Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2022/01169

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2022/01169

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг  тоотод оршин суух Х овогт Д С /РД: /

 

Хариуцагч: Баянгол дүүрэг оршин суух Б овогт Мын Ж /РД: /

 

Хариуцагч: Баянгол дүүрэг оршин суух Б овогт Б Б /РД: /

 

12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Д.С, хариуцагч нарын төлөөлөгч М.Ц

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч М.Ж, Б.Б нарт холбогдуулан 40 тонны контейнерийн зах зээлийн үнэ 12,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. М.Ж, Б.Б нар нь 40 тонны контейнерийг Ж.Баас худалдан авсан гэдэг боловч контейнер дотор байсан гэрийн тавилгыг хаях эд хөрөнгө биш гэдгийг хэн ч харсан мэдэхээр байхад бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч завшсан.

 

1.2. Хариуцагч нараас контейнерийг авсан хүнийг нуун дарагдуулж, контейнерийг олж авах боломжгүй болсон гэжээ.     

 

2. Хариуцагч нар нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

2.1. Тухайн контейнерийг зарын дагуу Ж.Б-аас худалдан авч, бусдад худалдсан, тухайн үед контейнерийг нэхэмжлэгчийн хөрөнгө болохыг мэдээгүй, энэ асуудлаар шалгагдаж гэм буруугүй болохыг тогтоосон.   

 

2.2.  Контейнерийг зарсан гэм буруутай этгээдийг олж тогтоон, хохирлыг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгчийн контейнерийн үнийг төлөх үндэслэлгүй гэжээ.   

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: Д.Сийн иргэний үнэмлэхний хуулбар, гэрэл зургууд, “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ, үнэлгээний ажлын хөлс төлсөн бэлэн мөнгөний орлогын баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.  /ХХ-ийн 4, 131-133 дугаар тал/

4. Хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн. Үүнд: Ж.Ганбаатарын гэрчийн мэдүүлэг, Төв аймаг дахь Цагдаагийн газраас гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийн баримт, Улсын ерөнхий Прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архиваас 201626030995 дугаартай Ж.Бад холбогдох эрүүгийн хэргээс М.Ж, Б.Б нарын өгсөн анхны мэдүүлэг /ХХ-ийн 141-145, 153-156 дугаар тал/

 

6. Хариуцагч талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн. Үүнд: Улсын ерөнхий Прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архиваас 201626030995 дугаартай Ж.Бад холбогдох эрүүгийн хэргээс Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 54, 55 дугаартай Прокурорын тогтоол, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/1435 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/НШМ/94 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 212 дугаар тогтоол /ХХ-ийн 29-92, 109-126 дугаар тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч нар нь контейнерийг худалдаж авсан хүнийг таньдаг гэж байснаа дараа нь танихгүй, мэдэхгүй гэж санаатайгаар нуун дарагдуулж олж авах боломжгүй болсон, контейнер дотор байсан эд зүйлсийг хаях эд зүйл биш гэж хэн ч харсан мэдэхээр байхад бусдын хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч завшсан гэжээ.

 

3. Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Маргаж байгаа контейнерийг зарын дагуу Ж.Баас худалдаж авсан, тухайн үед нэхэмжлэгчийнх гэж мэдээгүй, энэ асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж гэм буруугүй болохыг тогтоосон, контейнерийг худалдсан буруутай этгээдийг тогтоож, түүнээс хохирлыг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн. Иймд контейнерийн үнийг нэхэмжлэгчид төлөх үндэслэлгүй гэсэн байна.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/1435 дугаар шийтгэх тогтоолоор Ж.Быг үргэлжилсэн үйлдлээр фэйсбүүк цахим орчинд зар тавих, бусдын хаяг болон дугаараас холбогдох, чатаар харьцах, эд хөрөнгийн зураг илгээх зэргээр цахим хэрэгсэл болон хуурамч бичиг баримт ашиглан зах зээлийн ханшнаас доогуур үнийн санал гаргах, бусдын бичиг баримтаар үүрэн телефоны дугаар авч ашиглах, бусдын дансаар мөнгө шилжүүлэн авах, бусдын эзэмшлийн хөрөнгийг өөрийн мэтээр итгүүлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах аргаар бусдыг залилан мэхлэсэн, мөн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Д.Сийн өмчлөлийн 40тонны контейнерийг өөрийн мэтээр итгүүлэн бусдад худалдан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохиролд 40 тонн контейнерийн үнэ 5,000,000 төгрөг, бусад эд хөрөнгийн үнэ 47,500 төгрөг нийт 5,047,500 төгрөг гаргуулж Д.Сд олгохоор шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /ХХ-ийн 51-92, 110-126 дугаар тал/

 

Б.Б, М.Ж нарыг Д.Сийн өмчлөлийн 40 тонны контейнерийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж хямд үнээр худалдан авсан, эзэмшсэн, ашигласан, хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор бусдад зарж борлуулан мөнгө угаасан гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байх ба уг ажиллагаагаар Б.Б, М.Ж нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдоогүй, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон болох нь Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 54, 55 дугаар тогтоолоор тогтоогдов. /ХХ-ийн 30-34 дүгээр тал/

 

Дээрх нотлох баримтуудаар хариуцагч нар нь 40 тонны контейнер зарна гэсэн зарын дагуу Ж.Бтай утсаар ярьж Төв аймгийн Баянчандмань сумын нутаг 60 даваа гэдэг газраас контейнерийг очиж авсан үйл баримт тогтоогдсон, уг контейнер нэхэмжлэгч Д.Сийн өмчлөлийнх болох нь тогтоогдсон байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар хариуцагч нарыг 40 тонны контейнер зарна гэсэн зарын дагуу Ж.Баас контейнер авсан үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ.

 

Нэг этгээд нөгөө этгээдийн эсрэг шаардлага гаргах эрхийг хэрэгжүүлэхийн тулд тэдний хооронд үүргийн харилцаа буюу иргэний эрх зүйн харилцаа үүссэн байх шаардлагатай. Энэ талаар Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж заасан. Ийнхүү үүргийн харилцаа үүссэнээр үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчийн эсрэг шаардлага гаргах эрх үүснэ. Иймд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээ болон хуулийн дагуу үүсэх үүргийн харилцааны үндсэн дээр хариуцагч нараас 40 тонн контейнерийн үнийг шаардах эрхээ хэрэгжүүлэх нь хуульд нийцнэ.

 

Талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй тул гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах эрх нэхэмжлэгчид үүсээгүй байна.

 

Хуулийн дагуу үүсэх үүрэг нь хуульд заасан нөхцөл бий болсон тохиолдолд үүснэ. Өөрөөр хэлбэл талуудын хүсэл зоригоос үл хамааран хуульд зааснаар бий болж байдаг үүргийг хуулийн дагуу үүсэх үүрэг гэнэ. Үүнд: зөрчлөөс үүсэх үүрэг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэг хамаарна.

 

Зөрчлөөс үүсэх үүрэг гэдэгт бусдын эрхийг зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбоотой үүссэн харилцаа хамаарна. Уг үүрэг үүсэхэд бусдын амь нас, эрүүл мэнд, бие махбодь, эрх чөлөө, эд хөрөнгө болон бусад эрхийг зөрчсөн хууль бус үйлдэл хийсэн байх, үүний улмаас хохирол учирсан байхыг шаардана. Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч нарын хууль бус гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нарыг 40 тонны контейнерийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж худалдан авсан, ашигласан, хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор бусдад зарж борлуулсан гэмт хэрэгт холбогдуулан шалгасан боловч тэд тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдоогүй гэж эрх бүхий байгууллага үзжээ. Иймд нэхэмжлэгч нь контейнерийн үнийг хариуцагч нараас зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаагаар шаардах эрхгүй.

 

Бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүсэх үүрэг буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг нь бусдын эд хөрөнгийг олж авсан үйлдэл нь хууль бус байхыг ойлгоно. Өөрөөр хэлбэл бусдын өмчлөл, эзэмшлийн хөрөнгийг хууль болон гэрээнд заасан үндэслэлээр биш өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн эсхүл андууран авсан, ашигласан, захиран зарцуулж орлого олсон байхыг хэлнэ. Энэ тохиолдолд хөрөнгийг олж авсан этгээд нь хөрөнгийн эзэнд эд хөрөнгийн хохирлыг төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч нар нь 40 тонны контейнерийг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж зөвшөөрөлгүйгээр авч захиран зарцуулсан, бусдын хөрөнгө гэдгийг мэдэх боломжтой байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй болно. Тухайн үед контейнерт байсан гэх эд хөрөнгө /гэр ахуйн тавилга/-ийн зургийг нэхэмжлэгч нотлох баримтаар гаргасан ба зурагт үзүүлсэн эд хөрөнгө контейнерт байсан нь контейнерийг өөр хүнийх гэдгийг мэдэх боломжтой байсан гэж үзэх үндэслэл болохгүй. Мөн гэрч Ж.Ганбаатарын мэдүүлгээр “хариуцагч нар нь контейнерийг Ж.Баас худалдаж авахдаа бусдын эд хөрөнгө гэдгийг мэдэж байсан” гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно. Иймд хариуцагч нарыг нэхэмжлэгчийн контейнерийг түүний зөвшөөрөлгүйгээр дур мэдэн авч захирцан зарцуулж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид хохирол төлөх үүрэг үүсээгүй гэж үзэв.    

 

Мөн нэхэмжлэгч Д.Сд учирсан хохирол болох 40 тонны контейнерийн үнийг хохирол учирсан үеийн зах зээлийн ханшаар тооцож буруутай этгээд болох Ж.Баас гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Мын Ж, Б Б нарт холбогдох 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д Сийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Т.ГАНДИЙМАА