Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 54

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

            Нарийн бичгийн дарга: Б.Дугармаа,

            Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

            Хохирогч: Ч.Отгонжаргал

   Шүүгдэгч: Т.Энхбат түүний өмгөөлөгч Э.Наранцацрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигон овгийн Таахайгийн Энхбатад холбогдох .... дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

Т.Энхбат нь эхнэр Ч.Отгонжаргалыг байнга зодож, харгис хэрцгий харьцан эрх чөлөөнд нь халдаж хөнгөн гэмтэл санаатай учруулж гэр бүлээ хүчирхийлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагтаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахь нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Яллагдагч Т.Энхбат хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ... “2017 оны 03 дугаар сарын 28-ны өглөө Улаанбаатар хотоос ирээд орой 17 цагийн үед гэртээ ирээд орондоо орсон байсан чинь эхнэр Отгонжаргал хамт орой хоолны маханд явъя гээд шалаад байхаар нь би ядарч байна амармаар байна гэж хэлээд түүнээс болж бид хоёр маргалдаж хэрэлдэж байгаад би баруун гараараа зүүн хацар дээр нь алгадсан. Гэрт байсан комподны шилийг хаалгаруу шидээд хагалсан. Тэгээд Отгонжаргал цэвэрлээд бид хоёр хэрэлдэж байсан. Тэгээд миний уур хүрээд миний өмсөж байгаад тайлсан тэлийтэй өмд орон дээр байсныг аваад Отгонжаргалыг нэг шувхарсан. Тэгтэл Ч.Отгонжаргал гараад явсан. Би гэртээ хоносон. Бид хоёр нээх хэрэлдэж маргалддагүй байсан. 2013-2014 онд бид хоёр хэрэлдэж муудалцаад тусдаа амьдарч байсан. Он сар өдрийг нь санахгүй байна одоогоос нэлээн хэдэн жилийн өмнө хардалтаас болсон байх би таваг шидсэн чинь гаран дээр нь оноод язлаад тэгээд эмнэлэгт очиж оёдол тавиулсан. Хоол чанадаг 5 литр орчим ордог цахилгаан тогоог Отгонжаргал руу шидсэн тогоо шалан дээр унаад эвдэрсэн. Тухайн үед Отгонжаргалын биед ямар нэгэн гэмтэл учраагүй. 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Отгонжаргал гадуур тэнээд байсан. Тэгээд гадуур дотуур битгий яваад бай гээд би хардаад үүнээс болж хэрэлдээд халбагаар цохисон. Яг хаана цохисноо санахгүй байна. Согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Би согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Эхнэр бид бид эвлэрсэн байгаа. Би дахин ийм асуудал гаргахгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22, 24 дүгээр хуудас/

Шүүгдэгч Т.Энхбат шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ... “Өөрийн буруутай үйлдлээс уураа барьж чадалгүй ийм гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Цаашдаа ахиж гэр бүлдээ ийм зүйл гаргахгүй гэдгээ амлаж байна. Он, сарыг санахгүй байна. 03 сарын 18-нд жижиг хардалтын улмаас гэр бүлдээ хүчирхийлэл үйлдсэн. Би өөрөө ядарч ирээд бухимдсанаас болоод гэр бүлдээ хүчирхийлэл үйлдсэн” гэв.

Хохирогч Ч.Отгонжаргал хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ... “Хамгийн анх 2010 оны 03 дугаар сард Энхбатыг гаднаас орж ирэхэд нь бид нар унтаж байсан юм. Тэгээд бос гэж хэлсэн би боссон намайг зодсон. Тэгэхээр нь би айгаад гараад гүйсэн чинь араас гарч ирээд намайг байшингийн хана мөргүүлээд газар унагаасан. Тэгээд миний гэдсэн дээр дэвссэн. Би цагдаагийн газрын жижүүрийн утсанд дуудлага өгсөн. Цагдаа нар авч яваад тухайн үед Энхбат архи уугаагүй байсан болохоор шөнө ирээд чи цагдаа дуудаж өглөө гээд намайг зодсон. 2011 оны 07 дугаар сард Энхбат найзуудтайгаа гадуур явж ирээд би гэртээ аягаа угаагаад сууж байхад тодорхой ямар нэгэн шалтгаангүйгээр над руу таваг авч шидсэн. Тэгээд миний зүүн гар дээр оноод зүүн гарын тохойны дээд хэсэгт зүсэгдээд гарнаас цус гараад тогтохгүй байсан чинь намайг тоохгүй гэрт орхиод явсан. Тэгээд Энхбатын төрсөн ах Энхтайванг дуудаад эмнэлэг дээр очиж гурван оёдол тавиулсан. 2015 оны 06 дугаар сард мөн зодоод цахилгаан тогоогоор зүүн мөрөн дээр цохиод тухайн үед хөхөрч хавдсан байсан. 2016 оны 01 дүгээр сарын сүүлээр Ханбогд суманд ажлаар явах гэж байхад явахын урд шөнө Энхбат намайг зодоод нүд хөхөрүүлж байсан. Тухайн үед ямар нэгэн шалтгаангүй зодсон. Миний нүд хөхөрсөн байсан шөнө нь зугтаагаад ах Баярцогтынд очиж хоноод ажлаар хөдөө явж байсан. 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос ирээд хоол хий гэж хэлсэн. Тухайн үед би аймгийн Уранжиргээ тэмцээн болоод ажлаар хөгжимт жүжгийн театрт ажилтай байж байгаад би гэрт ирж гал дээр мах үйчээд явсан. Тэмцээн дуусаад гэрт ирэхэд махны шөл нь ширгээд түлэгдсэн байсан чинь Энхбат уурлаад тогоо угаа гэсэн. Тэгээд тогоогоо угаагаад дахиад дэлгүүр лүү маханд яваад мах авч ирж чанасан. Тэгтэл энэ арзайсан хар махыг чинь хэн иддэг юм тогоогоо сайн угаа гадна талыг нь угаагүй байна гээд хоолны том халбагаар зүүн чих рүү цохисон. Тэгээд махаа идэж байснаа хутга бариад ор луу хутгаар шаагаад хоёр хүүхэд рүүгээ хутга бариад унт та нар гээд унтах гээд хэвтэхээр нь бос гээд байсан. Согтууруулах ундаа ер нь хэрэглэдэггүй юм. 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Дундсайханд айлын хашаанд ачаа буулгаж байхад нь Энхбатад хоол хүргэж өгөөд орой 18 цагаас ажлаасаа тараад орой ямар хоол хийхэв маханд явъя миний утас болохгүй байна дэлгүүрээс гар утас авъя гэж хэлсэн чинь босохгүй явахгүй байсан. Чи хоёр ихэрээс компод харамлалаа чи ээж, аав руу хялалзаж цэхэлзлээ гээд зүүн чих рүү алгадаад баруун хацар луу алгадсан. Мөн тэлийтэй өмдөөр миний бөгс рүү шувхарсан. Тэгтэл тэлий нь оноод хөхөрсөн байсан. Өглөө нь цагдаагийн газарт гомдол гаргасан юм. Энхбат намайг зодох болгонд хоёр хүүхэд хамт байсан. Эхний үедээ том хүү Даваажаргал намайг өмөөрөөд ааваа боль гэж хорихоор Энхбат миний хүүг шууд түлхээд унагаадаг. Сүүлийн үед айгаад тавилганы ар өврөөр ороод уйлаад сууж байдаг болсон. Манай ах дүү нар бүгд мэднэ. Баярцогт ах, эгч Хүүхэндүү нар сайн мэднэ. Ажлын газраас Золжаргал мэргэжилтэн, Батболд, нярав Маамуу нар мэднэ. Найзуудаас бол нөхрийн найз Энхцэцэг гэж эмэгтэй мэдэж байсан. Шүүх эмчид үзүүлээд шинжээчийн дүгнэлтээр миний биед хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байсан. Энэ явдал удаа дараа болоод байхаар тэвчээр барагдаад цагдаагийн газарт өргөдөл гаргасан юм. Би гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Би Улаанбаатар хотод 1 дүгээр эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн. Одоогоор миний чих өвдөхгүй байгаа мөн юм сонсож байгаа. Нөхөр Энхбат надаас уучлалт гуйсан би гэртээ хариагүй байс хөлсөлж амьдарч байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/

          Хохирогч Ч.Отгонжаргал шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ... “2017 оны 03 сарын 18-нд манай хүн хотоос ирээд би өдөржин завгүй байсан. Үдээс хойш машины уралдаан хамт үзсэн. Тэр өдөр хагас сайн өдөр байсан уран жиргээ гээд хүүхдийн шүлгийн наадам болж байсан. Хоол хийгээд өг гэхээр нь адууны мах чаначихаад ажил руугаа явчихаад ирсэн чинь түлэгдсэн байсан. Тэгсэн манай хүн ядарч ирчихээд өлсөж ядарсандаа болоод мах түлсэн байна гээд уурласан. Би дахиж мах аваад чанасан. Би тогоогоо сайн угаасан байсан чинь гадна талыг угаагаагүй байна түлэнхий үнэртээд байна яаж идэх юм гээд уурласан. Сүүлд нь 28-нд бас 10 хоногийн дараа хот явж ирчихээд өдөр нь би цуйван хийж өгсөн, орой нь би нэг компод аваад нөхөртөө талыг нь тавьсан байсан. Тэгээд гаднаас ажлаасаа орж ирээд компод хэн идсэн юм бэ? гэсэн чинь би идсэн юм яасын гэсэн би 2 дүүг нь идсэнийг ерөөсөө мэдээгүй. Тэгээд л чи манай дүүгээс компод хармаллаа гэсэн, би ерөөсөө тэгж хэлээгүй уучлаарай гэж хэлчихээд хоёулаа хамт явж оройн хоолны махаа явъя гэсэн чинь би ядраад байна гэсэн.  Тэр үед ээж аав нь ирсэн байсан. Тэгсэн ээж аавыгаа гарсан дараа намайг алгадсан” гэв.

Гэрч Т.Золжаргал хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ... “2016 оны сүүлээр Ханбогд суманд залуучуудын төвүүдийн уулзалт зохион байгуулах гээд явахад нүд нь хөхөрсөн ирсэн. Тэгээд 2017 оны цагаан сарын өмнөхөн нэг зодуулсан гээд шанаа нь хөхөрсөн байдалтай шөнөжин уйлсан гээд нүд нь бөлцийсэн ирсэн. 2017 оны 03 дугаар сарын 29-нд ажилдаа ирэхдээ нүүр нь хавдсан байсан. Отгонжаргал ажилдаа ирэхэд нь яасан гэж асуухад нөхөр Энхбат зодсон гэж ярьж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/

Гэрч Б.Энхцэцэг хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ... “2013 оноос Энхбат, Отгонжаргал нартай танилцаж нэгнийгээ мэддэг болсон. 2017 оны 03 дугаар сарын 29-нд Отгонжаргалтай Цогжавхлан дэлгүүрийн хажууд таарсан. Отгонжаргал уйлаад явж байсан. Тэгэхээр би яасан юм гэж асуусан чинь Энхбат намайг зодоод би цагдаагийн газар өргөдөл өгөөд явж байна гэж ярьсан. Түүнээс өмнө хэрэлдэж маргалдаж муудалцаж нэгнийгээ зодож байхыг би сайн мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/

Гэрч Т.Энхтайван хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ... “Энхбат Отгонжаргал хоёр арваад жил хамт амьдарч байгаа. Энэ хугацаанд нээх хэрэлдэж муудалцаад байгаа нь мэдэгддэгүй юм. Миний нүдэн дээр хэрэлдэж муудалцаж зодолдож байсан зүйл байхгүй. Би он, сар, өдрийг нь санахгүй байна. Би хөдөө мал малладаг юм. Тэгээд хөдөөнөөс нэг ирсэн чинь Отгонжаргалын гарнаас цус гарсан байдалтай гэртээ сууж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Энхбат хоёулаа муудалцаж хэрэлдсэн гэж ярьж байсан. Яг юугаар яаж цохисныг тухайн үед асуугаагүй. Отгонжаргалын гарнаас цус гарсан байхаар нь авч яваад аймгийн түргэн дээр аваачиж гарт нь оёдол тавиулаад буцаагаад гэрт нь хүргэж өгөөд би хөдөөгөө буцсан. Тухайн үед аймагт ирэхдээ Энхбаттай уулзаагүй. Энхбат нь архи тамхи хэрэглэдэггүй. Ер нь төлөв даруухан” гэх мэдүүлэгэ /хх-ийн 13 дугаар хуудас/

Гэрч Т.Маамуу хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ... “2017 оны 03 дугаар сард өдрийг нь санахгүй байна. Отгонжаргал ажилдаа ирэхдээ зүүн талын чихний хажуугаараа хавдсан байдалтай ирсэн. Тэгээд чих нь сонсохгүй байна гэж ярьж байсан. Тэгэхэд нөхөр Энхбат миний чих рүү алгадсан гэж ярьж байсан. Он сар өдрийг нь санахгүй байна цагаан сарын өмнө Отгонжаргал нөхөртэйгээ хэрэлдэж, муудалцаж зодуулсан гэж ярьж байсан. Тухайн үед Отгонжаргалын биед ил харагдах шарх гэмтэл харагдаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.03.21-ний өдрийн №183 дугаар дүгнэлт:

  1. Ч.Отгонжаргалын биед зүүн чихний хэнгэрэгний цоорол гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 16 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол 2017.04.20-ны өдөр

1. 23 сантиметрийн урт иштэй, ишин дээрээ шар цэцэгтэй, ишний дээд үзүүр нь 1.5 сантиметрийн гогцоо нүхтэй, 9 сантиметрийн диаметртэй хоолны цагаан өнгийн металин халбагыг 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцон хураан авч, уг хэрэгт хавсаргахаар тогтов. /хх-ийн 07 дугаар хуудас/

Ял шийтгэлийн тэмдэглэл 2016.04.16-ны өдөр Т.Энхбат нь урд ял шийтгэлгүй /хх-ийн 25 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар багийн Засаг даргын 2017.04.28-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 26 дугаар хуудас/

Аюулын зэргийн үнэлгээний маягт “Аюулын зэргийн үнэлгээ” /хх-ийн 28-31 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Т.Энхбат нь 2017 оны 03 дугаар сарын 18, 28-ны өдрүүдэд эхнэр Ч.Отгонжаргалыг байнга зодож, харгис хэрцгий харьцан эрх чөлөөнд нь халдаж хөнгөн гэмтэл санаатай учруулж гэр бүлийн хүчирхийлэл гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүх шинжилгээний дүгнэлт, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч Т.Энхбат нь хохирогч Ч.Отгонжаргалтай гэрлэлтээ 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээ тогтоогдож байх бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар энэ хуулийн үйлчлэлд хамаарах субьект мөн байна.

Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Энхбатын үйлдэлд зүйлчилсэн  хуулийн зүйл хэсэг тохирсон, түүнд ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэгт Т.Энхбат нь хохирогчийг 2011, 2015, 2016 онд удаа дараа зодож, айлгаж дарамталж байсан гэх боловч энэ талаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж ял сонсгож ирүүлээгүй байх тул шүүх хэргийг ял сонсгож шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Энхбатад ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 23 сантиметрийн урт иштэй, ишин дээрээ шар цэцэгтэй, ишний дээд үзүүр нь 1.5 сантиметрийн гогцоо нүхтэй, 9 сантиметрийн диаметртэй хоолны цагаан өнгийн металин халбагыг шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Таахайгийн Энхбатыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Энхбатад 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Энхбатад оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Т.Энхбат нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирүүлээгүй,  шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 23 сантиметрийн урт иштэй, ишин дээрээ шар цэцэгтэй, ишний дээд үзүүр нь 1.5 сантиметрийн гогцоо нүхтэй, 9 сантиметрийн диаметртэй хоолны цагаан өнгийн металин халбагыг 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Энхбатад авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ТӨМӨРХҮҮ