Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1147

 

 

 

 

 

 

 2024         10          28                                       2024/ШЦТ/1147

  

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Д.Агар,

Хохирогч Э.Хонгорзул,

Шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч С.Гангантөгс /ҮД:3540/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “­Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Ныг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2403 00000 0753 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2024 оны 10 дүгээр сарын 09-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 02 дугаар саймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “             л” ерөнхий боловсролын сургуульд биеийн тамирын багш ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ..............дүүргийн 24 дүгээр хороо, .............. хотхоны ............ дүгээр байрны .................... тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт НН /РД: /.

Хэргийн товч агуулга:      

Н.Н нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө, “Everyday” төвийн хойд замд 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 17 цаг 00 минутын орчим .........маркийн ........... УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц луу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчиж явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байсан явган зорчигч Э.Хонгорзулыг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Н өгсөн мэдүүлэгтээ: “Би тухайн үед анхаарал болгоомжгүй байдлаасаа болж хохирогчид гэмтэл учруулсандаа хохирогчоос уучлалт хүсэж байна. Хохирогчтой нэлээн ярьсан. Анх 18 сая төгрөг нэхэж байгаад зуучлалын газраас 8 сая төгрөг буцаж ирэхээр болсон гэж хэлсэн. Сэтгэл санааны хохирол 5 сая төгрөг, ажлын гэрээ гэж 5 сая төгрөг гэж байсан. Би бодохдоо сэтгэл санааны хохирлыг 5 сая гэж үзээд, ажлын гэрээний хохирлыг шүүхээс тогтоож өгөх байх гэж үзээд, тэгээд ямар ч байсан сэтгэл санааны хохирол гээд 5 сая төгрөг шилжүүлсэн байгаа. Би гэм буруугаа хүлээж, ойлгож байгаа. Шүүхээс тогтоож өгсөн сэтгэл санааны хохирлыг төлнө...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Хонгорзул өгсөн мэдүүлэгтээ: “Шинээр цаашид хэрэглэхэд гарах эмчилгээний зардал, би сургуульд явах гэж байсан. Тэрний зуучлалын төлбөрийг нөгөө газраас барагдуулсан. Тэрний үйлдэгдэлийг нэхэмжилж байгаа. Ер нь үдэгдэл хохирлоо барадгуулах хүсэлтэй байна. Холбогдох баримтуудыг гаргаж өгч байна. Гүйлгээний хуулга, И-баримтууд байгаа. Нийт 5.033.457 төгрөгийн баримт байгаа. Нийт  8 ширхэг сул баримт гаргаж өгч байна. Миний хувьд залуу хүний хувьд хүсэл мөрөөдөлд автсан, цаашдын ирээдүйгээ тодорхойлсон, гадагшаа сургуульд явах мөрөөдөлтэй. Мэргэжлээрээ ажлаад тодорхой хэмжээний карьертай хүн байсан. Тэр өдөр гарцаар гарч гарч яваад 3 болон 2 дугаар эгнээний машинууд зам тавьж өгөхөөр нь 1 дүгээр эгнээгээр автобус явдаг учраас машин байхгүй байна гэж хараад явж байсан. Тэгэхэд машин тулж гарч ирсэн. Тэрийг би ойроос харсан тул приу-20 байна гэж бодсон боловч кровн байсан байна лээ. Тэгээд өөрийгөө мөргүүллээ гэж мэдрээд, машин дээр тулсан ч өнхөрч унаад брожур дээр унаад гэмтсэн. Энэ асуудлаас болж гадагшаа явах гэж байсан сургуулийн тэтгэлэг цуцлагдсан. Би  гэрээт орчуулагч хийж байсан. Би 2019 оноос хойш миний орчуулсан ном хэвлэгдэж гарч байсан. Би зүгээр касс дээр зогсдоггүй. Би дэлхийн сонгодог уран зохиолуудыг орчуулж, хэвлүүлж, нийтлүүлдэг ажил хийдэг байсан. Би 8 дугаар сард 5 сая төгрөгийн гэрээ хийсэн байсан боловч цуцлагдсан. Тэр гэрээг мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн. Н ахын өгсөн 5 сая төгрөгийг би гэрээ хуучны ажлын гэрээнд тооцогдож болно гэж үзэж байгаа. Надад 9 дүгээр сард ажил байгаагүй. Би гэрээ хийгээгүй тул нэхэмжлэх зүйл байхгүй. Энд дурдагдсан байгаа зүйлс бол миний эмчилгээний зардал болон зуучлалын компаниас буцаалтад гарсан үлдэгдэл зардал, засал, эмчилгээнд гарсан зардал байгаа. Сургалтад суугаад шалгалтад тэнцсэн баримт байгаа боловч хэрэгт тусгаагүй байна. Гэхдээ урилга ирсэн боловч хэрэгт тусгаагүй байна. Ажлын гэрээ нэг хуудас 20.000 төгрөг байдаг. “Алиса гайхамшгийн оронд”, “Маргад эрдэнийн хотын гайхамшигт шидтэн” гэдэг хоёр ном орчуулах байсан. Энэ хоёр ном бол угаасаа дэлхийн хамгийн том зохиолуудын нэг гэж явдаг. 300 гаран хуудастай номндууд. Яг орчуулах юмнуудаа оруулаад үзвэл 263, 218 хуудастай  номууд байсан. Ингээд нэг хуудсыг 20.000 төгрөгөөр үржүүлээд үзвэл 5 сая төгрөгөөс илүү гарах учир би дарж, өршөөнгүй хандсан гэж үзэж байна. Би гэрээ байгуулсан байсан тул тэр газрын хуулбар эрхтэй номыг би задруулах боломжгүй. Би 200 гаран хуудастай номыг би барьж ирээд ийм байсан гэж харуулж, задруулж харуулах боломжгүй. Яагаад гэвэл тэр газартай хийсэн гэрээ байгаа...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

Зам тээврийн осол гарсан газрын хэмжилтийн бүдүүвч, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /03-06/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх.08/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Хонгорзулын өгсөн: “Би 2024 оны 08 дугаар сарын 19-ний орой 15 цагийн үед Жуковт байдаг Ариг раменд орж ээж дүүгийн хамт хоол идчихээд “Everyday” худалдааны төвийн замын хойно нэг хүнтэй уулзах гээд явганы гарцаар ганцаараа зам хөндлөн гарч байх үед 3 болон 2 дугаар эгнээнд явж байсан машинууд надад зам тавьж өгөөд би баярлалаа гэж хэлээд цааш үргэлжлүүлээд алхаж байх үед нэгдүгээр эгнээнд явж байсан нэг машин зүүн талаас ирээд намайг мөргөсөн. Тэгээд би мөргүүлэх үедээ машинд нь тулаад зогсох гэсэн боловч хойшоогоо шидэгдээд замын боржур дээр унасан. Тэгээд жолооч нь машинаасаа бууж ирээд намайг шууд дүүргийн эмнэлэг рүү авч явсан. Тэгээд би жолооч ахад манай ээж рүү залгаад өг гэж хэлээд ээжтэй утсаар яриад ээж эмнэлэг дээр ирэхэд дүүргийн эмнэлэг нь намайг хүлээж авахгүй гээд гэмтлийн эмнэлэг рүү яв гэсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэг рүү явсан...” гэх мэдүүлэг /хх.11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхсоёлын өгсөн: “Миний нөхөр Н шулуун шударга зантай, хэлэх гэсэн үгээ шууд хэлчихдэг, спортоор маш сайн хичээллэдэг, мөн ар гэрээ сайн авч явдаг сайн аав сайн хань юм. Миний нөхөр Н нь элдэв муу зуршил байдаггүй. Спортоор хичээллэдэг хүүхдийн дунд ер нь маш сайн нэр хүндэттэй. Олон улсад Монгол Улсынхаа нэрийг өндөр гаргаж явдаг болохоор олны дунд биеэ маш зөв авч явах шаардлагатай байдаг болохоор манай энэ үүргээ ч биелүүлээд өөрийнхөө хувийн зан байдал болон биеэ маш авч явдаг юм. Маш сайн хүн. Манай гэр бүл найзууд дундаа үлгэр жишээч маш сайхан уур амьсгалтай гэр бүл гэж явдаг. Гаднах дүр төрөх нь ширүүн юм шиг боловч дотроо маш зөөлөн зантай хүн. Энэ зам тээврийн осолд орсон охины төлөө маш их сэтгэл зүрхээ гаргаж байгаа. Мөн энэ охиныг гэмтээсэндээ маш их гэмшээд миний дүүгээс ялгаа юу байх вэ гээд хэрэгтэй бүгдийг нь авч өгч байгаа...” гэх мэдүүлэг /хх.26/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнх-Эрдэнийн өгсөн: “"Бид 2010 оноос хойш Н бид 2 хөл бөмбөг тоглож найзалж байгаа найзууд юм. Энэ хугацаанд манай найз хамт олондоо их нэр хүндтэй, хүнд маш тусархуу, энэ олон жилийн хугацаанд би Ноос тусламж гуйхад хүнд бараг үгүй гэдэг үгийг хэлж байгаагүй. Ер нь яг л тамирчин хүнд байх ёстой зан аашийг өөртөө багтаасан мундаг сайн тамирчин гэж боддог, элдэв муу зуршил огт хэрэглэдэггүй. Тамирчин бид нарт тамхи татах болон архи уух асуудал маш хориотой зүйл байдаг болохоор ерөөсөө хэрэглэж байгаагүй. Аав нь бага байхад нь нас барсан гэсэн, ээж нь гадаад улсад байдаг болохоор бага наснаасаа эхлээд биеэ даасан болохоор биеэ маш зөв авч явдаг. Миний хамгийн сайн мундаг найз минь юм...” гэх мэдүүлэг /хх.28/,

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн загвар /хх.13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч О.Энхтулгын өгсөн: “Ер нь бол Нын өөрийнх эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Н ипотекийн зээлд хамрагдах гээд өөр ямар нэгэн зээл байх ёсгүй гээд надаас тухайн үед өөрийн нэр дээрээ зээл аваад өгөөч гэж гуйсан юм. Тэгээд бид 2 олон жил найзалж нөхөрлөж байгаа болохоор би найздаа итгээд банк бусаас зээл авч өгсөн юм. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.16, 19/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 11039 дугаартай:

“1. Э.Хонгорзулын биед 6, 7, 8, 9, 10, 11-р хавирганы хугарал, цээжний зүүн хөндий дэх шингэн хуралдалт, эрүүнд шарх, эрүү, зүүн тохой, баруун гуянд зулгаралт, баруун бугалга, тохой, хэвлий, баруун гуя, шилбэ, баруун тавхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.33-35/,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 327 дугаартай “Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад: Зүүн, баруун талын ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна. Уг автотээврийн хэрэгслийн зүүн баруун талын оврын гэрэл асахгүй байна. Зүүн баруун талын ойрын гэрлийн чадал нь стандарт шаардлага хангахгүй байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх.41-46/,

Мөрдөгчийн магадалгаа /хх.50/,

Хохирлын баримтууд /хх.53-65, шинээр гаргасан 7 хуудас/,

Эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл /хх.64/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.67-69/,

Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.73/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Нын яллагдагчаар өгсөн: “...би өөрийн буруутай үйлдлээ ойлгож ухамсарлаж байна...” /хх.74/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Н.Нын хувийн байдлыг тодорхойлох болон хохирол нөхөн төлсөн баримтууд /хх.75-85, шинээр гаргасан 9 хуудас/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

          Үйл баримтын дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Н.Н нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө, “Everyday” төвийн хойд замд 2024 оны 08 дугаар сарын 19- ний өдөр 17 цаг 00 минутын орчим “Toyota Crown” маркийн 63-51 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчиж явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байсан явган зорчигч Э.Хонгорзулыг мөргөж, эрүүл мэндэд хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан үйл баримтын талаар нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Ныг холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж,

Мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.

Хохирогч Э.Хонгорзулын биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “Э.Хонгорзулын биед 6, 7, 8, 9, 10, 11-р хавирганы хугарал, цээжний зүүн хөндий дэх шингэн хуралдалт, эрүүнд шарх, эрүү, зүүн тохой, баруун гуянд зулгаралт, баруун бугалга, тохой, хэвлий, баруун гуя, шилбэ, баруун тавхайд цус хуралт” гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт тус тус хамаарч байх тул хохирогч нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Н.Н нь иргэн Э.Хонгорзулын биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

          Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй болно.

Н.Н нь хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

Шүүгдэгч Н.Нын гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.

Иймд шүүгдэгч Н.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн:

497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байна.

Хохирогч Э.Хонгорзулын баримтаар нэхэмжилсэн нийт 18,697,112 төгрөгөөс, шүүгдэгч Н.Н нь 7,863,655 төгрөг нөхөн төлсөн бөгөөд харин сургалтын зардлын 800,000 төгрөг, гэмтлийн улмаас өвчтэй байсан хугацааны ажил гүйцэтгэх гэрээний 5,000,000 төгрөг, нэмж нэхэмжилсэн эмчилгээний зардлын 4,049,802 төгрөг, нийт 9,849,802 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримт хангалтгүй учир хэлэлцэхгүй орхиж, тухайн осол гэмтлээс өмнөх зардлын нөхөн төлсөн 132,595 төгрөг, нэмж нэхэмжилсэн эмчилгээний зардлын нийт 5,033,457 төгрөгөөс 983,655 төгрөгийг,

Мөн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 4 дэх хэсэгт заасны дагуу Гуравдугаар зэрэглэлийн сэтгэцийн хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээний буюу 11,880,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Н.Ноос 7,863,655 төгрөг гаргуулж, хохирогч Э.Хонгорзулд олгохоор тогтоов.

Хохирогч Э.Хонгорзул нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд шүүгдэгч Н.Ноос жич нэхэмжлэх эрхтэй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч Н.Н гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Н.Нын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн ар гэрийн болон хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгч Н.Нод 3,600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

          Н.Нод эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж, 1.2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан бодит хохирлыг төлсөн” гэж тус тус заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Н.Нод оногдуулсан 3,600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,600,000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 18 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Н нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүгдэгч Н.Нод урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Б овогт Ням-Осорын Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нод тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Нод оногдуулсан 3,600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,600,000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 18 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Нод сануулсугай.

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд нийт 7,473,457 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Н.Ноос 7,863,655 төгрөг гаргуулж хохирогч Э.Хонгорзулд олгосугай.

          7. Хохирогч Э.Хонгорзул нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Н.Ноос жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Нод урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     С.ӨСӨХБАЯР