Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2022/00824

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “П ББСБ” ХХК /Д.Б,

 

Хариуцагч: Д.А.

 

Нэхэмжлэлийн шаардлага: 32 463 330 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, хариуцагч Д.А, хариуцагчийн өмгөөлөгч Н.Б, гэрч Д.Г.

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баяржаргал.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “П” ХХК нь хариуцагч Д.А-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 32 463 330 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. “П” ХХК нь хариуцагч Д.А-тай 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ЗГ18/15 дугаартай зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулсан. Барьцааны гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2205027579 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 хороолол, Амарсанаа гудамж 26 дугаар байр, 15 тоот хаягт байршилтай, 45.3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025020 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу /14200/, Б.Алтангэрэлийн гудамж, 5 дугаар барилгын 1002 тоот хаягт байршилтай, 91.31 м.кв талбайтай, оффис үйлчилгээний талбайг тус тус барьцаалж 150 000 000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, бизнесийн зориулалтаар зээлдүүлсэн. 150 000 000 төгрөгийг хариуцагчид 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дансаар шилжүүлэн хүлээлгэн өгсөн. Зээлийг гэрээгээр зээлдэгч нь зээл болон зээлийн хүүгийн төлбөрт сард 3 750 000 төгрөг төлөхөөр тохиролцсон.

 

1.2 Зээлийн гэрээний хугацаанд хариуцагч нь үндсэн зээлээс 130 000 000  төгрөг, зээлийн хүүд 13 050 000 төгрөг, нийт 143 050 000 төгрөг төлсөн.

 

1.3 Хариуцагчийн зээлийн гэрээний хугацаа сунгах хүсэлтийг хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 2 сарын хугацаатай зээлийн гэрээг сунгасан.

 

1.4 Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг зээлийн эргэн төлөлт хийхийг удаа дараа шаардаж албан бичиг хүргүүлсэн боловч хариуцагч нь өнөөдрийг хүртэл зээлийг төлж дуусгаагүй.

 

1.5 Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 20 000 000 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 10 470 000  төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1 993 330 төгрөг, нийт 32 463 330 төгрөг гаргуулж өгнө үү.

 

1.6 Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн БГ18/14 дугаар барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр танил Д.Г нь “П” ХХК-д миний таньдаг хүн байгаа, очоод шууд зээл гаргуулж болно, би зээлийн чинь зарим хэсгийг аваад өөрөө буцаагаад төлнө гэхээр нь би зөвшөөрч зээлийн гэрээг байгуулсан бөгөөд тухайн өдөр би өөрийн өмчлөлийн орон сууц болон оффисоо барьцаалж, гэрээ байгуулсан.

 

2.1 150 000 000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээл авахын өмнө Д.Г нь надад “би чамд зээл хурдан бүтээж өгье, би авсан зээлээс чинь 20 000 000 төгрөгийг аваад өөрөө хариуцаж хүүтэй нь хамт төлнө'’ гэсэн болохоор би зөвшөөрсөн. Зээл авсны дараа би Д.Г-гийн эхнэрийн данс руу 20 000 000 төгрөгийг шилжүүлж өгсөн.

 

2.2 Би зээлийн хүүгээ сар орчим төлж байгаад өөрийн хариуцаж авсан 130 000 000 төгрөгийн зээлийн 100 000 000 төгрөгийг хүүгийн хамт зээл авснаас хойш 1 сарын дараа, 30 000 000 төгрөгийг “П” ХХК-д зээлийн гэрээний хугацаа дуусахаас 2 сарын өмнө хүүгийн хамт бүрэн төлж барагдуулсан. Үүний дараа Д.Ганзоригийн хамтаар “П” ХХК дээр очиж уулзсан ба “би өөрийн авсан зээлээ бүрэн төлж барагдууллаа шүү, үлдсэн 20 000 000 төгрөгт холбогдох хэсэг надад хамааралгүй” болох талаар нэхэмжлэгчид хэлж, Д.Г ч “үлдсэн 20 000 000 төгрөг надад хамаарахгүй, би өөрөө төлж барагдуулна” гэж нэхэмжлэгчтэй тохиролцоод гэрээг сунгасан. Гэтэл үүнээс хойш Д.Г нь 20 000 000 төгрөгөө төлөхгүй байсан учир би үлдсэн хугацааны 4-5 сарын хүүг мөн төлсөн.

 

2.3 2019 оны 11 дүгээр сард “П” ХХК-иас намайг ирж уулз гэхээр нь би Д.Г-гийн хамт дахин очсон. Очиж Д.Г нь “П” ХХК-тай уулзаж, хүүгээс багасгаж өгөөч гэж хүсэлт гаргасан ба Д.Алтанхуяггүйгээр “П” ХХК-тай асуудлаа шийднэ гэж тохиролцсон. Тохиролцохдоо тохиролцооны бичиг үйлдэж, гарын үсэг зурсан. Түүнээс хойш би “П” ХХК-тай огт холбогдоогүй. Миний хувьд зээлээ бүрэн төлж барагдуулсан гэж үзэж байх тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь Д.Ганзоригоос гаргуулах ёстой гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс  “П” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, “П” ХХК-ийн дүрэм, зээлдэгчийн анкет, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, зээлийн гэрээ, мэдэгдэл, зээлийн гэрээний сунгалт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол, барьцаалбар, 000218219 дугаар, 000659946 дугаар Хаан банкны мөнгөн шилжүүлэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчийн хүсэлтээр шүүх нэхэмжлэгчээс “А 20 сая төгрөгийн зээл хамааралгүй, би төлнө” гэх Д.Г-гийн бичсэн гэх баримтыг гаргуулсан, нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Г-оос гэрчийн мэдүүлэг авсан.

 

5. Хариуцагчаас шүүхэд баримт гаргаж өгөөгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Пэлдэндабу ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлээс 30 470 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хэсгийг хангаж, 1 993 330 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

 

Хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэл 20 000 000 төгрөг, хүүгийн төлбөрт 10 470 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1 993 330 төгрөг, нийт 32 463 330 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах.

 

3. Хариуцагч Д.А-г нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Үүнд:

 

Зээлийн гэрээг Д.Ганзоригийн хүсэлтээр байгуулж, зээл 150 000 000 төгрөгөөс  20 000 000 төгрөгийг Д.Ганзоригт шилжүүлсэн. Барьцааны гэрээг байгуулж, өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан. Өөрт хамаарах 100 000 000 төгрөгийн зээл болон хүүгийн төлбөрт 30 000 000 төгрөг, нийт 130 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн. Үлдэх зээл 20 000 000 төгрөг болон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг Д.Ганзориг хариуцна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгч  “П” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, Санхүүгийн зохицуулах хорооны 1/188 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, “П” ХХК-ийн дүрэм, зээлдэгч Д.Алтанхуягийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн анкет, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн БГ18/14 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, мөн өдрийн ЗГ18/15 дугаар зээлийн гэрээ, нэхэмжлэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 019/037 дугаар, 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 021/16 дугаар, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 021/019 дугаар  мэдэгдэл, 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 019/021 дугаартай зээлийн гэрээний сунгалт, эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол, 11-1288412 дугаартай барьцаалбар, 11-1288955 дугаартай барьцаалбар, улсын бүртгэлийн Ү-2203025020 дугаар бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу /14200/, Б.Алтангэрэлийн гудамж, 5 дугаар барилгын 1002 тоот хаягт байршилтай, оффисын зориулалттай, 91.31 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн 000218219 дугаартай гэрчилгээ, улсын бүртгэлийн Ү-2205027579 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаа гудамж 26 дугаар байр, 15 тоот хаягт байршилтай, 45.3 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 000659946 дугаар гэрчилгээ, Хаан банкны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн мөнгөн шилжүүлэг, Д.Г-гийн бичсэн гэх “П ББСБ” ХХК-д гаргасан хүсэлт, гэрч Д.Г-гийн мэдүүлэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Зээлийн гэрээний үүрэгт 32 463 330 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

5.1 Зохигчийн хооронд 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ЗГ18/15 дугаар зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд зээлийн гэрээг талууд байгуулсан үйл баримтын талаар зохигч маргаагүй.

 

5.2 Харин хариуцагчийн үндсэн зээл 150 000 000 төгрөгөөс 20 000 000 төгрөгт ногдох үүргийг Д.Ганзориг хүлээнэ гэх тайлбар маргааны зүйл болж байна

5.3 Гэрээний 2.1-д зааснаар хариуцагч Д.Алтанхуяг нь бизнесийн зориулалтаар нэхэмжлэгчээс 150 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан хэмжээгээр тохиролцсон ба /хэргийн 21-23 дугаар тал/ гэрээний хугацааг 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаагаар сунгасан байна. /хэргийн 51 дүгээр тал/

 

5.4 Хариуцагч нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгчээс зээл хүссэн тухай анкет /хэргийн 18 дугаар тал/ хэрэгт авагдсан байна. Улмаар талууд 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ЗГ18/15 дугаарзээлийн гэрээг байгуулж, хэн аль нь зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул уг гэрээг талуудын хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзнэ.

 

5.5 Зээлийн гэрээний зүйл болон талуудын эрх, үүрэг зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна. Өөрөөр хэлбэл, мөн зүйлд зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

5.6 Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь зээл 150 000 000 төгрөгийг хариуцагчийн Хаан банк дахь 5085076270 дугаар дансанд бэлэн бусаар шилжүүлсэн байна. /хэргийн 59 дүгээр тал/ Иймд нэхэмжлэгчийгИргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн мөнгөн хөрөнгө 150 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

5.7 Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ.

 

5.8 Зээлийн гэрээнд зээлдэгчийг төлөөлж хариуцагч Д.А гарын үсэг зурсан, зээлийн мөнгөн хөрөнгө болох 150 000 000 төгрөгийг хариуцагч хүлээн авсан үйл баримт тогтоогдож байх тул хариуцагчийг зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч гэж үзэх бөгөөд харин Д.Ганзоригийг дээрх гэрээний хувьд хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч нь гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй. Нөгөөтээгүүр, хэрэгт Д.Ганзориг нь зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 20 000 000 төгрөгийг төлнө гэх агуулга бүхий баримт авагдсан байх боловч энэ нь хариуцагчийг гэрээний үлдэх үүргээс чөлөөлөхүндэслэл болохгүй. Учир нь, уг баримт нь нэг талын буюу Д.Ганзоригийн хүсэл зориг байх бөгөөд уг хүсэл зоригийн илэрхийллийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн “...зээлийн үлдэгдэл 20 000 000 төгрөг, хүүгийн болон нэмэгдүүлсэн хүүг би хариуцахгүй” гэх татгалзал үндэслэлгүй байна.

 

5.9 Хариуцагч гэрээний хугацаанд үндсэн зээл 150 000 000 төгрөгөөс 130 000 000  төгрөгийг үндсэн зээлийн төлбөрт, 13 050 000 төгрөгийг хүүгийн төлбөрт, нийт  143 050 000 төгрөгийг гэрээний үүрэгт төлсөн үйл баримын талаар зохигч маргаагүй.

 

 

5.10 Талууд зээлийн гэрээний хугацааг 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаагаар сунгасан байх бөгөөд уг үйл баримтын талаар маргаагүй. Зээлийн гэрээний хугацааг сунгасан гэрээгээр үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийн хэмжээг 20 000 000 төгрөг гэж тодорхойлсон байна. Түүнчлэн, хариуцагч нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 20 000 000 төгрөг төлөөгүй болох нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоор тогтоогдож байхаас гадна тэрээр үүнийг баримтаар үгүйсгээгүй. Иймд хариуцагчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй байх бөгөөд мөн зүйлд зааснаар нэхэмжлэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл 20 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

5.11 Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болох бөгөөд талууд гэрээний 2.1 болон гэрээний хугацааг сунгасан гэрээнд хүүгийн хэмжээг үндсэн зээлийн сарын 2.5 хувь байхаар заасныг талууд хүүгийн талаар тохиролцсон гэж үзнэ.

 

5.12 Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй. Хариуцагч нь 20 000 000 төгрөгийн үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 10 470 000 төгрөг төлөөгүй болох нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоор тогтоогдож байхаас гадна хариуцагч нь үүнийг баримтаар үгүйсгээгүй. Иймд хариуцагчийг хуульд заасан хүүгийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэхгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар хүүгийн төлбөрт 10 470 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

5.13 Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Өөрөөр хэлбэл, талууд нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг гэрээнд зааж болох бөгөөд уг хэмжээ нь үндсэн хүүгийн хорин хувиас хэтэрч болохгүй.

 

5.14 Гэрээний гэрээний 2.7-д нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг “...хэтэрсэн зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл дүнгээс Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасны дагуу тооцсон...” гэж заасан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэсэнтэй нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээний талууд нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээний талаар гэрээгээр тохиролцох ёстой бөгөөд тохиролцсон хэмжээ нь үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэрч болохгүй. Гэтэл гэрээнд нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг “...Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасны дагуу тооцсон...” гэж заасан нь нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг гэрээгээр тохиролцсон буюу тогтоосон гэж үзэх үндэслэлгүй болохгүй байна. Иймд нэхэмжлэгч нь мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагчаас нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1 993 330 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй.

 

6. Үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

 

6.1 Талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр БГ18/14 дугаартай барьцааны гэрээ байгуулагдсан байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Уг барьцааны гэрээгээр дээрх зээлийн гэрээний барьцаанд хариуцагч болон А.Тэмүүлэнгийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2203025020 дугаар бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу /14200/, Б.Алтангэрэлийн гудамж, 5 дугаар барилгын 1002 тоот хаягт байршилтай, оффисын зориулалттай, 91.31 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг, улсын бүртгэлийн Ү-2205027579 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаа гудамж 26 дугаар байр, 15 тоот хаягт байршилтай, 45.3 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан нь барьцааны гэрээ болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. Түүнчлэн, дээрх гэрээг улсын бүртгэгч 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 11-1288412 дугаар, 11-1288955 дугаар барьцаалбар үйлдэж, тэмдгээ дарж баталгаажуулсан байна.

 

6.2 Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасантай нийцэж байх тул гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчийг үндсэн үүргээ биелүүлэхгүй тохиолдолд мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 20 000 000 төгрөг, хүүгийн төлбөрийн үлдэгдэл 10 470 000 төгрөг, нийт 30 470 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 1 993 330 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390 470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 380 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Д.А-с 30 470 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “П” ХХК-д олгож, үлдэх 1 993 330 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2203025020 дугаар бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу /14200/, Б.Алтангэрэлийн гудамж, 5 дугаар барилгын 1002 тоот хаягт байршилтай, оффисын зориулалттай, 91.31 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг, улсын бүртгэлийн Ү-2205027579 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаа гудамж 26 дугаар байр, 15 тоот хаягт байршилтай, 45.3 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тусхудалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390 470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 380 500төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.БАЯСГАЛАН