Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2022/00613

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Ц

 

Хариуцагч: Ё.Д

 

7,558,492 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч Ё.Д, гэрч Д.С

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Ё.Дд холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлсэн ажлын хөлс 7,558,492 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

 

1.1. Ё.Дтэй 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан ба уг гэрээний үүргээ нэхэмжлэгч тал биелүүлсэн. Харин хариуцагч гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.  

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг Д.Стэй байгуулсан, энэ гэрээнд Б.Ц дараа нь нэрээ оруулсан байсан, Б.Цд урьдчилгаа төлбөрт 600,000 төгрөг өгсөн, гэрээний дагуу ажлаа хийгээгүй алга болсон.

 

2.2. Тухайн гэрээний дагуу өмгөөлөгч Д.С нь хүлээсэн үүргээ биелүүлж хууль зүйн туслалцаа үзүүлсэн. Нэхэмжлэгч Б.Цд төлбөр төлөх үндэслэл байхгүй гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/02300 дугаар шийдвэр, Эрүүгийн хуулийг уншиж тайлбарласан тухай баримт, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 758 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/2707 дугаартай хариу мэдэгдэх хуудас, нотариатын үйлчилгээний баримт, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/651 дугаар шийтгэх тогтоол, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст Б.Цгийн гаргасан гомдол, Монгол Улсын Их сургуулийн диплом, гэрэл зураг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.  /ХХ-9-20,87-95 дугаар тал/

 

4. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Хаан банкны депозит дансны хуулгууд /ХХ-39-42 дугаар тал/

 

5. Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Сээс авсан гэрчийн мэдүүлэг

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов. Учир нь:

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Иймд гэрээний дагуу авах ёстой ажлын хөлс 7,558,492 төгрөгийг шаардаж байна. 

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг өмгөөлөгч өмгөөлөгч Д.Стэй байгуулсан боловч Б.Ц гэрээнд нэмж нэрээ оруулсан байсан, тухайн гэрээний дагуу нэхэмжлэгч ажлаа хийгээгүй алга болсон, гэрээний урьдчилгаа төлбөрт нэхэмжлэгчид 600,000 төгрөг өгсөн. Харин гэрээний дагуу Д.С нь бүхий л хууль зүйн үйлчилгээг үзүүлсэн. Иймд нэхэмжлэгчид хөлс төлөх үндэслэлгүй гэжээ.  

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч Ё.Дд холбогдуулан эрүү, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зүйн туслалцаа үзүүлсэн ажлын хөлсөнд нэхэмжлэгч Б.Ц 7,558,492 төгрөг, Д.С 6,161,992 төгрөг гаргуулахаар шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь Д.Сийн нэхэмжлэлийн шаардлага болох 6,161,992 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 102/ШШ2022/00380 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь нэхэмжлэгч Д.Сийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Ц нь Б.С, Д.Д, Д.Х нарын нэхэмжлэлтэй Ё.Дд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах шаардлагатай иргэний хэргийн шүүх хуралдаанаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд, мөн Ё.Дийн гомдлоор Б.Саранцэцэгт холбогдуулан гаргасан “хуурамч бичиг баримт үйлдэж, компанийн эд хөрөнгө завшсан” гэх хэргийн ажиллагаанд хууль зүйн туслалцаа үзүүлсэн үндэслэлээр ажлын хөлс шаардаж байна.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г нотлох баримтаар гаргаж өгсөн ба уг гэрээгээр Д.С нь эрүү, иргэний хэрэгт Ё.Дийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг цагдаа, прокурорын байгууллага, анхан, давах болон хяналтын шатны шүүхийн өмнө хуулийн хүрээнд хамгаалж, хууль зүйн туслалцаа үзүүлэх, Ё.Д нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээж, гэрээнд Д.С, Б.Ц, Ё.Д нар гарын үсэг зуржээ. Тухайн гэрээг хариуцагч нь Д.Стэй байгуулсан гэсэн боловч уг гэрээний дагуу Б.Цд 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 100,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй. Иймд дээрх гэрээг Д.С, Б.Ц, Ё.Д нарын хооронд байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Энэхүү гэрээний агуулгаас дүгнэвэл ажиллагч нь тодорхой ажил, үйлчилгээ үзүүлэх буюу эрүү болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зүйн туслалцаа үзүүлэх, ажиллуулагч нь хөлс төлөхөөр тохирсон байх ба ажиллагч нь ажил үйлчилгээний эцсийн үр дүнг хариуцах үүрэг хүлээгээгүй байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэв.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 359.2 дахь хэсэгт “Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно”, 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт “Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө” гэжээ. Дээрх заалтуудаас үзвэл тохирсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх нь хөлсөөр ажиллах гэрээний зүйл бөгөөд түүнийг гүйцэтгэснээр хөлс авах эрх үүснэ. Өөрөөр хэлбэл ажиллагч нь гэрээгээр тохирсон бүхий л үйлдлийг хийснээр түүнд тохирсон хөлсөө авах эрхтэй гэж ойлгоно.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/02300 дугаар шийдвэрийн удиртгал хэсэгт шүүх хуралдаанд оролцогчид “хариуцагч Ё.Д, түүний өмгөөлөгч Д.С” гэж заасан байх ба тухайн шүүх хуралдааны ажиллагаанд нэхэмжлэгч оролцоогүй болох нь тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй байна. Мөн өмгөөлөгч Д.Ст хүргүүлсэн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 758 дугаар Хариу мэдэгдэх хуудас, Монгол Улсын ерөнхий прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/2707 дугаар Хариу мэдэгдэх хуудсыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Уг баримтуудад Б.Саранцэцэгт холбогдуулан гаргасан гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн агуулга бүхий мэдээлэл авагдсан байна. Иймд Ё.Дийн гомдол бүхий Б.Саранцэцэгт холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч оролцож, хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Сээс авсан гэрчийн мэдүүлэгт “Эрүүгийн хэрэг дээр анх гаргасан гомдлоос эхлүүлээд Улсын ерөнхий прокурорт гаргасан гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл Б.Ц өмгөөлөгч тухайн хэрэг дээр ажиллаж бүх гомдлыг надтай хамт бичилцэж байсан. Иргэний хэрэг дээр мөн адил хэргийг шийдвэрлэж дуусах хүртэл, шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгаад дуустал бид хоёр хамт явсан, хэрэг дээр гаргасан гомдол, хүсэлтийг бид хоёр хамт бичиж явсан“ гэсэн мэдээлэл авагдсан бөгөөд уг мэдээлэл нь хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдоогүй тул зөвхөн гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгчийг гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэхгүй. Гэрчийн мэдүүлэг нь өөр бусад баримтаар нотлогдсон байх нь хуульд нийцнэ. Маргааны зүйлтэй холбогдуулан нэхэмжлэгч өөр нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүхээр нотлох баримт бүрдүүлэх хүсэлтээсээ татгалзсан байна. Иймд нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлсэн буюу эрүү, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчид хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх үүргээ бүрэн гүйцэтгэсэн болохоо баримтаар нотлоогүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ё Дд холбогдох 7,558,492 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б Цгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Цгийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамж 135,886 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Т.ГАНДИЙМАА