| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2021/03808/И |
| Дугаар | 181/ШШ2022/00456 |
| Огноо | 2022-03-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 181/ШШ2022/00456
| 2022 оны 03 сары 09 өдөр | 181/ШШ2022/00456 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Ю/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “ГС” ХХК/ /-д холбогдох,
40,372,000 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мягмарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алтаншагай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Ю шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Д.Ю нь тус “ГС” ХХК-тай 2021-03-31 ны өдөр 21/03/31 дугаар Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу хариуцагч нь Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 давхар, 2 блок, 180 айлын Гольконда апартмент 3 төслийн Б блок, 4 давхрын В тоот орон сууцны зориулалттай, 40,78 m2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьж, орон сууцны түлхүүр гардуулан өгөх, миний бие хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн.
Миний бие гэрээнд заасан хугацаанд, хариуцагчийн заасан дансанд байрны төлбөр болох 40,372,000 төгрөгийг 100 хувь төлж барагдуулсан. Гэтэл хариуцагч нь орон сууцыг хугацаанд нь 2021 оны 5 сард эхлүүлээгүй. Ингээд талууд гэрээг цуцалсан ба 2021-11-22 ны өдрийн дотор миний төлсөн орон сууцны төлбөрийг буцааж төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй.
Иймд “ГС” ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, 40,372,000/дөчин сая гурван зуун далан хоёр мянга/ төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Миний бие Д.Ю нь тус “ГС” ХХК-тай 2021-03-31 ны өдөр 21/03/31 дугаар Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу хариуцагч нь Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 давхар, 2 блок, 180 айлын Гольконда апартмент 3 төслийн Б-р блок 4 давхрын В тоот орон сууцны зориулалттай 40,78 m2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьж, орон сууцны түлхүүр гардуулан өгөх, миний бие хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн.
Миний бие гэрээнд заасан хугацаанд, хариуцагчийн заасан дансанд байрны төлбөр болох 40,372,000 төгрөгийг 100 хувь төлж барагдуулсан. Гэтэл хариуцагч нь орон сууцыг хугацаанд нь 2021 оны 5 сард эхлүүлээгүй. Ингээд талууд гэрээг цуцалсан ба 2021-11-22-ны өдрийн дотор миний төлсөн орон сууцны төлбөрийг буцааж төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй.
Иймд “ГС” ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, хариуцагч нь 2022-01-31 ны өдөр 38,353,590 төгрөг төлсөн байх тул үлдэгдэл төлбөр 2,018,610 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэв.
Хариуцагч “ГС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уянга шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алтаншагай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Д.Юид олгох ёстой 38,353,590 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шилжүүлсэн тул “ГС” ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Орон сууц худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний 9.2-т зааснаар захиалгын гэрээг цуцалж болох тохиолдолд бичгээр мэдэгдэх бөгөөд бичгээр мэдэгдсэн өдрөөс эхлэн гүйцэтгэгч нь тухайн орон сууцыг борлуулах арга хэмжээ авч борлуулагдсаны дараа зөрүү мөнгийн өгнө гэсэн. Тэгэхээр одоог хүртэл бид борлуулаагүй байгаа. 40,372,000 төгрөгийн 5 хувийг суутгаад 38,353,590 төгрөгийг шилжүүлсэн. Гэрээний зүйл, заалтаар 5 хувийг өгөх ёсгүй.” гэв.
Шүүгч зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны 05/2702 тоот албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Хаан банк” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 5,000,000/таван сая/ төгрөгийн болон 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 35,372,200/гучин таван сая гурван зуун далан хоёр мянга хоёр зуу/ төгрөгийн баримт, хариуцагч талын баримтаар гаргасан 2021 оны 03 дугаар сарын 31-ний 21/03/031 дугаар Орон сууц захиалгын гэрээ, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Д.Юийн Өргөдөл, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Гэрээ цуцалсан протокол, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Хаан банкны Шилжүүлэгийн мэдээллийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Ю хариуцагч “ГС” ХХК-д холбогдуулан 40,372,000/дөчин сая гурван зуун далан хоёр мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч “ГС” ХХК нь 38,353,590/гучин найман сая гурван зуун тавин гурван мянга таван зуун ер/ төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шилжүүлсэн, гэрээний зүйл, заалтаар 5/тав/ хувийг өгөх ёсгүй гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 21/03/031 дугаар Орон сууц захиалгын гэрээ байгуулсан болох нь 21/03/031 дугаар Орон сууц захиалгын гэрээгээр тогтоогдож байна.
21/03/031 дугаар Орон сууц захиалгын гэрээний 1-ийн 1.1, 2-ын 2.1, 2.3, 3-ын 3.4-т зааснаар хариуцагч нь 40.78/дөч зууны далан найм/ м.кв, 2/хоёр/ өрөө, нийт 40,372,200/дөчин сая гурван зуун далан хоёр мянга хоёр зуу/ төгрөгийн үнэ бүхий орон сууцыг 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь орон сууцны үнэ 40,372,200/дөчин сая гурван зуун далан хоёр мянга хоёр зуу/ төгрөгийг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 21/03/031 дугаар Орон сууц захиалгын гэрээгээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
Хариуцагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгө нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч нь хариуцагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хүлээн авах үүргийг тус тус хүлээсэн 21/03/031 дугаар Орон сууц захиалгын гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ/цаашид “Гэрээ” гэх/-ий шинжтэй байх ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 хэсэгт зааснаар Гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчид 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 5,000,000/таван сая/ төгрөгийг, 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 35,372,200/гучин таван сая гурван зуун далан хоёр мянга хоёр зуу/ төгрөгийг, нийт 40,372,000/дөчин сая гурван зуун далан хоёр мянга/ төгрөгийг төлсөн болох нь “Хаан банк” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн болон 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Орлогын мэдүүлгээр тогтоогдож байна.
Гэрээний 2-ын 2.3-т заасан үүргээ нэхэмжлэгч нь бүрэн гүйцэтгэжээ.
Гэрээний 3-ын 3.4-т зааснаар хариуцагч нь 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдөр орон сууцны түлхүүрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээжээ.
Гэрээг байгуулснаас хойш 5/тав/ сар, 6/зургаа/ хоногийн хугацаа өнгөрсөн байсан байх боловч хариуцагчид Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд баригдах тус барилгын Архитектур төлөвлөгөөний даалгавар, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдоогүй болох нь Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн № 05/2702 албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т “Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно ... хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.” гэж заасан.
Гэрээнд заасан барилгын ажил 2021 оны 9 дүгээр сард эхлээгүй байсан байх ба нэхэмжлэгч нь 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хариуцагчид Гэрээнээс татгалзах талаар мэдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй болох нь Д.Юийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Өргөдлөөр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хариуцагчид үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа заасан гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Гэрээнээс татгалзсан байх тул нэхэмжлэгч нь хариуцагчийн өмнө үүрэг хүлээгээгүй байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т “Гэрээний ... нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.” гэж заасан.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн Гэрээний үнэд төлсөн төлбөрөөс нийт 38,353,590/гучин найман сая гурван зуун тавин гурван мянга таван зуун ер/ төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн болох нь зохигчийн тайлбар, “Хаан банк” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шилжүүлгийн мэдээллээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нийт 2,018,610/хоёр сая арван найман мянга зургаан зуун арав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч олгох үндэслэлтэй.
Шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ГС” ХХК-иас нийт 2,018,610/хоёр сая арван найман мянга зургаан зуун арав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Юид олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 359,810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 359,810 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ