| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/0368/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1158 |
| Огноо | 2024-10-29 |
| Зүйл хэсэг | 22.5.1., |
| Улсын яллагч | Ө.Б |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1158
2024 10 29 2024/ШЦТ/1158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул,
Улсын яллагч *******,
Шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа /ҮД:0165/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ө.Бөд холбогдох 2402 00000 0289 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19............ оны ........ дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, ................. нярав ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, ............ дүүргийн 1........ дугаар хороо, ......... тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Д овогт ӨБ /РД:................./.
Хэргийн товч агуулга:
Ө.Б нь Төрийн банкны салбарын нярваар ажиллаж байх хугацаандаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт “Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага сургалтад хамрагдсан иргэнээс шалгалт авч, ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээ олгоно” гэснийг худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулдаг ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтад зохих журмын дагуу хамрагдалгүй, шалгалтад тэнцсэн мэтээр 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2022/A3-3630 дугаартай гэрчилгээг гаргуулан авч, байгууллагаас зохион байгуулдаг худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл, хяналтын хэлтсийн мэргэжилтэн Э.Дуламсүрэн, Төрийн худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтэн З.Чинбат нарт “Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтын шалгалтыг цахим хэлбэрээр авах”, “худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтад тэнцсэн иргэд, албан хаагчдын мэргэжил, ур чадвар болон бусад холбогдох мэдээлэлд дүн шинжилгээ хийх” зэрэг албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Э.Дуламсүрэнгийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эгч Э.Хоролсүрэнгийн хүү Б.Баатарчулууны эзэмшлийн Хаан банкин дахь 5564203582 дугаартай данс руу өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь 5176124644 тоот данснаас 200,000 төгрөгийг шилжүүлж хахууль өгсөн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө. Б өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар:
Зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай /хх.1.01-09/,
Мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн эрүүгийн хэрэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон бичгийн баримтуудын хуулбар /хх.1.15-47/,
Төрийн банкны 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 10/1648 дугаартай албан бичиг хавсралтын хамт /хх.1.50-60/,
Төрийн худалдан авах ажиллагааны газраас олгосон 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2022/A3-3630 дугаартай гэрчилгээний хуулбар /хх.1.61/,
Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн А-1/220 дугаартай албан бичиг, хасралтын хуулбарын хамт /хх.1.104-106/,
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/16 дугаартай “Ажпаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал болон хавсралтын хуулбар /хх.1.114-135/,
Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/01 дугаартай “Алба хаагчдыг албан тушаалд томилох, цалингийн хэмжээг тогтоох тухай” тушаал болон хавсралтын хуулбар /хх.1.138-155/,
Мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.1.198-199/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баатарчулууны өгсөн: “Манай ээжийн төрсөн дүү Э.Дуламсүрэн эгч надад чиний данс руу чинь мөнгө оруулаад аваадахъя гэж хэлсэн юм... Э.Дуламсүрэн эгч намайг 5564203582 дугаарын данс нээснээс хойш буюу 2021 оны 01 дүгээр сараас хойш нэлээн хэдэн удаа мөнгө оруулж авсан, яг хичнээн төгрөг хэдэн удаа, хаанаас авсан гэдгээ би санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх.1.203, 206/,
Хаан банкин дахь Б.Баатарчулууны эзэмшлийн 5564203582 дугаартай дансны хуулгын хуулбар /хх.1.211/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Батзулын өгсөн: “Төрийн болон орон нугйин өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Сангийн сайд сургалтыг зохион байгуулах журмыг баталсан байгаа. Энэ журамд Сангийн яаманд хүсэлт гаргаж, журамд заасан шаардлага хангасан этгээдэд сургалт зохион байгуулах, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, энэ хүрээнд сургалтыг зохион байгуулдаг. Төрийн худалдан авах ажиллагааны газар нь журамд заасны дагуу шалгалт авдаг, сургалт зохион байгуулсан газраас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн шалгалтыг зохион байгуулдаг ба шалгалтад тэнцсэн суралцагчид гэрчилгзэ эзэмших эрхтэй болж, Үнэлгээний хорооны гишүүнээр орж ажиллах боломжтой болдог юм. Мөн цахимаар сургалыг зохион байгуулж болдог ба энэ нь ямар нэгэн төлбөргүйгээр, багшгүйгээр өөрөө бие даан суралцаж, бас шалгалт өгөх эрхтэй болдог юм. Харин хичээлийг бол Сангийн яамнаас олгосон сургагч багшийн гэрчилгээтэй багш заадаг журамтай. Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд сургалт зохион байгуулах тухай бүрд сургалтын байгууллага зар оруулдаг ба зарын дагуу сонирхогч, суралцагч тухайн байгууллага руу холбогдож сургалтад бүртгүүлээд энэ сургалтад хамрагдаж байгаа иргэдийн мэдээллийг сургалтын байгууллага цахим системд бүртгэж явдаг бөгөөд энэ системд бүртгэгдсэн иргэд шалгалтад орох эрх үүсдэг юм. Тэгээд шалгалтын өдөр Төрийн худалдан авах ажиллагааны газраас шалгалт хариуцсан мэргэжилтэн шалгалтын тов тогтоож, товлосон цагт танхим болон цахимаар авч байгаа. Төрийн худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, Сургалт судалгааны хэлтсийн мэргэжилтэн Ө.Одбаатар, С.Чинбат гэж хоёр хүн авдаг юм. Сангийн байдын тушаалаар бол сургалтын төлбөрийн талаар тусгайлан тогтоосон дүн байхгүй. Харин сургалтыг зохион байгуулахад гарах зардалд үндэслэн сургалтын төлбөрийг санамж бичиг байгуулсан байгууллага өөрөө тогтоодог. Миний мэдэж байгаагаар нэг хүнээс сургалтын төлбөр 90,000-110,000 төгрөгийн төлбөр авдаг, төлбөрийг байгууллагын дансаар авдаг байх гэж бодож байна. Тэгээд шалгалттай холбоотой бол ямар нэгэн төлбөр авдаггүй. Цахим систем дээр бүртгэл хөтөлж байгаа учраас ямар этгээд хэзээ, хаана болсон шалгалтад хэрхэн оролцсон талаарх мэдээллийг гаргах боломжтой, мөн үүнийг дагаад сургалт зохион байгуулсан сургалтын байгууллага гараад ирнэ. Миний мэдэж байгаагаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар тийм үйл ажиллагаа явуулах эрхтэй хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх.1.214-215/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Оюунжаргалын өгсөн: “Төрийн худалдан авах ажиллагааны газар нь мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтын шалгалтыг үнэ төлбөргүй авдаг юм... Төрийн худалдан авах ажиллагааны газар нь 2020 онд байгуулагдахдаа Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтэн гэсэн албан тушаалтан шалгалтыг авахаар зааж өгсөн байсан. Тэгээд тухайн ажилтны үндсэн чиг үүрэгт ажпын байрны тодорхойлолтод заасны дагуу хэлтсийн дарга нь хяналт тавих ёстой. Мөн манай шалгалт цахимаар явдаг учраас шалгалт дуусах товчийг дарснаас тэнцсэн тэнцээгүй гэсэн хариу гарч ирдэг. Тэгээд Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем буюу tender.gov.mn системийн сургалт цэсний сертификат хэсэгт шалгалтад тэнцсэн этгээдийн нэр, мэдээллийг оруулж бүртгэж өгдөг ба энэ процессийг сургалт хариуцсан мэргэжилтэн гүйцэтгэж байсан... сургалтын байгууллагад бүртгүүлээгүй, шалгалтад ороогүй этгээдийг тэнцүүлсэн мэтээр цахим системд бүртгэж байгаа нь хууль бус үйлдэл юм...” гэх мэдүүлэг /хх.1.217-218/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх.1.233-235/,
Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.1.237/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ө.Бийн яллагдагчаар өгсөн: “... би яллагдагчаар татсан тогтоолыг танилцлаа, би яллагдагчаар татсан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Би Төрийн банканд 2017 оноос хойш одоог хүртэл нярвын ажил хийдэг юм... 2022 оны үеэр байх аа сургалтад онлайнаар хамрагдаад шалгалт өгөөд тэнцээгүй юм. Тэгээд тэр үед онлайнаар шалгалт өгсөн хүмүүс шалгалтдаа унасан бол тэнцүүлж, гэрчилгээ гаргаж өгдөг хүүхэн байдаг гэж яриад байсан. Тэгэхээр нь би тухайн үед яг хэнээс нь ч авсан юм баахан хүмүүсийн нэгнээс Дуламсүрэн гэж хүний утасны дугаарыг аваад залгаад ярьсан чинь 200,000 төгрөг шилжүүлчих, тэгээд тэнцүүлээд өгье гэж хэлсэн юм. Тэгээд би өөрийнхөө данснаас тэр хүүхэн рүү мөнгө шилжүүлсэн. Тэгсэн чинь дараа нь миний нэр дээр А-3 гэрчилгээ гарчихсан л байсан. Манай Төрийн банкинд хуучин ажиллаж байгаад ажпаасаа гарсан Гангэрэл гээд захирал байсан юм, тэгээд захирал намайг А-3 сургалтад сууж гэрчилгээ ав гээд байсан юм. Тэгээд би суусан юм...” гэх мэдүүлэг /хх.1.238/,
Хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн гаргасан хүсэлт /хх.1.241/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Э.Дуламсүрэнгийн өгсөн: “... Би Ө.Б гэж хүнийг бол огт танихгүй. Тухайн үед надаас хэн нэгэн хүнээр дамжуулж л худалдан авах ажиллагааны А-3 сертификат гаргуулж өгөөч ээ гэж холбогдсон байх. Тэгээд би А-3 гэрчилгээг нь тухайн үед Төрийн худалдан авах ажиллагааны газарт сургалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан С.Чинбатаас гуйж гаргуулж өгсөн байгаа... хэрэв сургалтад суугаад шалгалтандаа тэнцсэн бол надтай холбогдож, Чинбатаар А-3 гэрчилгээг гаргуулах ямар ч шаардлага байхгүй. Би энэ хүнээс орж ирсэн мөнгөнөөс Чинбатад 100,000 төгрөгийг нь бэлнээр ажил дээр нь авч очиж өгсөн, би өөрөө 100,000 тегрөгийг нь өдер тутмын хэрэглээндээ хэрэглэсэн юм. Би энэ мөнгийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын байр буюу ажпын байран дээрээ байхдаа хүлээн авсан байгаа...” гэх мэдүүлэг /хх.2.05/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч С.Чинбатын өгсөн: “... Би энэ үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Манай Төрийн худалдан авах ажиллагааны газар нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар Хөдөө аж ахуйн яамны байр буюу Засгийн газрын 9 дүгээр байранд байрлаж үйл ажиллагаа явуулдаг юм. Э.Дуламсүрэн нь хамт тэр байранд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар ажилладаг байсан юм. Манай худалдан авах ажиллагааны газар 2012 онд байгуулагдсан бөгөөд 2016 онд Засгийн газрын тогтоолоор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гэж байгуулагдсан ба энэ газрын бүтцэд Худалдан авах ажиллагааны газар нь багтаж байсан юм. Энэ утгаар нь Э.Дуламсүрэнг мэддэг болсон. Анх Дуламсүрэн нь шалгалтандаа ороод уначихсан хүмүүс байна аа, байгууллагаас нь яаралтай гэрчилгээгээ гаргуулж авахгүй бол үнэлгээний хороонд орж ажиллах шаардлагатай гээд байна гэдэг юмыг надад ярьдаг байсан. Мөн зарим хүмүүс нь гэрчилгээний хугацаа нь дууссан байхад Үнэлгээний хороонд орчихсон явж байгаа юм байна гэдэг байсан, тэгээд мөн “найздаа туслаач ээ, найз нь чамд урамшуулал өгье” гэдэг санал тавьсан юм. Тэгээд би түүнийг нь зөвшөөрч шалгалт авах үеэр өмнөөс нь шалгалтыг нь өгч, тэнцүүлж, цахим системд бүртгэдэг байсан. Ер нь бол худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны шалгалтад тэнцээгү хүмүүст гэрчилгээ олгохгүй, харин шалгалтад тэнцэх юм бол гэрчилгээ олгогддог юм. Би тэгэхээр энэ хүний гэрчилгээг энэ дагуу л өмнөөс нь шалгалтыг нь өгч тэнцүүлэн гэрчилгээг олгосон...” гэх мэдүүлэг /хх.2.13/,
Шүүгдэгч Ө.Бийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.2.14-26/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх.2.31-36/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.2.37-38/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Ө.Б өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Бөд нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ө.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ө.Бөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Ө.Бийн хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, банкны дансны хуулга бүхий 1 ширхэг компакт дискийг хавтаст хэрэгт ирүүлсэн болохыг тус тус дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Бөд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт ӨБийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө шилжүүлж хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Бөд нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Ө.Бөд оногдуулсан 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, банкны дансны хуулга бүхий 1 ширхэг компакт дискийг хавтаст хэрэгт ирүүлсэн болохыг тус тус дурдсугай.
6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Бөд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР