохиролцож...”, “...өөрийнх нь зөвшөөрснөөр” гэсэн нөхцөлөөс бусад тохиолдолд “өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах” эрхийг хуулиар хариуцагчид олгоогүй байна.” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 11 дүгээр 18-ны өдрийн б/180 дугаар тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно.”, 22.3 дахь хэсэг “Энэ зүйлийн 22.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах хугацаа дуусмагц түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авна.”, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4 гэсэн заалтуудыг мөн Н.*******ын өөрийнх нь хүсэлтэд болон хариуцагчид хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд тушаал гаргасан.
Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 387 дугаар тогтоол гарч уг тогтоолын 6.2 дахь хэсэгт “Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааг илүү шат дамжлагагүй зохион байгуулж ажиллуулах шаардлагыг харгалзан агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийг орлогч даргагүй, газар нь дотроо хэлтэсгүй, хэлтэс нь дотроо тасаг, албагүй, газар, хэлтэс орлогч даргагүй, нэгжийн орон тоог 7-оос доошгүй байх чиглэл баримтлах;” гэж заасны дагуу Уул уурхайн сайдын 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 35 дугаар тушаалаар Ашигт малтмалын газрын бүтэц, зохион байгуулалтын ерөнхий бүдүүвчийг баталсан.
Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” б/72 тушаал гарч Геологийн албаны дэд даргаар ажиллаж байсан Н.*******ыг орон тоо нь цомхотгогдсон үндэслэлээр чөлөөлөх ёстой байсныг ажлаас чөлөөлөлгүйгээр “Ажилд томилох тухай” б/74 дугаар тушаалаар Геологийн албаны Геомэдээллийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр томилсон. Энэхүү албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээний ТЗ-7 ангилал зэрэглэлээр цалинжих байсан боловч Төрийн албаны тухай хуулийн дагуу урьд авч байсан цалин хөлсийг нь бууруулахгүйгээр 6 сарын турш цалинг ТЗ-9 ангиллаар олгож ирсэн.
Н.*******ыг Төрийн албаны тухай хуулийн 22.3-т “Энэ зүйлийн 22.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах хугацаа дуусмагц түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авна.” гэж заасныг үндэслэн АМГ-ын даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн б/180 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж, Уул уурхай яаманд эгүүлэн шилжүүлж шийдвэрлэсэн. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдааны 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 01 тоот шийдвэрээр Н.*******ыг Ашигт малтмалын газарт түүний эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн ажиллуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нь нөхөн олгохоор дүгнэлт гарсан байна. Иргэн Н.*******тай уулзалт зохион байгуулж яриа хэлэлцээр хийсэн боловч Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн шийдвэрийг Ашигт малтмалын газраас /хуучин нэрээр/ шалтгаалахгүй биелүүлэх боломжгүй байдал үүсээд байна.
Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдааны 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 01 тоот шийдвэрийн дагуу манай газар нь Н.*******ыг эгүүлэн ажилд авахад бэлэн байгаа боловч УИХ-ын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний 70 дугаар тогтоол, Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 387 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад зааснаар Н.*******ын хүссэн ТЗ-9-өөр цалинжих албан тушаалын сул орон тоо хасагдсан бөгөөд одоогоор Ашигт малтмалын газарт төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо байхгүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн, албан тушаалын орон тоо нь хасагдсан хэдий ч нэхэмжлэгчийн цалин хөлсийг нь бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлж ажиллуулж байсан бөгөөд 2015 оны 11 дүгээр сараас ажилгүй, цалингүй болгон хохироосон зөрчлийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 926 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, агуулга буюу хариуцагч захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг тус бүрт нь дүгнэлт өгч, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол аль захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаанаас зөрчигдсөн болохыг тогтоож дүгнэлт өгч шийдвэрлээгүйгээс анхан шатны шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.*******ы давж заалдах гомдлыг хангаж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газрын дарга болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулж “Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн б/180 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Н.******* миний 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх хугацааны ажилгүй хохирсон 11 сар 26 хоногийн цалин хөлсийг буруутай албан тушаалтнаас гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгэх, …төрийн жинхэнэ албан хаагч миний яаманд ажиллаж байсан ТЗ-8, агентлагт ажиллаж байсан ТЗ-9 ангиллын албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлсийг бууруулахгүйгээр зохих албан тушаалд томилон ажилуулахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Анх Уул уурхайн яамны (хуучин нэрээр) Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 110 дугаар тушаалаар Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг үндэслэн Н.*******ыг тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөн, Ашигт малтмалын газрын мэдэлд шилжүүлсний дагуу Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн б-108 дугаар тушаалаар мөн Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг үндэслэн Н.*******ыг тус агентлагийн Геологийн албаны дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.
Дээрх тушаалуудад Төрийн албаны тухай хуулийн 22.2-то заасныг үндэслэснээс үзвэл Н.*******ыг анхнаасаа төрийн байгууллагууд сэлгэн ажиллуулсан байх бөгөөд уг сэлгэн ажиллуулах хугацаанд гарсан Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоолын дагуу Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” б/72 дугаар тушаалаар нэхэмжлэгч Н.*******ын ажиллаж байсан Геологийн албаны дэд даргын орон тоо хасагдсан байна.
Үүнтэй холбогдуулж тус агентлагийн дарга 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн б/73 дугаар тушаалаар Н.*******ыг албан тушаалаас чөлөөлж, мөн өдрийн б/74 дүгээр тушаалаар геомэдээллийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний ТЗ-7 ангилалын албан тушаалд томилж, ТЗ-9 ангиллаар 6 сарын хугацаанд цалинжуулан, 6 сарын даруу буюу агентлагийн даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн б/152 дугаар тушаалаар Н.*******ын цалин хөлсийг шинэчлэн тогтоож ТЗ-7 ангиллаар нь цалинжуулахаар тогтоосныг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “... орон тоо хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжих ...” гэж заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангасан гэж үзэхээр байна. Учир нь тухайн үед төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмалын газрын дарга нь Н.*******ыг Төрийн албаны тухай хуулийн 22.3-т заасны дагуу Уул уурхайн яам эгүүлэн авах хүртэл тухайн агенлагийн бүтэц өөрчлөгдсөн нөхцөл байдалтай холбоотойгоор жинхэнэ албан хаагчийн дээрх хуульд заасан баталгааг хангах үүднээс ТЗ-7 ангиллын албан тушаал эрхэлсэн ч ТЗ-9 ангиллаар 6 сарын хугацаанд цалинжуулж, улмаар 6 сарын дараа эрхэлж байгаа албан тушаалынх нь цалингаар шинэчлэн тогтоосон нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шударга ёс, тэгш байдлыг хангах зарчим болон мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэж заасанд нийцжээ. Тухайн үед нэхэмжлэгч Н.******* нь албан тушаал бууруулж томилсон талаар маргаж байгаагүй байна.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Н.*******ын 2014 оны 12 дугаар сарын 31, 2015 оны 03 дугаар сарын 20, 2015 оны 07 дугаар сарын 27, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрүүдэд Уул уурхайн сайд болон тус яамны Төрийн нарийн бичгийн даргад хандаж байсан хүсэлтүүдэд “... Ашигт малтмалын газарт дэд даргын албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 22.2-т заасны дагуу түр томилогдсон. Засгийн газрын тогтоолоор төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтаар орлогч дарга, дэд даргын орон тоогүй болж байгаа тул ... ТЗ-9 албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлсийг бууруулахгүйгээр зохих албан тушаалд томилон ажиллуулж өгнө үү” гэж, мөн хариуцагч Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяад 2015 оны 03 дугаар сарын 17, 2015 оны 06 дугаар сарын 24, 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрүүдэд хандсан хүсэлтүүдэд “... Уул уурхайн яамны удирдлагуудтай зөвшилцөн ... ТЗ-9 зэрэг дэвийг бууруулахгүй зохих албан тушаалд томилон ажиллуулж өгнө үү.” гэж удаа дараа хүсэлт гаргаж байжээ.
Дээрх хүсэлтүүдээс үзэхэд Н.******* нь Ашигт малтмалын газарт ТЗ-7 ангиллын албан тушаалд ажиллахыг хүсээгүй, харин Уул уурхайн яам болон Ашигт малтмалын газрын аль нэгэнд урьд эрхэлж байсан ТЗ-8, эсхүл ТЗ-9 ангиллын албан тушаалд ажиллахыг хүссэн байх бөгөөд сэлгэн ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 22.3-т зааснаар урьд эрхэлж байсан ТЗ-8 ангиллын албан тушаалдаа ажиллах эрхтэй байна. Харин Ашигт малтмалын газар нь дээр дурдсанаар сэлгэн ажиллахаар ирсэн дэд даргын орон тоо нь Засгийн газрын тогтоолоор хасагдсан хэдий ч Н.*******ыг тухайн агентлагийн бүтэц, орон тоонд багтааж төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг дээр дурдсанаар хангаж байсан байх бөгөөд ТЗ-9 албан тушаалаар заавал хангах үүрэг хүлээхгүй. Учир нь 27.2.4-т “... орон тоо” хасагдсан тохиолдолд ... цалин хөлс бууруулахгүйгээр өөр албан тушаалд ажиллуулах...” гэдгийг тухайн ангилал, зэрэглэлийн албан тушаалд заавал томилох үүрэгтэй” гэж үзэх үндэслэлгүй.
Ашигт малтмалын газрын дарга нь нэхэмжлэгч Н.*******ын тухайн агентлагт эрхэлж байсан ТЗ-7 ангиллын геомэдээллийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд ажиллахыг хүсэхгүй, харин урьд Уул уурхайн яаманд ажиллаж байсан ТЗ-8, эсхүл агентлагт ажиллаж байсан ТЗ-9 ангиллыг бууруулахгүйгээр албан тушаалд томилуулахыг хүссэн дээрх хүсэлтүүдийг үндэслэн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, мэдэлд шилжүүлэх тухай” б/180 дугаар тушаалаар Н.*******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Уул уурхайн яамны мэдэлд шилжүүлэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосныг Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д заасанд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна гэж үзлээ.
Учир нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. …” гэж заасны дагуу нэхэмжлэгчийг Ашигт малтмалын газарт Геологийн албаны дэд даргын албан тушаалд ажиллуулсан, тухайн үед 2 байгууллага зөвшилцөж тодорхой хугацаа заагаагүй бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагчаас үл хамаарах шалтгаанаар тухайн албан тушаалын орон хасагдсан тул хуульд заасан “ажлын тодорхой чиглэлээр сэлгэн ажиллуулах” шаардлагагүй болжээ. Нэхэмжлэгч нь “... Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргатай зөвшилцөлгүй шууд шилжүүлсэн ...” гэж хариуцагч Ашигт малтмалын газрыг буруутгах боловч Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т сэлгэн ажилласан албан хаагчийг эгүүлэн авахад зөвшилцөх талаар заагаагүйгээс гадна хариуцагч Ашигт малтмалын газрын дарга нь Н.*******ын хүсэлтийг 2015 оны 07 дугаар 28-ны өдрийн 2/5985 дугаар албан бичгээр Уул уурхайн яаманд уламжилж байсан нь тогтоогдож байна.
Иймд Ашигт малтмалын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Харин хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д “Энэ зүйлийн 22.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах хугацаа дуусмагц түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авна.” гэж заасны дагуу Н.*******ын сэлгэн ажиллахаас өмнө эрхэлж байсан Уул уурхайн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэний албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй байна. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл төрийн байгууллага жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулсан бол тодорхой хугацааны дараа өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн авах үүрэг хүлээдэг, өөрөөр хэлбэл тухайн албан хаагчтай хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгох эрхгүй. Харин сэлгэн ажиллаж байх хооронд тухайн албан тушаалын орон тоог хадгалах үүрэгтэй байхад уг үүргээ биелүүлэлгүй тухайн орон тоонд өөр этгээдийг томилсны улмаас Н.*******ын удаа дараа гаргасан хүсэлтүүдэд “сул орон тоо байхгүй” гэх үндэслэлээр эгүүлэн аваагүй нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна. Тухайн үед нэхэмжлэгчийг удаа дараа хүсэлт гаргаж байх үед Уул уурхайн яаманд нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын орон тоо байсан болох нь уг орон тоонд Б.Тунгааг томилсон ... тушаал, ажлын байрны тодорхойлолт, хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан хугацаа дуусаагүй байхад агентлаг шилжүүлсэн ...” гэх боловч анхнаасаа Н.*******ыг сэлгэн ажиллуулах үед төрийн байгууллагууд хугацаа тохироогүйгээс гадна сэлгэн ажиллуулсан албан тушаал нь Ашигт малтмалын газрын бүтэц, орон тооноос хасагдсаны улмаас дээрх хуульд заасан “тодорхой чиглэлээр” сэлгэн ажиллуулах шаардлагагүй болсон бөгөөд Уул уурхайн яамыг Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т зааснаар эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн авах үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Уул уурхайн яаманд мөн ТЗ-9 ангиллын албан тушаалд томилуулахыг хүссэн байх боловч Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар сэлгэн ажилласан ажилтны хувьд урьд эрхэлж байсан албан тушаалдаа ажиллах эрхтэй бөгөөд хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь агентлагт сэлгэн ажилласан дэд даргын албан тушаалтай адил ТЗ-9 ангиллаар ажиллуулах үүрэг хүлээхгүй тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хангах үндэслэлгүй.
Иймд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Н.*******ыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд аваагүй нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т заасныг зөрчсөн хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, Н.*******ыг урьд эрхэлж байсан Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэний албан тушаалд томилохыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах үндэслэлтэй байна.
Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг хэрэглэхгүй, өөрөөр хэлбэл ажлаас буруу халагдсан, шилжүүлсний улмаас эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоогоогүй тул урьд эрхэлж байсан цалин хөлсний дундаж буюу ТЗ-9 ангиллын цалингаас олговрыг тооцох үндэслэлгүй байна. Иймд Ашигт малтмалын газрын даргын б/180 дугаар тушаал гарснаас хойших ажилгүй байсан хугацааны ТЗ-8 ангиллын албан тушаалын цалинтай тэнцэх олговрыг зохих журмын дагуу олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн агуулгыг буруу ойлгож, нэхэмжлэгч болон хариуцагч захиргааны байгууллагууд хоорондын төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах үед хөдөлмөрийн харилцаа хэрхэн үүсэх, дуусгавар болгох үндэслэлийг зохицуулсан Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн хуулийн дээрх заалтуудыг буруу хэрэглэж, хариуцагч 2 байгууллагад аль алинд нь нэхэмжлэгчийг албан тушаалд томилохыг даалгасан нь утга, агуулгын алдаатай, биелэгдэх боломжгүй шийдвэр болжээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн албаны салбар зөвлөлийн байгуулсан комисс 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтээр Ашигт малтмалын газрын даргын б/180 дугаар тушаалаар Н.*******ыг хүсэлт гаргаагүй байхад нь Уул уурхайн яаманд шилжүүлсэн гэж үзэж түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилж цалинг нөхөн олгох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасан боловч Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд мөн хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу төрийн албан хаагчийн сэлгэн ажиллуулахтай холбогдсон маргааныг Төрийн албаны зөвлөл шийдвэрлэхээр заагаагүй тул хариуцагч Ашигт малтмалын газрыг тухайн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй гэж үзээгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 926 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.3, 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.*******ын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Н.*******ыг сэлгэн ажиллуулахаас урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн (ТЗ-8 ангиллын)-ий албан тушаалд эгүүлэн авахыг, мөн Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн б/180 дугаар тушаал гарснаас хойших Н.*******ын ажилгүй байсан хугацааны ТЗ-8 ангиллын албан тушаалын цалинтай тэнцэх олговрыг зохих журмын дагуу олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад тус тус даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, 2 дахь заалтыг хүчингүй болгож, 3 дахь заалтын “хариуцагч тус бүрээс 35100 /Гучин таван мянга нэг зуу/ гэснийг “хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 70.200” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ