Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2019/00894

 

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2019/00894

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Увс аймаг Б ХХК

Хариуцагч: Баянгол дүүрэг 11 дүгээр хороо Х овогт Б Э

149,940,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б

хариуцагчийн төлөөлөгч М.Х

нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

Нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай Б ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр иргэн Б.Эгийн захиалгын дагуу өөрийн компанийн хөрөнгө мөнгөөр ОХУ-ын Тува улсын Хандгайт болон Монгол улсын Боршоон боомтоор 50 тн бөөрөнхий сонгино оруулж ирсэн юм. Улмаар Б.Эд 50 тн сонгиныг хүлээлгэж өгсөн. Улаанбаатар хотод Б.Эгийн гэр болох Баянгол дүүргийн 11-р хороо, Телевизийн арын ногооны зооринд оруулж, түүний мэдлийн складанд буулгаж өгсөн. Увс аймгаас 2 том ачааны машинаар тээвэрлэсэн 56-71 УВХ норд бенз жолооч Дашзэвэгийн М /Увс аймаг, Улаангом сум, 3-р баг, 55-39 тоот, утас: 99994941/, 49-08 УВХ норд бенз Д Б /Увс аймаг, Улаангом сум, 3-р баг, утас: 95206301/ нь тухайн үед Улаанбаатар хотын 11-р хороо телевизийн арын зооринд өвөл авчирч буулгасныг энэ хүмүүс гэрчилнэ. Тухайн үед борлуулалтын машинууд зөрүүлээд ачиж гарч байсан байдаг. Анх Б.Э ярихдаа 2016 оны 2 дугаар сард сонгино авчирвал 1 кг-ыг нь 3000 төгрөгөөр зарах бололцоо байна, цагаан сарын өмнө ашигтай зарж өгч чадна гэж удаа дараа санал тавьж итгүүлсэн учраас энэ 50 тн сонгиныг түүнд цагаан сарын өмнө авчирч өгсөн ба зараад л шууд мөнгийг нь удахгүй өгнө гэсэн боловч өнөөг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй. Удаа дараа мөнгөө авах талаар ярьсан, түүнээс хойш 2 жил 8 сарын хугацаа өнгөрчихөөд байхад нэг ч төгрөг өгөөгүй, удахгүй өгнө гэсээрЭнэ хүн анхнаасаа бидний итгэл олж биднийг залилах зорилготой байн байн ярьж итгүүлж сонгиныг өөртөө авсны дараагаар нэг ч төгрөгийн тооцоо хийхгүй, сүүлдээ утсаа авахаа больж, утсаа авсан үедээ удаа дараа худлаа ярьж өнөөдрийг хүрсэн. Яг одоогийн байдлаар энэ залуу уг сонгиныг аль эрт зарж дууссан бөгөөд мөнгөөр нь бизнес хийж эргэлдүүлж байгаагаа ч нэг удаа манай нөхөр М.Б хэлж, ярьж байсан байдаг. Иймд иргэн Б.Эгийн Б ХХК-иас худалдаж авсан 50 тн сонгины үнэ болох 149.940.000 /нэг зуун дөчин есөн сая есөн зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү. Б.Э нь миний нөхөр М.Бтэй хамаатан, гэхдээ бараг уулзаад байдаггүй байсан болно. Сонгины тооцоо тухайн үеийн зах зээлийн ханшаар 49980 кг сонгино * 3000 төгрөг = 149.940.000 төгрөг болно.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК нь 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдөр иргэн Б.Эгийн захиалгын дагуу өөрийн компанийн хөрөнгө мөнгөөр ОХУ-ын Тува улсын Хандгайт болон Монгол Улсын Боршоон боомтоор 50 тонн бөөрөнхий сонгино оруулж ирж, улмаар Б.Эд 50 тонн сонгиныг хүлээлгэж өгсөн. Улаанбаатар хотод Б.Эгийн гэр болох Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Телевизийн арын ногооны зооринд оруулж, түүний мэдлийн скаладанд буулгаж өгсөн. Увс аймгаас 2 том ачааны машинаар тээвэрлэсэн 56-71 УВХ норд бенз жолооч Д.М, нөгөөх нь 49-08 УВХ норд бенз Д.Б гэсэн хоёр жолооч сонгиныг Улаанбаатар хотод тээвэрлэж ирсэн. Хоёр жолоочоос гэрчийн мэдүүлэг авахуулсан байгаа. Тухайн үед борлуулалтын машинууд зөрүүлээд ачиж гарч байсан байдаг. Анх Б.Э ярихдаа 2016 оны 2 дугаар сард сонгино авчирвал 1 килограм сонгиныг 3000 төгрөгөөр зарах боломж байна гэж хэлсэн. Прокуророос гаргаж өгсөн баримтууд дээр 3500 төгрөг гэж байсан. 1 килограмм сонгиныг 3000 төгрөгөөр зарах боломжтой, цагаан сарын өмнө ашигтай зарж өгч чадна гэж удаа дараа санал тавьж итгүүлсэн учраас 50 тонн сонгиныг Б.Эд цагаан сарын өмнө авчирч өгсөн ба зараад л шууд мөнгийг нь удахгүй өгнө гэсэн боловч өнөөг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй учир шүүхэд хандсан байгаа. Б ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Т, Ч.Т нөхөр М.Б гэж хүн байгаа. М.Б Б.Э хоёр ах дүүгийн хүүхдүүд байдаг. Ингээд сонгиныг зах зээлийн ханш болох 3000 төгрөгөөр 49980 килограмм сонгиныг тооцоход 149940000 төгрөг болж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдох нотлох баримтуудаа гаргаж өгсөн байгаа. Б ХХК-ийн захирал Ч.Т, Б.Э нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Худалдах, худалдан авах гэрээг талууд харилцан тохиролцож, амаар байгуулсан. Гэрээний гол нөхцлийн талаар хэлэлцэн тохирсон нөхцөлд амаар хэлцэл хийгдсэн гэж Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт заасан байгаа. Хэлцлийн гол нөхцөл 50тн сонгиныг 1 килограммыг нь 3000 төгрөгөөр тохиролцож, нийт 149940000 төгрөг болж байна гэдгийг хоёр тал тохиролцож ойлголцсон. Үүний үндсэн дээр төлбөр төлөх нөхцөлөө хойшлуулсан. Талууд харилцан тохиролцож мөнгөө 2016 оны 2 дугаар сард багтаан өгнө гэсэн. Сонгины төлбөр төлөх хугацааг хойшлуулж, 2016 оны 02 дугаар сард төлнө гэж хоёр тал тохиролцсон боловч Б.Э 50 тонн сонгиноо хүлээж авчихаад өнөөдөр хүртэл төлбөрийг төлөөгүй. Төлбөр төлөөгүй байдал нь Б ХХК-ийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Б ХХК-ийн зүгээс хоёр ачааны норд бенз маркийн автомашинд 2 хувааж буюу 25, 25 тонноор нь жолооч Д.М, Д.Б нараар биет байдлын доголдолгүй сонгиныг ачуулж, хүлээлгэн өгсөн нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасантай нийцэж байгаа. Мөн гэрч М.Б 50 тонн сонгиныг 2016 оны 2 дугаар сард Б ХХК оруулж ирсэн. Надаас мөнгө гараагүй, сонгины мөнгө компаниас гарсан. 20 сая төгрөгийн зээлийн гэрээ тусдаа асуудал гэж мэдүүлдэг. Харин хариуцагч тал 20 сая төгрөгийн зээлийн гэрээг иш татаж ярьдаг. Зээлдүүлэгч М.Б, зээлдэгч Б.Э нарын хооронд 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн нотариатчаар гэрчлүүлэн 20 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан байдаг. Зээлийн гэрээн дээр 50 тонн сонгины талаар нэг ч асуудал тусгагдаагүй. Өөрөөр хэлбэл М.Б, Б.Э нарын хооронд хийгдсэн энгийн зээлийн гэрээ байгаа. Түүнээс 50 тонн сонгины өр төлбөрийг 20 сая төгрөгөөр тохиролцож, зээлийн гэрээ байгуулсан асуудал биш. Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 3266 дугаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол байдаг. Уг тогтоолд маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхээр тохирсон гэж байгаа. Худалдах, худалдан авах гэрээг аман хэлцлээр хийсэн учир иргэний шүүхээр шийдвэрлүүлэх маргаан түүнээс хэргийг гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн журмаар шалгах шаардлагагүй гэсэн. Бум номин ХХК 50 тонн сонгино оруулж ирж Б.Эд хүлээлгэн өгсөн. Б.Э 50 тонн сонгиныг хүлээж авсан боловч төлбөрийг эхэндээ өгнө гэж байгаад дараа нь утсаа ч авахаа больсон. Хариуцагч Б.Э шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гаргасан хариу тайлбартаа 20 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Сонгино муудсан байсны улмаас хамтран ажиллах боломжгүй болсон гэсэн. Тухайн үед сонгиныг хоёр жолооч хүлээлгэж өгөхөд Б.Э сонгиныг харж авчихаад, сонгино муудсан талаарх санал гомдлоо Б ХХК-ийн захирал н.Тт мэдэгдээгүй, хоёр жолоочид мэдэгдээгүй, холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдээгүй. Үнэхээр сонгино муудсан бол өндөр дүнтэй сонгино учир холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагаар нь дүгнэлт гаргуулж, муудсан эсэхийг нь тогтоолгоогүй. Тиймээс сонгино тухайн үед муудаагүй, ашиглах боломжтой байсан учир сонгиныг зарж борлуулсан гэж үзэж байгаа. Сонгиныг худалдаж авсан мөнгө Бум номин ХХК-иас гарсан, иргэн М.Б гэж хүнээс мөнгө гараагүй. Б ХХК-ийн захирал Ч.Т, иргэн Б.Э нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ амаар тохиролцож хийгдсэн. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан гэж заасан. Тухайн үедээ хуулийн заалтын дагуу сонгино муудсан байсан бол холбогдох эрх бүхий байгууллага эсвэл Ч.Т захиралд хэлж, мэдэгдсэн зүйл байх ёстой. Хариуцагч хариу тайлбартаа Б ХХК-тай эрх зүйн харилцаанд оролцоогүй, М.Бтэй тохиролцсон гэдэг зүйл бичдэг. Тэгэхээр 50 тонн сонгиныг хилээр Б ХХК оруулж ирсэн. Тийм учраас нэхэмжлэгч бол Б ХХК гэдгийг хэлмээр байна. Иймд Бум номин ХХК 50 тонн сонгины үнэ болох 149940000 төгрөгийг нэхэмжилж байна.

 

Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Э миний бие Б ХХК-иас надад холбогдуулан гаргасан 149940000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Б.Э миний бие нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанчлан нэхэмжлэгч компаниас нэг ч төгрөгний сонгино аваагүй бөгөөд харин компанийн захирал Ч.Тийн нөхөр М.Бээс сонгино авч улмаар муудсан сонгино байсны улмаас бидний хамтран ажиллах үйл ажиллагаа амжилтгүй болсон билээ. М.Б нь намайг цагдаагийн байгууллагад шалгуулж, улмаар надтай 20000000 төгрөгний зээлийн гэрээ байгуулсан. Түүнээс биш нэхэмжлэгч компанитай миний бие ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хариуцагчийн төлөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасны дагуу хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлийн үндсэн дээр иргэний эрх зүйн харилцаа үүсдэг байгаа. Б ХХК болон Б.Э нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн эсэх мөн Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэх нөхцөл байдлууд нь тогтоогддоггүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар өөр нөхцөл байдал тогтоогдож байгаа гэж үзэж байна. Сонгино муудсан, доголдолтой байгаагүй талаар ярьж байна. Тэгвэл хариуцагч тал эд хөрөнгийн доголдолтой холбогдуулж өөрсдийнхөө татгалзлын үндэслэлийг тайлбарлахгүй байгаа. Б ХХК-тай ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй гэж маргаж байгаа. Нэг килограмм сонгиныг 3000 төгрөгөөр зарах бололцоо байна гэж Б.Э хэлсэн гэж байна. Мөн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс ирсэн гомдол, мэдээллийн холбоотой баримтууд дээр энэ сонгины талаар тодорхой дурдсан байгаа. М.Б өөрөө тайлбар, мэдүүлгээ мөн өгсөн байсан. Цагдаагийн байгууллагад М.Б гомдол гаргахдаа би 50 тонн сонгиныг оруулж ирсэн, надад сонгины мөнгийг өгөхгүй хохироож байна гэдэг асуудал тавьсан байдаг. Тэгэхээр М.Б, Б.Эрдэнсүрэн хоёрын хооронд сонгинотой холбоотой хэлцэл үүссэн гэж үзэж байгаа. Цагдаагийн байгууллага дээр байхдаа Б.Э сонгины тооцоонд 20 сая төгрөг өгөх баталгаа бичиж үүнийг М.Б зөвшөөрч зээлийн гэрээ байгуулсан байдаг. Энэ нь цагдаагийн байгууллагаас ирсэн эрүүгийн хэргийн материал дээр тодорхой байгаа. Б ХХК тухайн үед 50 тонн сонгиныг Монгол Улсын хилээр нэвтрүүлж оруулж ирснийг хариуцагч тал үгүйсгэхгүй. Цаашлаад Б ХХК болон М.Б хоёрын хооронд ямар эрх зүйн харилцаа байдгийг хариуцагч тал мэдэх боломжгүй. Хэдийгээр М.Б нь Б ХХК-ийн захирал н.Тийн нөхөр хэдий ч М.Б эхнэр болон компанитайгаа хэрхэн ярилцаж, тохиролцсон асуудал хавтаст хэрэгт байдаггүй. Тэгэхээр Бум номин ХХК М.Бээсээ л шаардах эрхтэй. М.Б Б ХХК-ийн оруулж ирсэн сонгиныг Б.Эд өгсөн үйл баримт хавтаст хэрэгт хангалттай байгаа. 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 3266 дугаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол байгаа. Энэ тогтоолыг гомдол гаргагч М.Бэд мэдэгдсэн, тогтоол өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. Тогтоолд хэн нэгэн гомдол гаргасан талаар ямар нэгэн баримт байдаггүй. Уг тогтоол дээр 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр нотариат дээр зээлийн гэрээ байгуулж, зээлийн дүнг 20000000 төгрөгөөр тооцож, маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхээр тохирсон байна гэж дүгнэсэн. Жолооч нар сонгино муудсан муудаагүйг мэдэхгүй. Жолооч нар Б ХХК-тай гэрээ байгуулж, Б ХХК-ийн сонгиныг Б.Эд хүлээлгэж өгсөн талаарх баримт хавтаст хэрэгт байхгүй. Б ХХК болон Б.Э нарын хооронд ямар ч эрх зүйн харилцаа үүсээгүй, талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй гэдэг нь 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол мөн М.Бийн цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байхдаа өгсөн тайлбар, мэдүүлгүүд, 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн М.Б, Б.Э нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ зэргээр нотлогдож байгаа. Иймд Б ХХК-д 149940000 төгрөг төлөх үүрэг үүсээгүй. Нэхэмжлэгч тал 1 килограмм сонгиныг 3000 төгрөг, 3500 төгрөг гэж янз янзаар ярьж байгаа боловч яг 1 килограмм сонгинын үнийг тогтоосон ямар ч баримт байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Учир нь:

1. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Б.Эд холбогдуулан сонгины үнэ 149,940,000 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

 

Дээрх шаардлагын үндэслэлээ 50тн сонгиныг ОХУ-аас Б ХХК оруулж ирэн хариуцагчид хүлээлгэн өгсөн, амаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж тайлбарлаж байх ба хариуцагч нэхэмжлэгчээс сонгино авч байгаагүй, М.Бээс сонгино авсан боловч муудсан байснаас хамтын ажиллагаа амжилтгүй болсон, энэ асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж байсан, нэхэмжлэгчтэй ямар нэг эрх зүйн харилцаанд ороогүй гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Б ХХК нь 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдөр ОХУ-аас 49980 кг /цэвэр жингээр/ бөөрөнхий сонгино Монгол Улсын хилээр оруулж ирсэн болох нь, Б ХХК-ийн захирал Ч.Тийн нөхөр М.Б цагдаагийн байгууллагад анх Б.Э ярихдаа 2016 оны 2 дугаар сард сонгино авчирвал 1кг-ийг нь 3000 төгрөгөөр зарах бололцоо байна, цагаан сарын өмнө ашигтай зарж өгч чадна гэж удаа дараа санал тавьж итгүүлсэн учраас энэ 50тн сонгиныг түүнд цагаан сарын өмнө авчирч өгсөн, зараад л мөнгийг нь шууд өгнө гэсэн өгөөгүй, надад учруулсан 149,940,000 төгрөгийн хохирлыг гаргуулж өгөхийг хүсье гэсэн утгатай гомдлыг хариуцагч Б.Эд холбогдуулан 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гаргаж, 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Б.Э Миний бие М.Бтэй бие харан уулзаж сонгины тооцоог эцсийн байдлаар 20,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцож, 2017.9.10, 2017.10.10-нд төлж барагдуулахаар тохирч, нотариат дээр зээлийн гэрээ хийж баталгаажуулсан болно гэсэн утга бүхий баталгаа гаргаж, 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр М.Б, Б.Э нарын хооронд 20 сая төгрөгийн зээлийн гэрээг бичгээр хийж, нотариатчаар гэрчлүүлсэн байх бөгөөд М.Б нь Б.Этэй зээлийн гэрээ байгуулж, зээлийн дүнг 20 сая төгрөгөөр тооцож, маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхээр тохирсон үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан үйл баримтууд тогтоогдож байна. Мөн гэрч Д.М, Д.Б нар Б.Эд 50тн сонгиныг хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байх ба уг асуудлаар хариуцагч маргаагүй болно. Маргаан бүхий 50 тн сонгиныг нэхэмжлэгч Монгол улсын хилээр оруулж ирсэн, түүнийг хариуцагч хүлээн авсан байгааг тэдний хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь:

 

Иргэний эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-8.1.8 дахь хэсэгт заасан үндэслэлээр үүсэх ба нэхэмжлэгч тал хариуцагчтай худалдах, худалдан авах гэрээ байгуулж иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж тайлбарлав. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл гэж заасан хэлцэл хийснээр иргэний эрх зүйн харилцаа үүсэх бөгөөд хэлцэл нь гэрээ байгуулах замаар бий болно. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж тодорхойлсон бөгөөд харин гэрээ гэдэг бол хоёр ба түүнээс дээш этгээдийн агуулгын хувьд хуульд нийцсэн, харилцан илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллээс бүрдэх хэлцлийг ойлгоно. Агуулгын хувьд хуульд нийцсэн хүсэл зоригийн илэрхийлэл гэдэг нь гэрээний талууд хууль зөрчөөгүй, хуулиар хориглоогүй зүйлийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж эрх зүйн нэг үр дагаварт хүрэх зорилготой байхыг хэлнэ. Энэхүү хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар харилцан хүлээн авсан байх шаардлагатай. Дээрх шаардлагыг хангаагүй бол гэрээ байгуулагдсан буюу хүсэл зоригийн харилцан тохиролцоо хийгдсэн гэж үзэхгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээг Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж тодорхойлжээ. Иймд худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөлийн талаар буюу гэрээний зүйл /хэдий хэмжээний ямар эд хөрөнгө/, түүний үнэ талаар хэлэлцэн тохирсон байх нь хуульд нийцнэ. Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд 50тн бөөрөнхий сонгиныг 1кг-ийг 3000 төгрөгөөр худалдах, худалдан авах хүсэл зориг илэрхийлэгдсэн, уг хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авсан байвал тэдний хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг 50тн бөөрөнхий сонгиныг 1кг-ийг 3000 төгрөгөөр авах хүсэл зориг илэрхийлсэн болохыг баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Х овогт Б Эгээс сонгины үнэ 149,940,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907,650 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА