Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2022/00557

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Л.М

 

Хариуцагч: НШШГГ

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид:  нэхэмжлэгч Л.М, хариуцагчийн төлөөлөгч Ц.А

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Золзаяа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.М нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Баянгол дүүрэг *тоотод байршилтай 29м2 талбай бүхий орон сууцны үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Маргаан бүхий орон сууц нь сургууль, цэцэрлэг, эмнэлэгт ойрхон байршил сайтай, зах зээлийн ханш огцом өсч 125,0-140,0 сая төгрөг байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй үнэлгээ тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. Үнэлгээчин хуулийн дагуу ажиллаж зах зээлийн үнэлгээг тогтоосон, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан.  

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: Л.Мын иргэний үнэмлэхний лавлагаа, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн мэдэгдэл /ХХ-ийн 3, 14 дугаар тал/

 

4. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг /ХХ-ийн 19-58 дугаар тал/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч Л.М нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Баянгол дүүрэг *тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг “орон сууц нь сургууль, цэцэрлэг, эмнэлэгт ойрхон байршил сайтай болон зах зээлийн ханш огцом өссөн байдлыг харгалзан үзээгүй зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгох шаардлага гаргажээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг “үнэлгээчин хуулийн дагуу үнэлгээ тогтоосон, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан” гэж маргав.

 

4. Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/05356 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1952 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2017/00174 дугаар тогтоолоор хариуцагч Л.Маас үүргийн гүйцэтгэлд 35,848,687 төгрөг гаргуулж “Б” ХХК-д олгож, дээрх үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

Дээрх шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүйгээс НШШГГнь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 102/ГХ2017/00460 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл хүргүүлсэн боловч биелүүлээгүйгээс барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг *тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй, 29м2 талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, төлбөр төлөх хугацааг тогтоосон байх ба уг хугацаанд төлбөрөө төлөөгүйгээс битүүмжилсэн эд хөрөнгийг 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хураан авч, дахин төлбөр төлөх хугацаа тогтоосон байна.

 

Тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүйгээс хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг үндэслэн төлбөр авагч, төлбөр төлөгч нараас үнийн санал авсан байна. Уг ажиллагаагаар орон сууцны үнэлгээг 160,000,000 төгрөгөөр тогтоосон төлбөр төлөгчийн үнийн саналыг төлбөр авагч хүлээн зөвшөөрснөөр дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг 160,000,000 төгрөгийн 70 хувь болох 112,000,000 төгрөгөөр тогтоож анхны болон  хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулсан боловч худалдан борлогдоогүй байна.  

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 72.1, 72.2-т заасны дагуу дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө суутган авахыг санал болгоно” гэж заасан ажиллагааг явуулсан боловч худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагч авахаас татгалзаж, энэ асуудлаар гарсан маргааныг шүүхээр шийдвэрлүүлж, хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгажээ. Энэ үйл баримттай холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй боловч тухайн үйл баримтад талууд маргаагүй болно.

 

Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор томилогдсон шинжээч нь үнэлгээ тогтоох орон сууцны байдалтай танилцаж, хөрөнгийн чанар, хийц, орон сууцны доторх засал, ашиглалтын түвшинг үнэлж, үнэлэгдэж буй хөрөнгөтэй байршил, зориулалт, хийц ижил үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулж зах зээлийн жишиг үнийн хандлагаар үнэлгээг тогтоожээ. Үүнээс үзвэл үнэлгээчин нь үнэлэгдэж буй орон сууцтай ижил байршилтай хөрөнгүүдийг сонгож харьцуулалт хийж үнэлгээг тогтоосон байна. Мөн тухайн орон сууцны зах зээлийн үнэ 125,0-140,0 сая байна гэсэн тайлбараа хариуцагч баримтаар нотлоогүй болно. Иймд цэцэрлэг, сургууль, эмнэлэгт ойр байршил болон зах зээлийн өсөлтийг харгалзан үзээгүй гэсэн хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв.     

 

Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэгч Л.Мын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянгол дүүрэг *тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй, 29м2 талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Б овогт Л Мын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.    

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Т.ГАНДИЙМАА