Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 152

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-   шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,  

- улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үүрийнтуяа,

  • Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,
  • шүүгдэгч Я.Аюурзана нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Бараат овогт Янгирбатцэндийн Аюурзанад холбогдох Эрүүгийн 201719000249 тоот хэргийг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Төв аймгийн Баян-Өнжүүл суманд 1990 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цээл 2-р баг оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Бараат овогт Янгирбатцэндийн Аюурзана /РД:НГ90022890/

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Я.Аюурзана нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цээл 2-р багийн нутаг “Сүүл ухаа” гэх газарт 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр сэжигтэн Я.Аюурзана нь өөрийн малыг маллуулахаар цалинжуулан ажиллуулж байсан иргэн Т.Буяннэмэхтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Я.Аюурзана нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны малаа маллуулаад намраас хойш авчирсан юм. Хавар хурга үхээд байсан юм. татвагнаад үхээд байсан юм тэгээд би та нар шүлбүүрээр цохиод байгаа юм уу гэсэн чинь. Эхнэр нь алаагүй байхад алла гээд байна гээд намайг нулимаад хэл амаар доромжилоод байсан юм. Тэгэхээр нь би уургаар 2-3 ороолгосон гэв.

 

Хохирогч Т.Буяннэмэх хэрэг  бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: “ Би нөхрийн хамт Налайх дүүргээс Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Аюурзана гэх айлд мал маллахаар 2016 оны 11 сарын 12-ны өдөр ирээд тэгээд саяхан 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр манай нөхөр 18 цагийн үед хониноосоо ирээд гэрийн гадаа Аюурзана тэр хоёр ярьж байхыг нь сонсоод байж байтал хурга үхээд байна та нар цохиж алаад байгаа юм уу чи алдаг биздээ гэхээр нь би алаагүй гэтэл чи шилбүүрээр цохиод хотонд нь тависан байна гээд манай нөхрийн дэргэд намайг уургаар зүүн хөл рүү цохиод уурга нь хугарахаар нь үлдсэн модтой уяагаар ахиад зүүн хөл рүү 3 удаа ороолгосон тэгээд манай нөхөр салгаад гэртээ харьсан юм. Тэгээд 04 сарын 12-ны өдөр би гэртээ хүүхдээ хараад байж байтал 17 цагийн орчим Аюурзана ирээд намайг яасан их хүнд ярьж ховлодог хүн бэ? гэхээр нь би чи манай нөхрийг байхгүй хойгуур дээрэлхээд байдаг биз дээ гэж хэлтэл намайг нэг удаа түлхэж унагаасан. Тэгэхээр нь би хүүхдээ аваад гарсан ийм зүйл болсон. Тэгээд би цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-23-25 тал/,

 

Гэрч Б.Мөнхбатын хэрэг  бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “... Тэр өдөр юу болсон талаар би сайн мэдэхгүй харин 04-р сарын 10-ны өдөр орой 19 цагийн үед хониноос гэртээ иртэл Аюурзана намайг та одоо хурга алаад байдаг юм уу гэж асуухаар нь би вюу гэж малыг чинь алах вэ дээ гэтэл манай эхнэр Буяннэмэх цаанаас ирээд бид нар мал алаагүй гээд Аюурзанийн өөдөөс нулимаад хэрүүл болсон тэгтэл Аюурзана уурагны хуйгаар зүүн талын хөл рүү нь 3 удаа ороолгосон юм. Өөр зүйл болоогүй харин дараа нь намайг байхгүй хойгуур 04 сарын 12-ны өдөр ахиад хэрэлдсэн байсан”... гэх мэдүүлэг /хх-26-27 тал/

 

  Гэрч Б.Мөнх-Эрдэнийн хэрэг  бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “.. Тэр өдөр би гэртээ байсан. Манай нөхөр Аюурзана малчин Буяннэмэхтэй маргалдсан гэж надад хэлж байсан яг юу болсон талаар би сайн мэдэхгүй байна..  гэх мэдүүлэг /хх-28-29 тал/

 

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №191 дүгээр дүгнэлтэнд

-   Т.Буяннэмэхийн биед зүүн, баруун гуя, баруун өвдгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-  Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

- Т.Буяннэмэхийн биед учирсан зүүн, баруун гуя, баруун өвдөгний цус хуралт гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд хуучин гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх-31-32 тал/,

 

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-7 тал/,

- эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-14-19 тал/,

- Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 2-р багийн засаг даргын 2017 оны 04 сарын 21-ний өдрийн 0/42 тоот албан бичиг /хх-47 тал/,

- Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 04 сарын 27-ны өдрийн 638 тоот албан бичиг /хх-50 тал/,

- Төв аймгийн Автотээврийн төвийн 2017 оны 04 сарын 28-ны өдрийн 84 тоот лавлагаа /хх-53 тал/

 

  • шүүгдэгч Я.Аюурзаныг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-41-42 тал/, 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-44-45 тал/,
  • Шүүгдэгч Я.Аюурзана нь ял шийтгэлгүй гэх лавлагаа /хх-46 тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Я.Аюурзана нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цээл 2-р багийн нутаг “Сүүл ухаа” гэх газарт 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр сэжигтэн Я.Аюурзана нь өөрийн малыг маллуулахаар цалинжуулан ажиллуулж байсан иргэн Т.Буяннэмэхтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Т.Буяннэмэхийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн “2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр манай нөхөр 18 цагийн үед хониноосоо ирээд гэрийн гадаа Аюурзана тэр хоёр ярьж байхыг нь сонсоод байж байтал хурга үхээд байна та нар цохиж алаад байгаа юм уу чи алдаг биздээ гэхээр нь би алаагүй гэтэл чи шилбүүрээр цохиод хотонд нь тависан байна гээд манай нөхрийн дэргэд намайг уургаар зүүн хөл рүү цохиод уурга нь хугарахаар нь үлдсэн модтой уяагаар ахиад зүүн хөл рүү 3 удаа ороолгосон тэгээд манай нөхөр салгаад гэртээ харьсан юм. Тэгээд 04 сарын 12-ны өдөр би гэртээ хүүхдээ хараад байж байтал 17 цагийн орчим Аюурзана ирээд намайг яасан их хүнд ярьж ховлодог хүн бэ? гэхээр нь би чи манай нөхрийг байхгүй хойгуур дээрэлхээд байдаг биз дээ гэж хэлтэл намайг нэг удаа түлхэж унагаасан. Тэгэхээр нь би хүүхдээ аваад гарсан ийм зүйл болсон. Тэгээд би цагдаад мэдэгдсэн” гэх мэдүүлэг, шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №191 дүгээр дүгнэлтэнд Т.Буяннэмэхийн биед зүүн, баруун гуя, баруун өвдгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, Т.Буяннэмэхийн биед учирсан зүүн, баруун гуя, баруун өвдөгний цус хуралт гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд хуучин гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт, гэрч Б.Мөнхбат, Б.Мөнх-Эрдэнэ нарын мэдүүлэг болон шүүгдэгч Я.Аюурзанын хэрэг бүртгэлт болон шүүхийн шатанд хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Я.Аюурзаныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсний заасны дагуу шүүхийн шатанд хохирогч Т.Буяннэмэх нь шүүгдэгч Я.Аюурзанатай сайн дураараа эвлэрсэн, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

 

Битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтын талаар:

2017 оны 04 сарын 27-ны өдрийн Мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн “Япон улсад үйлдвэрлэгдсэн Мицубуши маркийн l 200 pick-up0 маркийн тээврийн хэрэгсэл”-ийн битүүмжлэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хугархай шилбүүрийг шүүгдэгч Я.Аюурзана нь буцаан авах хүсэлттэй байна гэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Я.Аюурзана нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1 4, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                             

                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бараат овогт Янгирбатцэндийн Аюурзаныг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Буяннэмэх нь шүүгдэгч Я.Аюурзанатай сайн дураараа эвлэрсэн байх тул Я.Аюурзанад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Я.Аюурзана нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

4. Я.Аюурзанад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хугархай шилбүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Я.Аюурзанад буцаан олгохыг шүүгчийн туслах Г.Сугармаад даалгасугай.
  2.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт заасанаар  2017 оны 04 сарын 27-ны өдрийн Мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн “Япон улсад үйлдвэрлэгдсэн Мицубуши маркийн l 200 pick-up0 маркийн тээврийн хэрэгсэл”-ийн битүүмжлэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
  3. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан. хохирогч. тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  4. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол. эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Я.Аюурзанад урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ю.ЭНХМАА