Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2022/01097

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* ХХК /РД: ***/. Хаяг: *** тоот

Хариуцагч: ******* /РД: ***/. Хаяг: *** тоот  

Хариуцагч: ******* /РД: ***/.  Хаяг: *** тоот

Зээлийн гэрээний үүрэгт 6,070,365 /зургаан сая далан мянга гурван зуун жаран тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тунгалаг нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч К ББСБ буюу одоогийн нэрээр ******* ХХК нь хариуцагч *******, хамтран хариуцагч ******* нартай  2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр *** тоот зээлийн гэрээ байгуулж, сарын 2,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 7,300,000 төгрөгийг зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр *** тоот фидуцийн гэрээ  байгуулж, Huindai porter маркын, *** улсын дугаартай, автомашиныг манай байгууллагын нэр дээр шилжүүлэн авсан.

Мөн зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4 дэх хэсэгт зээлдэгч эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй тохиолдолд  хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохирсон.   

Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зааснаар зээлдэгч нь сар бүрийн 15-ны өдөр төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн боловч хариуцагч нь байнга зөрчиж ирсэн, нэхэмжлэгч талаас үүргээ биелүүлэхийг хариуцагчаас удаа дараа шаардаж байсан.

Хариуцагч нь фидуцийн зүйл болох Huindai porter маркийн, *** улсын дугаартай автомашиныг задалж, худалдан борлуулсан тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй байна.

Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үндсэн төлбөр 3,885,473 төгрөг, хүү 1,750,019 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 112,862 төгрөг, даатгалын хураамж 319,809 төгрөг, нотариатын төлбөр 16,2000 төгрөг, орчуулгын хөлс 16,000 төгрөг, нийт 6,070,365 төгрөг гаргуулж өгнө үү.  

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон хуралдаанд гаргасан  тайлбартаа:

Хариуцагч нар 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч байгууллагаас 7,300,000 төгрөг зээлсэн. Одоогийн байдлаар 7,703,000 төгрөг төлсөн, үндсэн зээлийн үлдэгдэл 3,855,473 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Хариуцагч ******* нь сэтгэцийн өвчний улмаас зээлээ төлж чадахгүйд хүрсэн, мөн цар тахлын нөхцөл байдалтай  холбоотойгоор хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоох байсан ч нэхэмжлэгч тэгээгүй. Уг байгууллагаас авсан зээлээр авсан машин эвдрээд явах боломжгүй болсон тул задалж зарсан. ******* нь тархины тэнэгрэл гэсэн оноштой, одоогийн байдлаар ажил хийх боломжгүй гэсэн бичиг хийж өгсөн, групп буюу хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоож амжаагүй, хамтран хариуцагчаар татагдсан *******-ийн хувьд хүүхэд нь дутуу төрсөн, хүүхдээ аваад хөдөө амьдарч байгааг харгалзан үзнэ үү.  

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,070,365 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэгч К ББСБ ХХК буюу одоогийн ******* ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр *** тоот зээлийн гэрээ байгуулж, сарын 2,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 7,300,000 төгрөгийг зээлсэн, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр *** тоот фидуцийн гэрээ байгуулж, Huindai porter маркийн, *** улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгч байгууллагын өмчлөлд шилжүүлсэн байна. /хх-ийн 18, 22/  

К ББСБ ХХК нь оноосон нэрээ ******* ХХК болгон өөрчилж 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн нь нэхэмжлэгчийн тайлбар, Улсын бүртгэлийн нэгдсэн архивын лавлагаагаар тогтоогдсон. /хх-ийн 27/

Зээлийн гэрээнд зээлдэгч талыг төлөөлж үндсэн зээлдэгч *******, хамтран зээлдэгч *******  нар гарын үсгээ зурсан байх бөгөөд нэхэмжлэгч байгууллага зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцуулахаар нэхэмжлэлээ гаргажээ.

Зээлийн болон фидуцийн гэрээ байгуулсан, зээлдэгчид мөнгийг шилжүүлэн өгсөн, авсан, гэрээний хүчин төгөлдөр эсэх, мөн үндсэн төлбөрийн үлдэгдлийн тухайд талууд маргахгүй, харин хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж байгаа үндэслэлээ  хариуцагч ******* сэтгэцийн өвчтэй болсон, цар тахлын улмаас төлбөрийн чадвар доройтсон гэж тайлбарлана.

Талуудын тайлбараар фидуцийн зүйл болох автомашиныг хариуцагч задалж, бусдад худалдан борлуулсан нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийн фидуцийн зүйлээр хангуулахаар шаардаагүй болно.  

Нэхэмжлэгч байгууллагаас гаргаж өгсөн эргэн төлөлтийн хуулга гэх баримтаас үзэхэд хариуцагч нь үндсэн зээлд 3,444,526 төгрөг, хүүнд 4,258,473 төгрөг, нийт 7,703,000 төгрөг төлсөн, гэрээний хугацаа 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болжээ.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсэн, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргийг бүрэн биелүүлээгүй тул зээлдүүлэгч зээлийн үлдэгдэл төлбөр, гэрээний хугацаа дууссан өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон нэхэмжилсэн байна.  

            Талуудын хооронд байгуулсан гэрээний эргэн төлөлтийн хуваариас үзэхэд  36 сарын  хугацаанд хариуцагч нар 11,652,635 төгрөг төлөх байснаас 7,703,000 төгрөг төлсөн байх бөгөөд үлдэгдэл 3,949,635 төгрөгийг төлөөгүй нь тогтоогдоно.

Зээлийн гэрээний хугацаанд хариуцагч ******* хүндээр өвчилсөн, мөн дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотой, хөл хорионы дэглэм хэрэгжсэнээс хариуцагч үүргээ биелүүлэхэд хүндрэл учирсан, давагдашгүй хүчин зүйл тохиолдсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нарын зээлийн гэрээгээр хүлээх үүргийг дээр дурдсан 3,949,645 төгрөгөөр тогтоож, нэхэмжлэлээс 2,120,730 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь ******* ХХК нь хариуцагч нарт  зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцуулахаар хариуцагчаар татан шаардлагаа гаргасан, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тус бүрээр тодорхойлоогүй тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэж, хамтран хариуцуулах  үндэслэлтэй  байна. 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас дурдсан 3,949,645 /гурван сая есөн зуун дөчин есөн мянга зургаан зуун дөчин тав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2,120,730 /хоёр сая нэг зуун хорин мянга долоон зуун гуч/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,075 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 48,881 төгрөг  гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.БАТСҮХ