| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/1493/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1154 |
| Огноо | 2024-10-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Саруул-Ирээдүй |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1154
2024 10 29 2024/ШЦТ/1154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бөртэ-Үжин,
Улсын яллагч Б.Саруул-Ирээдүй /томилолтоор/,
Шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр /ҮД:0162/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн О.Бид холбогдох 2406 06154 2426 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19....... оны ....дүгээр сарын .......-ний өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, .........дүүргийн 1..... дугаар хороо, Холбоо толгойн ......... дугаар гудамжны .......... тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,
Баянзүрх дүүргийн шүүхийн 201....оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн .........дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 20......... оны 04 дүгээр сарын .........-ны өдрийн ........дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны дүүргийн шүүхийн 20......оны .......... дүгээр сарын 24-ний өдрийн ............. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгэгдэж байсан, Х овогт О Б /РД: /.
Хэргийн товч агуулга:
О.Б нь 2024 оны 08 дугаар сарын 15-ны оройн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, ............... дугаар буудал дээр ............ овогт Э.Лшалтгаангүйгээр зодож, түүний биед баруун дээд 2 дугаар шүдний булгарал, баруун доод 1, 2, 3 дугаар шүд, зүүн доод 1 дүгээр шүдний сулрал, уруулд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.03/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Лхагважавын өгсөн: “Би 2024 оны 07 дугаар сарын 15-ны орой 20 цагийн орчим Шархадны 2-ын буудал дээр хэсэг хүмүүстэй хамт архи уугаад байж байхад бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй байна Бимбууш гэх нэртэй залуу намайг зүгээр сууж байхад миний ам руу нэг удаа цохиод миний амнаас цус гараад би амаа дараад “яаж байгаа юм бэ? ахын дүү” гэсэн чинь “ална шүү пизда минь чамайг” гээд ахиад миний ам руу хоёр удаа цохиод авахаар би зугтаагаад цусаа гоожуулаад гэртээ хариад цагдаа дуудсан. Цагдаа ирж үзээд намайг согтуу байхаар нь маргааш архиа гарахаар хэлтэс дээр очоод өргөдлөө өгөөрэй гэж хэлээд явсан. Бид хоорондоо маргалдсан зүйл байхгүй байхад гэнэт намайг шалтгаангүй зодсон. Цуг архи ууж байсан 6 орчим хүн байсан нэрсийг нь мэдэхгүй, тэр хавиар архи уугаад яваад байдаг хүмүүс байсан. Бид нар хамт 2 шил 0.75 шилтэй Хараа нэртэй архи хувааж уусан. Бимбууш гэх залуугийн гэрийг мэдэхгүй, утсыг нь бас мэдэхгүй 2-ын буудал дээр архи уугаад байж байдаг хүмүүс сайн мэднэ. Миний ам руу гурван удаа гараараа цохисон. Одоо миний ам хөдлөхгүй, уруул хавдсан, 2 шүд унасан, нэлээн хэдэн шүд хөдөлгөөн орсон байна...” гэх мэдүүлэг /хх.6-7/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Баяртогтохын 2024 оны 08 дүгээр сарын 29-ний өдрийн 10881 дугаартай:
“1. Э.Лхагважавын биед баруун дээд 2 дугаар шүдний булгарал, баруун доод 1, 2, 3 дугаар шүд, зүүн доод 1 дүгээр шүдний сулрал, уруулд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна.
4. Нэг шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги 10% алдагдуулна.
5. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх.15-16/,
Хохирогч Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний баримт /хх.24/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх.52-55/,
Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.58/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч О.Бийн яллагдагчаар өгсөн: “... 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 19-20 цагийн орчимд шар хадны хоёрдугаар буудлын тэнд очиход Лхагважав хоёр хүнтэй хамт архи уугаад сууж байсан юм. Тэгээд би тэд нар ууж байсан агар нэртэй 0.75 граммын архинаас хамт хувааж ууж дуусгаад байж байтал Э.Лхагважав агсан тавиад “гөлөг нохой, би сумын заан цолтой, та нарыг ална” гэж хэлээд миний өмсөж явсан футболкноос татаж аваад намайг хоёр удаа цохиод авахаар нь би босож ирээд Э.Лхоёр удаа гараараа толгой, шанаа хэсэгт нь цохиж авсан юм. Тэгээд тэнд байсан хүмүүс салгасан, хоёр тийшээ салсан юм...” гэх мэдүүлэг /хх.57/,
Хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.24-49/,
Эрүүл мэндийн даатгалын санд 109.840 төгрөг нөхөн төлсөн тухай баримт /хх.64/,
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэж, эргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч О.Б болон түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр нарын гаргасан хүсэлт /хх.75/,
Шүүгдэгчид гомдолгүй, төлбөр тооцоо бүрэн төлж барагдуулсан, шүүх хуралдаанд оролцохгүй тухай хохирогч Э.Лхагважавын гаргасан хүсэлт /хх.76-77/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч О.Б өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Бид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч О.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч О.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
О.Бийн хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бид урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн О Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Бид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч О.Бид оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 409,840 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Э.Лхагважав нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч О.Боос жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР