Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2021/01855

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М даатгал ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.А-д

 

32 460 641 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, иргэдийн төлөөлөгч Г.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч “М” ХК-ийн төлөөлөгч Б.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХК-ийн зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 182603042997 дугаартай гэрээт даатгуулагч Б.Пүрэвдорж нь 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, ТБД андуудын урд замд явган хүний гарцаар гарч явах үедээ Э.Аварзанын жолоодон явсан 72-51 УНР улсын дугаартай автомашинд мөргүүлэн ослын газарт амь насаа алдсан. Э.Аварзана нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.1, 9.2, 9.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас даатгуулагч Б.Пүрэвдоржийн амь насыг хохирсон. Гэм буруутай этгээд нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т заасны дагуу учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Манай компани энэхүү ослын улмаас даатгуулагчийн төлөх ёстой байсан орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл 32 460 641 төгрөгийг гэрээний үүргийн дагуу Улаанбаатар хотын банканд төлж барагдуулсан тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасны дагуу буруутай этгээдээс шаардах эрхийг шилжүүлж авсан гэж үзнэ.

 

Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 443 дугаар зүйлийн 443.7, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Э.Аварзанаас гэм хорын хохиролд 32 460 641 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.А итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХК нь даатгалын нөхөн төлбөр олгохдоо даатгуулагч Улаанбаатар хотын банк нь Санхүүгийн зохицуулах хороонд хандаж даатгалын нөхөн төлбөр олгох эсэх талаар урьдчилсан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн байхад нөхөн төлбөр олгосон байна.

 

Тухайн авто осол болоход жолоочоос гадна явган зорчигч замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн байдаг бөгөөд энэ талаар шинжээчийн дүгнэлтэд тодорхой байгаа. Мөн уг авто машины өмчлөгч жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан байдаг бөгөөд жолоо барьж байсан Э.А нь жолоочийн хариуцлагын даатгалд хамраагдаагүй, жолоо барих эрхгүй этгээд байсан. Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт жолоочийн даатгалын сангаас нөхөн төлбөр олгох үндэслэлүүд байх бөгөөд мөн зүйлийн 18.1.1 дэх хэсэгт даатгалгүй этгээд даатгалын тохиолдол гаргасан гэж заасны дагуу жолоочийн даатгалын сангаас дээрх төлбөрийг зохих журмын дагуу гаргуулах боломжтой.

 

Улаанбаатар хотын банк эрсдэлээ өөрөөр хариуцах ёстой. Нэхэмжлэгч нь даатгалын гэрээний дагуу төлбөрийг банканд төлөхгүй байх боломжтой байсан. Мөн ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалыг даатгуулагч буюу талийгч Б.Пүрэвдорж байгуулаагүй, харин Д.Зандан гэх хүн байгуулсан байсан. Нэхэмжлэгч нь даатгалын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Шүүхийн шийтгэх тогтоолд нэхэмжлэгч нь хохирлоо барагдуулах талаар тусгаагүй тул гэм хорын хохирол нэхэмжлэх үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч нь уг төлбөрийг даатгалын эрсдэлийн сангаас гаргуулах боломжтой. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “М” ХК нь хариуцагч Э.А-д холбогдуулан 32 460 641 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...гэрээний дагуу талийгч Б.Пүрэвдоржийн ипотекийн зээлийн гэрээний үлдэх төлбөр 32 460 641 төгрөгийг Улаанбаатар хотын банканд төлсөн тул гэм буруутай этгээд болох Э.Аварзанаас уг төлбөрийг гаргуулах” гэж тодорхойлсон. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг үгүйсгэн маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 864 дүгээр шийтгэх тогтоолоор Э.Аварзаныг 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдөр шилжих шөнийн 01 цагийн үед Баянгол дүүрэг, 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энхтайвны өргөн чөлөө, ТБД андуудын урд замд “Есөн шижир” ХХК-ийн эзэмшлийн Тоёота Клугер маркийн, 72-51 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а дахь хэсэг, 9.2, 9.3 дахь хэсгийг зөрчсөний улмаас Б.Пүрэвдоржийг мөргөж, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх 73-77 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу шүүхийн дээрх шийдвэрээр хариуцагч Э.Аварзаны гэм бурууг тогтоосон байх тул үүнийг дахин нотлох шаардлагагүй.

 

Б.Пүрэвдорж, Д.Одончимэг нар нь Улаанбаатар хотын банктай 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр НОСЗГ9201/170629 дугаартай “Нөхцөлт орон сууцны зээлийн гэрээ”-г байгуулж, зээлдэгч Б.Пүрэвдорж, Д.Одончимэг нар нь 66 500 000 төгрөгийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу Улаанбаатар хотын банкнаас зээлсэн. /хх 29-33 дугаар тал/

 

Хавтаст хэрэгт нэхэмжлэгч “М” ХК болон Б.Пүрэвдоржийн хооронд байгуулагдсан гэх 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 182603042997 дугаартай, “Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын баталгаа”  гэрээ /хх 6-7 дугаар тал/ авагдсан байх бөгөөд нэхэмжлэгч нь уг гэрээг үндэслэн шаардах эрхээ тодорхойлжээ.

 

Нэхэмжлэгч “М” ХК нь Б.Пүрэвдоржтой байгуулсан гэх 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 182603042997 дугаартай, “Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын баталгаа” гэрээний дагуу талийгч Б.Пүрэвдоржийн Улаанбаатар хотын банктай 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан НОСЗГ9201/170629 дугаартай “Нөхцөлт орон сууцны зээлийн гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 64 921 282 төгрөгийн 50 хувь болох 32 460 641 төгрөгийг Улаанбаатар хотын банканд шилжүүлсэн нь Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл болон Улаанбаатар хотын банкны 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 6-Ё/5022 дугаар албан бичгээр тус тус нотлогдож байна. /хх 9, 33 дугаар тал/ Түүнчлэн, талууд уг 32 460 641 төгрөгийг нэхэмжлэгчээс Улаанбаатар хотын банканд зээлийн гэрээний төлбөрт шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжих бөгөөд Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ. Өөрөөр хэлбэл, даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдсон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжих нөхцөлд даатгалын гэрээнд заасан нөхцөл болон хариуцагчийн гэм буруу тогтоогдсон байхыг шаардана.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн гэм буруу шүүхийн дээрх хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдож байх боловч шаардах эрхийн үндэслэл болж буй даатгагч буюу нэхэмжлэгч “М” ХК болон даатгуулагч Б.Пүрэвдорж нарын хооронд 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 182603042997 дугаартай, “Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын баталгаа” гэх гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна. Учир нь, дээрх гэрээнд даатгагчийг төлөөлж нэхэмжлэгч “М” ХК-ийн гэрээт ажилтан гарын үсэг зурсан боловч даатгуулагчийг төлөөлж Б.Пүрэвдорж биш, харин Д.Зандан гэх гарын үсэг зурсан байна. Иймд уг гэрээний нэг талыг даатгуулагч Б.Пүрэвдорж гэж үзэх, улмаар дээрх гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байх тул уг гэрээний дагуу даатгалаар олгогдсон нөхөн төлбөр болох 32 460 641 төгрөгийн шаардах эрх нэхэмжлэгчид шилжсэн гэж үзэхгүй.

Түүнчлэн, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийж болох бөгөөд мөн зүйлийн 42.2-т зааснаар энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болдог. Мөн хуулийн Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д заасан шаардах эрх даатгагчид шилжих тохиолдолд Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар даатгалын гэрээг бичгээр байгуулсан байхыг шаардана. Өөрөөр хэлбэл, даатгагч болон даатгуулагч нарын хооронд байгуулах гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан шаардлагад нийцсэн буюу бичгээр байгуулсан байх учиртай. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар “Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын баталгаа” гэх гэрээг даатгагч болон даатгуулагч нарын хооронд байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нөгөөтээгүүр, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д зааснаар талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно. Хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарь болон зээлийн дансны хуулгаар /хх 31-34/ даатгуулагч нарыг нэхэмжлэгчтэй “Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын баталгаа” гэх гэрээг бодит үйлдлээрээ илэрхийлж байгуулсан буюу уг баримтууд нь тэдний хооронд тухайн гэрээг бодит үйлдлээрээ байгуулсан гэж үзэх үндэслэлийг нотолж чадахгүй байна. Түүнчлэн, даатгуулагч  зээлийн гэрээний төлбөрийг тодорхой хугацаанд төлж байсан нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлд заасан гэрээг байгуулсанд тооцох үндэслэлийг бий болгохгүй. Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дэх хэсэг, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт зааснаар даатгалын нөхөн төлбөрт бусдад шилжүүлсэн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.  

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасан тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах зохицуулалт, мөн хуулийн 513 дугаар зүйлд заасан гэм хор учруулснаас төлсөн төлбөрийг буцаан нэхэмжлэх шаардлагын зохицуулалт нь мөн хуулийн 443 дугаар зүйлд заасан гэм хорын даатгалын зохицуулалтад хамааралгүй байхад нэхэмжлэгч нь хуулийн дээрх зохицуулалтыг шаардлагын үндэслэлээ болгосон нь үндэслэлгүй байна.

 

Иргэдийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэлтээ гаргасан. Гэвч уг дүгнэлт нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгтэй дээрх үндэслэлээр нийцээгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Э.А-д холбогдох, 32 460 641 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “М” ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Э.А-д холбогдох, 32 460 641 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “М” ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320 254 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу  өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.БАЯСГАЛАН

 

                            ШҮҮГЧИД                                     Ч.МӨНХЦЭЦЭГ

 

Н.ХАНГАЛ