| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 182/2022/03359/И |
| Дугаар | 001/ХТ2026/00151 |
| Огноо | 2026-06-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2026/00151
“С” ХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Н.Батзориг, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/07306 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2026/00462 дугаар магадлалтай
“С” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагчид холбогдох
4,168,066,625.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “С” ХК нь хариуцагч Нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагчид холбогдуулан 4,168,066,625.72 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/07306 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.5, 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.7-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас 1,878,374,712.7 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “С” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,289,691,913.01 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “С” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,998,264 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас 9,549,823.56 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “С” ХК-д олгож шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2026/00462 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/07306 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагчид холбогдох 4,168,066,625.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “С” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.03.02-ны өдрийн 210/МА2026/00462 дугаар магадлалыг эс зөвшөөрч, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.09.03-ны өдрийн 191/ШШ2025/07306 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Нэг. Хэргийн товч агуулга. Нийслэлийн Засаг даргын 2014.08.26-ны өдрийн А/414 захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Цэргийн хотхон орон сууцны хороолол орчим ХЕТ-2013-8 багцын “Б” хэсэгчилсэн талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “С” ХК-ийг шалгаруулж, батламжилж, төсөлд хамрагдах иргэн, аж ахуйн нэгж болон НЗД-н Хэрэгжүүлэгч агентлаг болох Гэр хорооллын хөгжлийн газрын хооронд гурван талт гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн. Гэр хорооллын хөгжлийн газрын 2014.02.11-ний өдрийн 02/53 тоот албан бичгээр хоёр талт гэрээ байгуулах эрх олгосон. Хоёр талт гэрээ гэдэг нь газар чөлөөлсөн иргэд, төсөл хэрэгжүүлэгч “С” ХК нарын хооронд байгуулагдах гэрээ юм. Хоёр талт гэрээ болон Гурван талт гэрээний загвар, стандарт нөхцөлийг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны 2014 оны 03 тогтоолоор баталсан байдаг. Дээрх тогтоолын дагуу “С” ХК, иргэн С.М /түүнээс гадна 70 орчим өрх айл/, Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын хооронд 2014.07.02-ны өдөр дугаар 220 “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ”-г байгуулсан. Уг гэрээ нь иргэн, төсөл хэрэгжүүлэгчийн хооронд байгуулагдсан хоёр талт гэрээг баталгаажуулж, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгосон талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, тодотгох, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн эрхийг хадгалах, төсөл хэрэгжүүлэгчээс үйл ажиллагаагаа тогтвортой эрхлэхэд дэмжлэг үзүүлэх харилцааг зохицуулсан байдаг. Уг гэрээгээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн талбайд инженерийн шугам, сүлжээний зардлыг улс, нийслэлийн төсвийн санхүүжилтээр Нийслэлийн Засаг дарга олгох, төсөл хэрэгжүүлэгч нь сонгосон талбай дахь газар чөлөөлөх, барилгажуулах ажлын зардал, хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхээр харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч “С” ХК нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж, төслөө амжилттай хэрэгжүүлж “Шинэ толгойт хороолол” төслийн 1-р ээлжийн 362 айлын 9 давхар, 2 блок орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөд бэлэн болгосон байсан. Гэтэл уг орон сууцны барилга нь техникийн нөхцөлийн дагуу зөвшөөрөгдсөн төвийн цахилгаан хангамжид холбогдоогүй, ариутгах татуурга буюу бохирын нэгдсэн сүлжээнд холбогдоогүй, төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй байснаас улсын комисс ажиллуулах боломжгүй болсон. Тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга нь гэрээ болон хууль, журамд заасан үүргээ зохих ёсоор биелүүлэхгүйгээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн талбайд инженерийн шугам, сүлжээний ажлыг шийдвэрлэж өгөөгүйн улмаас төсөл хэрэгжүүлэгч буюу нэхэмжлэгч компани нь дэд бүтцийг түр горимоор шийдвэрлэхээс өөр аргагүйд хүрч, үүнтэй холбоотой зардлыг гаргаж, дэд бүтцийн ажлыг түр горимоор шийдвэрлэж, орон сууцны барилгыг улсын комисс хүлээн авч, улмаар 2016.10.03-ны өдөр ашиглалтад оруулж, газар чөлөөлсөн иргэдийг орон сууцанд нь оруулсан.
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга буюу түүнээс эрх хүлээн авсан Гэр хорооллын хөгжлийн газар нь хүчин төгөлдөр гэрээний үүргээ Иргэний хуулийн 206.1-д зааснаар гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгчээс гарах ёсгүй зардал гарч, үүнтэй холбоотой өөрт учирсан хохирлоо хариуцагчаас гаргуулахаар шаардсан болно. Тодруулбал, нэхэмжлэгч нь 262 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгөх, газраа чөлөөлсөн иргэдтэй байгуулсан хоёр талт гэрээний үүргийн дагуу иргэдийг орон сууцанд нь оруулахын тулд инженерийн дэд бүтцийн ажлыг хийхээс өөр аргагүй байдалд орж, төвийн цэвэр усан хангамжийн холболт, төвийн бохирын шугам холболт, төвийн цахилгаан эрчим хүчний холболт, төвийн дулааны шугам сүлжээний ажил зэрэг төлөвлөгдөөгүй ажлууд бий болсон бөгөөд үүнийг гүйцэтгэхэд мөн төлөвлөгдөөгүй зардал гарсан ба эдгээр ажлыг банкны зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж гүйцэтгэсэн юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад хамаарах нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгснийг анхан шатны шүүх ИХШХШТ хуулийн 40.2-т нийцүүлэн дүгнэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь мөн хуулийн 116.2 дахь заалтад нийцсэн гэж нэхэмжлэгч үзсэн. Харин хариуцагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол эрхээ хэрэгжүүлсэн, давж заалдах шатны шүүх хэргийн тогтоогдвол зохих нөхцөл байдал буюу шүүхийн нотолгооны зүйлийн талаар бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байх тул хяналтын шатны шүүхэд хандаж байна.
Хоёр. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэсэн. Тодруулбал, хариуцагч нь гэрээний үүргээ Иргэний хуулийн 206.1 дэх хэсэгт зааснаар биелүүлээгүйтэй холбоотой нэхэмжлэгчид хохирол учирсан талаар удаа дараа бичгээр мэдэгдэж байсан нь хэрэгт авагдсан. Анхан шатны шүүх талуудаас тухайн маргаанд холбогдуулан гаргасан нотлох баримтуудыг шүүхийн мэтгэлцээний шатанд хангалттай судлаж, нэхэмжлэл нь Иргэний хуулийн 75.2.1 дэх хэсэгт заасан хугацаанд гарсан гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэхдээ тухайн нөхцөл байдалтай холбоотой нотлох баримтын тухайд хуульд нийцээгүй, үндэслэлгүй, нотлох баримтад тулгуурлаагүй дүгнэлт хийж, хууль хэрэглээний зөрүүтэй байдал үүсгэжээ. Тодруулбал, нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийн зөрчилтэй холбоотой шаардлагаа хариуцагчид удаа дараа гаргаж байсан нь хэрэгт авагдсан, тухайн шаардлагуудыг үүрэг гүйцэтгэгч болох хариуцагч биелүүлэхгүй байснаас нэхэмжлэгч нь шүүхэд хандсан байдаг. Иргэний хуулийн 76.2 дах заалтад хамаарах, үүрэг гүйцэтгүүлэгч нэхэмжлэгчийн бичгээр гаргаж байсан шаардлага, түүнээс хойш өнгөрсөн хугацаа, үүргийн зөрчил үргэлжилж байгаа ... зэрэг нөхцөл байдал мөн хуулийн 75.2.1-д заасан хугацаа өнгөрөөгүй гэж дүгнэх үндэслэл болсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг няцааж үгүйсгэх нөхцөл хэргийн баримтаар тогтоогүй болно.
Гурав. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн дүгнэлт ИХШХШТхуулийн 40.2 дахь заалтад нийцээгүй. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга нь анхнаасаа хууль, журам, гэрээнд заасны дагуу төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар төслийн талбайд дэд бүтцийг оруулсан байх үүргээ биелүүлээгүй. Иймд төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж нь дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэсэн. Энэ талаар анхан шатны шүүх “Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20 дугаар хороо, “Б” хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч “С” ХК нь 262 айлын 9 давхар, 2 блок орон сууцыг 2016 онд ашиглалтад оруулсан уг хугацаанд хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь журам болон гэрээнд заасны дагуу төсөл хэрэгжүүлэхэд зориулж инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга, байгууламж /төвийн цэвэр усан хангамжийн холболт, төвийн бохирын шугам холболт, төвийн цахилгаан эрчим хүчний холболт, төвийн дулаан шугам сүлжээний холболт/-ийг улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна” гэж,
“Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20 дугаар хороонд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд хэрэгжүүлж буй орон сууцны барилгын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээг бий болгох үүргийнхээ хүрээнд тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа нь бие даасан дулааны эх үүсвэртэй гэх байдал үгүйсгэгдэхээс гадна, Нийслэлийн Засаг дарга журам болон гэрээнд заасны дагуу инженерийн дэд бүтцийг бий болгох арга хэмжээ бүрэн хэрэгжээгүй болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна” гэж хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн.
Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэсэгчилсэн талбайн инженерийн шугам сүлжээний барилга угсралтын дээрх ажил хийгдсэн боловч Эрчим хүчний яамнаас олгосон техникийн нөхцөлийн дагуу 110/35/10 кВ-ын цэвэрлэх дэд станцын 1Е кВ талаас тэжээл авах дэд станцын хуваарилах байгууламжид шинээр 2 ячейк байрлуулах зай талбай байхгүйгээс цахилгаан хангамжийн эх үүсвэрт холбогдоогүй болох нь тогтоогдож байна.., ийнхүү гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн барилга ашиглалтад орох хүртэл инженерийн шугам сүлжээний ажил бүрэн хийгдээгүй явдалд гагцхүү хариуцагчийг гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй” гэж илт үндэслэл муутай дүгнэлт хийсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлт нь зөвхөн орон сууцны барилга барих ажил биш, харин иж бүрэн хот байгуулалтын төсөл бөгөөд уг төслийг амжилттай хэрэгжүүлэх үндсэн нөхцөл нь тухайн талбайд инженерийн, нийгмийн дэд бүтцийн асуудлыг урьдчилан шийдвэрлэсэн байх талаар тохиролцсон гэрээний үүргийн зөрчлийн талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болно. Түүнчлэн хариуцагчийг гэм буруугүй болохыг нотлох гэж давж заалдах шатны шүүх хичээсэн, зохигчийн гаргасан нотлох баримтуудыг харьцуулан дүгнээгүй, анхан шатны шүүхээс талуудын мэтгэлцээний явцад тогтоогдсон шүүхийн нотолгооны зүйлийг үгүйсгэж байгаа давж заалдах шатны шүүхийн үндэслэл хэргийн бодит байдалд нийцээгүй. Энэ нь давж заалдах шатны шүүх ИХШХШТ хуулийн 40.2-т заасныг зөрчиж анхан шатны шүүхийн шийдвэрт нөлөөлж, шийдвэрийг хүчингүй болгох үр дагаварт хүргэсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлт нь зөвхөн орон сууцны барилга барих ажил биш, харин иж бүрэн хот байгуулалтын төсөл бөгөөд уг төслийг амжилттай хэрэгжүүлэх үндсэн нөхцөл нь тухайн талбайд инженерийн, нийгмийн дэд бүтцийн асуудлыг урьдчилан шийдвэрлэсэн байх талаар тохиролцсон гэрээний үүргийн зөрчлийн талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болно.
Дөрөв. Хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн. Монгол Улсын дээд шүүхийн 2018.05.17-ны өдрийн 001/ХТ2018/00807, 2021.01.18-ны өдрийн 001/ХТ2021/0021, 2024.10.31-ний өдрийн 001/ХТ2024/00243, 2025.10.02-ны өдрийн 001/ХТ2025/00144 дугаартай хяналтын шатны тогтоолуудыг судлан үзвэл гэрээний маргааныг шийдвэрлэхдээ зөвхөн гэрээний заалтаар хязгаарлагдахгүйгээр талуудын бодит үйл ажиллагаа, гаргасан зардал, шалтгаант холбоог хамтад нь үнэлэх шаардлагатай гэж үзэж дүгнэсэн байна. Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо дээрх тогтоолд зааснаар нотлох баримтыг үнэлээгүй. Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцдог. /ИХ 227.3/ Хариуцагч нь дэд бүтцийн ажлыг гэрээнд заасан нөхцлөөр, зохих ёсоор гүйцэтгэсэн бол нэхэмжлэгч өөрийн хөрөнгөөр буюу зээлийн эх үүсвэрээр дэд бүтцийг шийдвэрлэх, улмаар зээлийн хүүгийн дарамтад орж, зардал гаргахгүй байсан. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга хууль журам, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн бол нэхэмжлэгч нь 262 айлын орон сууцны цахилгаан хангамжийг хажуу талын байрнаас аж ахуйн нэгжийн тарифаар буюу өндөр үнээр худалдан авахгүй байсан, тарифийн зөрүүнд 343,230,078.43 төгрөг, орон сууцны барилгын дулаан хангамжийн зардал, уурын зуухны барилга байгууламжийн зардалд 484,840,465.27 төгрөг, дулаан хангамжийн нүүрсний зардалд 940,676,979 төгрөг, төвийн нэгдсэн бохир зайлуулах шугамд холбогдоогүйн улмаас бохирын сабтанк буюу нөөцлүүр саванд байрлуулах соруулах, тээвэрлэх буюу бохир зайлуулах зардалд 109,627,190 төгрөг, мөн зээлийн хүүний төлбөрт 1,857,716,744.75 төгрөг төлж хохирохгүй байсан юм. Хариуцагчийн эс үйлдэхүй болон нэхэмжлэгчид учирсан хохирол нь шууд шалтгаант холбоотой байгааг анхаарч үзнэ үү. Иймд дээрх үндэслэлээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.03.02-ны өдрийн 210/МА2026/00462 магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.09.03-ны өдрийн 191/ШШ2025/07306 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5.Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.05.21-ний өдрийн 001/ШХТ2026/00670 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
7.Нэхэмжлэгч “С” ХК нь хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид холбогдуулан гэрээний үүргийн зөрчлөөс үүссэн хохирол 4,168,066,625.72 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, үндэслэлээ:
7.1.“... Гэр хорооллын газрыг дахин төлөвлөх, барилгажуулах ажлын хүрээнд тус компанийн “Шинэ толгойт хороолол” төсөл шалгарч, гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам, төсөл хэрэгжүүлэх 3 талт гэрээний дагуу 2014.02.13-ны өдрөөс эхлэн төсөл хэрэгжих талбайг чөлөөлөхөөр газар өмчлөгч, эзэмшигч иргэдтэй 2 талт гэрээ байгуулсан.
7.2.Орон сууцны барилгын ажлыг 2015 онд эхлүүлж, 2016 оны 8 сард 262 айлын орон сууцыг барьж, гэрээний үүргээ гүйцэтгэсэн.
7.3.Хариуцагч нь төсөл хэрэгжүүлэхээр сонгогдсон газрын дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний ажлыг улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийх үүрэг хүлээсэн боловч эдгээр ажлууд хугацаандаа хийгдээгүй.
7.4.Нийслэлийн удирдлага, холбогдох эрх бүхий албан тушаалтантай олон удаа уулзаж, хэлэлцсэнээр дэд бүтэц, инженерийн шугам сүлжээг түр горимоор шийдвэрлэж, ажлуудыг банкны зээлээр гүйцэтгэсэн ба а/дулаан хангамжийг нүүрсээр галладаг нам даралтын зуухаар, б/бохирын сабтанк булах, бохирыг зөөвөрлөх байдлаар; в/түр цахилгаан буюу хөрш байгууллагаас аж ахуйн нэгжийн өндөр тарифаар авч айлуудыг эрчим хүчээр хангасан.
7.5.Дээрх ажлуудыг хийснээр 2016.10.04-ний өдөр барилгыг улсын комисст хүлээлгэн өгч, газраа чөлөөлсөн иргэдийг орон сууцанд нь оруулсан боловч барилга зээлийн барьцаанд байгаагаас өмчлөх эрхийг нь иргэдэд шилжүүлж өгөх боломжгүй байна.
7.6.Хариуцагч нь үүргээ гүйцэтгээгүйн улмаас анхан шатны шүүхийн шийдвэрээр 6,566,362,088.09 төгрөгийг банканд төлөхөөр болсон. Иймд цахилгаан эрчим хүчтэй холбоотой зардалд 343,230,078.43 төгрөг, дулаан хангамжийн зардалд уурын зуухны 484,840,465.27 төгрөг болон нүүрсний зардал 940,676,979 төгрөг, бохир ус зайлуулах зардалд 109,627,190 төгрөг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.22-ны өдрийн 182/ШШ2022/00473 тоот шийдвэрээр тогтоосон төлбөрөөс үндсэн хүүгийн 50 хувь 1,857,716,744.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 431,975,168.26 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарлажээ.
8.Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ:
8.1.Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны 2014 оны 03 дугаар тогтоолын хавсралтаар баталсан хоёр талт, 24 дүгээр тогтоолоор баталсан гурван талт гэрээтэй холбоотой маргаан нь захиргааны гэрээний шинжийг агуулж байна. Захиргааны байгууллагын ямар үйлдэл, эс үйлдэхгүйг гэм буруутайд тооцсон тухай Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй байхад Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан гэм хор учруулсны хариуцлага тооцуулах үндэслэлгүй, иргэний шүүхийн харьяалал биш тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэж,
8.2.Нийслэлийн Засаг дарга, төсөл хэрэгжүүлэгч “С” ХК, газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч иргэдийн хооронд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд гурван талт гэрээг 2014 онд байгуулсан ба энэ нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээ юм.
8.3.Хариуцагч нь гурван талт гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлсэн буюу Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/528 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүрэг 1, 2, 20 дугаар хороо, Цэргийн хотхон орон сууцны хороолол орчмыг ДЦС-4 станцаас төвийн дулаанаар хангах инженерийн шугам сүлжээний зураг төсвийн ажилд шаардагдах 63,813,096 төгрөгийг нийслэлийн 2015 оны төсвийн хөрөнгөөс санхүүжүүлэхээр шийдсэн. Мөн ус дулаан дамжуулах төвийн барилга, гадна дулааны шугам, гадна цэвэр усны шугамын барилга угсралтын ажилд 2,594,512,578 төгрөг, Цахилгааны хуваарилах байгууламж, дэд өртөө, шугамын ажилд 1,360,452,758 төгрөг, гадна холбооны сувагчлалын ажилд 4,126,488,259 төгрөг, нийт 4,126,488,259 төгрөгийг нийслэлийн 2015 оны төсвийн хөрөнгөөс санхүүжүүлэхээр шийдсэн.
8.4.Нэхэмжлэгч нь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлж 2016 оны 8 сард 262 айлын орон сууцны барилга ашиглалтад оруулсан, хариуцагчийг энэ гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэдэг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил, 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэсний дагуу Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016.10.04-ний өдрийн 2015/393 дугаар акт гарсан өдрийг шаардлага гаргах эрх үүссэн гэж үзээд 2019 оны 10 сард хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж маргажээ.
9.Анхан шатны шүүх хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас 1,878,374,712.7 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,289,691,913.01 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
9.1.Гэр хорооллын газрыг дахин барилгажуулах төслийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгч “С” ХК нь 262 айлын 9 давхар 2 блок орон сууцыг 2016 онд ашиглалтад оруулсан.
9.2.Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 3.12, 4.19-т заасан инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга, байгууламж, инженерийн бэлтгэл арга хэмжээг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барих ажлыг хэрэгжүүлээгүй, мөн талуудын хооронд байгуулагдсан гурван талт гэрээний 5.1, 5.1.3, 6.1-д заасан үүргээ биелүүлээгүй.
9.3.Төсөл хэрэгжүүлэгч “С” ХК-ийн хувьд түр горимоор дэд бүтцийн ажлууд болох дулаан хангамжийг нам даралтын зуухаар, бохирын сабтанк булах, бохирыг зөөвөрлөх байдлаар, түр цахилгаан буюу өөр байгууллагаас аж ахуйн нэгжийн тарифаар цахилгаан авч орон сууцны барилгыг цахилгаанд холбох байдлаар айлуудыг эрчим хүчээр хангасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
9.4.Талуудын хооронд 2014.07.02-ны өдөр байгуулагдсан гурван талт гэрээ “...төсөл хэрэгжих хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх ба талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, төсөл амжилттай хэрэгжсэн тохиолдолд Гэр хорооллын хөгжлийн газрын дүгнэлтийг үндэслэн дуусгавар болгох”-оор заасан буюу энэ гэрээний хугацаа дуусаагүй ба шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзнэ.
9.5.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.7-д зааснаар нэхэмжлэгч нь орон сууцыг ашиглалтад оруулахад инженерийн шугам сүлжээ дэд бүтцийг түр горимоор шийдвэрлэхэд гарсан зардлыг арилгуулахаар Нийслэлийн Засаг даргаас шаардах эрхтэй ба тэрээр өөрийнхөө хөрөнгөөр цахилгаан эрчим хүч, дулаан хангамж, бохир ус зайлуулах зэрэг арга хэмжээг авч зардал гаргасан.
9.6.Иймээс хариуцагчаас цахилгаан эрчим хүчтэй холбоотойгоор гарсан зардал 343,230,078.43 төгрөг, дулаан хангамжийн зардал буюу уурын зуухын зардал 484,840,465.27 төгрөг, нүүрсний зардал 940,676,979 төгрөг, бохир усны зайлуулах зардал 109,627,190 төгрөг, нийт 1,878,374,712.7 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
9.7.Харин нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн үндсэн хүүгийн 50 хувь 1,857,716,744.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 431,975,168.26 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгоно. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.22-ны өдрийн 182/ШШ2022/00473 шийдвэрт заасан зээлийн гэрээний үүргийг хүлээсэн этгээд нэхэмжлэгч “С” ХК биш харин “Стандарт капитал” ХХК байхаас гадна дээрх зээлийн зориулалт нь Дархан хотод нөөц модуляр дата төв барихаар авсан зээл байна. Түүнчлэн, тухайн зээлийг нэхэмжлэгч “С” ХК-ийн хэрэгжүүлсэн төсөлд зарцуулсан болохыг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй” гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн байна.
10.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ:
10.1.“Шинэ толгойт” орон сууцны хотхоны 73 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй, 262 айлын орон сууцны барилгын инженерийн шугам сүлжээ бүрэн холбогдоогүй хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдлыг хариуцагчийн гэм буруугаас болсон гэж үзэхгүй.
10.2.Хариуцагч нь гурван талт гэрээний 5.1.3-т заасан үүргээ гүйцэтгэсэн байх ба нэхэмжлэгч нь инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээ, мөн цахилгааны шугам сүлжээний барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тул цахилгаан хангамжийн эх үүсвэрт холбогдох нөхцөлийг өөрөө тооцох боломжтой. Иймд техникийн нөхцөлийн дагуу цахилгааны эх үүсвэрт холбогдох боломжгүй болсон нь хариуцагчийн гэм буруугаас болсон, улмаар хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй тул нэхэмжлэгчид 2016 оноос 2022 оны 03 сар хүртэлх цахилгаан эрчим хүчний тарифын зөрүү 98,088,490 төгрөгийн хохирол учирсан гэж үзэхгүй.
10.3.Мөн уурын зуухаар халаалт хийгдсэн 2016-2020 оны үйл ажиллагааны зардал 388,840,465 төгрөг, цахилгааны зардал 245,141,588 төгрөг, нүүрсний зардал 940,676,979 төгрөгийн хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд, цахилгаан эрчим хүчний хангамжаас шалтгаалан дулаан дамжуулах төвийн барилга байгууламж бүрэн ашиглалтад орох боломжгүй болсон нь тогтоогдож байгаа боловч дээр дурдсанчлан хариуцагчийн гэм буруу гэж үзэх үндэслэлгүй байна. Иймээс Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар гэрээний улмаас учирсан хохирол болох дээрх зардлыг нэхэмжилснийг хангах үндэслэлгүй.
10.4.Тухайн барилгыг анхнаасаа галладаг зуух бүхий эх үүсвэртэй байх ба “ДЦС-4” ХК-ийн шинэчлэлт бүрэн хийгдэж, ашиглалтад орсон нөхцөлд холбохоор төлөвлөсөн гэж үзэх тул уурын зуухны үнэ 96,000,000 төгрөгийг хохиролд тооцож, хариуцагчаас гаргуулахгүй.
10.5.Ариутгах татуургыг шинээр барьж байгуулах нь зөвхөн хариуцагчийн үйл ажиллагаанаас хамааралтай бус тухайн асуудал эрхэлсэн ... бусад этгээдийн хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болох тул гагцхүү хариуцагчийн гэм буруугаас хохирол учирсан болох нь хангалттай нотлогдохгүй тул 2016-2017 оны бохир ус зайлуулах зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.
10.6.Нэхэмжлэгчийн бусдаас авсан зээлийн төлбөрт 2,289,691,913 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.
10.7.Хөөн хэлэлцэх хугацааны хувьд анхан шатны шүүхийн дүгнэлтийг залруулна. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний улмаас учирсан хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан зургаан жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй” гэсэн агуулгатай дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн гомдлыг хангажээ.
11.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
12.Зохигчид гурван талт гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлыг бүрэн ашиглалтад оруулах, барилга захиалагч иргэдийн орон сууцанд хэвийн амьдрахад шаардлагатай дулаан, эрчим хүч, дэд бүтцийн хангамжийн ажил үүргийг гэрээ ба хуулийн дагуу хэн хүлээсэн, энэ ажил хийгдээгүйгээс бий болсон эдийн засгийн үр дагаврыг гэрээний аль тал хариуцах талаар маргажээ.
Анхан шатны шүүх дээрх ажил үүргийг хариуцагч буюу Нийслэлийн Засаг дарга гэрээний дагуу хүлээнэ гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх эдгээр үүргийг хэн хүлээсэн тухайд дүгнэлт өгөөгүй, харин дэд бүтцийн ажил гүйцэтгэгдээгүй явдалд хариуцагч гэм буруугүй тул нэхэмжлэгчийг шаардах эрхгүй гэж үзсэн байна. Тодруулбал, анхан шатны шүүх нэхэмжлэгч гэрээний дагуу барилга барьсан, харин барилгын хэвийн ашиглалтын нөхцөлийг хангах инженерийн ба нийгмийн дэд бүтцийн асуудал нь гэрээний захиалагч Нийслэлийн Засаг даргын үүрэг гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх энэ тухайд дүгнэлт хийгээгүй байна.
Хоёр шатны шүүх “...гэрээний агуулга, гэрээний талуудын эрх, үүрэг зэргээс үзвэл Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар талууд хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь гэрээний үүрэг мөн тул нэрлэгдээгүй гэрээнд, Иргэний хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна” гэсэн агуулгаар зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг ижил тодорхойлсон боловч маргааны үйл баримтад хамаарах нотлох баримтыг өөр өөр талаас нь үнэлж, ялгаатай шийдэл гаргасан байна.
13.Хяналтын шатны шүүх маргааны зүйл болсон инженер, нийгмийн дэд бүтцийг бий болгох үүргийг хариуцагчид хамааруулсан анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013.02.25-ны өдрийн 3/31 тогтоолоор “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам” батлагдсан ба журамд “Нийслэлийн Засаг дарга дахин төлөвлөлтийн дэд бүтэц, нийгмийн дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, авто зам, замын байгууламжийг улс, нийслэлийн төсвөөр барих ажлыг хэрэгжүүлнэ” гэсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний 5.1-д Нийслэлийн Засаг даргын эрх, үүргийг зохицуулсан ба 5.1.3-т Сонгосон талбайд улс, нийслэлийн төсвийн санхүүжилтээр хийгдэх ажлын жагсаалтыг гаргаж, төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулж, хяналт тавих, 6.1-д талууд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ” гэснээс үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчийг гурван талт гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр шаардах эрхтэй байна.
14.Нийслэлийн Засаг даргын 2015.06.17-ны өдрийн А/258 захирамжаар ... Цэргийн хотхон орчмыг ДЦС-4 станцаас төвийн дулаанаар хангаж инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажилд шаардагдах 63,813,096 төгрөгийг нийслэлийн 2015 оны төсвөөс санхүүжүүлж санхүүжүүлэхийг, мөн өдрийн А/521 захирамжаар ... Цэргийн хотхон орчмын Б хэсэгчилсэн талбайн инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажлын жагсаалтыг хавсралтаар баталж, батлагдсан төсөл арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардлагатай 4,126,488,259 төгрөгийг төсвөөс санхүүжүүлэхийг, 2017.04.14-ний өдрийн А/233 захирамжаар Нийслэлийн 2017 оны төсвийн хөрөнгөөр санхүүжих Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын хөрөнгөөс он дамжин санхүүжих инженерийн шугам сүлжээний зураг төсөл, барилга угсралтын ажлын жагсаалтыг 1 дүгээр, он дамжин санхүүжих авто зам, замын байгууламжийн зураг төслийн ажлыг 2 дугаар, шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг 3 дугаар хавсралтаар тус тус шийдвэрлэжээ.
15.Нийслэлийн Засаг даргын 2019.09.11-ний өдрийн А/931 дүгээр захирамжаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төвийн бүсийн инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажлын жагсаалтыг 1 дүгээр ... гэж, хавсралтаар Цэргийн хотхон орон сууцны хороолол орчмын гадна дулаан хангамжийн барилга угсралтын ажлыг 2019-2020, 2019 онд санхүүжих 3,062,200,000 төгрөг гэсэн. Нийслэлийн Засаг даргын 2021.09.03-ны А/679 захирамжаар ... гэр хорооллын газрын дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд хэрэгжүүлж буй орон сууцны барилгын гадна инженерийн шугам сүлжээний холболт болон магадалшгүй ажлыг Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл 3-ын худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж, Төслийн удирдах хороогоор батлуулан ажиллахыг даалгаж, хавсралтаар Цэргийн хотхон орон сууцны хороолол орчмын гадна дулаан хангамжийн инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажил 2021-2022 онд 2,300,000,000 төгрөгөөр санхүүжүүлэх жагсаалт баталсан байна.
16.Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, “С” ХК-ийн захиалгатай Шинэ толгойт орон сууцны хотхоны 73 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй, 262 айлын орон сууцны барилгыг 2016.10.04-ний өдрийн 2016/393 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар байнгын ашиглалтад оруулж, гэрээний үүргээ биелүүлсэн байх бөгөөд дээр дурдсан хурлын тогтоол, Засаг даргын захирамжаас үзэхэд хариуцагч нь инженерийн дэд бүтэц бий болгох үүргээ хэрэгжүүлэхдээ хугацаа хэтрүүлсэн, журам болон гэрээнд заасан инженерийн дэд бүтцийг бий болгох арга хэмжээ бүрэн хэрэгжээгүй байна.
17.Нөгөөтэйгүүр “...бие даасан дэд бүтцийг нэхэмжлэгч өөрийнхөө эх үүсвэрээр бий болгох ёстой” гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна. Тухайлбал, “С” ХК-ийн Гэр хорооллын Дэд бүтцийн газарт хүргүүлсэн 2018 оны А/298 албан бичигт “... дахин төлөвлөлтөөр 2016.10.03-нд ...орон сууц ашиглалтад хүлээлгэн өгсөн. ...3 талт гэрээний дагуу дэд бүтцийг улсын төсвөөр шийдэх нөхцөлтэй ч ашиглалтад орсноос хойш жилд 300 гаруй сая төгрөгийн зардлаар дулааныг уурын зуухаар шийдсэнээс агаарын бохирдол үүсгэж, Улсын Прокурорын газраас 2018.08.02-ны өдөр зөрчлийн хэрэг үүсгэж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас уурын зуухыг битүүмжлэн лацдаж, торгосон. Иймд ... төвлөрсөн дулаанд холбох ажлыг түргэн хийж гүйцэтгүүлэх тал дээр гүн туслалцаа үзүүлнэ үү” гэж, мөн 2018.08.28-ны өдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газрын бодлого төлөвлөлтийн хэлтэст 02/773 албан бичгээр хүргүүлсэн хүсэлтэд “...шугам сүлжээний ажил бүрэн хийгдээгүйн улмаас халаалт болон хэрэглээний халуун усыг нам даралтын уурын зуухаар, бохирыг зөөврөөр түр шийдвэрлэж байна. Улсын Ерөнхий прокурорын газраас зөрчлийн хэрэг үүсгэж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас уурын зуухыг битүүмжилсэн. Иймд тус байршилд шаардлагатай 9,173,500,000 төгрөгийн инженерийн шугам сүлжээний ажлын хөрөнгийг 2019 онд улс, нийслэлийн төсвийн төсөлд тусгах шаардлагатай байна. Мөн тус уурын зуухыг инженерийн шугам сүлжээний хөрөнгө шийдэгдтэл түр ашиглуулах талаар холбогдох газруудад уламжилж өгөхийг хүсье” гэжээ.
18.Дээрх албан бичиг, хүсэлтийн дагуу “... дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд ... “С” ХК нь ... орон сууцыг 2016 онд ашиглалтад оруулсан ч улс, нийслэлийн төсвөөр дэд бүтцийн шугам сүлжээний ажил бүрэн хийгдээгүйн улмаас нам даралтын уурын зуухаар халаалт болон хэрэглээний халуун усыг түр хугацаанд шийдэж байна. Улсын Ерөнхий прокурорын газраас зөрчлийн хэрэг үүсгэж, танай газраас уурын зуухыг битүүмжилсэн байна. Инженерийн шугам сүлжээний ажлыг 2019 оны төсвийн төсөлд эхний ээлжид шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Иймд уурын зуухыг ... ажил бүрэн шийдэгдтэл холбогдох хууль, журмын дагуу түр хугацаагаар ашиглуулах зөвшөөрөл олгохыг хүсье” гэсэн агуулгатай албан бичгийг Гэр хорооллын дэд бүтцийн газраас 2018.08.23-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн байна.
19.Улмаар нэхэмжлэгч нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт 2021.12.16-ны өдрийн А/703 тоот албан бичгээр “... гадна цахилгаан холболтын ажил удааширсны улмаас төсөл хэрэгжүүлэгч тал 2016-2021 оны өдийг хүртэл цахилгаан илүү төлөлт хийж өр төлбөр үүрч мөн хөрөнгө оруулагчаа алдах хүртэл хохирч төсөл цааш үргэлжлүүлэхэд саад учирсаар байгаа тул түншлэлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн гадна цахилгаан холболтын ажлыг яаралтай хийж дуусгах зайлшгүй шаардлагатай байна” гэжээ.
20.Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараас үзэхэд төсөл хэрэгжүүлэгч “С” ХК нь гурван талт гэрээнд заасан орон сууцыг 2016 онд ашиглалтад оруулсан ба хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь журам болон гэрээнд заасны дагуу дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхэд зориулж инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга, байгууламжийг улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч нь 2016-2020 оны хооронд гарсан зардлаа шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл Иргэний хуулийн үүргийн эрх зүйн үүргийг зохих ёсоор, хугацаанд нь гүйцэтгэх зарчимд нийцсэн, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээнэ.
21.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийг хэргийн баримтыг хуульд зааснаар үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг зөв хэрэглэсэн гэж үзсэн тул “...анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй” гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгоно.
Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан гурван талт гэрээнд үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй тул хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж дүгнэхдээ гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой гарсан журам болон Нийслэлийн Засаг даргын удаа дараагийн захирамж, нэхэмжлэгчээс хариуцагчид явуулж байсан албан бичгүүд, түүний дагуу хариуцагчийн бусад байгууллагад илгээсэн хүсэлт зэрэг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж чадаагүй байх тул магадлалыг мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн гэж үзэхгүй.
22.Иймээс нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “...Засаг дарга хууль журам, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн бол нэхэмжлэгч нь ... хохирохгүй байсан. Хариуцагчийн эс үйлдэхүй болон нэхэмжлэгчид учирсан хохирол нь шууд шалтгаант холбоотой байгааг анхаарч, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн гомдлыг хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2026/00462 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/07306 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2026 оны 04 сарын 30-ны өдөр төлсөн 9,551,424 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Б.УНДРАХ
Д.ЦОЛМОН