Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2022/00904

 

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2022/00904

Улаанбаатар хот

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х.Б,

 

Хариуцагч: Б.У,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 38 500 000 төгрөг гаргуулах

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, хариуцагч Б.У, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б.

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баяржаргал.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Б.У холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 38 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1. Миний бие 2019 оны 5 дугаар сард ажил төрлийн найз болох н.Алтанжолоогоор дамжуулан Б.У гэх хүнд 80 м/к алтны шороо угаах хүчин чадалтай /экскуббер/ алт угаадаг усан бууг 60 000 000 төгрөгөөр хийж өгч худалдахаар тохиролцон урьдчилгаа 15 000 000 төгрөгийг бэлнээр авч, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хийж дуусган захиалагч Б.Ууганбаатарт хүлээлгэж өгсөн. Б.Ууганбаатар нь үлдэх 45 000 000 төгрөгөөс 2020 оны 7 дугаар сард 6 500 000 төгрөг өгсөн. Иймд хариуцагчаас үлдэгдэл төлбөр 38 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Бидний хооронд дээрх эд хөрөнгийг худалдах, худалдах авах гэрээний харилцаа үүсээгүй. Нэхэмжлэлд “...алт угаадаг тоног төхөөрөмжийн үнэ 60 000 000 төгрөгөөс 21 500 000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 38 500 000 төгрөгийг надаар гаргуулах” тухайд дурдсан байна. Миний бие 21 500 000 төгрөг төлсөн зүйл байхгүй. Надад 60 000 000 төгрөгийн үнэтэй алт угаадаг тоног төхөөрөмж хүлээлгэж өгсөн зүйл байхгүй. Алт угаадаг ямар ч тоног төхөөрөмж надад байхгүй. Би тухайн үед н.Энхбаяр, н.Сүхбаатар нарт хөрөнгө оруулах зорилгоор 15 000 000 төгрөг өгч байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 779 дүгээр тогтоол, 6 ширхэг фото зураг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Л.Э, Б.А нараас гэрчийн мэдүүлэг авсан.

 

5. Шүүхийн санаачилгаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Х.Б, Б.У нарыг гэрчээр байцаасан тэмдэглэлийг бүрдүүлсэн.

 

6. Хариуцагчаас нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

 

Хариуцагчид алтны шороо угаах хүчин чадалтай /экскуббер/ алт угаадаг усан бууг 60 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, хүлээлгэн өгсөн. Урьдчилгаа 15 000 000 төгрөгийг бэлнээр авсан. Үлдэх 45 000 000 төгрөгөөс 2020 оны 7 дугаар сард 6 500 000 төгрөг авсан. Иймд үлдэгдэл 38 500 000 төгрөг гаргуулах.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

 

Нэхэмжлэгчтэй алтны шороо угаах хүчин чадалтай /экскуббер/ алт угаадаг усан бууг худалдах авахаа хэлэлцэж тохиролцоогүй. Уг төхөөрөмжийг хүлээн аваагүй бөгөөд энэ талаар эрх зүйн харилцаанд оролцоогүй. Урьдчилгаанд нийт 21 500 000 төгрөгийг би төлөөгүй. Би тухайн үед н.Э, н.С нарт хөрөнгө оруулах зорилгоор 15 000 000 төгрөг өгч байсан.   

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хаан банк дахь Хөхөө Батсуурийн 5057559455 дугаар дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 779 дүгээр тогтоол, 6 ширхэг фото зураг, гэрч нарын мэдүүлэг, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст Х.Б, Б.У нарын өгсөн гэрчийн мэдүүлэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Талуудын хооронд алтны шороо угаах хүчин чадалтай /экскуббер/ алт угаадаг усан бууг 60 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар харилцан тохиролцсон эсэх, хэлцлийг зүйлийг хариуцагч хүлээн авсан эсэх, хариуцагч хариуцвал зохих этгээд мөн эсэх нь маргааны зүйл болж байна.

 

6. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх үзэв. Учир нь, хэрэгт  Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокурорын 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 779 дугаар тогтоол авагдсан байх бөгөөд уг тогтоолоор хохирогчХ.Батмөнхийн “...Б.Ууганбаатар надаас алтны шороо угаах хүчин чадалтай /экскуббер/ алт угаадаг усан бууг 60 000 000 төгрөгөөр худалдан авч, урьдчилгаанд 15 000 000 төгрөгийг өгсөн. Үлдэх 45 000 000 өгөөгүй” гэх агуулга бүхий гомдол, мэдээллийг шалгаад Х.Батмөнх, Б.Ууганбаатар нарын хооронд үүссэн эд хөрөнгийн маргаан нь иргэд хоорондын иргэний эрх зүйн шинжтэй маргаан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд прокурорын тогтоол хүчинтэй хэвээр байна. /хэргийн 5 дугаар тал/ Түүнчлэн, хариуцагч нь 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст гэрчийн мэдүүлэг өгсөн “...найз С, Э, А нартай алтны уурхайд ...алт олборлохоор гараад Батмөнх гэдэг хүнээс анх алт угаах төхөөрөмж бэлэн байсан хуучин төхөөрөмжийг янзлуулж авсан тухайн үед 15 сая төгрөг урьдчилгаанд өгсөн”, “...тухайн алтны тоног төхөөрөмжийг 65 билүү 60 сая билүү ямар ч байсан тэгж ярьж байсан би санахгүй байна” гэх тайлбараас үзвэл уг үйл явдал Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хэлцлийн шинжийг агуулсан байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчидалтны шороо угаах хүчин чадалтай /экскуббер/ алт угаадаг усан бууг худалдах, хариуцагч нь түүнийг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон үнийг төлөхөөр харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

7. Дээрх тохиолдолд хэлцлийн гол тохиролцооны нэг нь худалдаж буй эд хөрөнгө байдаг. Хариуцагчийн цагдаагийн байгууллагад өгсөн дээрх “...Батмөнх гэдэг хүнээс анх алт угаах төхөөрөмж бэлэн байсан хуучин төхөөрөмжийг янзлуулж авсан” гэх тайлбараас үзвэл хариуцагчийг гэрээний зүйл болох алтны шороо угаах хүчин чадалтай /экскуббер/ алт угаадаг усан бууг хүлээн авсан буюу нэхэмжлэгчийг тухайн эд зүйлийг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэж үзнэ.

 

8. Түүнчлэн, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хэлцлийн гол шинж нь хөрөнгийн үнэ байдаг бөгөөд худалдан авагч хөрөнгийг хүлээн авсан тохиолдолд худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй. Хариуцагчийн цагдаагийн байгууллагад өгсөн “...тухайн алтны тоног төхөөрөмжийг 65 билүү 60 сая билүү ямар ч байсан тэгж ярьж байсан би санахгүй байна” гэх тайлбараас үзвэл тухайн алтны шороо угаах хүчин чадалтай /экскуббер/ алт угаадаг усан бууны үнийг талууд 60 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохиролцсон гэж үзнэ.

 

9. Гэрээний үнээс 15 000 000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид төлсөн нь нэхэмжлэгчийн тайлбар болон хариуцагчийн гэрчээр өгсөн “...урьдчилгаанд 15 000 000 төгрөгийг өгсөн” гэх тайлбараар нотлогдож байна. Мөн Х.Батсуурийн Хаан банк дахь 5057559455 дугаар дансанд 5450500004 дугаар данснаас 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр нийт 6 500 000 төгрөгийг “бууны төлбөр” гэх утгаар шилжүүлсэн байх бөгөөд үүнийг нэхэмжлэгч нь гэрээний үнэд тооцон хүлээн авсан байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь уг шилжүүлгийг гэрээний үнэд тооцон хүлээн авч, үлдэх үүргийг хариуцагчаас шаардсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай харшлаагүй байна.

 

10. Нөгөөтээгүүр, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлийг үгүйсгэх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, мөн уг үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар үгүйсгэж чадаагүй байхаас гадна өөрийн татгалзлаа мөн зүйлд зааснаар баримтаар нотлоогүй.

 

11. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар гэрээний үүрэгт үлдэгдэл 38 500 000 төгрөгийг шаардах эрхтэй.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 350 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.У-с 38 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Б-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 350 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.БАЯСГАЛАН