Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2020/0641

 

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 08 өдөр Дугаар 128/ШШ2020/0641 Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.М,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Улсын онцгой комисс.

Нэхэмжлэлийн шаардлага: Улсын онцгой комиссын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 25-р хуралдааны тэмдэглэлийн 4.1 дэх заалтын ...жагсаал, цуглаан... гэсэн хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 сарын 30-ны өдрийн дугаар А/******* захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох,

Шүүх хуралдаанд: Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, хариуцагч Улсын онцгой комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон хүсэлтдээ: ...Улсын онцгой комисс нь 2020 оны 07 сарын 01-ний өдрийн 25-р хуралдааны тэмдэглэлийн шийдвэрлэсэн нь хэсгийн 4.1 заалтдаа иргэний жагсаал цуглаан хийх, зохион байгуулах эрхийг хязгаарласан, Нийслэлийн засаг дарга нь Улсын онцгой комиссын тус шийдвэрийг үндэслэн гаргасан 2020 оны 06 сарын 30-ны өдрийн А/******* тоот захирамжийн 4 заалтад иргэний жагсаал цуглаан хийх, зохион байгуулах эрхийг хязгаарласан тус тус заалтууд нь хууль бус шийдвэр байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 16 дахь хэсэгт заасны дагуу тайван жагсаал, цуглаан хийх эрх нь Монгол улсын иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөө мөн билээ.

Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйл.

Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:

16) итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно;

Энэхүү эрхийг баталгаатай эдлэх эрх гэж Үндсэн хуульд баталгаажуулсан үндэслэл нь эдгээр эрхийг зөвхөн үндэслэл бүхий тодорхой нөхцөлд зөвхөн хууль гаргах замаар хязгаарлахыг л зөвшөөрдөгт оршино. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2 дахь заалтаас харагдана.

Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйл.

2. Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө.

Төр өөрөө энэ эрхийг үндэслэл бүхий бус шийдвэрээр зөрчих бус харин энэ эрхийг эдлэх хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлж, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэж, цаашлаад зөрчигдсөн эрхийг сэргээх үүргийг иргэнийхээ өмнө хариуцдаг. Үүнийг Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх заалтад баталгаажуулсан байдаг.

Арван есдүгээр зүйл.

1. Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.

Уг захирамжид буй иргэн, хуулийн этгээдээс зохион байгуулах жагсаал, цуглааныг бүртгэхгүй байхтай холбоотой заалт нь хууль зүйн үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй, Улсын онцгой комисс, Нийслэлийн засаг дарга нь өөрийн эрх хэмжээнд үл хамаарах асуудлаар гаргасан шийдвэр байна. Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар баталгаажсан үзэл бодлоо илэрхийлэн тайван жагсаал, цуглаан хийх эрхээ эдлэх, хэрэгжүүлэхтэй холбоотой жагсаал, цуглааны үйл ажиллагааг олон нийтийн үйл ажиллагаатай адилтган үзэх боломжгүй юм. Учир нь энэ нь

Үндсэн хуульд заасны дагуу тусгай хуулиар зохицуулагддаг, зөвхөн тодорхой нөхцөлд хуулиар хязгаарлах эрх юм.

Харин Жагсаал цуглаан зохион байгуулах тухай хуулийн 6.2-д зааснаар тус хуульд зааснаас бусад тохиолдолд жагсаал, цуглаан хийхэд саад учруулахыг хориглосон байна.

6 дугаар зүйл. Жагсаал, цуглаан хийх эрхийн баталгаа

2. Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд жагсаал, цуглаан хийхэд зориуд саад учруулах, түүнчлэн хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаж байгаа жагсаал, цуглааныг тараахыг хориглоно.

Түүнчлэн Нийслэлийн засаг даргын 2020 оны 06 сарын 30-ны өдрийн Дугаар А/******* захирамжийн үндэслэл хэсэгт Улсын онцгой комиссын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн тэмдэглэлийг дурдсан байдаг. Гэтэл Энэ захирамж нь 06 сарын 30-ны өдөр гарч, Улсын онцгой комиссын тус тэмдэглэл 07 сарын 01-ний өдөр буюу захирамж гарсан огнооноос цаг хугацааны хувьд хойно гарсан байдаг. Иймд нь Нийслэлийн засаг даргын захирамж нь Улсын онцгой комиссын шийдвэрт үндэслэн гарсан гэж үзэх нь үндэслэлгүй.

Мөн иргэний жагсаал, цуглаан хийх эрхийг зөвхөн хуулиар хязгаарлаж болох бөгөөд Улсын онцгой комисс эсхүл Нийслэлийн засаг дарга нь хууль батлах субъект биш буюу иргэний жагсаал цуглаан хийх эрхийг хязгаарлах эрх бүхий субъект биш тул уг захирамжийг гаргахдаа Улсын онцгой комиссын тэмдэглэлийг үндэслэсэн нь, ийн үндэслэж иргэний жагсаал цуглааныг хориглох шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэн би Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг үндэслэн, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шалгуурыг хангасан хэлбэрээр Улсын онцгой комисс, Нийслэлийн засаг дарга нарт тус тусын шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү хэмээн гомдол гаргасан.

Улсын онцгой комиссоос өнөөдрийг хүртэл иргэн миний гаргасан гомдлыг шийдвэрлэсэн эсэх, эсхүл хэрхэн шийдвэрлэсэн талаарх ямар нэгэн хариу надад мэдэгдээгүй.

Харин Нийслэлийн засаг даргад гаргасан гомдлын хувьд Нийслэлийн засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Д нь 2020 оны 08 сарын 06-ны өдрийн 07/******* тоот албан бичгээр хариу мэдэгдсэн бөгөөд миний гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэсэн хариуг ирүүлсэн...

Улсын онцгой комиссын 2020 оны 07 дугаар сарын 01 - ний өдрийн 25-р хуралдааны тэмдэглэлийн 4.1 дэх заалтын ...жагсаал, цуглаан... гэсэн хэсгийг, Нийслэлийн засаг даргын 2020 оны 06 сарын 30-ны өдрийн Дугаар А/******* захирамжийн 4 дүгээр заалтын "...жагсаал, цуглааныг... гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иймд өөрийг нь эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэдгээ шүүгчийн туслахад утсаар мэдэгджээ.

Улсын онцгой комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цаг үеийн нөхцөл байдал буюу Ковид-19 өвчинтэй холбоотойгоор Улсын онцгой комисс, Монгол Улсын Шадар сайдын зөвлөхүүдийн хувьд маш ачаалалтай ажиллаж байна. Энэ их ажлын зэрэгцээ нэхэмжлэгч Б.М нь шүүхэд нэхэмжлэл гаргаж ажил хүндрүүлж байгаа нь зохистой санагдахгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд ирээгүй байгаа нь миний хувьд харамсалтай байна. Монгол Улсын иргэний хувьд эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг ойлгож байна.

Нэхэмжлэгч Б.Мийн шүүхэд нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нь өөрийн үзэл бодлоо илэрхийлэх хүсэл зориг байсан. Учир нь нэхэмжлэгч Б.Мийн эхнэр хүүхэд нь гадаад улсад байсан ба Монгол Улсдаа ирэх боломжгүй байсан. Сүүлийн мэдээллээр нэхэмжлэгчийн эхнэр хүүхэд нь Монгол Улсад ирчихсэн байгаа юм. Иймд нэгэнт шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа учраас шийдвэрлүүлэх байр суурьтай хандаж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэл гаргасан хувь хүний идэвхитэй байр суурь арилсан гэж үзэж байна. Монгол Улсын шүүхийн үйл ажиллагаа, төрийн үйл ажиллагааг хүндэлж нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ дэмжиж ирэх ёстой байсан гэж миний зүгээс үзэж байна.

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг Улсын Их Хурлаас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр батлан гаргасан. Тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалтад нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор бусад хуульд зааснаас өөр журам тогтоох, хүний зарим эрх, эрх чөлөөг хязгаарлах гэж заасан байдаг. Улсын онцгой комиссоос гарсан шийдвэр нь дээрх зүйл ангийг үндэслэн гарсан. Мөн Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.6 дахь заалтад соёл урлаг, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарлах, цуцлах, хориглох гэж заасан байна.

Гамшиг гэдэг нь аюулт үзэгдэл, ослын улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох, мал, амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, түүх, соёлын дурсгалт зүйл, хүрээлэн байгаа орчинд улс болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн дотоод нөөц, боломжоос давсан хохирол учрахыг хэлнэ. Тэгвэл аюулт үзэгдэл гэдэг нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтад хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, аянга, газар хөдлөлт, нуранги, хөрсний гулгалт үүсэх, гал түймэр, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах, цар тахал, хортон шавж, мэрэгч тархах зэргийг хэлнэ гэж заасан байна.

Дээрх хуулийн зүйл заалтыг үндэслэж Улсын онцгой комиссоос олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглох шийдвэрийг гаргасан. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт Онц болон дайны байдал зарласан шалтгааныг эсэргүүцэх, гамшгийн хор уршгийг арилгах зорилгоор зохион байгуулах цуглаанд энэ зүйлийн З дахь хэсгийн заалт үл хамаарна гэж заасан байдаг. Коронавируст халдвар /ковид-19/-ын 2 дугаар давлагаа эхэлсэн гэж дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдэл хийсэн. Нэхэмжлэгч нь шийдвэрийг хууль бус болохын тогтоох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус шийдвэрийг хууль бус гэж тогтооход нэхэмжлэгчид ямар нэгэн ач холбогдол байхгүй.

Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлыг 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан. Коронавируст халдвар /ковид-19/-ын 2 дугаар давлагаа эхэлсэнтэй холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдлыг дахин сунгах эсэх асуудлыг шийдвэрлэнэ. гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтад нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, удирдах, хэрэгжүүлэх, 32.1.8 дахь заалтад гамшгаас хамгаалах хууль тогтоомж, дээд шатны байгууллагын шийдвэрийн хэрэгжилтийг хангах гэж заасан нь Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнд хамаарч байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргаас А/******* дугаар захирамжийг гаргасан.

Тус захирамжаар жагсаал цуглаан хийхийг хориглосон шийдвэрийг гаргасан. Гэсэн хэдий ч тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулж А/******* дүгээр захирамжаар А/******* дугаар захирамжийг хүчингүй болгосон. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх захирамжуудыг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна. Тэгвэл дээрх захирамжууд нь хууль бус байх үндэслэл шаардлагатай болно. Гэтэл нэхэмжлэлээс харахад дээрх захирамжууд ямар үндэслэлээр хууль бус болох нь тодорхойгүй байна.

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргах шийдвэр, арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд дараах шаардлагыг нэг мөр хангана, 11.1.2 дахь заалтад үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, нийтийн ёс суртахуун, нийгмийн эрүүл мэнд, эсхүл хүний бусад үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах зорилготой байх гэж заасан байна.

Жагсаал цуглааныг хориглосон үндсэн шалтгаан нь нийгмийн аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой байсан. Иймд дээрх захирамжууд нь хууль бус гэх үндэслэлгүй байна. Дээрх шийдвэрийн дагуу үйл ажиллагаагаа явуулсан учир Монгол Улсад коронавируст халдвар /ковид-19/ өвчин гараагүй гэж дүгнэж байна. Мөн тус захирамж шийдвэрийн үр дагавар тодорхой харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Моос Улсын онцгой комиссын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 25-р хуралдааны тэмдэглэлийн 4.1 дэх заалтын ...жагсаал, цуглаан... гэсэн хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 сарын 30-ны өдрийн дугаар А/******* захирамжийн 4 дүгээр заатын ... жагсаал цуглаан... хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Улсын онцгой комиссын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 25-р хуралдааны тэмдэглэлийн 4.1 дэх заалтын ...жагсаал, цуглаан... гэсэн хэсгийг хүчингүй болгуулж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 сарын 30-ны өдрийн дугаар А/******* захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгч Б.Моос 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Улсын онцгой комиссын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар хурлын тэмдэглэлийн холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/******* дугаар захирамжийн 4 дүгээр заалтын холбогдох хэсгүүд нь Монгол Улсын Үндсэн хууль, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийг тус тус зөрчсөн гэж үзэн дээрх маргаан бүхий актуудын холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Засаг дарга, Улсын онцгой комисст хандсан байна.

            Уг өргөдлийн хариуг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 07/******* дугаар албан бичгээр өгчээ.

            Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д гамшиг гэж аюулт үзэгдэл, ослын улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох, мал, амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, түүх, соёлын дурсгалт зүйл, хүрээлэн байгаа орчинд улс болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн дотоод нөөц, боломжоос давсан хохирол учрахыг, 4.1.2-т аюулт үзэгдэл гэж хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, аянга, газар хөдлөлт, нуранги, хөрсний гулгалт үүсэх, гал түймэр, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах, цар тахал, хортон шавж, мэрэгч тархах зэргийг гэж заасан бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Коронавируст /КОВИД-19/-ийн халдвар дэлхийн ихэнх улсад тархсан тул цар тахал гэж албан ёсоор зарлажээ.

            Улсын онцгой комиссын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1 дүгээр хурлын тэмдэглэлийн 5 дугаар заалтын 5.1-д Олон нийтийг хамарсан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулахыг түр хугацаагаар хязгаарлахыг, 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар хурлын тэмдэглэлийн 9 дүгээр заалтын 9.1-д Коронавируст /Covid219/ халдварын нөхцөл байдалтай холбогдуулан нутаг, дэвсгэрийн хэмжээнд бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, аймаг нийслэлийн Онцгой комиссын үйл ажиллагааны шуурхай байдлыг хангах, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авч ажиллах, 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 24 дүгээр хурлын тэмдэглэлийн 3 дугаар заалтын 3.1-д Бизнес эрхлэлтийг дэмжих зорилгоор коронавируст халдвар /Ковид-19/-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхтэй холбогдсон хууль, дүрэм, журмын хүрээнд ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмийг чанд сахиж зарим олон нийтийн үзвэр, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын үйлчилгээг эхлүүлэх талаар саналаа судлан Улсын онцгой комисст танилцуулах-аар Услын онцгой комиссын хурлын шийдвэрүүд нь коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор тус тус гарсан байна.

            Мөн Улсын онцгой комиссын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 25-р хуралдааны тэмдэглэлийн 4 дүгээр заалтын 4.1 дэх хэсэгт ...жагсаал цуглаан, нийтийг хамарсан спортын үйл ажиллагаа, PC тоглоомын газар, диско болон бүжгийн баарнаас бусад бүх төрлийн хүүхдийн тоглоомын газар, баар, биллиард, шашин соёл урлаг, үзвэр үйлчилгээний газрын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэн үе шаттайгаар нээхийг зөвшөөрөхийг... Аймаг, Нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.

            Монгол улс нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орны хувьд дээрх байгууллагаас цар тахал гэж зарласан халдварт өвчний дэгдэлт, өвчлөлтийг хязгаарлах, урьдчилан сэргийлэх, дотоодын иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэгтэй бөгөөд энэхүү зорилгын хүрээнд авч хэрэгжүүлж буй хязаарлалт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

            Учир нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн З дахь хэсэгт Улс орны буюу тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд онц болон дайны байдал зарласан, гамшиг болон аюул тохиолдсон бол тухайн нутаг дэвсгэрт уг шалтгаан арилтал жагсаал, цуглаан хийхийг хориглоно гэж заасан бөгөөд дээрх нөхцөл байдал үүссэн тохиодолд иргэний тодорхой эрхийг хязгаарлах зохицуулалттай байх тул Улсын онцгой комиссын 25-р хуралдааны тэмдэглэлээр жагсаал цуглаан хийхийг хязгаарласан нь хуульд нийцжээ.

            Нөгөөтэйгүүр Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга гамшгаас хамгаалах асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 32.1.1-д нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, удирдах, хэрэгжүүлэх, 32.1.8-д гамшгаас хамгаалах хууль тогтоомж, дээд шатны байгууллагын шийдвэрийн хэрэгжилтийг хангах гэж тус тус заасан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/******* дугаар захирамж нь мөн хууль нийцсэн захиргааны акт байсан гэж үзэхээр байна.

            Учир нь Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комиссын удаа дараагийн хуралдааны тэмдэглэлээр Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт гамшгаас хамгаалах асуудлаар холбогдох арга хэмжээ авахыг үүрэг болгосон бөгөөд дэлхий нийтэд үүссэн Коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахал халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор гарсан дээрх комиссын хуралдааны тэмдэглэлүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан бөгөөд зорилгодоо нийцсэн байх тул дээрх захиргааны актуудад нийцүүлж, өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/******* дугаар захирамж мөн хуульд нийцжээ.

            Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/******* дугаар захирамжийг Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/******* дүгээр захирамжаар хүчингүй болгосон болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Моос Нийслэлийн Засаг дарга, Улсын онцгой комисст тус тус холбогдуулан гаргасан Улсын онцгой комиссын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 25-р хуралдааны тэмдэглэлийн 4.1 дэх заалтын ...жагсаал, цуглаан... гэсэн хэсгийг хүчингүй болгуулж, Нийслэлийн засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/******* дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2, 32.1.1, 32.1.8, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Моос Нийслэлийн Засаг дарга, Улсын онцгой комисст тус тус холбогдуулан гаргасан Улсын онцгой комиссын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 25-р хуралдааны тэмдэглэлийн 4.1 дэх заалтын ...жагсаал, цуглаан... гэсэн хэсгийг хүчингүй болгуулж, Нийслэлийн засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/******* дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ