| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2021/02700/И |
| Дугаар | 102/ШШ2022/00267 |
| Огноо | 2022-01-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2022/00267
| 2022 оны 01 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2022/00267 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.О
Хариуцагч: Г.Я
Хариуцагч: П.Г
7,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид нэхэмжлэгч Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.М, хариуцагчийн төлөөлөгч Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.З
Хариуцагч П.Г шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Г.Я, П.Г нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Хариуцагч нар нь 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Б.Э6,000,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Б.Б 5,500,000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй надаар дамжуулан зээлж авсан.
1.2. Хариуцагч нар Б.Этөлөх төлбөрөөс үндсэн зээлд 3,500,000 төгрөг, хүүд 1,350,000 төгрөг нийт 4,850,000 төгрөг төлсөн байсан. Миний данс руу шилжүүлсэн 4,500,000 төгрөгөөс Б.Э үндсэн зээлийн төлбөрт 2,500,000 төгрөгийг өгч, үлдсэн хүүг тооцохгүй дуусгавар болгосон. Харин Б.Б төлөх 10,450,000 төгрөгийг огт төлөөгүй бөгөөд үүнийг би төлсөн.
1.3. Хариуцагч нараас 8,450,000 /10,450,000-2,000,000/ төгрөг авах ёстой боловч сая гаруй төгрөгийг нь хассан.
2. Хариуцагч Г.Я нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:
2.1. Г.О дамжуулан 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 6,000,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 5,500,000 төгрөг нийт 11,500,000 төгрөг авсан үнэн.
2.2. Б.Э 5030158001 тоот дансаар 4,850,000 төгрөг шилжүүлж, бэлнээр 400,000 төгрөг өгсөн. Г.О 5034536900 тоот дансаар 4,050,000 төгрөг шилжүүлж нийт 9,300,000 төгрөг төлсөн. Зээлийн төлбөрт 2,200,000 төгрөг төлөх дутуу байгаа, хүүгийн тохиролцоог бичгээр байгуулаагүй тул 4,800,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй.
2.3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс Г.О иргэний үнэмлэхний хуулбар, Б.БХаан банкны 5022170255 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Э, Б.Бямбацэрэн нарын гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас Г.Я Төрийн банкны 104500572583 дугаартай харилцах дансны хуулга, Г.Э Хаан банкны 5135179421 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, П.Г Хаан банкны 5135175325 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Э Төрийн банкны 104500554775 дугаартай харилцах дансны хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч нарын Б.Э, Б.Б нарт төлвөл зохих зээлийн төлбөрийг /үндсэн зээл, хүү/ өөрийн мөнгөн хөрөнгөөр төлж дуусгавар болгосон.
3. Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Зээлийн төлбөрт 11,500,000 төгрөг төлөхөөс Б.Э 5,250,000 төгрөг, нэхэмжлэгчид 4,050,000 төгрөг төлж нийт 9,300,000 төгрөг төлсөн. Зээлийн үлдэгдэл 2,200,000 төгрөг байгаа. Уг төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхгүй. Хүү тохирсон гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү төлөх үндэслэлгүй гэжээ.
4. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.
Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа “Г.Я, П.Г хоёрын хүсэлтээр 2 удаагийн үйлдлээр нийт 11,500,000 төгрөг шилжүүлсэн. 2020 оны 6 сараас П.Г нь цувуулж 4,500,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл нь 7,000,000 төгрөг байгаа” гэж тодорхойлсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үндэслэлээ “хариуцагч нар Б.Э 6,000,000 төгрөг, Б.Б5,500,000 төгрөг зээлж авсан. Б.Эн төлөх үлдэгдэл төлбөрийг хүү тооцохгүй дуусгавар болгосон. Б.Б мөнгийг 6 сарын хүүгийн хамт 10,450,000 төгрөгийг хариуцагч нарын өмнөөс төлсөн. Үүнээс 7,000,000 төгрөгийг авна” гэж тодорхойлжээ.
Хариуцагч нар нь нэхэмжлэгчээр дамжуулан 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Б.Э 6,000,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Б.Б5,500,000 төгрөг зээлжээ. Дээрх төлбөрөөс Б.Э дансанд 4,850,000 төгрөг, нэхэмжлэгч Г.О дансанд 4,050,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Нэхэмжлэгч нь хариуцагч нар дансаар 4,500,000 төгрөг шилжүүлсэн, дансны бүх хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн гэж байх бөгөөд талуудын нотлох баримтаар ирүүлсэн дансны хуулгаар хариуцагч нар нэхэмжлэгчийн дансанд 4,050,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдов.
Дээрх үйл баримтаас үзвэл зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байх ба энэ талаар зохигч маргаагүй.
Нэхэмжлэгч нь хариуцагч нарын Б.Э шилжүүлсэн 4,850,000 төгрөгөөс үндсэн зээлд 3,500,000 төгрөг, хүүд 1,350,000 төгрөгийг тооцсон, Б.Б төлөх зээлийн төлбөрийг 6 сарын хүүгийн хамт төлж дуусгасан гэж байгаа бол хариуцагч нар Б.Э, Б.Б нарт зээлийн төлбөрт 2,200,000 төгрөг төлөх үлдэгдэлтэй байгаа, хүү төлөх үндэслэлгүй гэж маргасан.
Хариуцагч тал Б.Э бэлнээр 4,850,000 төгрөгөөс гадна 400,000 төгрөг өгсөн гэж байх ба харин нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн Б.Э гарын үсгийн үнэн зөвийг нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолтод “2019 оны 6 дугаар сарын 3-нд зээлийн хүү 750,000 төгрөг, 7 сарын 5-нд зээлийн хүү 600,000 төгрөг, 8 сарын 7-нд хүү 300,000 төгрөг бэлнээр гэрийн гадаа авчирч өгсөн. 8 сарын 16-нд үндсэн мөнгөний 3,500,000 төгрөг шилжүүлсэн” гэжээ. Уг баримтаас дүгнэвэл хариуцагч тал Б.Э 4,850,000 төгрөгийг буцаан өгсөн, энэ үйл баримтад зохигч маргаагүй байх бөгөөд харин хариуцагч тал Б.Э бэлнээр 300,000 төгрөг эсвэл 400,000 төгрөг өгсөн эсэх нь тодорхойгүй байна.
Дээрх маргаантай үйл баримтаас дүгнэвэл хариуцагч тал Б.Э нийт хэдэн төгрөг өгсөн болох нь тодорхойгүй, Б.Э Б.Б нарт төлөх төлбөрөөс нэхэмжлэгчээр дамжуулан хэдэн төгрөг төлсөн болох нь тодорхойгүй, Б.Э, Б.Б нарт зээлийн хүү төлөх эсэх, төлөх бол хэдэн сарын хүү төлөх эсэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нар үндсэн үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хэдий хэмжээний үүрэг гүйцэтгэх болох нь тогтоогдоогүй байна.
Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн Б.Э, Б.Б нарын гарын үсгийн үнэн зөвийг нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт нь Нотариатын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “Нотариатч хуульд нийцсэн баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчилнэ” гэж зааснаар тухайн баримтад зурагдсан гарын үсэг нь Б.Э, Б.Б нарын гарын үсэг мөн болохыг гэрчилж байгаа бөгөөд уг баримтад бичсэн мэдээллийг үнэн зөв гэж тогтоосон, гэрчилсэн үйлдэл биш юм. Иймд нэхэмжлэгчийг Б.Э 2,500,000 төгрөг, Б.Б 10,450,000 төгрөг өгсөн болохыг нотолсон баримт гэж үзэхгүй.
Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн нарын өрийг төлж, тэдний үүрэг дуусгавар болсон бол нэхэмжлэл гаргаж болохоор зохицуулжээ. Өөрөөр хэлбэл үндсэн үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангаснаар үүрэг гүйцэтгэгчийн үүрэг дуусгавар болж, үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах эрх нь үүргийн гүйцэтгэлийг хангасан этгээдэд шилжинэ гэж ойлгоно. Үүнээс дүгнэвэл үүрэг гүйцэтгэгчийн үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гүйцэтгэх үүрэг тодорхой байх нь хуульд нийцнэ. Иймд хариуцагч нар нь Б.Э, Б.Б нарын өмнө хэдий хэмжээний үүрэг гүйцэтгэх нь тодорхойгүй, үүргээс хэдий хэмжээний үүрэг гүйцэтгэсэн нь тодорхойгүй байхад уг үүргийг нэхэмжлэгч өөрөө тодорхойлж үүргийг гүйцэтгэсэн бол үүргээс илүү гарсан зардлаа шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэгчийг хариуцагч нарын өрийг Б.Э , Б.Б нарт төлж дуусгасан болохоо нотлоогүй, хариуцагч нар нь Б.Э, Б.Б нарын өмнө хэдий хэмжээний үүрэг гүйцэтгэх үүрэгтэй байсан тодорхойгүй, үүнийг нотлоогүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ” гэжээ. Г.Онь хариуцагч нарын гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргийг өөрийн хөрөнгөөр төлсөн үндэслэлээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэх буюу өөрөөс гарсан зардал гэж 7,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан тул түүнийг нэхэмжлэгч гэж үзнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэдэгт иргэн, хуулийн этгээдийг хууль болон итгэмжлэлээр төлөөлөх бүрэн эрх олгогдоогүй этгээд тэдний нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргасан байхыг ойлгоно. Нэхэмжлэгч Г.О нь Б.Э, Б.Б нарын өмнөөс тэдний зөрчигдсөн эрхийг сэргээлгэх шаардлага гаргаагүй байна. Иймд нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэхгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Я, П.Г нарт холбогдох 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.О нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацааны дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмаар тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА