| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2022/00629/И |
| Дугаар | 102/ШШ2022/01445 |
| Огноо | 2022-04-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2022/01445
... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... хороо, ... дугаар байр, ... тоот хаягт байрлах, ... ХХК /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... хороо, ... байр, ... тоот хаягт оршин суух, ... овогт Н-ын А /РД: .../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 49,090,670 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э,
Хариуцагч Н.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ... ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э-ы шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Н.А нь нөхөр Д.Б-ийн хамтаар манай компанийн барьж ашиглалтанд оруулсан ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоот хаягт байрлах, 60 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м/к-ийг нь 1,200,000 төгрөгөөр тооцож, нийт 72,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Барилга орон сууц захиалах гэрээ байгуулж, орон сууцаа хүлээн авсан. Н.А нь 12,000,000 төгрөгт автомашин, 1,500,000 төгрөгт монгол гэр, бэлнээр 9,409,330 төгрөг, нийт 22,909,330 төгрөгийг урьдчилгаанд төлсөн, үлдэгдэл 49,090,670 төгрөгийг төлж дууссаны дараа өмчлөх эрхийн гэрчилгээг нэр дээрээ шилжүүлэн авахаар тохиролцсон. Н.Агийн нөхөр Д.Б нь манай компанийн захирал Ц.З-ийн хүргэний төрсөн ах учраас тухайн үед итгэлцлийн үндсэн дээр үлдэгдэл төлбөрийг төлж дуусаагүй байхад нь тэдний хүсэлтээр орон сууцны өмчлөх эрхийг Н.А-д шилжүүлэн өгч, нэр дээр нь улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж өгсөн. Орон сууцны үлдэгдэл төлбөр болох 49,090,670 төгрөгийг төлнө гэсээр байгаач өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Тус нэхэмжлэлийн талаар хариуцагчийн зүгээс 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хариу тайлбар өгсөн ба хариу тайлбар дээрээ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 49,090,000 төгрөгт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд байрлах хашаа, байшингаа тооцуулан өгнө гэжээ. Хариу тайлбарыг манайх хүлээн авч өмчлөх эрхийн гэрчилгээг нь ... ХХК-ийн нэр дээр шилжүүлж аваад эвлэрэх боломжтой гэсэн боловч тухайн хашаа, байшин нь хариуцагч Н.А-ийн нэр дээр бус түүний эгч болох өөр нэгэн этгээдийн нэр дээр бүртгэлтэй байдаг, гэрчилгээг нь барьцаанд тавьсан үйл баримт тогтоогддог учраас эвлэрэх боломжгүй болсон. Иймд Н.А-аас орон сууцны үлдэгдэл төлбөр 49,090,670 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Н.А-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 49,090,670 төгрөгт тооцож би хашаа, байшингаа өгнө гэж тохирсон юм. Гэтэл тухайн хашаа, байшингаа 5 жилийн хугацаатай хадам эгчдээ бичиг баримтыг нь гуйгаар байхаар нь өгчихсөн чинь барьцаанд тавьсан байна. Ойрын хугацаанд суллаж өгөх боломжгүй гээд байгаа. Манай нөхөр тус ... ХХК-д ажилчнаар нь ажиллаж байсан, цалин хөлснөөсөө орон сууцны үлдэгдэл төлбөрөө суутгуулаад явж байсан, тодорхой хэмжээний мөнгөн дүнгүүд байгаа, үүнийгээ нэхэмжилсэн үнийн дүндээ хавсаргаагүй байна лээ. Тэр талаар би албан ёсоор тайлбар хийж чадахгүй байна. Манай гэр бүл тухайн орон сууцны урьдчилгаанд 1,500,000 төгрөгт монгол гэр, бэлнээр 9,409,330 төгрөг, 12,000,000 төгрөгт нь машин тооцож тус тус өгсөн, энэ нь нийлээд 22,909,330 төгрөг болж байгаа юм байна. Орон сууцны нийт үнэ болох 72,000,000 төгрөгөөс хасахаар 49,090,670 төгрөг үлдэж байгаа юм байна. Өөрөөр бол зөвшөөрөхгүй юм байхгүй гэв.
3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, итгэмжлэл, /барилга орон сууц захиалах гэрээ нотлох баримтын шаардлага хангахгүй/-ийг хавсаргажээ.
4. Хариуцагч Н.А 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд хариу тайлбараа гаргажээ.
Шүүх зохигчдын тайлбар, нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч Н.А-д холбогдуулан барилга орон сууц захиалах гэрээний үүрэгт 49,090,670 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд, хариуцагч Н.А ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоот хаягт байрлах, 60 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 72,000,000 төгрөгөөр худалдан авахаар манай компанитай тохиролцож 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Барилга орон сууц захиалах гэрээ байгуулж, орон сууцаа хүлээн авсан. Н.А нь 12,000,000 төгрөгт автомашин, 1,500,000 төгрөгт монгол гэр, 9,409,330 төгрөг бэлнээр, нийт 22,909,330 төгрөгийг урьдчилгаанд төлсөн, үлдэгдэл 49,090,670 төгрөгийг төлж дууссаны дараа өмчлөх эрхийн гэрчилгээг нэр дээрээ шилжүүлэн авахаар тохиролцсон. Н.Агийн нөхөр Д.Б нь манай компанийн захирал Ц.З-ийн хүргэний төрсөн ах учраас тухайн үед итгэлцлийн үндсэн дээр үлдэгдэл төлбөрийг төлж дуусаагүй байхад нь тэдний хүсэлтээр орон сууцны өмлөх эрхийг Н.А-д шилжүүлэн өгч, нэр дээр нь улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж өгсөн. Орон сууцны үлдэгдэл төлбөр болох 49,090,670 төгрөгийг төлнө гэсээр байгаа боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Манай нөхөр Д.Б тус ... ХХК-д ажилчнаар нь ажиллаж байсан, цалин хөлснөөс нь орон сууцны үлдэгдэл төлбөрөө суутгагдаж байсан тодорхой хэмжээний мөнгөн дүнгүүд байгаа. Түүнийгээ нэхэмжилсэн үнийн дүндээ хавсаргаагүй байна лээ. Тэр талаар би албан ёсоор тайлбар хийж чадахгүй байна. Манай гэр бүл тухайн орон сууцны урьдчилгаанд 1,500,000 төгрөгт монгол гэр, бэлнээр 9,409,330 төгрөг, 12,000,000 төгрөгт нь машин тооцож тус тус өгсөн, энэ нь нийлээд 22,909,330 төгрөг болж байгаа юм байна. Орон сууцны нийт үнэ болох 72,000,000 төгрөгөөс хасахаар 49,090,670 төгрөг үлдэж байгаа юм байна гэжээ.
4. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.
5. Нэхэмжлэгч ... ХХК, хариуцагч Н.А нар нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр орон сууц захиалах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь ... дүүргийн ... дугаар хороо, ... сургуулийн урд, ... байр, ... тоот хаягт байрлах 2 өрөө, 60 м/к талбай бүхий орон сууцыг барьж ашиглалтад оруулах, хариуцагч Н.А нь тухайн орон сууцны 1 м/к талбайг 1,200,000 төгрөг тооцож, нийт 72,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсоноос үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 343.2-д Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний байгуулагджээ. Хэдийгээр хэрэгт авагдсан 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн барилга орон сууц захиалах гэрээ хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангахгүй байгаа хэдий ч гэрээ байгуулсан талаар болон гэрээний гол нөхцлийн талаар зохигчид маргаагүй тул зохигчдын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр гэрээ байна, нэхэмжлэгч шаардах эрхтэй.
6. Зохигчид гэрээ байгуулсан талаар болон орон сууцны 1 м/к талбайн үнэ 1,200,000 төгрөг, нийт 72,000,000 төгрөгийн 60 м/к талбай бүхий 2 орон сууц, хариуцагч гэрээний урьдчилгаанд 22,903,330 төгрөгийг төлсөн талаар, одоо үлдэгдэл 49,090,670 төгрөгийн үүргээ гүйцэтгээгүй талаар маргаагүй.
7. Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр орон сууц захиалах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь ... дүүргийн ... дугаар хороо, ... сургуулийн урд, ... дугаар байр, ... тоот хаягт байрлах 2 өрөө, 60 м/к талбай бүхий орон сууцыг барьж ашиглалтад оруулах, хариуцагч Н.А нь тухайн орон сууцны 1 м/к талбайг 1,200,000 төгрөг тооцож, нийт 72,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон ба хариуцагч орон сууцны урьдчилгаанд 1,500,000 төгрөгт тооцож Монгол гэр, 12,000,000 төгрөгт тооцож авто машин, 9,409,330 төгрөгийг бэлнээр, нийт 22,909,330 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 49,090,670 төгрөгийг хариуцагч төлөөгүй болох нь тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно, мөн хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө гэж зааснаар харуицагч Н.А нь орон сууцыг эзэмшил өмчлөлдөө авсанаар үлдэгдэл төлбөрөө төлөх үүрэгтэй байх тул хариуцагчаас 49,090,670 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 403,404 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 403,404 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1-д заасныг баримтлан хариуцагч Н.А-аас 49,090,670 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ... ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 403,404 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 403,404 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР