Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2020/ДШМ/1421

 

     2020         11            10                                         2020/ДШМ/1421                              

 

 

Б.Б, Э.У, Ө.А нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Дүүрэнбилэг,

хохирогч Б.М, түүний өмгөөлөгч Ө.С,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/769 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.М-н өмгөөлөгч Ө.Сын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Б, Э.У, Ө.А нарт холбогдох эрүүгийн 1805 05712 1107 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. С овгийн Б.Б, 1985 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, “Тайхар” авто засварын газарт засварчин ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт ................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...................../;

2. С  овгийн  Э.У, 1983 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт ....................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............................./;

3. Тэ овгийн  Ө.А, 1991 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Төв аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ............................ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...................../;

Б.Б, Э.У, Ө.А нар нь 2018 оны 11 дүгээр сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “Шонхор” караокены гадна хохирогч Б.М-н нүүрэн тус газарт гараараа цохиж, биед нь эрүүний ооч болон баруун булан хэсгийн хугарал, баруун араа булгарсан, доод үүдэн баруун 2 шүд хөдөлсөн гэмтэл үүсгэн, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Б, Э.У, Ө.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Б, Э.У, Ө.А нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Быг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял, Э.У-г 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял, Ө.Аыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Э.У нарт оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ө.Ад 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, ял хойшлуулсан хугацаанд түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шүүгдэгч Ө.А нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэхийг түүнд анхааруулж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргаж үлдээх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Э.У, Ө.А нараас хувь тэнцүүлэн буюу 110.986 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мд нийт 332.960 төгрөгийг олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.М-н нэхэмжилсэн цаашид гарах эмчилгээний зардал 12.685.460 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарах гэм хорын зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Хохирогч Б.М-н өмгөөлөгч Ө.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүх Б.Б, Э.У, Ө.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцсон. Гэтэл хохирогч Б.Мд учирсан гэмтлийг хүндэвтэр гэмтэл гэж үзэхгүй байгаа бөгөөд нүүрэнд засрашгүй гэмтэл, өөрчлөлт орсон, байнга зуунги яриатай, удаан ярьж ангайж чадахгүй, хиймэл 2 шүд хийлгэх шаардлагатай болсон, эрүү нь хугарсан гэх мэт хор уршиг ихтэй хүнд гэмтэл хэмээн үзэх бүрэн үндэслэлтэй. Мөн дээрх 3 этгээдийн үйлдэл нь зөвхөн нэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш бөгөөд давхар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийн шинжийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй агуулж байгаа. Учир нь, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүн хэрэглэж гэмтэл учруулсан, халдашгүй чөлөөтэй байх эрхийг олон нийтийн өмнө зөрчсөн үйлдэл болно. Учир нь, тухайн бүлэглэн хүч хэрэглэсэн үйлдлийг олон нийтийн газар буюу Баянгол дүүргийн “Шонхор” караокены үүдэнд буюу олон хүний дэргэд үйлдсэн байдаг ба энэ нь хэргийн газрын дүрс бичлэгээс тодорхой харагдана. Тиймээс анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэлийг үйлдэл тус бүрт бүрэн хийгээгүй гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан. Гэтэл шүүгдэгч Б.Б, Э.У, Ө.А нар нь тодорхой эрхэлсэн ажил, орлогогүй хэмээн мэдэгдэж байхад Б.Б, Э.У нарт торгуулийн ял оногдуулж байгаа нь үндэслэлгүй байх бөгөөд Б.Б нь гэмтэл учруулахад идэвхитэй оролцож, хамгийн түрүүлж нүүрэн тус газар хүчтэй цохиж нийт 7 удаагийн үйлдлээр цохисон байхад түүнд оногдуулж буй ял нь 3.000.000 төгрөг буюу оногдуулж болох ялын бараг хамгийн бага хэмжээ байгаа нь үнэхээр тохирсон ял оногдуулсан гэж үзэхээргүй байна. Мөн шүүгдэгч Э.Уд 2.700.000 төгрөгийн ял оногдуулсан нь үндэслэлгүй ба хөнгөрүүлж үзэх ямар ч боломжгүй хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байхад түүнд хамгийн хөнгөн ялыг оногдуулсан байна. Тиймээс Б.Б, Э.У нарт 2 жилийн хорих ял оногдуулах бүрэн үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл хийгээд хийсэн хэрэгт нь тохирно гэж үзэж байна.

Хохирогч Б.Мд 13.735.460 төгрөгийн хохирол учирсан байдаг. Үүнээс шүүгдэгч нар нийт 1.050.000 төгрөгийг төлсөн. Анхан шатны шүүхийн зүгээс хохирогч Б.Мд цаашид гарах эмчилгээний зардал 12.685.460 төгрөгийг хэлэлцэхгүй орхисон. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд иргэний журмаар шийдвэрлүүлэхээр байна. Хохирогч Б.М-н нэхэмжилж буй мөнгөн дүн тодорхой тооцоолол хийх боломжтой эмнэлгийн бичигтэй баримттай байгаа болно. Бодит гарсан зардал биш, цаашид гарах зардал гэдгээр иргэний нэхэмжлэлийг хангахгүй байх боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 228 дугаар 228.4-т “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж заасан. Тиймээс урьдчилан гарах эмчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулах эрхтэй болно.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 769 дугаартай тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийг нэмж, Б.Б, Э.У нарт 2 жилийн хорих ял оногдуулж, хохирол 12.685.460 төгрөгийг буруутай этгээдүүдээс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний эрүү дээшээ мурий, үүдэн шүд, агт араа булгарсан тул хиймэл шүд хийнэ гэсэн. Иймд цаашид гарах зардал, хохирлоо нэхэмжилж байна. ...” гэв.

Прокурор А.Дүүрэнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хохирогчийн өмгөөлөгч хэргийн зүйлчлэл тохироогүй гэж байгаа боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь бусдыг үл тоомсорлох, басамжлан элдвээр доромжлох, өөрийн хүч чадал, зориг зүрхтэйгээ харуулахаар айлган сүрдүүлэх гэсэн сэдэлтээр үйлдэгддэг. Хэргийн нөхцөл байдлаас харахад хэдийгээр олон нийтийн газар боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй учир хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Оногдуулах ял шийтгэлийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн. Өөрөөр хэлбэл, үйлдсэн гэмт хэрэг болон шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Хохирлын тухайд мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.050.000 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн зүгээс 13.735.460 төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. 13.735.460 төгрөгийн баримтаас нотлох баримтын шаардлага хангасан 332.960 төгрөгийн баримтыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргахаар шийдвэрлэж, үлдэгдэл 12.685.460 төгрөгийн хохирлыг гаргах боломжгүй буюу нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Б.Б, Э.У, Ө.А нар нь 2018 оны 11 дүгээр сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “Шонхор” караокены гадна хохирогч Б.М-н нүүрэн тус газарт гараараа цохиж, биед нь эрүүний ооч болон баруун булан хэсгийн хугарал, баруун араа булгарсан, доод үүдэн баруун 2 шүд хөдөлсөн гэмтэл үүсгэн, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.М-н “... Билгүүнбилэгийг зодсон гэх залуучууд гарч ирээд намайг барьж аваад “найзыгаа олж ир, ална шүү” гээд дарамтлахаар нь би хүн андуураад байна гэж хэлсэн чинь 2 эмэгтэй намайг хоёр талаас барьчихаад 1 эрэгтэй нь гараараа нүүр лүү зөндөө цохиод, цуг байсан хоёр эмэгтэй нь бас миний нүүр лүү гараараа цохиод байсан. Тэгээд нилээн зодуулаад “миний утас уначихлаа” гэж хэлсэн чинь намайг тавихаар нь би шууд зугтаасан. Тэгсэн нэг залуу нь намайг хөөж байгаад үлдсэн. ...” /хх 22-24/,

гэрч Д.Д-гийн “... найз Э.У 00-ын өрөөнд цохиулчихлаа гэж орж ирэхээр нь би хэнд цохиулсан юм бэ гэж асуухад “00-ын өрөөнд нэг үл таних эрэгтэй цохичихоод хүн андуурсан байна” гэж хэлээд гараад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд караокены өрөөнд байсан найз нар болон найз Уянгын найз гэх үл таних эрэгтэйн хамт Уянгыг зодсон хүнийг хайхаар караокены гадаа гарч ирэхэд Э.У “тэр байна” гээд нэг үл таних эрэгтэйг бариад авсан. Гэтэл тэр эрэгтэй гарнаас нь мултраад зугтаасан. Тэгсэн тамхи татаж байсан үл таних эрэгтэйг “намайг зодсон залуугийн найз байна” гээд барьсан чинь Уянгын найз гэх үл таних эрэгтэй тэр залуугийн нүүр хэсэгт 2-3 удаа гараараа хүчтэй саваж цохисон. Э.У, Ө.А нар үл таних эрэгтэйгийн нуруу, хөл хэсэгт гараараа цохиж болон хөлөөрөө өшиглөж байгаа харагдсан. ...” /хх 35/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 13222 дугаартай “М-гын биед эрүүний ооч болон баруун булан хэсгийн хугарал, баруун их араа булгарсан, доод үүдэн баруун 2 шүд хөдөлсөн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгджээ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /хх 45/ гэх дүгнэлт,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 85/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс Б.Б, Э.У, Ө.А нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Б, Э.У, Ө.А нарын хохирогч Б.М-н нүүрэн тус газарт гараараа цохиж, биед нь эрүүний ооч болон баруун булан хэсгийн хугарал, баруун араа булгарсан, доод үүдэн баруун 2 шүд хөдөлсөн гэмтэл үүсгэн, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Быг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял, Э.У-г 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ө.Аыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ад хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй, ял хүндэдсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж заасан давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ө.Ад 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэв.

Хохирогч Б.М-н өмгөөлөгч Ө.С нь “... Б.Б, Э.У, Ө.А нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн шинжтэй байна. Мөн шүүгдэгч нарт оногдуулсан ял хөнгөдсөн тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 769 дугаартай тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийг нэмж, Б.Б, Э.У нарт 2 жилийн хорих ял оногдуулж, хохирол 12.685.460 төгрөгийг буруутай этгээдүүдээс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол ...” гэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн шинжийг тодорхойлсон.

Шүүгдэгч Б.Б, Э.У, Ө.А нарын хувьд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн, эд хөрөнгө устгаж, гэмтээсэн, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаас харагдахгүй байх тул тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заасан.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б, Э.У, Ө.А нарын зүгээс хохирогч Б.Мд 1.050.000 төгрөгийн хохирол төлсөн ба хохирогчийн зайлшгүй хийлгэх эмчилгээний зардалд 13.735.460 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан 332.960 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Мөн шүүхээс хохирогч Б.М нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байх ба хохирогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан зүйлгүй байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Б, Э.У, Ө.А нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэрэгт тохирсон байх тул ял хөнгөдсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд хохирогч Б.М-н өмгөөлөгч Ө.Сын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/769 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/769 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтад “... шүүгдэгч Ө.Аыг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “... шүүгдэгч Ө.Аыг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэсэн өөрчлөлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Э.У” гэсний ард “Ө.А” гэсэн нэмэлт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4, 5, 6 дахь заалтуудыг хүчингүй болгосугай.

4. Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Б.М-н өмгөөлөгч Ө.Сын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ