| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 144/2022/00188/И |
| Дугаар | 001/ХТ2026/00144 |
| Огноо | 2026-06-04 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 001/ХТ2026/00144
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Э.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 144/ШШ2025/00416 дугаар шийдвэр,
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 203/МА2026/00009 дүгээр магадлалтай
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
"Ч” ХХК-д холбогдох
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Зам тээврийн яам
169,250,550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгч Б.У-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Р.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч "Ч” ХХК-д холбогдуулан 169,250,550 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 144/ШШ2025/00416 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Ч” ХХК-д холбогдох “Б” ТББ болон “Ч” ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №Ч-01/13 дугаартай гэрээний дагуу төлбөрт 169,250,550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,004,203 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3.Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 203/МА2026/00009 дүгээр магадлалаар: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 144/ШШ2025/00416 дугаартай шийдвэрийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Ч" ХХК-д холбогдох “Б” ТББ болон “Ч” ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №4-01/13 дугаартай гэрээний дагуу төлбөрт 169,250,550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ч" ХХК-аас “Б” ТББ болон “Ч” ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №4-01/13 дугаартай гэрээ-ний төлбөрт 167,606,250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,644,300 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдсугай.” гэж, 2 дахь заалтын “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,004,203 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.” гэснийг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,004,203 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ч” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 995,981 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн төлөөлөгч Б.У-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.03.25-ны өдрийн 203/МА2026/00009 тоот магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүхийн 203/МА2026/00009 тоот магадлалаар Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан 167,606,250 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэрээ хүчин төгөлдөр бус байсан тухайд: Зам тээврийн хөгжлийн яам болон “Б” ТББ-ын хооронд 2021.03.31-ний өдөр “Эко жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ” байгуулсан бөгөөд тус гэрээнд заасан Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км шороон замыг засварлаж тээвэр хийлгүүлэх гэрээний үндсэн зорилго биелэгдээгүй.
Гэрээг Зам тээврийн хөгжлийн яамнаас байгуулахдаа Авто замын тухай хууль, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалт хийгээгүй байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл байсан. Тухайн хамтран ажиллах гэрээний зорилго огт биелэгдээгүй нь баримтаар тогтоогдох бөгөөд шороон замыг стандартын дагуу засаж сайжруулахгүй олон иргэд аж ахуйн нэгжийн эд хөрөнгө, амь насанд хохирол учирсан болох нь 2021.08.27-ны өдрийн 88 дугаарт тушаалын дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны А/140 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны А/368 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт, Авто замын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 38-07002-067/66 дугаар дүгнэлт мөн байцаагчийн 2021 оны 38-07-067-004/120 дүгнэлтэд тус тус дурдсанаар хамтран ажиллах гэрээний үндсэн зорилго биелэгдээгүй байх тул 2021.10.20-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яамнаас цуцалсан байна. Тухайн эрх бүхий байгууллагын дүгнэлтүүд болон цуцлах бичгээр гэрээн дэх зорилго огт биелэгдээгүй талаар дурдсан. Нэхэмжлэгчийн шаардсанаар гэрээ цуцлагдах хүртэл гэрээний зорилго, хэрэгжилт биелэгдсэн мэтээр замын хураамжийн төлбөрийг нэхэмжлэх үндэслэлгүй байна.
Менежментийн гэрээгээр эрхийг шилжүүлэн авсан нь хууль зөрчсөн тухайд: Нэхэмжлэгч “Э” ХХК нь “Б” ТББ-аас 2022.08.16-ны өдрийн гэрээгээр менежментийн үйл ажиллагааг шилжүүлж замаас хураамж авч буй үйлдэл нь Иргэний хуулийн 123.8-д заасны дагуу “Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ” гэж заасны дагуу “Э” ХХК нь Зам тээврийн хөгжлийн яаманд мэдэгдэж замаас хураамж авах талаар зөвшөөрөл авах ёстой байсан. Зам тээврийн хөгжлийн яам болон “Б” ТББ-ын хооронд байгуулагдсан 2021.03.31-ний өдөр “Эко жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ”-ээр ТББ-ыг хэн нэгэнд замаас хураамж авах эрхийг шилжүүлэн өгөх талаар огт заагаагүй байна. “Б” ТББ нь “Э” ХХК-д замаас хураамж авах эрхийг олгосон талаар Зам, тээврийн хөгжлийн яаманд мэдэгдэх болон гэрээний дагуу зөвшөөрөл авахгүйгээр хоорондоо гэрээ байгуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэхэмжилж буй төлбөр үндэслэлгүй тухайд: Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн хувьд гэрээний дагуу шаардаж буй гэх 120,000,000 төгрөг нь огт хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүхэд нэхэмжлэгч нь төлбөрийн задаргааг тайлбарлахдаа хамтын ажиллагааны санхүүжилт гэх нэрээр урьдчилж өгөх ёстой байсан мөнгөний зарцуулалт, зориулалтын талаар тайлбарлаж чадаагүй. Урьдчилсан санхүүжилт гэх 120,000,000 төгрөгийг хэрхэн, хэн ямар үндэслэл судалгаа тооцоогоор тогтоосон эсэх болон түүний зарцуулалтын тайлангийн талаар баримт огт байхгүй. 1 тн тутамд 5000 төгрөгийн хураамж ногдуулж буй шийдвэр нь мөн ямар хууль болон төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэсэн эсэх нь тодорхойгүй байхад шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд дээрх хууль зүйн үндэслэлүүдийг тус тус харгалзан үзэж Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.03.25-ны өдрийн 203/МА2026/00009 тоот магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5.Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.05.14-ний өдрийн 001/ШХТ2026/00665 дугаар тогтоолоор хариуцагчийн төлөөлөгч Б.У-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ.
7.Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “Ч” ХХК-д холбогдуулан “Б” ТББ болон “Ч” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021.05.24-ний өдрийн №Ч-01/13 дугаартай гэрээний төлбөрт 169,250,550 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “...Манай компани нь Зам тээврийн хөгжлийн яам болон “Б” ТББ-ын 2021.03.31-ний өдрийн “Эко, жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ”-ний 1.2-т заасан төслийг хэрэгжүүлэх, зохион байгуулах ажлын хүрээнд “Б”-той 2021.05.01-ний өдөр менежментийн гэрээ байгуулан ажиллаж байсан. ”Эко жишиг тээвэр” төслийн хүрээнд Цогтцэций-Чойр чиглэлийн улсын чанартай авто замаар нүүрс тээвэрлэлтийг нэгдсэн зохион байгуулалттайгаар явуулах, замын засвар, арчлалт, хяналтын зардлыг тээврийн компаниуд хамтран ажиллах гэрээний дагуу төлөх, энэ төлбөр, хандиваас Чойр сангийн санхүүжилт бүрдэхээр тогтоосон. “Ч” ХХК, “Б” ТББ-ын хооронд 2021.05.24-нд хамтран ажиллах гэрээг байгуулсан ба 2021.06.12-ны өдрөөс эхлэн 9,631 тонн нүүрс тээвэрлэж, нийт 169,250,550 төгрөгийн төлбөр төлөөгүй. “Э” ХХК нь “Б” ТББ-тай 2022.08.16-ны өдрийн “Эрх шилжүүлэх гэрээ”-ээр нэр бүхий хуулийн этгээдүүдээс төлбөр гаргуулах эрхийг “Б” ТББ-аас шилжүүлэн авсан” гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, маргахдаа “... Манай компани нүүрс тээвэрлэх гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байсан. Цар тахлын улмаас боомтын үйл ажиллагаа доголдсон тул 2021 оны 5 сард “Б” ТББ-тай “Эко жишиг тээвэр” гэх төсөл хэрэгжүүлэх замаар Зам тээврийн хөгжлийн яам хамтран ажиллах гэрээг байгуулсан. Энэ төсөлд “Б” ТББ нь Зам тээврийн хөгжлийн яамтай байгуулсан гэрээний үүргийг биелүүлээгүй, хууль бусаар их хэмжээний мөнгө хөрөнгийг бусдаас үндэслэлгүйгээр татан төвлөрүүлсэн, зарцуулалт нь тодорхой бус гэсэн үндэслэлээр Зам тээврийн хөгжлийн яам гэрээг дангаараа цуцалж, хууль хяналтын байгууллагад гомдол гаргаснаар “Б” ТББ болон “Э” ХХК-д холбогдох эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа. Төслийн үндэслэл болсон Зам тээврийн хөгжлийн сайдын 2019.05.03-ны өдрийн 131 дүгээр тушаалаар давуу байдал олгосон гэх үндэслэлээр тухайн үеийн сайд нь шалгагдаж байгаа. Манай компанийн хувьд “Б” ТББ-тай аргагүй шалтгаанаар гэрээ байгуулсан. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны гэрээ тул иргэний хэргийн шүүхийн харьяалал биш. Иргэний хуулийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн гэрээ тул нэхэмжлэгч шаардах эрхгүй. Нийтийн эрх ашгийг хөндсөн асуудал дээр Зам тээврийн хөгжлийн яам хандах ёстой байсан. Төрийн байгууллагаас эрх авч байгаа заалт нь яг ямар процедур, хуулийн дагуу шаардах эрх олж авч байгаа гэдгээ сайн тайлбарлаж хэлэхгүй байгаа учраас гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна” гэсэн агуулгатай тайлбар гаргасан.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Зам, тээврийн яамны тайлбарт “... тус яамнаас 2021.03.31-ний өдөр Эко жишиг тээврийн хамтран ажиллах гэрээг “Б” ТББ-тай байгуулсан. Гэрээний гол заалт буюу “Эко жишиг тээвэр” төслийн хүрээнд гурван үндсэн шаардлага байсан. Яам нь тухайн чиглэлийн авто зам дээр бид нар дэмжлэг үзүүлнэ, мөн тээвэрлэлт нь гэрээний дагуу хийгдэж байна уу гэдэг дээр хяналт тавих, шалгах мөн төрийн бус байгууллага гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй байгаа тохиолдолд гэрээг хүчингүй болгох гэсэн хүрээнд ажилласан ба тухайн чиглэлдээ байнгын хяналт тавьж, гэрээний дагуу энэ ажлууд хийгдэхгүй байна гэсэн санал, гомдлын дагуу хяналт шалгалт гаргаад улсын байцаагчийн дүгнэлтүүд гарч, “Эко жишиг тээвэр”-ийг цуцалсан байдаг” гэжээ.
8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... Зам, тээврийн хөгжлийн яам болон “Б” ТББ-ын хооронд 2021.03.31-ний өдөр “Эко, жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ” байгуулагдсан. “Э” ХХК болон “Б” ТББ, “М” ХХК, “Х” ХХК, “А” ХХК, “С” ХХК нарын хооронд 2021.05.01-ний өдрийн 21/01 дугаар менежментийн гэрээ байгуулагдсан байна.
Зам, тээврийн хөгжлийн яам болон “Б” ТББ-ын хооронд байгуулагдсан дээрх “Эко, жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ”-г тус яам 2021.10.20-ны өдрөөс цуцалсан байх тул нэхэмжлэгч “Э” ХХК нь 2021.05.01-ний өдрийн менежментийн гэрээний дагуу буюу “Б” ТББ болон “Ч” ХХК нарын хооронд байгуулагдсан 2021.05.24-ний өдрийн №Ч-01/13 дугаартай гэрээний дагуу төлбөрт 169,250,550 төгрөгийг шаардах эрхгүй этгээд байна” гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн.
9.Давж заалдах шатны шүүх “... Анхан шатны шүүхийн Зам, тээврийн хөгжлийн яам болон “Б” ТББ-ын хооронд 2021.03.31-ний өдөр байгуулагдсан “Эко, жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ”-г 2021.10.20-ны өдрөөс цуцалсан тул “Э” ХХК нь 2021.05.01-ний өдрийн менежментийн гэрээний дагуу буюу “Б” ТББ болон “Ч” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021.05.24-ний өдрийн гэрээний төлбөрт 169,250,550 төгрөгийг шаардах эрхгүй этгээд байна. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ гэсэн дүгнэлт нь нотлох баримтыг үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Б.У нь манай компани тухайн замаар 6,000 тонн нүүрс тээвэрлэсэн, гэрээнд тохирсон төлбөрүүдийг төлөөгүй, 1 кг нүүрс тутамд 5,000 төгрөгөөр тооцож төлбөр төлөхийг сүүлд зөвлөлийн хурлаар харилцан тохиролцсон гэж, нэхэмжлэгч нь гэрээг цуцалснаас хойш нэхэмжилсэн 1,644,300 төгрөгийг гаргуулан авахаас татгалзаж байна гэсэн тайлбарыг тус тус гаргасан тул 2021.06.20-2021.08.15-ны өдрийн хооронд хариуцагчийн тээвэрлэсэн нүүрсний үнийг тонн тутамд 5,000 төгрөгөөр тооцож 45,806,250 төгрөг, төслийн анхны хөрөнгө оруулалтад төлөхөөр тохирсон 120,000,000 төгрөг, постын тооцоо 1,800,000 төгрөг, нийт 167,606,250 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,644,300 төгрөгийг гаргуулахаас татгалзсаныг дурдаж” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хангасан байна.
10.Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтад хууль хэрэглээний ялгаатай дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрөөр шийдвэрлэсэн ба хариуцагчийн төлөөлөгч Б.У-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
11.Хэргийн баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна.
11.1.Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км улсын чанартай авто замаар хариуцлагатай, хяналттай, жишиг тээвэрлэлт хийхтэй холбоотой харилцааг зохицуулахаар Зам тээврийн хөгжлийн яам болон “Б” ТББ-ын хооронд 2021.03.31-ний өдөр нэг жилийн хугацаатай байгуулагдсан “Эко, жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ”-ээр “Б” ТББ нь төслийг хэрэгжүүлэхдээ улсын чанартай авто замаар зөвхөн маршрутаар олон салаа зам гаргахгүй тээвэрлэлтийг хийх, нутгийн иргэдтэй уулзалт зохион байгуулах, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй хамтран ажиллах, авто зам дагуу хоёр талдаа тав, таван км-ийн дотор байрлах тээвэрлэлтийн нөлөөллийн бүсэд амьдарч буй айл өрхийг ажилтай, орлоготой байлгах асуудлыг шийдвэрлэх, тээвэрлэлтийг эмх цэгцтэй явуулахын тулд байнгын пост байгуулах, хяналтын ажилтан ажиллуулах, явуулын засвар үйлчилгээ болон хогийн цэг байгуулах, жолооч нарыг сургалтад хамруулж аюулгүй ажиллагааны болон холбогдох дүрэм журам, зааварчилгаа өгч тухайн чиглэлд тээвэрлэлт хийх бүх тээврийн хэрэгсэлд QR код олгох, Таван толгойн орд газраас олборлолт болон тээвэрлэлт хийж буй аж ахуйн нэгж байгууллага, баяжуулах боловсруулах үйлдвэрүүдтэй гэрээ байгуулж хариуцлагатай, хяналттай тээвэрлэлт хийхэд хяналт тавих ажлыг зохион байгуулах үүрэг хүлээсэн байна.
11.2.Дээрх 2021.03.31-ний өдрийн “Эко жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ”-ний хавсралтаар батлагдсан “Эко, жишиг тээвэр төсөл”-ийн хүрээнд Цогтцэций-Чойр чиглэлийн улсын чанартай авто замаар эко жишиг тээвэр төслийн үйл ажиллагааны менежментийг менежментийн компаниар хийлгэхтэй холбоотой харилцаанд талуудын эдлэх эрх, үүргийн харилцааг зохицуулах зорилгоор төсөл хэрэгжүүлэгч “Б” ТББ, “М” ХХК, “Х” ХХК, “А” ХХК, “С” ХХК-ууд менежментийн компани болох “Э” ХХК-тай 2021.05.01-ний өдөр 21/01 дугаартай “Менежментийн гэрээ”-г байгуулжээ.
11.3.“Ч” ХХК нь 2021.05.20-ны өдрийн 05.20/329 дугаартай албан бичгээр “Б” ТББ-д хандан хамтран ажиллах хүсэлт гаргаж, улмаар “Б” ТББ-тай нь 2021.05.24-ний өдөр Эко, жишиг тээвэрт худалдан авагчийн төлөөлөл итгэмжлэгдсэн компанитай хамтран ажиллах Ч-01/13 дугаартай гэрээг байгуулсан. Гэрээнд Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км улсын чанартай авто замаар тээвэрлэлт хийж буй Эко, жишиг тээвэр төсөлд оролцогч “Ч” ХХК нь “Э” ХК-ийн нүүрсийг тээвэрлэж байгаа оролцогчийн хувьд төслийн анхны хөрөнгө оруулалтад 120,000,000 төгрөгийг төлөхөөр, төлбөрийг “Э” ХХК-ийн “Чойр сан” дансанд шилжүүлнэ гээд цаашид өөрийн нэр дээр явуулж байгаа тээврийн хэрэгсэл бүрээс нэг рейс тутамд 200,000 төгрөгийн төслийн хураамжийг мөн санд төвлөрүүлнэ гэж заасан. Түүнчлэн Холбоо нь ... хураамж авч “Чойр сан”-д байршуулан Эко, жишиг тээврийн төслийн ажлын болон бусад зардлыг санхүүжүүлнэ гэж тус тус харилцан тохиролцсон байна.
11.4.”Б” ТББ болон “Э” ХХК-ийн хооронд 2022.08.16-ны өдөр эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, эрх шилжүүлэгч нь “Эко, жишиг тээвэр төслийн үр шимийг хүртэгч худалдан авагч компанитай хамтран ажиллах гэрээ”-ний дагуу төлбөрийг шаардах эрх буюу харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргах, эд хөрөнгө хүлээн авах зэрэг гэрээний бүх эрхийг шилжүүлэх, эрх хүлээн авагч нь шаардах эрх хүлээн авахтай холбоотой харилцааг зохицуулсан байх бөгөөд уг гэрээний 1.2.11-д “Ч” ХХК-аас төлбөр төлөх үүргийг шаардах эрхийн хүрээнд төлбөр мөнгө буюу эд хөрөнгө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах, хууль хяналтын байгууллагад өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх зэрэг бүх эрхээ бүхэлд нь эрх хүлээн авагчид шилжүүлнэ гэжээ.
11.5.Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021.10.06-ны өдрийн А/158 тушаалаар Тавантолгойн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай замаар ачаа тээвэрлэлт гүйцэтгэхтэй холбоотой асуудлаар Монгол Улсын Шадар сайдын 2021.08.27-ны өдрийн 88 тоот тушаалын дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны А/140 тушаалаар томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт болон Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны А/268 тушаалаар томилогдсон ажлын хэсгийн, Авто замын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 38-07-002-067/66, 2021 оны 38-07-067-004/120 гэсэн дүгнэлтүүдээр холбогдох хуулиудын заалтыг зөрчиж байгааг харгалзан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны Эзэмших эрх шилжүүлэх тухай 227 дугаар тушаалыг цуцалж, энэ тушаалыг 2021.10.20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоож, “Б” ТББ-тай 2021.03.31-ний өдөр байгуулсан “Эко, жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ”-г 2021.10.20-ны өдрөөс цуцалсан байна.
12.Нэхэмжлэгч “Э” ХХК нь ”Б” ТББ болон “Э” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022.08.16-ны өдөр эрх шилжүүлэх гэрээг үндэслэн хариуцагч “Ч” ХХК болон “Б” ТББ-ын хооронд 2021.05.24-ний өдөр хийгдсэн “Эко, жишиг тээвэрт худалдан авагчийн төлөөлөл итгэмжлэгдсэн компанитай хамтран ажиллах Ч-01/13 гэрээ”-ний үүргийг шаардсан байна.
13.Анхан шатны шүүх “Зам, тээврийн хөгжлийн яам “Эко, жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ”-г 2021.10.20-ны өдрөөс цуцалсан тул нэхэмжлэгч “Э” ХХК нь 2021.05.01-ний өдрийн менежментийн гэрээний дагуу шаардах эрхгүй” гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй боловч хяналтын шатны шүүх зарим дүгнэлтийг нэмнэ.
Хэргийн баримтаас үзэхэд Зам тээврийн хөгжлийн яамтай 2021.03.31-ний өдөр байгуулсан “Эко, жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ”-гээр “Б” ТББ нь төслийг хэрэгжүүлэхдээ нэрлэн заасан олон үүрэг хүлээсэн /Тогтоолын 11.1/ ба уг төслийг “Э” ХХК хариуцан хэрэгжүүлэхээр менежментийн гэрээг байгуулсан байна.
Төсөл хэрэгжүүлэгч нь нүүрсний тээвэр хийдэг компаниудаас төслийн хураамж 120,000,000 төгрөг, түүнчлэн тээврийн хэрэгсэл тус бүрээс рэйс тутамд 200,000 төгрөгийн хураамжийг авч “Чойр сан”-д төвлөрүүлнэ гэж заасан. Түүнчлэн хураамжийг уг санд байршуулан төслийн ажлын болон бусад зардлыг санхүүжүүлэх зэрэг тодорхой үүрэг хүлээсэн байх боловч шаардах эрхээ нэхэмжлэгчид шилжүүлсэн ”Б” ТББ нь хариуцагч “Ч” ХХК-тай байгуулсан 2021.05.24-ний өдрийн Ч-01/13 хамтран ажиллах гэрээний үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, улмаар энэ талаар тодорхой тайлбар гаргаагүй байна.
Өөрөөр хэлбэл, дээрх хамтран ажиллах гэрээ хэрхэн хэрэгжсэн буюу талууд үр дүнг хүртсэн байдал, “Чойр сан” байгуулагдсан эсэх, гэрээ үйлчилж байх хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, гарсан зардал, тооцоо нийлсэн акт зэрэг баримт авагдаагүй байна. Улмаар Зам тээврийн яам гэрээ цуцалснаас хойш гэрээний хэрэгжилтийг дүгнэсэн тухай болон гэрээнд заасан “Чойр сан”-д хуримтлагдсан хөрөнгө нь хэрхсэн тухай үйл баримт тодорхойгүй байх тул нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлоогүй, хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ.
14.Давж заалдах шатны шүүх “Э” ХХК нь эрх шилжүүлэх гэрээгээр “Б” ТББ-ын бусдаас авах авлага өр төлбөртэй холбоотой эрхийг бүрэн шилжүүлэн авсан нь Иргэний хуулийн заалтыг зөрчөөгүй, “Б” ТББ болон “Ч” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021.05.24-ний өдрийн №Ч-01/13 дугаартай гэрээний дагуу гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед үүссэн гэрээний төлбөрийг хариуцагч “Ч” ХХК-аас шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн гомдлыг хангасан магадлалын үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаарй зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болж буй хамтран ажиллах гэрээ, түүний хэрэгжилтийн талаар эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр зөвхөн тухайн гэрээнд талууд гарын үсэг зурсан, байгуулагдсан талаар талууд маргаагүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцсэнгүй.
Нэхэмжлэгч нь ”Б” ТББ болон “Э” ХХК-ийн хооронд 2022.08.16-ны өдөр байгуулагдсан Эрх шилжүүлэх гэрээний дагуу хариуцагчаас үүрэг шаардсан байх бөгөөд энэ гэрээний 1.2-т ”Б” ТББ-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан нийт 14 тээврийн компанийн нэрсийн жагсаалт байх боловч аль компаниас ямар хэмжээний үүрэг буюу төлбөр шаардах нь тодорхойгүй байна. Улмаар хариуцагчийн төлөх төлбөрийн хэмжээг гаргасан 10 хуудас баримт нь “Ч” ХХК-ийн хамтран ажиллах гэрээний нөгөө тал болох ”Б” ТББ-ын баримт бус харин нэхэмжлэгч талын тамга дарагдаж, түүний захирал болон нягтлан бодогч нар гарын үсэг зурсан тооцооллын баримт байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Иймээс хяналтын шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 203/МА2026/00009 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 144/ШШ2025/00416 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Б.У-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 1,004,203 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Б.УНДРАХ
Д.ЦОЛМОН