| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2020/03357/И |
| Дугаар | 102/ШШ2021/01276 |
| Огноо | 2021-05-19 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2021/01276
| 2021 оны 05 сарын 19 өдөр | Дугаар 102/ШШ2021/01276 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 12 дугаар хороо Хайрханы 5-2а тоотод оршин суух Боржигин овогт Х. Б
Хариуцагч: Баянгол дүүрэг 5 дугаар хороо 46-16 тоотод оршин суух Лодойн овогт А. Б
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо Хэрлэн плаза 3 давхарт “А” ХХК
2,995,587 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Б
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О
хариуцагч А.Б
нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.
Нэхэмжлэлийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь А 2019 оны 8 дугаар сараас Америк явах зорилгоор 1,050 доллар буюу 2,995,587 төгрөг өгсөн. А овогтой Б Худалдаа хөгжлийн банкны 0 дансанд буюу Хаан банкны 0 тоот дансанд мөнгөө шилжүүлсэн. Заасан хугацаандаа явуулаагүй тул мөнгөө буцаан авах хүсэлттэй байна. Гэрээний 2.3 дахь хэсэгт зааснаар А талын буруугаас гэрээний зорилгод хүрч чадахгүй бол 60 хоногийн дотор 100 хувь буцааж өгнө гэсэн заалтын дагуу мөнгөө 100 хувь авмаар байна. Иймд хариуцагч А.Баас 2,995,587 төгрөг гаргуулан авах хүсэлттэй байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Х.Бгийн хувьд 2019 оны 8 сард “А” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Гэрээний агуулга нь Монгол улсаас Америк улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах байсан. Гэрээний үнийн дүн нь 2,000 ам.доллар ба нэмэлтээр англи хэлний сургалтын төлбөрт 150 ам доллар төлөх 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Гэрээг “А” ХХК-ийг төлөөлж хариуцагч А.Б гэрээ байгуулсан. А.Бы Худалдаа хөгжлийн банк болон Хаан банкны дансаар тус тус төлбөрийг төлсөн. Нийт 1,050 ам.доллар буюу 2,995,587 төгрөгийг төлсөн. 2019 оны 8 сард гэрээ байгуулснаас хойш “А” ХХК-ийн зүгээс ямар нэгэн байдлаар үйлчилгээг үзүүлээгүй байдаг. Өнөөдрийн байдлаар 2 жил өнгөрсөн ч энэ гэрээний талаар ямар нэг мэдээлэл байхгүй, ажлын санал, ярилцлага, визний асуудлууд огт яригдаагүй. Англи хэлний сургалтад 150 ам.доллар төлсөн хэдий ч сургалт явуулаагүй, багш байхгүй, солигдсон зэрэг шалтгаанаар явагдаагүй. Ямар үйл ажиллагаа явуулж байгаа нь мэдэгдэхгүй, хүмүүс нь утсаа авахаа больсон, хуучин оффистоо байхаа больсон асуудлууд гарсан байдаг. Иймд мөнгийг шилжүүлсэн А.Быг олж холбогдоод нэхэмжлэл гаргасан боловч “А” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан гэдэг тайлбарыг өгсөн учраас тухайн компанийг хамтран хариуцагчаар татсан байгаа. Гэрээ байгуулагдсан цагаас ямар ч үйлчилгээ аваагүй. Гэрээний 2.3 дах хэсэгт зааснаар үйлчилгээ үзүүлэгч байгууллага гэрээний зорилгод хүрээгүй бол 60 хоногийн дотор төлбөрийг 100 хувь буцаана гэж заасан байгаа. Маш олон удаа төлбөрөө буцааж авахаар нэхэмжилсэн боловч өгөөгүй, сүүлдээ олдохоо байсан. Иймд нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж гэрээний 2.3-д зааснаар төлбөрөө буцаан шаардаж байна. А.Бы хувьд тус компанитай ямар харилцаа, хамааралтай байсан эсэх нь чухал биш. Мөнгөө А.Бы дансанд хийсэн учраас энэ гэрээний төлбөрийг хамтран хариуцах ёстой гэж үзэж байна. Иймд 2,995,587 төгрөгийг хариуцагч А.Б, “А” ХХК-иас гаргуулж өгнө үү.
Хариуцагч А.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие А овогтой Б нь “А” ХХК-ийн дотоод харилцааны менежер албан тушаалаар 2018 оны 3 сараас 2020 оны 4 сар хүртэл ажил гүйцэтгэл хийсэн. Энэ хугацаанд компанийн захирал Т.М, АНУ руу ажлын чиглэлээр хэд хэдэн удаа явахад намайг шинэ үйлчлүүлэгчидтэй гэрээ хийх, ажилчдын цалинг хугацаанд нь өгөх, оффисын түрээс төлөх гэх мэтийн үүрэг даалгаврын хариуцуулан өгсөн. Мөн 2019 оны 6 сараас хойш захирал Т.М тушаалаар компанийн орлого миний банкны дансанд орж ирэх болсон. Захирал Т.М хувьд, өөрийн хувийн зардалдаа компанийн ихэнх орлогыг зарцуулдаг байсан нь ийнхүү шийдвэр гарахад нөлөө үзүүлсэн. 2019 оны зун улирлын бүртгэлээс хойших компанийн орлого нь миний бие А.Б /дансаар/ ба захирал Т.М /бэлнээр/ нарт орж ирсэн. “А” ХХК-ийн хувьд АНУ-ын албан ёсны ажлын H2AA/B гэсэн визний ангилалд ажилчид явахад зөвлөгөө тусламж үзүүлдэг байсан. Манай компаниар дамжуулан одоогийн байдлаар нийт 77 ажилчид АНУ-д 1 жилийн гэрээтэйгээр ажиллаж амьдраад эх орондоо буцаж ирсэн. Гэвч 2020 онд явах ажлын байрны саналууд КОВИД-19 цар тахлын нөлөөтэйгөөр хойшилж манай компанийн үйлчлүүлэгчдэд хохирол учруулсан. Үйлчилгээний төлбөрөө буцаж нэхэмжилсэн зарим үйлчлүүлэгчдэд, захирал Т.М худал амлан шалтаг гаргаж миний бие А.Бг компанийн мөнгийг авсан хэмээн гүтгэж байгаа. миний хувьд компанийн орлогуудыг захирал Т.М руу шилжүүлдэг байсан ба компанийн мөнгийг авсан гэх гүтгэлэг нь худал гэдгийг нотлох гэрч нар байгаа. Үүнд “А” ХХК-д гадаад харилцааны менежирээр ажиллаж байсан У.М, оффис менежир Б.С нар орно.
Хариуцагч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ХХК нь анх 2018 оноос ажиллаж эхлээд ажлын визэнд оруулах хүмүүсээ жил гаруй хугацаанд бэлтгэдэг. Үйл ажиллагааны хувьд 2019 оны зунаас 2 дугаар ээлжийн хүмүүсээ бүртгэж эхэлсэн. Тэгээд 2019 оны 12 дугаар сараас гадаадын ажлын байрны саналуудаа аваад 2020 оны 3 дугаар сар хүртэл бүртгүүлсэн хүмүүсийг ажлын ярилцлагад оруулж эхэлсэн. Сургалт нь 2019 оны 6 дугаар сараас орж эхэлсэн. 2019 оны 12 дугаар сард сургалт дуусаад ярилцлагад бэлдэж эхэлдэг. Үйлчилгээ нь эхлээд үйлчлүүлэгчийн CV буюу товч намтрыг хөдөлмөрийн биржид байршуулах, ажлын санал ирсэн тохиолдолд ажлын ярилцлагад бэлдэх, англи хэлний анхан шатны түвшинг олгох, цаанаас ажил олгогчийн тавьсан шаардлагуудын дагуу бүх бэлтгэлийг явуулдаг. Үүний дагуу нэхэмжлэгчийн CV-г байршуулсан, ажлын санал ирсэн учраас 600 ам долларыг төлсөн гэж ойлгож байна. Манай оффис алга болоогүй. 2020 оны 4 дүгээр сард би ажлаасаа гарсан үүнээс хойш оффис өөр газар руу нүүсэн. Тэр хооронд М, Содоо 2 үйл ажиллагаа явуулж байсан. 2020 оны 6 дугаар сард боломжит 6 хүнийг зуучилж явуулсан байдаг. Хөл хорионоос болоод компанийн үйл ажиллагаа тасалдаад, хилийн хоригоос болж үйл ажиллагаа зогссон байгаа. Олон хүмүүсийг өндөр цалинтай ажиллуулдаг байсан, хөл хорионы улмаас ажилтнууд ажлаасаа гарсан. н.М Америк руу удаан хугацаагаар ажлаа орхиод заримдаа явчихдаг байсан учраас миний дансаар компанийн бүхий л мөнгөний орлого, зарлага, шилжүүлэг, цалин, ажилчдын хоол, түрээсийн төлбөр хийгдэж байсан. Миний дансны хуулга дээр мөнгөний зарцуулалт тодорхой байгаа. Хууран мэхлэх байдлаар бид хүмүүсээс мөнгө аваагүй. Авсан мөнгөө үйл ажиллагаандаа зарцуулдаг. Энэ үйлчилгээ нь албан ёсны эрхийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байсан, цар тахлын улмаас хил хааснаас шалтгаалж үйл ажиллагаа зогссон байгаа. Гэрээний мөнгийг би хувьдаа ашиглаж байгаагүй иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов. Учир нь:
Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч А.Бд холбогдуулан 2,995,587 төгрөг гаргуулахаар шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “А” ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулж нэхэмжлэлийн шаардлагыг хамтран хариуцах үүрэгтэй гэж шаарджээ.
Хариуцагч “А” ХХК нь нэхэмжлэгч Х.Бтай 2019 оны 8 сард “Мэдээлэл, зөвлөгөө, хамтын ажиллагааны гэрээ“-г байгуулж Х.Бг АНУ дахь хөдөлмөр зуучлагчтай холбох, тухайн улсад ажиллаж амьдрахад шаардлагатай мэдээлэл, сургалт, зөвлөгөө өгөх, виз бүрдүүлэлтэд зөвлөгөө, мэдээлэл өгөх, уг үйлчилгээний төлбөрт Х.Б нийт 2,000 ам доллар төлөх үүрэг тус тус хүлээсэн байна. Дээрх гэрээний агуулга, шинж, талуудын эрх, үүрэг зэргээс дүгнэвэл тэдний хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээ байгуулагдсан байна. Энэхүү гэрээг байгуулсан асуудлаар болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй болно.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “гэрээнд заасан хугацаанд гэрээний дагуу ямар нэг үйлчилгээ үзүүлээгүй” гэж тайлбарлаж гэрээнээс татгалзаж байх ба харин хариуцагч А.Б “нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийг гэрээнд заасан үйл ажиллагаа явуулахад зарцуулж үйлчилгээ үзүүлсэн, хувьдаа ашиглаагүй” гэж, хариуцагч “А” ХХК “нэхэмжлэгчийн төлбөрийг А.Бы дансаар авсан, уг мөнгийг А.Б ашигласан” гэж тус тус маргав.
Нэхэмжлэгч нь хариуцагч А.Бы дансанд 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 300 ам доллар, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1,624,800 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 406,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй, мөн гэрээний төлбөрийг А.Бы дансанд шилжүүлэхээр тохирсон асуудлаар талууд маргаагүй болно.
Хариуцагч “А” ХХК нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг татгалзаж байгаа эсэх талаарх тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж заасан хугацаанд ирүүлээгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болсон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “нэхэмжлэгчийн шилжүүлсэн төлбөрийг А.Б авч ашигласан, компанийн дансанд ороогүй” гэжээ.
Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж заасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь гэрээний төлбөрийг хариуцагч “А” ХХК-д төлөх үүрэгтэй байна. Харин гэрээний үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөнийг үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн тохиолдолд үүрэг гүйцэтгэгчийг үүргээ гүйцэтгэсэнд тооцохыг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зохицуулсан байна. Иймд нэхэмжлэгчийг гэрээний 2.2.1, 2.2.2-т заасан болон англи хэлний сургалтын төлбөр төлөх үүргийг биелүүлсэн гэж үзнэ. Хариуцагч “А” ХХК нь гэрээний үүргээ биелүүлсэн эсэх талаар ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүй тул үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1, 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасан журмаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй байна. Гэрээнээс татгалзахын үр дагавар нь гэрээний үүрэг дуусгавар болж Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар харилцан өгсөн, авсан зүйлээ буцаах үүргээр солигддог.
“А” ХХК-ийн төлөөлөгч татгалзалтайгаа холбогдуулан тухайн компаниар нэхэмжлэгчийн адил үйлчилгээ авах зорилготой гэрээ байгуулсан гэх Д.Өлзийнарангаас гэрчийн мэдүүлэг авахуулсан ба гэрч нь А.Бтай холбогдож гэрээ байгуулж байсан, түүнийг захирал гэж ойлгосон, гэрээнд заасан үйлчилгээг авч байгаа талаар мэдүүлжээ. Энэ нь “А” ХХК-ийг нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн гэрээний үүргээ биелүүлсэн болохыг, нэхэмжлэгчийн төлбөрийг А.Б хувьдаа ашигласан болохыг нотлохгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй гэж үзэв. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч “А” ХХК нь нэхэмжлэгчээс шилжүүлсэн төлбөрийг буцаан төлөх үүрэгтэй байна. Нэхэмжлэгч нь 2,030,800 төгрөгийг америк доллароор төлөөгүй байх тул нэхэмжлэлийн зарим шаардлагыг америк доллароор тооцох үндэслэлгүй байна. Иймд хариуцагч “А” ХХК-иас 300 ам долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож 855,882 төгрөг болон 2,030,800 төгрөг нийт 2,886,682 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 108,896 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Хариуцагч А.Б нь “А” ХХК-ийг төлөөлөн зуучлуулагч нартай гэрээ байгуулах эрх бүхий этгээд байсан болох нь хариуцагч нарын тайлбараар тогтоогдсон тул гэрээний оролцогч биш байна. Гэрээний нэг тал нөгөө талыг үүргээ гүйцэтгэхийг шаардах, түүнийг биелүүлээгүйгээс үүссэн үр дагаврыг арилгахыг шаардах эрхтэй бөгөөд тухайн шаардлагыг гэрээний оролцогч биш этгээдээс шаардах эрхгүй. Иймд хариуцагч А.Бд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хариуцагч “А” ХХК-ийн төлөөлөгч 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн баримтад гарын үсэг зурж, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагч “А” ХХК-ийн төлөөлөгчийн эзгүйд, хэрэгт байгаа баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “А” ХХК-иас 2,886,682 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б овогт Х .Бд олгож, нэхэмжлэлээс 108,896 төгрөгийн шаардлага болон хариуцагч А.Бд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,879 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 61,137 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Бд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА