Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1183

 

 

 

 

 

 

 2024         11          04                                       2024/ШЦТ/1183

  

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Д.Агар,

Хохирогч Х.Өсөхбаяр,

Шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Б.Дагиймаа /ҮД:2634/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Мд холбогдох 2403 00576 0776 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19....... оны 09 дүгээр сарын.........-ны өдөр ........... аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “.............”ХХК-д уулын хэсэгт экскаваторчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, ............ аймгийн ............. сумын 5 дугаар баг, ............... тоотод оршин суух бүртгэлтэй, ............ дүүргийн ..............дүгээр хороо, ................. задгайд оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Э М /РД:.............../.

Хэргийн товч агуулга:      

Э.М нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Монелоос Дарь эх орох замд 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 19 цагийн орчим “Toyota Corolla” маркийн 79-71 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг тус тус зөрчиж “Toyota Prius” маркийн 29-05 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч Х.Өсөхбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Тэр үед би Монелын замд гэрээсээ ойр явж байсан. Сэтгэл санаа хямралтай болоод 0.33 граммын архийг ганцаараа уусан. Гэр ойрхон тул гэр рүүгээ яваад очиж болох юм байна гэж бодоод машинаа бариад явсан. Анхаарал болгоомжгүйгээс болоод осол аваар хийсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Өсөхбаяр өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төв зам түгжрэлтэй байсан тул хойгуур тойрч яваад Монелын тэнд байдаг хорих ангийн тэрүүгээр явж байсан. Тэгээд эсрэг талын урсгалаас сөрж орж ирээд мөргөсөн. Би машинаас буухад гайгүй байсан боловч гэнэт толгой эргээд брожур дээр суусан. Э.М ах цагдаа дуудсан байсан. Нурууны сэртэн яс L1 яс  хугарсан. Би чиг барьдаг бүстэй явж байгаа. Биеийн байдал өмнө үеэ бодоход гайгүй. Нурууны бүсээ хааяа түр авч амраадаг. Би барилга дээр ажилладаг байсан боловч одоо хүнд юм өргөж чадахгүй тул барилга дээр ажиллах боломжгүй болсон тул харуул хамгаалалтын бэлэн байдлын жолооч хийж байгаа.  Би засвар орсон машин авахгүй гэж байгаад одоо ярьж байгаад, одоо 3 сая төгрөг өгчих, гомдол санал, нэхэмжлэх юм байхгүй би салмаар байна гэж хэлсэн. Эмчилгээд 1,100,000 төгрөг, урсгалд зардлын мөнгө, эмчээс авсан эмийн маягт байгаа. Одоо 3 сая төгрөг нэхэмжилж байна. Машинаа засуулахад зарцуулна. Би 3 сая төгрөг авна. Сэтгэл санааны хохирол гэж тогтоогдвол тэр мөнгөнөөс ахтай ярьж байгаад аль болох бага хэмжээгээр авна гэж ярьсан...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

          Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.03/,

Зам тээврийн осол гарсан газрын хэмжилтийн бүдүүвч, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /05-12/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.17/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.18-20/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх.09-10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Өсөхбаярын өгсөн: “Би 2024 оны 07 дугаар сарын 30-ны орой 19 цагийн орчим ээжийн дүү Сүхбатын Уянгын эзэмшлийн Toyota Prius 20 маркийн 29-05 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ганцаараа гэрээсээ гараад офицер орохоор явсан. Зам түгжрэлтэй байсан тул дарь эхийн зүүн талын замаар Монелийн зам уруу орохоор ойролцоогоор 40 км цагийн хурдтай явж байтал гэнэт урдаас урсгал 2-3 машин дамнаж нэг машин суудлын тээврийн хэрэгсэл хурдтай ороод ирсэн. Би эхлээд сигнал дарсан боловч яваад дөхөөд ирэхээр нь огцом тоормос гишгэсэн боловч тухайн тээврийн хэрэгсэл зогсохгүй шууд ирээд миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн урдаас мөргөсөн. Мөргөх үед би юу болсныг мэдээгүй, машинаасаа бууж ирэхэд хөл дээрээ сайн гишгэж чадахгүй, доголоод толгой маш эргэж, цээж хэсгээр таллаж өвдөөд, зүүн хөл гишгэж чадахгүй байсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч гэх эрэгтэй хүн согтуу машинаасаа бууж ирээд “сүртэй юм бэ, миний буруу гэж хэлээд байгаа биш үү” гээд үг хаяад зам дээр орилоод “надад алдах юм байхгүй” гээд байсан. Тэнд байсан хүмүүс цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн байх. Яаралтай түргэн тусламж ирээд намайг үзчихээд гэмтлийн эмнэлэг рүү нөгөө жолоочийн хамт авч явах гэсэн боловч нөгөө согтуу жолооч явахгүй гээд байсан. Тэгээд намайг гэмтлийн эмнэлэг авч яваад үзүүлэхэд зүүн хөлийн өвдөгний яс хугарсан, нуруу хэсэгт сэртэнгийн яс хугарсан байна гэсэн. Дараа нь би тээврийн цагдаа дээр очоод тогтоол аваад шүүх эмнэлэгт үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.23/,

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хх.24/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Сувд-Эрдэнийн өгсөн: “Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Х.Өсөхбаяр нь 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас Х.Өсөхбаяр нь 174,682 төгрөг гарсныг яллагдагч Э.М-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх.32/,

Эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл /хх.35/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10179 дугаартай:

“1. Х.Өсөхбаярын биед зүүн шаант ясны дээд булууны сэлтэрсэн хугарал цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.47-48/,

Хохирогчийн эмчилгээ, хохиролтой холбоотой баримтууд /хх.49-57/,

“Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 4-62 дугаартай үнэлгээний тайлан /хх.70-73/,

“Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 4-60 дугаартай үнэлгээний тайлан /хх.88-90/,

Мөрдөгчийн магадалгаа /хх.100/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.105-108/,

Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.112/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Мы яллагдагчаар өгсөн: “... би хохирогчид тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 7.5 сая төгрөг, эмчилгээний зардал 1.1 сая төгрөг, сүүлд журмын хашаанаас машиныг нь гаргаж өсөх гэж 355.000 төгрөгийг төлсөн. Нийт 9 сая гаруй төгрөгийг төлсөн байгаа...” /хх.113/,

Шүүгдэгчээс хохирол төлбөр төлсөн тухай дансны хуулбар /хх.115-121/,

“GSB Capital” ББСБ-ын албан бичиг /хх.136/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.37-42, 124-134/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.122/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

          Үйл баримтын дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Э.М нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Монелоос Дарь эх орох замд 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 19 цагийн орчим “Toyota Corolla” маркийн 79-71 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг тус тус зөрчиж “Toyota Prius” маркийн 29-05 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч Х.Өсөхбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх үйл баримтын талаар нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Э.Мыг холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж,

Мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “Согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.

Хохирогч А:Өсөхбаярын биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “зүүн шаант ясны дээд булууны сэлтэрсэн хугарал цээжинд цус хуралт” гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Э.М нь иргэн Х.Өсөхбаярын биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

          Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй болно.

Э.М нь хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

Шүүгдэгч Э.Мы гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.

Иймд шүүгдэгч Э.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн:

497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байна.

Шүүгдэгч Э.М нь хохиролд нийт 9,007,000 төгрөгийг сайн дураар нөхөн төлсөн байх бөгөөд Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 4 дэх хэсэгт заасны дагуу Гуравдугаар зэрэглэлийн сэтгэцийн хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээний буюу 8,580,000 шүүгдэгчээс гаргуулж хохирогч олгох нь зүйтэй.

Хохирогч Х.Өсөхбаяр нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд шүүгдэгч Э.Маас жич нэхэмжлэх эрхтэй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч Э.М гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Э.Мы үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт, хохирогчийн санал хүсэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Мд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авахаар шийдвэрлэв.

          Шүүгдэгч Э.Мд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж, 1.2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэж тус тус заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Э.Мд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 3 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл шинээр гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Мд зорчих эрхийг хасах ял оногдуулах тухай дүгнэлтийг улсын яллагч гаргасан боловч шүүгдэгчийн ар гэрийн болон хувийн байдал зэргээс үзэхэд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах шаардлагагүй байна.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан  ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүгдэгч Э.Мд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Б овогт Э Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Мд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар, шүүгдэгч Э.Мд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Э.Мд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл шинээр гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид сануулсугай. 

          5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд нийт 9,007,000 төгрөг, нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан  ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

          7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Э.Маас 8,580,000 төгрөг гаргуулж, хохирогч Х.Өсөхбаярт олгосугай.

          8. Хохирогч Х.Өсөхбаяр нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.Маас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Мд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                  С.ӨСӨХБАЯР