Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2020/0694

 

2020 10 28 128/ШШ2020/0694

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч У.Бадамсүрэн, шүүгч Н.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.А,

Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба,

Гуравдагч этгээд: Д.Э, Л.А,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/378 дугаар захирамжийн дагуу иргэн Г.Аийн эзэмшил газрыг барилгын талбайн хэмжээ болох 2836 м.кв газрыг Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14, 23.3.9-т заасны дагуу газрын кадастр, газрын нэгдмэл сан, эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Э, иргэдийн төлөөлөгч Б.Б,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага дэмжиж байна. Нэхэмжлэгч Г.А нь анх Баянгол дүүргийн Засаг даргын 2009 оны 478 дугаартай захирамжаар 3800 м.кв газрыг эзэмшсэн. Улмаар Нийслэлийн Засаг даргын А/378 дугаартай захирамжаар 3377 м.кв болгож газар эзэмших эрхээ баталгаажуулсан. Одоо энэ газраа эзэмшиж байгаа. Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг үндэслээд тухайн үеийн Газрын албатай, газар эзэмших гэрээ байгуулсан хэдий боловч тухайн үеийн Газрын алба нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.3-т заасан буюу газар эзэмших байршил, нэгж талбарын дугаар бүхий кадастрын зургийг олгоогүй нь Газрын тухай хуульд заасан газар эзэмших гэрээ байгуулан, эрхийн гэрчилгээ олгон, улмаар Улсын бүртгэлд бүртгүүлнэ гэсэн хуулийн заалтыг зөрчсөнөөс болоод нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж байгаа. Одоогоор өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрх нь Кадастрын хэлтэст бүртгэлгүй байгаа. Үүнтэй холбоотойгоор нотлох баримт цуглуулах үед мөн тогтоогдсон.

Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар нь газрын байршил заагийн талаар ярилцсан ба одоогийн байдлаар гуравдагч этгээдийн эзэмшиж буй 4878 м.кв газарт нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа барилга барьсан газар дээр 153 м.кв газар давхцах хэмжээгээр орсон ба үүнийг урьдчилсан байдлаар ярилцан тохиролцсон байгаа. Нийслэлийн Засаг даргын газар эзэмшүүлсэн шийдвэрийн хүрээнд кадастрын зурагтаа өөрчлөлт оруулаад Улсын бүртгэлд бүртгүүлэхэд нэхэмжлэгчийн болон гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөхгүй гэж үзэж байгаа. Иймд газар зохион байгуулалтын албанд холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/378 дугаар захирамжийн дагуу иргэн Г.Аийн эзэмшил газрыг барилгын талбайн хэмжээ болох 2836 м.кв газрыг Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14-т заасны дагуу газрын кадастрын нэгдсэн санд бүртгэхийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Мөн Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна... гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчид 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 3800 м.кв газрыг эзэмшүүлсэн байдаг. 2014 оны 12 дугаар сард Нийслэлийн Засаг даргаар баталгаажуулсан юм. 5 жилийн хугацаатайгаар газар эзэмших шийдвэр гарсан. Үүнээс харахад зэрэг анх эзэмшүүлсэн 3377 м.кв нь хүчин төгөлдөр байгаа юм. 2, 3 болон 4 дүгээр цэгүүдэд давхцал байвал үүнийг хасах тухай буюу багасгуулах хүсэлтийг тавьсан нь хууль ёсны гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс өнөөдрийн байдлаар гуравдагч этгээдтэй эвлэрэн шийдэгдсэнээр хэн нэгний эрх ашиг зөрчигдөх нөхцөл байдал үүсэхгүй гэж үзэж байна. гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн Д.Э болон Л.А нар нь Баянгол дүүрэгт нийтдээ 10 гаруй жил маргаан бүхий давхцалтай газрыг эзэмшиж байгаа. Гуравдагч этгээдийн газрын хавтаст хэрэгт авагдсан 2, 3 болон 4 дүгээр цэгүүдэд нэхэмжлэгчийн байрны хойд хэсэг нь таарсан, давхацсан байдаг. Энэ талаар бид нар ярилцаад нэгэнт барилгын суурь баригдсан тул өөрийнхөө давхцаж байгаа 2, 3 болон 4 дүгээр цэгээ нааш нь татаад, нэхэмжлэгчийн байшингийн хойд талын хашаагаар хажуу талаас нийтдээ 153 м.кв газрыг хасахыг зөвшөөрсөн байгаа.

Манайх Баянгол дүүргийн Засаг даргатай хасагдаж байгаа талбайгаа нэмж авах, буюу өөр талдаа шилжүүлж авах талаар боломжтой эсэх талаар ярилцаад, боломжгүй бол заавал нэмж авах гэсэн шаардлага байхгүй байгаа юм. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны тайлбараас иргэн Г.Ат гаргасан захирамжийн хүрээнд газрыг бүртгэх үүрэгтэй байсан. Гэтэл үүргээ биелүүлээгүйгээс хамаарч 3 жил гаран явсан байгаа. Иргэн Г.А нь багасгасан хэсэгтээ бүртгүүлье. Энэ хугацаанд газар эзэмшиж байгаа болон бизнесийн үйл ажиллагаанд чирэгдэлтэй байдаг. Иргэн Г.А нь 2836 м.кв буюу багасгасан хэмжээгээр бүртгүүлье. Бүртгэсний дараа Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд талбайн хэмжээг буруулснаар сунгах боломжтой. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчийн захирамжийн хугацаа нь дууссан байгаа. Шүүхэд маргаантай байгаа гэдэг байдлаар хугацаа нь сунгагдаагүй болов уу. Манайд ч гэсэн ийм асуудал байгаа.

Иймд заавал захирамж гаргаад, үүний дараа бид нар бүртгэнэ гэдэг нь төрийн захиргааны байгууллагын эс үйлдэхүй байгаа юм. Энэ бол ямар ч ач холбогдолгүй зургийг нь бүртгэж оруулсны дараа захирамжийн хугацааг нь сунгатал талбайн хэмжээг өөрчлөн бүртгэх боломжтой асуудал юм. Үүнд бол хүн ойлгохгүй зүйл болоод хүмүүст чирэгдэл үүсгээд байх зүйлгүй юм. Манай талбайгаас хасагдаж байгаа 153 м.кв газрыг шүүхээс захирамж гаргахдаа Баянгол дүүргийн Засаг даргатай харилцан тохиролцохоор нээлттэй үлдээж өгнө үү.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь хуульд заасан чиг үүргээ биелүүлээгүй. Мэргэжлийн буюу газар зохион байгуулах ажиллагаа хийгээгүй байж шүүх дээр өнөөдөр ийм байр суурьтай байгаа нь учир дутагдалтай байна. Манай талаас нэгэнт барилгын сууринд 2,3 болон 4 дүгээр цэг нь ороод байгаа учир бид нар өгнө гэж тохирсон. Үнэхээр шаардлагатай бол Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд гуравдагч этгээдийн зүгээс талбайгаас хасуулах хүсэлт бичиг баримтаа өгч болно. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн буюу хангасан тохиолдолд Г.Аийн байшингийн зүүн хойд хашаанаас ЦТП хүртэл байдлаар буюу газрын сууриар бүртгэх гэсэн, гуравдагч этгээдийн дүүргийн газрын албатай асуудлаа ярих боломжтой байдлаар үгчлэн оруулж өгнө үү гэж хүсэж байна. гэв.

Хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчид 2015 оны 4 дүгээр сарын 31-ний өдрийн А/378 дугаар захирамжаар 3377 м.кв газар олгосон. Тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргасны дараа Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь бүртгэл хийх боломжтой. Иймд 3377 м.кв биш, 2863 м.кв болж Захирамж буюу шийдвэр гараагүй тул бүртгэх боломжгүй юм. Нэхэмжлэгч талаас талбайн хэмжээг өөрчлөх, багасгах хүсэлт өгөөд түүний дагуу захирамж гаргах юм бол бүртгэхэд асуудал байхгүй. Захирамжгүй байхад тухайн иргэний газрын талбайн хэмжээг өөрчлөх, Улсын бүртгэлд оруулна гэдэг нь хууль зөрчсөн үйл ажиллагаа юм. 2015 оны захирамж нь 2008 оны Баянгол дүүргийн Засаг даргын захирамжийг баталгаажуулсан захирамж байгаа. Хэрэв манай зүгээс 2014 оны 12 дугаар сарын анх олгосон Г.Ат олгосон захирамжаа хүчингүй болговол 2009 оны захирамж нь өөрөө сэргэх юм. Тэгэх юм бол 2015 оны Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу бүртгэл явагдана. Бүртгэл явагдаад эрх нь шилжсэн тохиолдолд энэ 2 нь зохих журмаар гэрээ байгуулаад бүртгэл нь хийгдэх боломжтой. 2014 оны Баянгол дүүргийн Засаг даргын захирамж одоо болтол хүчинтэй хэвээрээ байгаа. гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрэлэх ажиллагааны явцад хэд хэдэн удаа нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, өөрчилж, тодруулсан бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр эцсийн байдлаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/378 дугаар захирамжийн дагуу иргэн Г.Аийн эзэмшил газрыг барилгын талбайн хэмжээ болох 2836 м.кв газрыг газрын нэгдмэл сан, эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг даалгах, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан Гуравдагч этгээд нарын эзэмшил газарт иргэн Г.Аийн барилгын хэсэг орж тухайн хэсгийг гуравдагч этгээд нараас шилжүүлэн өгсөн 153 мкв талбайг харъяа газар зохион байгуулалтын албатай хамтран талбайн хэмжээнд өөрчлөлт оруулахгүй эзэмшил газрын бусад хэсэгт шилжүүлэн олгохыг даалгах гэж өөрчилсөн боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн Гуравдагч этгээд нарын эзэмшил газарт иргэн Г.Аийн барилгын хэсэг орж тухайн хэсгийг гуравдагч этгээд нараас шилжүүлэн өгсөн 153 мкв талбайг харъяа газар зохион байгуулалтын албатай хамтран талбайн хэмжээнд өөрчлөлт оруулахгүй эзэмшил газрын бусад хэсэгт шилжүүлэн олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсыг баталж, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Шүүх үлдэх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчид Баянгол дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 478 дугаар захирамжаар тус дүүргийн 20 дугаар хороо Монгол газар ХХК-ийн зүүн талд байрлах 3800 мкв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулжээ.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/378 дугаар захирамжаар 3377 мкв газрын эзэмших эрхийг баталгаажуулж, 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан боловч газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй байна.

Гуравдагч этгээд нарт Баянгол дүүргийн Засаг даргын 2006 оны 281 дүгээр захирамжаар 6000 м.кв гаар эзэмшсэнээс хойш талбайн хэмжээ 2014 оны А/26 дугаар захирамжаар 4812 м.кв, 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/481 дүгээр захирамжаар 5567 м.кв, 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/655 дугаар захирамжаар 4887 м.кв болгон тус тус өөрчлөгдөж байжээ.

Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газар тодорхой хэмжээгээр тавхцалтай болох нь шинжээчийн дүгнэлт, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2/2329 тоот, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 20-04/4745 тоот албан бичгүүдийн хавсралтаар ирүүлсэн агаар сансрын зураг зэргээр нотлогдож байна.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д Аймаг, нийслэлийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна гээд 23.3.9-д газар эзэмших, ашиглах эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.1-д заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д Эрх бүхий этгээд газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай шийдвэр гаргаснаас хойш ажлын 15 өдрийн дотор энэ тухай мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд оруулна гэж тус тус заажээ.

            Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.1-д Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал газар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхдээ дараах мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд оруулж, цахимаар мэдүүлэх ба мэдүүлгийн үнэн зөвийг хариуцна гээд 28.1.4-д газрын кадастрын зураг гэжээ.

Дээрхээс дүгнэвэл газрын мэдээллийн санг хөтлөх, түүнд бүртгэл хийх нь хариуцагчийн үүрэг байх бөгөөд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас харилцан тохиролцож гуравдагч этгээдээс өөрийн эзэмшиж буй 4878 м.кв газраас нэхэмжлэгчийн эзэмшиж буй барилгын давхацсан хэсэг болох 153 м.кв газар шилжүүлэх, нэхэмжлэгчээс талбайн хэмжээг 2836 м.кв болгон бууруулж газрын нэгдмэл сан, эрхийн улсын бүртгэлд бүртгэх талаар хүсэлтийг гаргаж байхад хариуцагчаас нэхэмжлэгчийн газрын хэмжээг багасгасан эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр гараагүй гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзаж буй нь хуульд нийцээгүй байна.

            Учир нь нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар газрын давхацлын талаар харилцан тохиролцсон, нэхэмжлэгчийн газрын байршил, зориулалт өөрчлөгдөөгүй, талбайн хэмжээ ихсээгүй харин ч багассан байхад хариуцагчийн дээрх татгалзал үндэслэлгүй байна.

            Өөрөөр хэлбэл хариуцагчаас нэхэмжлэгчийн хүсч буй хэмжээгээр түүний эзэмшиж буй газрыг мэдээллийн санд бүртгэснээр хэн нэгэн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөгүй бөгөөд маргаан бүхий газрын газар эзэмших эрх сугагдсан тохиолдолд тухайн захиргааны актаар газрын хэмжээг зөвтгөх боломжтой.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12, 106.3.12, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн Гуравдагч этгээд нарын эзэмшил газарт иргэн Г.Аийн барилгын хэсэг орж тухайн хэсгийг гуравдагч этгээд нараас шилжүүлэн өгсөн 153 мкв талбайг харъяа газар зохион байгуулалтын албатай хамтран талбайн хэмжээнд өөрчлөлт оруулахгүй эзэмшил газрын бусад хэсэгт шилжүүлэн олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсыг баталж, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

2.  Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.9, 33 дугаар зүйлийн 33.7, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.1, 28.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/378 дугаар захирамжийн дагуу иргэн Г.Аийн эзэмшил газрыг барилгын талбайн хэмжээ болох 2836 м.кв газрыг газрын нэгдмэл сан, эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ  У.БАДАМСҮРЭН

ШҮҮГЧ  Н.ДУЛАМСҮРЭН