Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2026/00160

 

Ю.Б-ын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Н.Баярмаа даргалж, шүүгч Н.Батчимэг, Э.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026.01.15-ны өдрийн 305/ШШ2026/00074 дүгээр шийдвэр,

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.03.16-ны өдрийн 215/МА2026/00012 дугаар магадлалтай,

 

Ю.Б-ын нэхэмжлэлтэй

ГАХСЕБСд холбогдох,

 

ГАХСЕБС-ийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг

 

Нэхэмжлэгч Ю.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ю.Б-, түүний өмгөөлөгч Л.О, Ж.Д /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ю.Б- нь хариуцагч ГАХСЕБСд холбогдуулан ГАХСЕБС-ийн захирлын 2024.10.31-ний өдрийн Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.

2. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026.01.15-ны өдрийн 305/ШШ2026/00074 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2. дахь хэсэгт заасныг баримтлан СБ овгийн Ю.Б-ын ГАХСЕБС-ийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар СБ овгийн Ю.Б-ын ажилгүй байсан 199 хоногийн хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 23,165,192 төгрөгийг ГАХСЕБС-иас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч Ю.Б-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар Ю.Б-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг ГАХСЕБСд үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70,200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 23,165,192 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 273,776 төгрөг, нийт 343,976 төгрөгийг хариуцагч ГАХСЕБС-иас гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.

 

3. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.03.16-ны өдрийн 215/МА2026/00012 дугаар магадлалаар: Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026.01.15-ны өдрийн 305/ШШ2026/00074 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345,576 төгрөгийг улсын орлогоос гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгч Ю.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байгаа болно.

Миний бие 2024.10.16-ны өдөр ажлын байран дээр бусдад зодуулж дарамтлуулсны улмаас биедээ гэмтэл авч яаралтай эмчилгээ хийлгэх шаардлага гарсан учраас 1 жилийн хугацаатай чөлөө олгохыг хүссэн өргөдлөө удирдлагадаа 2024.10.28-ны өдөр өгсөн. Эмчилгээгээ дуусгаж ирээд буюу 2025.04.01-ний өдрөөс ажилдаа эргэн орох хүсэлтээ захиралд гаргахад “2024.04.14-ний өдрөөс 30 хоногийн дотор шийдвэрлэж хариу өгнө” гэсэн цохолт өргөдөл дээр хийсэн нь ойлгомжгүй, төөрөгдөлд оруулахаар байсан.   

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн зөв дүгнэж, тухайн үед болсон үйл баримтад бодитой дүгнэлт хийж, ажилд эгүүлэн тогтоож, шударга ёсонд нийцсэн шийдвэр гаргасан.

Хэрэв ажил олгогч миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг анхнаасаа дуусгавар болгох байсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 83.4 зааснаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж надад танилцуулж шийдвэрийн нэг хувийг өгөх байсан. Би ажлаасаа халагдсан гэдэг тушаалыг 2025.10.30-ны өдөр бичиг хэргийн ажилтан н.Мандалмаагаас авч мэдсэн. Нэг өдөр өөр агуулгатай, бичвэрийн хувьд зөрүүтэй тушаалууд гаргасан. Надад ажлаас чөлөөлсөн тушаалыг гарсан даруйд нь огт мэдэгдээгүй, танилцуулаагүй, бүтэн 1 жилийн дараа танилцуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрийг бичгээр гаргаж хөдөлмөрийн харилцааг цуцлах ёстой атал энэ шаардлага хангагдаагүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт зааснаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Харин Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026.01.15-ны өдрийн 305/ШШ2026/00071 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон, хэргийн үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэгт үндэслэн хэргийн бодит байдалд нийцүүлэн дүгнэж шийдвэр гаргасан.

Давж заалдах шатны шүүхийн магадлал нь дараах байдлаар үндэслэлгүй байна.

5.1. Давж заалдах шатны шүүх нь нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн, гэрчийн зөрүүтэй мэдүүлэг, ажилтны гарын үсэг зураагүй байгаа бүртгэлийн дэвтрийг үнэлж шийдвэр гаргасан. Гэрчийн өгсөн аль мэдүүлэг, бүртгэлийн аль дэвтрийг үнэлж байгаа талаар тодорхой дурдаагүй, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтыг хэрхэн үгүйсгэж байгаа талаар дүгнэлт хийгээгүй нь хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

5.2. Гэрчийн мэдүүлгээр тушаалыг ажилтанд 2024.10.29-ны өдөр танилцуулсан гэтэл 2 тушаал 2024.10.31-ны өдрийн огноотой, 2 өөр агуулгатай байдаг. Үүнээс дүгнэхэд тушаал гарахаас өмнө хугацаанд ажил олгогч ажилтанд тушаалыг танилцуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Мөн нэг огноотой 2 өөр агуулгатай гарсан тушаалын талаар гэрч “нэг дээр нь цөөн үгтэй байсан, дараа нь засаж гаргасан” гэдэг. 

2025 оны 04 сар, 2025 оны 09 дүгээр сард нэхэмжлэгч нь ажилдаа орох талаар өргөдлийг өгсөн, ажил олгогч “хүлээж бай, Авлигатай тэмцэх газар материалыг чинь шалгуулж байгаа” гэх хариу амаар бичиг хэргийн ажилтнаараа дамжуулж хэлдэг.  

5.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт зааснаар ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийг нэг хувийг хүлээлгэн өгөхөөр заасан байдаг. Хэрэв ажилтан тухайн шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан бол ажилтны оршин суугаа газрын хаягаар шийдвэрийг шуудангаар хүргүүлснээр шийдвэрийг танилцсанд тооцно. Гэтэл гэрчээр нотлуулахыг хүссэн, гэрчийн хувьд ажил олгогчийн удирдлага доор ажилладаг, гэрч ашиг сонирхлын зөрчилтэй түүний өгч байгаа мэдүүлэг хэрэгт авагдсан баримттай зөрчилддөг, зөрүүтэй хариулт өгдөг.

Ажил олгогч хуульд заасан үндэслэл журмаар ажилтныг ажлаас чөлөөлсөн гэх тушаалыг гардуулсан баримтгүй, ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалыг ажилтанд танилцуулж нэг хувийг өгөх болохоос биш ажил олгогчийн зүгээс өөрсдөө танилцуулсан гэж тэмдэглэл үйлдсэнийг хуульд заасан журмаар тушаалыг танилцуулсанд тооцохгүй.  

Ажилтны хувьд ажлаас чөлөөлсөн тушаалыг бичиг хэргийн ажилтнаас 2025.10.31-ний өдөр бичгээр гардан авч шүүхэд хандсан, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна гэж дүгнэж байна.

5.4.Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан ямар үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлж байгаа нь тодорхойгүй, тушаал дээр дурдаагүй. Ажил олгогч тайлбартаа сахилгын давтан зөрчил гаргасан гэдэг, нэг зөрчилд давхар шийтгэл ногдуулж буй нь хууль зөрчсөн хууль бус шийдвэр гаргасан дээр давж заалдах шатны шүүх ямар ч дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ажилтны хөдөлмөрлөх эрх ашгийг зөрчсөн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

 

6. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2026.05.26-ны өдрийн 001/ШХТ2026/00712 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Ю.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д нарын гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

ХЯНАВАЛ:

7. Нэхэмжлэгч Ю.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

8. Нэхэмжлэгч Ю.Б- нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 2024.10.16-ны өдөр ажлын байран дээр бусдад зодуулж, дарамтлуулсны улмаас эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул 2024.10.28-ны өдөр сургуулийн захиргаанд 1 жилийн хугацаатай чөлөө авах өргөдлийг бичгээр гаргасан, сургуулийн захирал Ц.Г нь тус өргөдөлтэй танилцаж, өргөдөл дээр цохолт хийж, өөрийнхөө ажлыг хүлээлцүүлж өгсөн. Сургуулийн захирал нь чөлөө олгосон шийдвэрийг гаргачихна гэхээр нь би албан ёсоор өргөдлөө гаргаж, ажлаа хүлээлгэж өгчихөөд яаралтай эмчилгээнд явах шаардлагатай байсан тул явсан. ... эрүүл мэндийн байдал сайжирсан тул чөлөөний хугацаа дуусахаас өмнө 2025.04.01-ний өдөр ажилдаа буцаад орохыг хүсэж сургуулийн захиргаанд өргөдөл гаргасан. 30 хоног сунгаж хариуг шийдвэрлэж өгнө гэсэн боловч өгөөгүй ... дахин 2025.09.22-ны өдөр ажилдаа эргэн орох тухай өргөдөл гаргасан боловч хариу өгөөгүй ... 2025.10.30-ны өдөр бичиг хэргийн ажилтантай уулзахад надад 2024.10.31-ний өдрийн Б/33 дугаар Ю.Б-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай агуулга бүхий тушаалыг танилцуулж гардуулж өгсөн. Гэтэл миний хувьд эмчилгээ хийлгэх шаардлагаар 1 жилийн хугацаатай чөлөө хүссэн байхад ажлаас бүр мөсөн халсан тушаал гаргасныг 2025.10.30-ны өдөр мэдсэн. Мөн 2024.10.31-ний өдрийн Б/33 дугаар тушаал гаргасан нь үнэн эсэхийг шалгахаар шилэн дансыг үзэхэд тус тушаал орсон байсан түүнийг надад гардуулж өгсөн тушаалтай харьцуулж үзэхэд 2 өөр агуулгатай, бичвэрийн зөрүүтэй байсан, энэ тушаал гаргасан талаараа надад танилцуулахгүйгээр 1 жилийн дараа танилцуулж, хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна. ...” гэж тодорхойлжээ.

 

9. Хариуцагч ГАХСЕБС нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа “...Нягтлан бодогч Ю.Б-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж ажлаас чөлөөлөх Б/33 дугаар тушаалыг 2024.10.31-ний өдөр гаргасан. Ю.Б- нь 2024 онд эд хөрөнгийн тооллогыг хангалтгүй зохион байгуулсан, багш ажилчдын цалин буруу бодож, санхүүгийн тайланг эрх бүхий байгууллагад тогтоосон хугацаанд хүргүүлээгүй зэрэг зөрчлийг удаа дараа гаргасан. Мөн өөрөө би ажлаа өгмөөр байна, хийж чадахгүй байна гээд өөрийн хүсэлтээ өгөөд ажлаас гарсан. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 9 хоног ажил тасалсан, 2 жил дараалан аудитын хязгаарлалттай дүгнэлт авсантай холбогдуулаад хариуцлага тооцох үндэслэлтэй байсан.” гэжээ.

 

10. Хариуцагч талын хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Чулуунцэцэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, тайлбар гаргаагүй.

 

11. Анхан шатны шүүх “...Нэхэмжлэгч 2024.10.28-ны өдөр эрүүл мэндийн шалтгаанаар нэг жилийн хугацаагаар чөлөө олгох тухай өргөдөл гаргаж, ажлаа хүлээлгэн өгсөн. Ажил олгогчоос 2024.10.31-ний өдрийн Б/33 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Хэрэгт авагдсан баримтаар уг тушаалыг ажилтанд танилцуулж, гардуулсан болох нь нотлогдоогүй. Түүнчлэн нэг огноо, дугаартай хоёр өөр агуулгатай тушаал гаргасан, тушаалыг ажилтанд танилцуулаагүй. Ажил олгогчоос нэхэмжлэгчийн гаргасан санхүүгийн зөрчилд өмнө нь сахилгын шийтгэл ногдуулсан атлаа ижил үндэслэлээр дахин ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцэхгүй…” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

 

12. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “…хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч нь ажлаа хүлээлгэн өгөх үедээ ажил олгогчийн 2024.10.31-ний өдрийн ажлаас чөлөөлсөн тушаалтай танилцсан болох нь тушаалын бүртгэлийн дэвтэрт хийгдсэн тэмдэглэл болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймээс нэхэмжлэгчийг өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар тухайн үед мэдсэн гэж үзнэ. Нэхэмжлэгч нь уг өдрөөс хойш хуульд заасан хугацаанд эрхээ хэрэгжүүлж гомдол гаргаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй…” гэжээ.

 

13. Анхан болон давж заалдах шатны шүүх ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргааны нотлох баримтыг өөр өөрөөр үнэлснээс эрх зүйн зөрүүтэй дүгнэлт хийж өөр өөр шийдвэр гаргасан ба нэхэмжлэгч талаас давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргасаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, нэхэмжлэгч талын гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

14. ГАХСЕБС-ийн захирлын 2021.05.31-ний өдрийн Б/18 дугаар тушаалаар Ю.Б-ыг тус сургуульд нягтлан бодогчийн ажил албан тушаалд томилсон, 2024.10.31-ний өдрийн Б/33 дугаартай 2 тушаал гарсан, аль аль тушаалаар Ю.Б-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж ажлаас чөлөөлсөн үйл баримтыг хоёр шатны шүүх зөв тогтоожээ.

 

15. Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4-т “Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн хувийг хүлээлгэн өгнө. Хэрэв ажилтан тухайн шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан бол ажилтны оршин суугаа газрын хаягаар шийдвэрийг шуудангаар хүргүүлснээр тухайн шийдвэртэй танилцсанд тооцно.”, 158 дугаар зүйлийн 158.1-д “Дараах хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх шууд хянан шийдвэрлэнэ:”, 158.1.1-д “энэ хуулийн 154.8-д заасны дагуу гаргасан гомдол;” 154 дүгээр зүйлийн 154.8-д “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.” гэж тус тус заажээ.

15.1. Анхан шатны шүүх хариуцагч байгууллага 2024.10.31-ний өдрийн Б/33 дугаар “Ю.Б-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг ажилтан Ю.Б-т 2025.10.30-ны өдөр хүлээлгэж өгсөн, нэхэмжлэгч 2025.11.14-ний өдөр шүүхэд гомдол гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй гэж зөв дүгнэжээ.

15.2. Давж заалдах шатны шүүх ажилтны гомдол гаргах хугацааг 2024.10.29-ний өдөр тушаалыг мэдсэн гэж тоолж, хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн үндэслэлгүй байна.

15.3.Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө гаргасан байх, шийдвэр бичгийн хэлбэрээр гаргаж ажилтанд танилцуулсан байх, хувийг ажилтанд хүлээлгэн өгсөн байх хуулийн шаардлагыг хангасан байх учиртай.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас дүгнэвэл ажилтанд ажил олгогч Б/33 дугаар тушаалын хувийг өгөөгүй, тушаалын бүртгэлийн 2024 оны дэвтрийн 33 дугаарт “тушаалыг Ю.Б-т танилцуулав” гэсэн тэмдэглэлийг ажил олгогч тал өөрөө үйлдсэн, тушаалыг танилцуулсан гэх байдлыг гэрч Б.М мэдүүлдэг боловч тэрээр ажил хүлээлцэх 2024.10.29-ний өдөр 2024.10.31-ний өдрөөр огноолсон тушаал гарсан байх боломжгүй байна. 2024.10.31-ний өдрөөс 2025.10.30-ны өдрийг хүртэлх хугацаанд ажил олгогч талаас ажилтанд тушаалыг танилцуулсан, хувийг гардуулж өгсөн баримтгүй.

Иймд Б/33 тоот тушаалыг ажилтан 2025.10.30-ны өдөр хүлээн авч, гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1., 154 дүгээр зүйлийн 154.8-д тус тус заасантай нийцнэ.

 

16. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дараах үндэслэлээр дуусгавар болно:” 78.1.9-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан”, 80 дугаар зүйлийн 80.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:”, 80.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан;” гэж тус тус заажээ.

16.1. Дээр дурдсанаар ажил олгогч нь 2024.10.31-ний өдрийн Б/33 дугаартай тушаалыг хоёр удаа гаргасан байх ба аль алинд нь Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.9, Төсвийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, байгууллагын дотоод журмын 15.2.2, өөрийн гаргасан өргөдлийг тус тус үндэслэсэн байна.  

Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2-т “тухайн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтныг хуульд заасны дагуу томилж, чөлөөлөх;” дотоод журмын 15.2.2-т “Ажилтан өөрийн хариуцаж байсан ажил үүрэг, холбогдох баримт бичиг болон эд зүйлсийг дотоод журмын дагуу хүлээлгэж өгнө” гэж тус тус заасан зохицуулалт хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох ажил олгогчийн эрх хэмжээ, ажилтны мэдэлд байсан эд зүйлсийг хүлээлгэж өгөх, авахтай холбоотой харилцааг зохицуулсан байна.

16.2. Ажилтнаас ажил олгогчид 2024.10.28-ны өдөр гаргасан өргөдөлд “эмчилгээ хийлгэх шаардлагатай ... 1 жилийн чөлөө олгож өгнө үү” гэснийг ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж үзэхгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Түүнээс гадна уг өргөдлийн агуулга нь тушаалын үндэслэлтэй тохирохгүй байх тул ажилтны өргөдлийг үндэслэн ажлаас чөлөөлсөн гэх ажил олгогчийн тайлбар үндэслэлгүй.

16.3. Тушаалын үндэслэлийг 2 тушаалд өөр өөрөөр тодорхойлсон, нэгд нь “Ю.Б-ыг 2024.10.31-ний өдрөөр тасалбар болгон нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсүгэй” гэсэн бол нөгөөд нь “Нягтлан бодогч Ю.Б- нь эд хөрөнгийн тооллогыг хангалтгүй зохион байгуулж, багш ажилчдын цалинг буруу тооцоолж дутсан, санхүүгийн тайланг эрх бүхий байгууллагад тогтоосон хугацаанд хүргүүлээгүй зөрчлүүд гаргасан тул 2024.10.31-ний өдрөөс тасалбар болгон нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэжээ.

16.4. Хариуцагч байгууллагын шүүхэд гаргасан тайлбараар ажилтан сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож буй бол Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана.” гэж заасан ажиллагааг явуулаагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөөгүй.

Хэргийн баримтаар ажилтны гаргасан гэх зөрчлийн талаар ажилтанд мэдэгдсэн, түүнээс тайлбар авсан нь тогтоогдохгүй байна.  

16.5. Хариуцагч байгууллагын 2024.04.15-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар Ю.Б- эд хөрөнгийн тооллогыг хангалтгүй зохион байгуулж, багш, ажилчдын цалинг буруу тооцоолж санхүүжилт дутсан, санхүүгийн эрх бүхий байгууллагад тогтоосон хугацаанд хүргүүлээгүй хоцроосон гэх үндэслэлээр үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Хариуцагч талаас ГАТАГ-ын 2023.02.25-ны өдрийн 36, 2024.02.25-ны өдрийн 97 тоот “Хязгаарлалттай дүгнэлт” гэх баримтыг гаргаж өгсөн ба эдгээр баримт бичгийг 2024 оны Б/16, Б/33 тоот тушаалын үндэслэл болгосон эсэх нь эргэлзээтэй, эдгээр тушаалуудын үндэслэлийг адил тодорхойлсон байгааг анхан шатны шүүх харгалзан үзэж нэг зөрчилд хоёр шийтгэл ногдуулсан гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна. 

 

17. Дээрх үндэслэлээр адил огноо, дугаартай боловч хоёр өөр үндэслэл дурдсан тушаалыг хүчингүй болгож, ажилтныг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1.-д заасантай нийцсэн. Ажилтан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хуульд нийцээгүй байна.

 

18. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нэхэмжлэгчийн өөрийн тодорхойлсон 2025.04.01-ний өдрөөс 2026.01.15-ны өдрийг хүртэл хугацаанд 1 сарын дундаж цалин хөлс болох 2,560,984 төгрөг /2,485,990+2,590,122+2,606,842=7,682,953 төгрөгийг 3 сард хувааж/-ийг ажил эрхлээгүй 9 сар ажлын 10 хоногоор тооцвол 24,240,001 /2,560,984*9 сар=23,048,856 төгрөг дээр нэг өдрийн цалинг 2,560,984 : 21.5 өдөр = 119,115 төгрөг, нийт 10 хоног 1,191,150 төгрөгийн нэмж тодорхойлно/ төгрөг байх боловч анхан шатны шүүх 23,165,192 төгрөгөөр тогтоосон хэмжээнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул шийдлийг хэвээр үлдээнэ.   

 

19. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах;” тул 23,165,192 төгрөгөөс ажил олгогч нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, даатгалын санд төлж, баталгаажуулалт хийх үүрэгтэй.

 

20. Дээр дурдсан үндэслэлээр Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.03.16-ны өдрийн 215/МА2026/00012 дугаар магадлалыг хүчингүй болгож, Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026.01.15-ны өдрийн 305/ШШ2026/00074 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ю.Б-, түүний өмгөөлөгч Ж.Д нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 215/МА2026/00012 дугаар магадлалыг хүчингүй болгож, Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 305/ШШ2026/00074 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ю.Б-, түүний өмгөөлөгч Ж.Д нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Ю.Б- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026.04.17-ны өдөр 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                              

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Н.БАЯРМАА

                ШҮҮГЧИД                                                       Н.БАТЧИМЭГ

                                                                                       Э.ЗОЛЗАЯА

                                                                                       Б.УНДРАХ

                                                                                       Х.ЭРДЭНЭСУВД