Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2022/01134

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2022/01134

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С У /РД: */

 

Нэхэмжлэгч: Ш /РД: */

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 3 дугаар хороо М Д” ХХК /РД: */

 

1,909,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч нарын төлөөлөгч Г.Э, хариуцагчийн төлөөлөгч Э.Д

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Золзаяа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.У, Я.Ш нар нь хариуцагч “М Д” ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. * УБИ улсын дугаартай тоёота приус маркийн автомашиныг зогсоолоос гаргахаар ухрах үйлдэл хийж байхдаа ургаа мод мөргөж, тээврийн хэрэгсэлд эвдрэл, гэмтэл учирсан. Энэ нь даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдолд хамаарч байна.

 

1.2. Хариуцагчтай байгуулсан жолоочийн хариуцлагын даатгалын гэрээнд заасан тээврийн хэрэгслийг ашиглах эрх бүхий С.У, У.Н нарын хэн аль нь ч жолоодож байх үед даатгалын тохиолдол болсон нөхцөлд нөхөн төлбөр авах эрхтэй гэжээ.

 

1.3. Даатгалын байгууллагад жолоочийн мэдээллийг буруу өгсөн болохоо мэдэгдсэн боловч нэр зөрүүтэй гэж үзэн үндэслэлгүйгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан.

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. Ослыг У.Н гаргасан талаар манайд мэдэгдэж тэмдэглүүлсэн бөгөөд цагдаагийн байгууллагад жолоочийн нэрийг өөрчлөн мэдүүлж зам тээврийн ослын тодорхойлолт гаргуулсан. Энэхүү үйлдлийг нөхөн төлбөрийг хууран мэхлэх замаар авах гэж оролдсон гэж үзэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан, энэ талаар тухайн үед нь мэдэгдсэн.

 

2.2. Тухайн үед У.Ныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу гэрээнд заасан “нөхөн төлбөр хасагдах” нөхцөл байдал байсан гэж үзсэн гэж маргав.  

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: С.Уын иргэний үнэмлэхийн хуулбар, Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.  /ХХ-ийн 4, 39-41 дүгээр тал/

 

4. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, даатгалын тохиолдлын тэмдэглэл, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, фото зураг, С.Уын өргөдөл, зам тээврийн осол /даатгалын тохиолдол/-ын тодорхойлолт, “Ашид билгүүн” ХХК-д төлбөр төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. /ХХ-ийн 16, 21-26, 33, 38 дугаар тал/

 

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өсгөн байна. Үүнд: 34-69 УБИ улсын дугаартай приус-30 маркийн автомашины эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.  /ХХ-ийн 34, 35 дугаар тал/

 

6. Шүүхийн санаачилгаар дараах нотлох баримтуудыг цуглуулсан байна. Үүнд: Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсээс С.Уад холбогдох зөрчлийн хэргийн баримтууд /ХХ-ийн 51-57 дугаар тал/ 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов. Учир нь:

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: С.У нь тээврийн хэрэгслээ зогсоолоос гаргах үедээ ургаа мод мөргөсөн, энэ нь гэрээнд заасан даатгалын тохиолдолд хамаарч байгаа, жолоочийн хариуцлагын даатгалын гэрээнд заасан тээврийн хэрэгслийг ашиглах эрх бүхий 3 этгээдийн хэн ч жолоодсон даатгалын нөхөн төлбөр авах эрхтэй гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Осол гаргасан жолоочийн талаарх мэдээллийг үнэн зөв мэдүүлээгүй, осол гарах үед жолоо барьж байсан У.Н тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан байж болзошгүй бөгөөд жолоочийн нэрийг өөрчилж цагдаагийн байгууллагаар ослын тодорхойлолт гаргуулж нөхөн төлбөрийг хууран мэхлэх замаар авах гэж оролдсон гэж маргаж байна.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Я.Ш, “М Д” ХХК-ийн хооронд 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “Автотээврийн хэрэгслийн даатгал”-ын гэрээ, “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал”-ын гэрээнүүд байгуулагдсан байх ба уг гэрээнүүдээр даатгалын тохиолдол бий болоход /гэрээнд заасан/ даатгалын нөхөн төлбөрийг “М Д” ХХК төлөх, Я.Ш нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээгээр зам тээврийн осол болон жолоо шилжүүлэх үеийн эрсдэл, зогсоолын эрсдэлийн улмаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нөхөн төлөхөөр тохирсон байна. Харин жолоочийн хариуцлагын даатгалын гэрээгээр даатгуулагч нь нэр заасан тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан хохирлыг нөхөн төлөх буюу гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагаа даатгуулжээ. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1, 444 дүгээр зүйлийн 444.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын болон хариуцлагын даатгалын гэрээ байгуулагдсан байна.

 

Дээрх гэрээнүүдийг Я.Шыг төлөөлж С.У байгуулсан байх ба энэ нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт нийцжээ. Иймд дээрх гэрээнүүдийн дагуу шаардлага гаргах эрх бүхий этгээд нь нэхэмжлэгч Я.Ш байна.   

 

Талуудын маргааны зүйл болж буй тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын нөхөн төлбөр нь Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээтэй хамааралтай ба жолоочийн хариуцлагын даатгалын гэрээний харилцаанд хамааралгүйг дурдах нь зүйтэй.  

 

Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээний даатгалын зүйл болох 34-69 УБИ улсын дугаартай тоёота приус маркийн автомашинд учирсан эвдрэл, гэмтлийг засварлахад гарах зардлыг “Ашид билгүүн” ХХК-иас 1,815,000 төгрөг гэж үнэлгээ тогтоосон байх ба уг ажлын хөлсөнд нэхэмжлэгч 94,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон. Мөн даатгалын зүйл болох автомашинд гэрээгээр тохирсон даатгалын эрсдэл учирсан буюу даатгалын тохиолдол бий болсон асуудлаар талууд маргаагүй.

 

Талуудын байгуулсан гэрээний 3.2-т “худал мэдээлэл, хуурамч баримт материал гаргаж өгөхийг хориглож, даатгагчийг үнэн зөв мэдээллээр хангах үүрэгтэй”, 3.3-т “Даатгуулагч энэ гэрээгээр олгогдох нөхөн төлбөрийг хууран мэхлэх замаар авах гэж оролдсон нь илэрвэл гэрээ цуцлагдаж, нөхөн төлбөр авах боломж бүрэн алдагдах ба даатгалын хураамж буцааж олгогдохгүй” гэж тохирчээ. Энэхүү тохиролцоог нэхэмжлэгчийг зөрчсөн буюу хэрэг учрал болох үед тээврийн хэрэгслийг жолоодож байсан этгээдийн талаар үнэн зөв мэдээлэл гаргаж өгөх үүргээ зөрчиж, цагдаагийн байгууллагад тээврийн хэрэгслийг жолоодож байсан этгээдийг өөрчлөн мэдүүлж зам тээврийн ослын тодорхойлолтыг гаргуулан нөхөн төлбөрийг хууран мэхлэх замаар авахыг оролдсон гэж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.  

 

Даатгалын тохиолдол бий болох үед тээврийн хэрэгслийг даатгуулагч болон түүний зөвшөөрөл бүхий этгээд жолоодохоос гадна тухайн этгээдүүд нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байх нь даатгалын нөхөн төлбөр авах нөхцөл болохыг гэрээндээ заажээ. Өөрөөр хэлбэл даатгуулагч болон түүний зөвшөөрлөөр тээврийн хэрэгслийг ашиглаж буй этгээд нь жолоодох эрхгүй эсвэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгслийг жолоодсон нөхцөлд нөхөн төлбөр олгохгүй байхаар гэрээний 5.2.2-т заасан байна.  

 

Хэрэг учрал болсон өдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн даатгалын тохиолдлын тэмдэглэлд “мод мөргөсөн ослыг У.Н гаргасан, жолооны үнэмлэх хураалгасан” гэжээ. Харин цагдаагийн байгууллагад ослыг С.Уыг гаргасан гэж тэмдэглүүлсэн байх ба түүнийг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар С.Уад торгох шийтгэл ногдуулж, 5 оноо хассан үйл баримт тогтоогдов.   

 

Осол гаргасан жолоочийн талаарх мэдээлэл зөрүүтэй байгаа байдлаа даатгалын төлөөлөгчид жолоочийн талаарх мэдээллийг тухайн үед сандраад буруу өгсөн гэж нэхэмжлэгч тайлбарласан боловч гэрээний 2.2-т заасны дагуу тухайн мэдээллийг залруулах буюу жолоочийн нэрийг санаатайгаар буруу мэдүүлээгүй, гэрээний 5.2.2-т заасан нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл байдал байхгүй болохоо нотлох, түүнтэй холбоотой баримтаа бүрдүүлж өгөх үүрэгтэй байжээ. Энэхүү үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч нь гэрээний 3.3-т зааснаар нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй байна. Энэ үндэслэлээр нөхөн төлбөр өгөхөөс татгалзсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон. Иймд хариуцагчийг даатгалын нөхөн төлбөр өгөхөөс үндэслэлгүй татгалзсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Нэхэмжлэгч С.У нь тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний оролцогч этгээд биш байх тул уг гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М Д” ХХК-д холбогдох 1,909,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С У, Я Ш нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,494 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Т.ГАНДИЙМАА