| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2024/0176/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/212 |
| Огноо | 2024-10-24 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/212
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн,
улсын яллагч П.Шижиртуяа,
насанд хүрээгүй гэрч Б.*******,
мэдүүлэг авахад байлцсан А.*******,
гэрч Ш.*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа,
шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.*******д холбогдох эрүүгийн 2415000000123 дугаартай, 163/2024/0176/Э индекстэй хэргийг 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, Булган аймгийн Булган суманд 1977 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхэд, ач, зээ нарын хамт Булган аймгийн * сумын * тоотод оршин суух бүртгэлтэй, урьд * аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1998 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж байсан, 47 настай, эрэгтэй, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Н.*******ыг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутагт байх Ш.*******ын хашаанаас хохирогч Б.*******гийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн хүндрүүлэгч кропыг шунахайн сэдэлтээр нууцаар хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш буюу 800,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй гэрч, гэрч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2415000000123 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Н.******* нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутагт байх Ш.*******ын хашаанаас хохирогч Б.*******гийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн хүндрүүлэгч кропыг 10 настай Б.*******д “эмээ нь аваарай гэсэн юм” гэж хэлж хуурч, авч явж 800,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт Н.*******ы өгсөн: 2024 оны 05 дугаар сарын эхээр байх нэг эмээ яндан хөөлөөд өгөөч гэж утсаар хэлэхээр нь очоод янданг нь хөөлж өгсөн. Янданг нь хөөлж өгчхөөд гарж явахад 00-ийн хажууд хашааны нүх бөглөсөн шороогоор дүүрсэн машины хуучин кроп байсан. Тэгэхээр нь эмээ энэ хэрэгтэй юм уу гэхэд хэрэггүй юм болоод хаяа биз гэж хэлсэн. Хэрэггүй юм бол би энэнээс 1-2 боолт авъя гэж хэлсэн чинь тэгэхгүй юу гэж хэлэхээр нь би даараа аажуу яваад ирье гээд хэлсэн чинь эмээ би бас хүнээс нь асуучихъя гэж хэлсэн. Тэгээд 7-8 хоногийн дараа очсон чинь жоохон охин байхаар нь эмээ чинь байна уу гэж асуусан чинь хөдөө явсан, гар утас нь холбогдохгүй байгаа гэхээр нь “ах нь танай янданг хөөлсөн ах нь байна, эмээ чинь гадаа байгаа төмрийг аваарай гэсэн юм” гээд аваад явсан. Охин намайг байшинд ороход хичээлээ хийгээд сууж байсан ба би өөрийн 99346434,86216444 гэсэн дугааруудыг охинд хэлж бичүүлээд кропоо аваад явсан. Өөр зүйлгүй гэх мэдүүлэг,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй гэрч Б.*******гийн өгсөн: “...Эмээгийн хашаанаас төмөр аваад явсан хүн энэ хүн мөн байна. Энэ хүн намайг хичээлээс ирсний дараа буюу өдрийн цагаар ирсэн. Би гэрээ цэвэрлээд, аягаа угаагаад зогсож байсан. Надад хэлэхдээ “эмээ чинь ав гэсэн” гэж хэлсэн. Надад утасны дугаар үлдээгээгүй. “Яндан хөөлсөн ах нь байна” гэж хэлсэн. Би эмээдээ “яндан хөөлсөн ах төмөр аваад явсан. ...” гэж хэлсэн гэх мэдүүлэг,
3. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ш.*******ын өгсөн: “...Хашаан доторх төмрийг яндан хөөлдөг хүн аваад явсныг анх *******гаас мэдсэн. Энэ хүн яндан хөөлсний дараа гадаа гараад машины төмрийн хажууд зогсоод байсан. Зогсоод байхаар нь “яасан эгээн дүү” гэсэн чинь “энэ төмрөөс чинь 2 боолт авмаар байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь “мэдэхгүй юм даа, хүний юм” гэж хэлсэн. ******* надад “2 боолт хэрэгтэй байна” гэхээр нь би “хүний юм би сайн мэдэхгүй” гэж хэлсэн. Тэр төмрийг жорлонгийн хажуу талыг нохой ухаад байхаар нь даруулаад тавьчихсан байсан. Би *******д “эзнээс нь асуугаад дараа хэлье” гэж хэлээгүй. Угаасаа би энэ залууг танихгүй учир өөр юм яриагүй. ... Хөдөөнөөс ирээд маргааш нь 00 орохдоо төмөр байхгүйг мэдсэн. Тэгээд нөгөө нүх тагласан төмөр хааччихсан юм бэ гэхэд ******* “яндан хөөлдөг ах аваад явсан” гэж хэлсэн. ******* нь *******д утасны дугаар үлдээсэн зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан:
1. Хохирогч Б.*******гийн өгсөн: 2023 оны 12 дугаар сарын үед би Эрдэнэт хотод байх зуслангийн байшингаас өөрийн тээврийн хэрэгслийг анх худалдаж авахад дагалдуулж авсан машины кропоо авчраад Булган аймгийн төвд байх өөрийн хадам ээжийн хашаанд дулаан орохоор авъя гэж бодоод үлдээсэн юм. Дулаан орохоор өөрийн эзэмшлийн амжиргаа цагаан гэх тээврийн хэрэгсэлд тэр кропыг тавих гэж авчирсан юм. Тэгээд манай хадам ээжийн хашаанд нилээн хэдэн сар болсон. 2024 оны 05 дугаар сарын 10-н юмуу 11-ний үеэр байх манай хадам ээж над руу утсаар залгаад “чиний нөгөө машины кропыг намайг хөдөө явсан хойгуур яндан хөөлдөг хар Баяа гэж хүн хүүхдэд худлаа хэлээд эмээ чинь ав гэсэн” гэж хэлээд машинд хийгээд аваад явчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би утсаар ярихад миний хариуд “Юун сүртэй юм, одоо аваачиж өглөө, ална шүү, хүнээ битгий андуураад байгаарай гэх зэргээр доромжлоод байхаар нь би цагдаад өргөдөл гаргаж өгсөн. Бараг 3 жилийн өмнө байх тэр кропыг одоо өөрийн эзэмшиж байгаа 65-72 БУА улсын дугаартай амжиргаа цагаан машиныг худалдаж авахдаа нэг илүү кроп, илүү мотортой нь хамт Улаанбаатар хотын Да хүрээ захаас авч байсан. Дулаан орохоор өөрийн унаж яваа машиныхаа кроптой сольж тавина гэж бодоод Эрдэнэтээс дөхүүлж авчирч тавьсан байсан юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 07-08 дахь тал/,
Түүний 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хохирогчоор дахин өгсөн: “...Эд зүйлийг маань авсан гэх залуу 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр миний Хаан банкны 5001622276 гэх данс руу хохирлын мөнгө хийсэн. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,
2. Гэрч Д.*******гийн өгсөн: Одоогоос 10 орчим хоногийн өмнө байх гэж бодож байна. Би ажлын байран дээрээ байж байхад өдөр 15-16 цагийн хооронд Баяа ганцаараа машинтайгаа ирээд 9 кг орчим машины кропны гаднах хайлш задлаад хага цохиод эвдчихсэн авчирч өгсөн.Тэр өгсөн юм нь бол нэлээн хуучин шороо, тоосонд дарагдчихсан харагдаж байсан. Намайг хөнгөн цагаан болон хайлш авах уу? гэж хэлэхээр нь би авъя гэхэд хэдэн төгрөгөөр авч байгааг асуугаад би ханшаа хэлэхэд 4,000 төгрөгөөр авчих гэж хэлээд би зөвшөөрч 1 кг хайлшийг авахаар тохироод тэгээд надад зараад мөнгөө бэлэн аваад явсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
3. Гэрч Ш.*******ын өгсөн: 2024 оны 04 дүгээр сарын сүүл 05 дугаар сарын эхэнд байх би хөдөөнөөс ирээд байшиндаа гал түлэхэд яндан бөглөрөөд гэрээр дүүрэн утаа болохоор нь яндангаа хөөлүүлье гэж бодоод Булган аймагт яндан хөөлдөг хүний утсыг олоод яриад яндангаа хөөлүүлэхээр болсон. Тэгээд оройхон яндан хөөлдөг залуу манай гэрт ирээд яндан хөөлөөд зургийг нь дарж аваад танай яндан аймар бөглөрсөн байна гэж хэлээд явсан. Тэгээд тэр залуу гарахдаа манай хашаанд байсан манай хүргэний машины кропыг сонирхоод байхаар нь би гараад очиход эгчээ эндээс 2 ширхэг боолт авмаар байна гэж хэлэхээр нь би хариуд нь “наадах чинь хүний юм би мэдэхгүй” гэж хэлэхэд тэр залуу цаашаагаа явж би ч гэртээ орсон. Түүнээс хойш 2 хоногийн дараа хөдөө явахад тэр эд зүйл байгаа газартаа үлдсэн. Тэгээд буцаад хөдөөнөөс ирэхэд нөгөө юм нь алга болсон байхаар нь гэрт үлдсэн өөрийн ач охиноос асуухад таныг аваарай гэж хэлсэн гээд нэг ах ирээд аваад явсан гэж хэлсэн. Тэгсэн нөгөө яндан хөөлсөн залуу аваад явсан юм билээ. Тэгээд би хүргэн рүү ярьж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
4. Насанд хүрээгүй гэрч Б.*******гийн өгсөн: 2024 оны 05 дугаар сарын эхээр байх би өдөр 12 цаг өнгөрөөд хичээлээ тараад гэртээ байж байхад араас нээх удаагүй байж байтал нэг ах хашааны хаалгаар орж ирээд “эмээ чинь энд хэвтэж байгаа төмрийг ав ав гэсэн юм” гэж хэлээд манай хашааны ёроолд хэвтэж байсан төмрийг аваад явсан. Танай байшингийн янданг хөөлсөн хүн байна.Танай эмээ наад хогийг чинь ав гэсэн юм гэж хэлсэн. Машинтай явж байсан. Утасны дугаараа үлдээгээгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,
5. Ашид билгүүн хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №ОРХ/9819 дугаартай: “Амжиргаа цагаан машины хурдны хайрцаг /хүндрүүлэгчтэй/ кроп 1 ширхэг 800,000 төгрөг” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 37-42 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаж, улсын яллагч шүүгдэгч Н.*******ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох байр сууринаас тус тус оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй гэрч Б.*******, гэрч Ш.******* нарын өгсөн мэдүүлэг, шинжлэн судлагдсан хохирогч Б.*******гийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон Ашид билгүүн хязгаарлагдмал хувьцаат компанийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №ОРХ/9819 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжаар нь магадлан нягтлахад шүүгдэгч Н.******* нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутагт байх Ш.*******ын хашаанаас хохирогч Б.*******гийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн хүндрүүлэгч кропыг “эмээ нь ав гэсэн юм” гэж гэрт байсан 10 настай Б.*******г хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар” авах гэж тодорхойлсон бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдэгч этгээд нь өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.
“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.
Шүүгдэгч Н.******* нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутагт байх Ш.*******ын хашаанаас өдрийн цагаар хохирогч Б.*******гийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн хүндрүүлэгч кропыг тухайн үед гэрт байсан 10 настай Б.*******д “урьд нь танайд яндан хөөлсөн ах нь байна. Эмээ чинь гадаа байгаа төмрийг аваарай гэсэн” гэж хуурч, бусдын эд хөрөнгө болох тээврийн хэрэгслийн кропыг шилжүүлэн авч, өөртөө захиран зарцуулах /кропны гадар хөнгөн цагаан хайлшийг төмөр авдаг газарт тушаасан/ боломжийг бүрдүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.*******ыг бусдын эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр нууцаар хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш буюу 800,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.
Шүүгдэгч Н.******* нь урьд янданг нь хөөлж өгсөн Булган аймгийн Булган сумын 3-р багт байх Ш.*******ын хашаанд байсан тээврийн хэрэгслийн кропыг авахаар өдрийн цагаар очиж, тухайн үед гэрт байсан 10 настай Б.*******д “танай янданг хөөлсөн ах нь байна, эмээ чинь гадаа байгаа төмрийг аваарай гэсэн юм” гэж хэлээд тухайн тээврийн хэрэгслийн кропыг өөрийн мэдэлд захиран зарцуулах боломжийг бүрдүүлэн авч байгаа үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн объектив талын шинж болох нууцаар авсан гэх шинжийг үгүйсгэж, харин “эмээ чинь аваарай гэсэн юм” гэж хуурч, бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч, захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн нь “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.******* нь хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй, Ш.******* гуай “хүний юм, хэрэггүй болоод л орхиод явсан байх, хүнээс нь асуугаад хэлье, 1,2 боолт авчих уу гэхэд намайг ав ав...” гэж хэлсэн болохоор хэд хоногийн дараа машинтайгаа очиж авсан гэж мэдүүлж байх боловч энэ нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч Ш.*******, насанд хүрээгүй гэрч Б.******* нарын мэдүүлгээр тус тус няцаагдаж, шүүгдэгч нь хуурч, бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан болох нь тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулж, талуудын мэтгэлцээнд нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдох хэргийг мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, эд хөрөнгийг шилжүүлэн авсан Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Н.*******ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.*******д 800,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь хохирлын үнэлгээ тогтоосон Ашид билгүүн хязгаарлагдмал хувьцаат компанийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Н.******* 600.000 төгрөгийг төлж барагдуулснаар хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Н.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Н.*******ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Н.*******ы хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Н.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 51-55 дахь талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Н.******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхэд, ач, зээ нарын хамт Булган аймгийн Булган сумын Дунд Агуйт 3 дугаар багийн 9-912 тоотод амьдардаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс торгох ялын төрлийг сонгож, шүүгдэгч Н.*******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө орлого, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн императив шинжтэй хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотолход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт юм.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдааны бэлтгэл үе шатанд танилцуулсан хэргийн онолдоо “гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаж” оролцохоо илэрхийлсэн, шүүгдэгч Н.******* нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “хүний юмыг ав гээгүй байхад нь авсан нь буруу болжээ” гэх мэдүүлэг өгснийг түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх үндэслэлгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх” саналыг хүлээн авах боломжгүй байна.
Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт хураан авсан, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Н.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, эд хөрөнгийг шилжүүлэн авсан Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд сар бүр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч О.******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ