Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 118/2017/0024/З/ |
Дугаар | 470 |
Огноо | 2017-11-14 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 470
Н.Б-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нарыг оролцуулан, Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 29 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0427 дугаар магадлалтай, Н.Б-гийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр: 1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 23 дугаар зүйлийн 23.4, 26 дугаар зүйлийн 26.3, 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б141, Б/144 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгож, Н.Б-г тус аймгийн Улиастай сумын Товцог багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоож, 2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Н.Б-гийн ажилгүй байсан хугацааны цалин 3.231.943 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийн нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын Тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0427 дугаар магадлалаар Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б-гийн “Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/141 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах, мөн өдрийн Б/144 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах шийдвэр гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг нөхөн хийлгүүлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Багийн Засаг дарга Н.Б нь 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр томилогдохдоо албан ёсны багийн иргэдийн нийтийн Хурлаас сонгогдон томилогдсон Засаг дарга бөгөөд нөхөн томилогдсон Засаг дарга биш юм. Бүрэн эрхийн хугацаа нь 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр дуусах байсан. Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсэг “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж; аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд; сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно”, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “багийн Засаг даргыг 4 жилийн хугацаагаар сонгоно...” гэж тус тус заасан байдаг.
Ингэхдээ Засаг даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлөх тухай асуудлыг Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т тус тус заасан бөгөөд энэ нөхцөл байдал үүсээгүй байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй, хуулийн зөвхөн нэг заалтыг барьж, нэг өнцгөөс харсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Хянавал:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
Нэхэмжлэгч Н.Б нь Завхан аймгийн Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаар тогтоолын холбогдох заалтыг, Улиастай сумын Товцог багийн иргэдийн нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаан, тус хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг, Улиастай сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/141, Б/144 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах, бүрэн эрхийг сэргээж, Товцог багийн Засаг даргаар эгүүлэн тогтоолгох, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойших цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын мөнгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, тэргүүлэгчдэд, Улиастай сумын Засаг дарга болон Улиастай сумын Товцог багийн иргэдийн нийтийн Хурал, тус хурлын даргад тус тус холбогдуулан гаргасан, уг нэхэмжлэлд үүсгэсэн захиргааны хэргээс Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 36 дугаар тогтоол, Товцог багийн иргэдийн нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаан, хуралдаанаас гаргасан 01, 02, 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий хэргийг тусгаарлаж, иргэн П.Г-гийн нэхэмжлэлтэй Улиастай сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэрэгт нэгтгэсэн байна.
Завхан аймгийн Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Хуралдааны тов зарлаж, хэлэлцэх асуудал батлах тухай” 36 дугаар тогтоолын 4 дэх заалтаар “багийн иргэдийн нийтийн Хурлыг зохион байгуулахыг сумын Засаг дарга”-д даалгасан, Товцог багийн иргэдийн нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар багийн Хурлын дарга, тэргүүлэгчид болон багийн Засаг даргыг чөлөөлөх, шинээр сонгох зэрэг асуудлыг хэлэлцэж, “Тооллогын комисс томилох тухай” 01, “Багийн иргэдийн нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчдийг чөлөөлж, сонгох тухай” 02, “Товцог багийн Засаг даргыг чөлөөлж, томилох тухай” 03 дугаар тогтоолуудыг батлан гаргасан, тус хуралдааны 03 дугаар тогтоолыг үндэслэн Улиастай сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/141 дүгээр захирамжаар Н.Б-г Товцог багийн Засаг даргаас чөлөөлж, мөн өдрийн “Ажилд томилох тухай” Б/144 дугаар захирамжаар П.Д-ийг Товцог багийн Засаг даргаар томилжээ.
Н.Б нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа “...Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, сумын Засаг дарга нар нь багийн иргэдийн нийтийн Хурлын бүрэн эрхэд халдаж, багийн хуралдааныг далд зарлан хуралдуулсан, ...уг хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн улмаас багийн Засаг дарга миний ажлыг хууль бусаар авч, намайг цалин мөнгө, сэтгэл санаа, хөдөлмөрлөх эрхээр хохироосон” гэх үндэслэлээр маргажээ.
Нэхэмжлэгч Н.Б, П.Г нарын нэхэмжлэлтэй Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчид, Улиастай сумын Засаг дарга, Улиастай сумын Товцог багийн иргэдийн нийтийн Хурал, Хурлын даргад холбогдох захиргааны хэргийн талаар гарсан Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр “Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 36 дугаар тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Товцог багийн иргэдийн нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоож, уг хуралдаанаас гаргасан 01, 02, 03 дугаар тогтоолуудыг хүчингүй болгосон ба уг маргааныг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 469 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн байх тул хууль зөрчиж хуралдсан Товцог багийн иргэдийн нийтийн Хурлын хуралдаан, уг хуралдаанаас гаргасан шийдвэрт үндэслэсэн хариуцагч Улиастай сумын Засаг даргын 2016 оны Б/141, Б/144 дүгээр захирамжуудыг хүчингүй болгох үндэслэлтэй.
Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол ...баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй”, 28 дугаар зүйлийн 28.4-т “баг, хорооны Засаг даргыг энэ хуулийн 32.1, 32.2-т заасан үндэслэл, журмаар ажлаас нь чөлөөлөх буюу огцруулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “...Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол... түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө”, 32.2-т “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга...-д хүргүүлнэ” гэж зааснаас үзвэл Засаг даргаар ажиллах бүрэн эрхийн хугацааг 4 жил гэж хуульчилсан байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Н.Б-гийн бүрэн эрхийн хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр дуусгавар болохоор байсан, үүрэгт ажлаас нь хугацаанаас өмнө чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй байхад түүнийг Товцог багийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлж, П.Д-г томилсон хариуцагч Улиастай сумын Засаг даргын 2016 оны Б/141, Б/144 дүгээр захирамжууд нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж заасныг зөрчсөн хууль бус захиргааны акт байна.
Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан Б/141, Б/144 дүгээр захирамж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв, харин нэхэмжлэгчийг Товцог багийн Засаг даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоосон нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасанд нийцэхгүй болжээ.
Учир нь шүүхийн уг шийдвэрийг биелүүлэх цаг мөчид Н.Б-гийн бүрэн эрх бүрэн дуусгавар болсон байх тул шийдвэрийн энэ хэсэгт хяналтын шатны шүүх зохих өөрчлөлт оруулж, улмаар Н.Б-г Товцог багийн Засаг даргад нэрээ дэвшүүлж өрсөлдөхөд хяналтын шатны шүүхийн энэхүү тогтоол нь саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.
Харин давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад бүрэн дүгнэлт хийлгүй, Н.Б-г “нөхөн томилогдсон” гэж буруу дүгнэж, түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасныг зөрчсөн байна.
Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг үндэслэн ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0427 дугаар магадлалыг хүчингүй болгож, Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 28 дугаар зүйлийн 28.4, 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/141, Б/144 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгож, үлдэх шаардлага болох Товцог багийн Засаг даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ