Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1187

 

 

 

 

 

 

2024         11         05                                         2024/ШЦТ/1187

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Б.Ариунтөр,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр /ҮД:1886/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Бид холбогдох 2402 00000 2350 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19......... оны ........... дугаар сарын .........-ны өдөр .........аймгийн ............ суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, .............дүүргийн........... дүгээр хороо, .................тоотод оршин суух; улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ш овогт ББ /РД: /.

Хэргийн товч агуулга:     

Б.Б нь 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 08 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн уул гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох Сибирийн нарс/Хуш/-ны үр буюу самар нийт 350,1 килограммыг түүж бэлтгэн, 69-31 УНГ улсын дугаартай “Daihatsu Terios” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль орчинд 34,624,890 төгрөгийн хохирол учруулж “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн” гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

Цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас /хх.02/,

Баримт бичиг хураан авсан тэмдэглэл /хх.05-06/,

Тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх.07-15/,

Хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хязгаарлах тухай прокурорын зөвшөөрөл /хх.19/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх.20-23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Оргилийн өгсөн: “...Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/146 дугаартай журам батлах тушаал байдаг. Уг журмын 8.2 дахь хэсэгт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон захиргааны журмаар олсон, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д “байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж, хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого”, 12.1.6-д заасны дагуу хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлогыг тус тус Төрийн сан банкны Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төвлөрүүлнэ гэж заасан байдаг...”, “...Нийслэлийн ногоон бүсээс хувь хүн ахуйн хэрэгцээнд самар бэлтгэхийг хориглосон учраас Ойн дагалт баялаг бэлтгэх зөвшөөрлийг олгохгүй байгаа.... шинжээчийн дүгнэлтээр гарсан мөнгөн дүнг хуулийн дагуу төлүүлэх болно...” гэх мэдүүлэг /хх.33-34/, 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2704 дугаартай:

“1. Сибирь нарс (xyiu)-Pinus sibirica Du Tour-ны цайруулсан /самар/ байна.

2. Сибирь нарс (xym)-Pinus sibirica Du Tour нь “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал. Сибирь нарс (xyiu)-Pinus sibirica Du Tour-ийн үр буюу самар нь ойн дагалт баялагт ордог.

3. Шинжилгээнд ирүүлсэн үрийн түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй.

4. Сибирь нарс (xym)-Pinus sibirica Du Tour нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал-газарзүйн тойрогт тархдаг.

- Хуш модны самрыг таримал эсвэл байгалийн зэрлэг болохыг тодорхойлох боломжгүй.

5. Шинжилгээнд ирсэн самрын дундаж чийг нь 24.6% байх тул нойтон байна.

6. Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Тус стандартад заасны дагуу хадгалаагүй тохиолдолд чанар муудах; хөгцрөх боломжтой.

7. Дээрх стандартын дагуу хадгалаагүй тохиолдолд жин, хэмжээ, чийгшилд өөрчлөлт орох боломжтой. Хугацааг нь тогтоох боломжгүй.

8. 1 кг нойтон Хуш модны самрын экологи эдийн засгийн үнэлгээ нь 98.900 төгрөг байна. 98,900x350,1=34.624.89.

9. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу хураан авсан самар нь 457.8 кг Хуш модны самрын “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-р заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцвол 98.900х 3x350.1кг =135.829.260 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсан 350.1 кг Хуш модны самрын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дугаар заалтад зааснаар ургамлын аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцвол 98900x5x350.1кг=173.124.450 төгрөг байна” гэх дүгнэлт /хх.47-53/,

“Дамно Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ЭК-24-15 дугаартай дүгнэлт /хх.59-65/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх.75-77/,

Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.79-80/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бийн яллагдагчаар өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн байцын доод Тохойнд хадлан хадаж байсан юм. Тэгсэн хүмүүс самар байна гээд самарт яваад байхаар нь би түүж хэдэн төгрөг болгох санаатай 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улиастайн уулын Баянголын амаар дээш өгсөөд замын баруун талд байх ой дотроос самрыг би ганцаараа түүж бэлтгэсэн, тэнд хүмүүс бас самар түүж байсан, 2 хоног түүсэн самраа ой дотор байсан танихгүй хүнээс гуйж самраа цайруулж авсан. Тэгээд цайруулсан самраа 8 шуудайнд хувааж өөрийн эзэмшлийн 69-31 УНГ улсын дугаартай “Daihatsu Terios” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлээд 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр үдээс хойш ачаад явж байгаад Улиастайн тэнд цагдаад баригдсан. Би самар түүхдээ ганцаараа байсан. Надад ямар нэгэн албан тушаалтнаас самар бэлтгэх зөвшөөрөл авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.81-83/,

Шүүгдэгч Б.Бийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.86-99, 107-110/,

Байгаль орчны газрын хуш модны самар бэлтгэх зөвшөөрөл олгогдоогүй тухай албан бичиг /хх.101/,

Байгаль орчин, уур амьсгалын яамны албан бичиг /хх.103/,

Хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт /хх.129/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.130-131/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.Б өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бид 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

          Шүүгдэгч Б.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Б.Бийн хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 36 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүгдэгч Б.Боос ургамлын аймагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн 173.124.450 төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Байгаль орчин, уур амьсгалын санд олгож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох хэрэгт эд мөрийн баримтаар хурааж, Цагдаагийн Ерөнхий газрын Хангалт үйлчилгээний төвийн хашаанд байрлах Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримтын агуулахад хадгалж байгаа 350.1 кг цайруулсан хуш модны самрыг хураан авч, зохих үнэлгээ хийлгэж худалдан борлуулж, мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан бусдын эзэмшлийн 69-31 УНГ улсын дугаартай “Daihatsu Terios” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 2,082,500 төгрөгийг шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж, хохирол нөхөн төлүүлэхэд тус тус хасаж тооцохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган, автомашины шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бид урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт ББийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бид 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Бид оногдуулсан 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 36 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

4. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох хэрэгт эд мөрийн баримтаар хурааж, Цагдаагийн Ерөнхий газрын Хангалт үйлчилгээний төвийн хашаанд байрлах Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримтын агуулахад хадгалж байгаа 350.1 кг цайруулсан хуш модны самрыг хураан авч, зохих үнэлгээ хийлгэж худалдан борлуулж, мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан бусдын эзэмшлийн 69-31 УНГ улсын дугаартай “Daihatsu Terios” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 2,082,500 төгрөгийг шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж, хохирол нөхөн төлүүлэхэд тус тус хасаж тооцохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган, автомашины шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Боос 173.124.450 төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Байгаль орчин, уур амьсгалын санд олгосугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                  С.ӨСӨХБАЯР