Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2022/00586

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2022/00586

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Т.Э

 

Хариуцагч: М.М

 

37,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч М.Ц

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч М.Мт холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр М.Мтай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний үүрэг болох 37,000,000 төгрөгийг хариуцагчийн хүсэлтээр “Э К ББСБ” ХХК-д хүлээлгэн өгч үүргээ биелүүлсэн. Уг мөнгийг буцаан төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй гэжээ.

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгч нь хариуцагчид 37,000,000 төгрөгийн зээл олгосон мэт гэрээ байгуулсан нь хууль зөрчиж дүр үзүүлэн хийсэн хэлцэл, энэ хэлцлийг хуурч мэхлэх байдлаар хийсэн гэж үзэж байна, мөнгийг хариуцагч бодитоор хүлээж аваагүй, “Э К ББСБ” ХХК-д нэхэмжлэгч өгсөн болох нь нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчид шаардах эрх байхгүй. Төлбөр тооцоо байгаа бол “Э К ББСБ” ХХК нь зээлийн төлбөр шаардах эрхтэй гэжээ. 

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ, “Э К ББСБ” ХХК болон М.М нарын хооронд 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хийгдсэн ЗГ0200190001 дугаартай зээлийн гэрээ, 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн барьцааны гэрээ, “Э К ББСБ” ХХК-ийн дансны хуулга, М.Мын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн “Э К ББСБ” ХХК-ийн “барьцаанаас чөлөөлөх хүсэлт” албан бичиг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/01337 дугаар шийдвэр, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 27ж-2/2-4213 дугаар бүхий М.Мын хаягийг олж тогтоосон тухай албан бичиг, “Э К ББСБ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “Э К ББСБ” ХХК-ийн кассын орлогын ордер, Т.Эгийн дансны хуулга, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.  /ХХ-5-12, 25-27, 53-56, 25-27 дугаар тал/

 

4. Хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

5. Шүүх өөрийн санаачлагаар дараах баримтуудыг бүрдүүлсэн байна. Үүнд: “Э К ББСБ” ХХК-иас М.Мын зээлтэй холбоотой баримт /ХХ-99-102/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов. Учир нь:

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчтай зээлийн гэрээ байгуулсан ба түүний хүсэлтээр 37,000,000 төгрөгийг “Э К ББСБ” ХХК-д бэлнээр өгч, гэрээний үүргээ биелүүлсэн. Уг гэрээний дагуу 37,000,000 төгрөгийг буцаан төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.   

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Нэхэмжлэгч нь хариуцагчид 37,000,000 төгрөгийн зээл олгосон мэт гэрээ байгуулсан нь хууль зөрчиж дүр үзүүлэн хийсэн хэлцэл, энэ хэлцлийг хуурч мэхлэх байдлаар хийсэн гэж үзэж байна, мөнгийг хариуцагч бодитоор хүлээж аваагүй, “Э К ББСБ” ХХК-д нэхэмжлэгч өгсөн болох нь нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчид шаардах эрх байхгүй. Төлбөр тооцоо байгаа бол “Э К ББСБ” ХХК нь зээлийн төлбөр шаардах эрхтэй

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Т.Э, М.М нарын хооронд бичгээр хийгдсэн “зээлийн гэрээ”-гээр хариуцагч нь 37,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, хүүгүй зээлэх, зээлийн төлбөрийг эхний 4 сард 6,000,000 төгрөгөөр, сүүлийн 2 сард 6,500,000 төгрөгөөр төлөх үүрэг хүлээжээ. /ХХ-ийн 5 дугаар тал/

 

Дээрх гэрээний дагуу хариуцагчид шилжүүлэх 37,000,000 төгрөгийг түүний хүсэлтээр “Э К ББСБ” ХХК-д бэлнээр хүлээлгэн өгч үүргээ биелүүлсэн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. Уг тайлбартайгаа холбогдуулан “Э К ББСБ” ХХК-ийн кассын орлогын ордерыг нотлох баримтаар гаргаж өгчээ. /ХХ-ийн 53 дугаар тал/   

 

Хариуцагч нь “Э К ББСБ” ХХК-иас 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээгээр 65,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, гэрээний хугацаанд сарын 4 хувийн хүү төлөх, гэрээний хугацаа дууссанаас хойш сарын 5 хувийн хүү төлөх нөхцөлтэй зээлж авсан байна. Энэхүү гэрээний үүргээс 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд хариуцагчийг зээлийн үндсэн төлбөрт 173,333.33 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 7,626,666.67 төгрөг төлсөн гэсэн байх ба 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 64,826,666.67 төгрөг, зээлийн хүүд 67,785,082.95 төгрөг нийт 132,785,082.95 төгрөг төлөхөөс 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчийн дансаар шилжүүлсэн 78,000,000 төгрөг, бэлнээр өгсөн гэх 37,000,000 төгрөг нийт 115,000,000 төгрөгөөс үндсэн зээлд 64,826,666.67 төгрөг, хүүгийн төлбөрт 50,000,000 төгрөгийг тооцож, үндсэн төлбөрт өмнө төлсөн 173,333,33 төгрөгийг хүүд тооцож хүүгийн төлбөрт нийт 57,800,000 төгрөг төлөгдсөн гэж үзэн үлдсэн хүү болох 9,985,082.95 төгрөгийг төлөхөөс чөлөөлж зээлийг хаасан гэж “Э К ББСБ” ХХК-иас тодорхойлжээ. /ХХ-ийн 7-8, 56, 100-103 дугаар тал/   

 

Дээрх гэрээний үүргээ хариуцагчийг биелүүлээгүй, оршин суух бүртгэлтэй хаягтаа амьдардаггүй үндэслэлээр “Э К ББСБ” ХХК-ийн хүсэлтээр М.Мыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/01337 дугаар шийдвэрээр эрэн сурвалжилж байсан үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч нь “Э К ББСБ” ХХК-иас 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээгээр 65,000,000 төгрөг зээлж авсан, уг гэрээний үүрэгт 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 78,000,000 төгрөг төлсөн болохоо хүлээн зөвшөөрсөн байна. Харин 37,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлж төлөхөөр тохиролцоогүй гэсэн агуулгаар хариуцагч маргаж байх ба “Э К ББСБ” ХХК-ийн зээлийн үлдэгдлийг 10 орчим сая төгрөг байгаа гэж бодож байна гэсэн тайлбарыг гаргажээ.  

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулга, нөхцөл, талуудын эрх, үүргээс үзвэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа байна. Уг гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Энэ гэрээний үүргийг нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэлтийн дагуу “Э К ББСБ” ХХК-д хүлээлгэн өгч Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж зааснаар үүргээ гүйцэтгэсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан. Нэхэмжлэгч нь нотлох баримтаар “Э К ББСБ” ХХК-ийн кассын орлогын баримт /бэлэн мөнгөний орлогын баримт/-ыг гаргаж өгсөн, мөн “Э К ББСБ” ХХК нь 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчийг бэлнээр 37,000,000 төгрөг өгч, зээлийг хаасан тухай баримт ирүүлсэн байх ба эдгээр баримт нь нэхэмжлэгчийг “Э К ББСБ” ХХК-д 37,000,000 төгрөг өгсөн болохыг нотлохгүй байна. Бэлэн мөнгөний орлогын баримт нь Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 347 дугаар тушаалаар батлагдсан “Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх заавар”-ын дагуу үйлдэгдээгүй, тухайн орлого нь нягтлан бодох бүртгэлийн мэдээллээр боловсруулагдсан болохыг баримтаар нотлоогүй, энэ талаар ямар нэг баримт гаргаж өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл бэлэн мөнгөний орлогын баримт нь дангаараа орлогын гүйлгээ хийгдсэн болохыг нотлохгүй. Мөн нэхэмжлэгч Т.Э нь “Э К ББСБ” ХХК-ийн захирал бөгөөд түүний гарын үсэг бүхий “Э К ББСБ” ХХК-ийн тодорхойлолт /хариуцагчаас 37,000,000 төгрөг хүлээн авч, зээлийг хаасанд тооцох тухай/ нь 37,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн болохыг нотлохгүй болно. Харин орлогын гүйлгээг хуульд заасан журмын дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж, тухайн мэдээллийг үнэн зөв боловсруулж баталгаажуулах болохыг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, 14.4 дэх хэсэгт заажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага, татгалзал, тайлбараа бодит байдалд нийцсэн, үнэн зөв болохыг өөрөө баримтаар нотлох, шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Иймд “Э К ББСБ” ХХК-д 37,000,000 төгрөгийг өгсөн болохоо нэхэмжлэгч баримтаар нотлоогүй байна.  

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байвал үүргийн харилцаа үүссэн гэж үзнэ. Нэхэмжлэгч нь 37,000,000 төгрөгийг, хариуцагчийн хүсэлтээр “Э К ББСБ” ХХК-д хүлээлгэн өгсөн болохоо нотлоогүй буюу хариуцагчаас үүрэг шаардах эрхтэй болохоо нотлоогүй тул тэдний хооронд хууль болон гэрээний дагуу үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл талуудад мөнгө зээлэх болон зээлдүүлэх зорилго бүхий хүсэл зориг байсан гэж үзэх, нэхэмжлэгчийг өөрийн мөнгөн хөрөнгөөр “Э К ББСБ” ХХК-ийн өмнө хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг биелүүлсэн үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч М Мт холбогдох 37,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т Эгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Т.ГАНДИЙМАА