Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/131

 

 

2024   10         29                             2024/ШЦТ/131

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Ням,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгч: Ц.Н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 242700158070 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19"" оны 05 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн """" суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн """" сумын 3 дугаар баг """"" оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, """"" регистрийн дугаартай, Б овогт Ц-н Н.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Н нь 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 20 цагаас 2024 оны 08 дугаар сарын 06-ны шөнийн 01 цагийн хооронд Өвөрхангай аймгийн """"" сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Чулуутын Их гэх газар """  ӨВР улсын дугаартай Пронтер загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.9-ийн “б”-д заасан “тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт хүн тээвэрлэхийг хориглоно” гэх заалтыг зөрчиж П.А-г ачааны машины тэвш дээр суулгаж явсны улмаас П.А машины тэвш дээрээс унаж, автомашины дугуйнд дайрагдан амь нас нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Н нь 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 20 цагаас 2024 оны 08 дугаар сарын 06-ны шөнийн 01 цагийн хооронд Өвөрхангай аймгийн """"" сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Чулуутын Их гэх газар 0556 ӨВР улсын дугаартай Пронтер загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.9-ийн “б”-д заасан “тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт хүн тээвэрлэхийг хориглоно” гэх заалтыг зөрчиж П.Аг ачааны машины тэвш дээр суулгаж явсны улмаас П.А машины тэвш дээрээс унаж, автомашины дугуйнд дайрагдан амь нас нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Н би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ү-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэгтээ: “Талийгаач П.А нь миний төрсөн дүү бөгөөд 1979 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн """"" суманд төрсөн. Сургуульд сураагүй багаасаа мал дээр гарсан. А нь нөхөртэй хүүхэдгүй байсан. ...2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн """"" сумын 4 дүгээр баг Арцат толгой гэх газарт байх манай гэрт 18 цагийн үед хүргэн Нарангаравын машинд эхнэр Пагамсүрэн, ээж Алтанцэцэг, талийгаач дүү А түүний нөхөр Оюунболд нарын хамт ирсэн. ...Тэгээд 20-21 цагийн үед Нарангарав хонь хэцүүдлээ явъя гээд Нарангарав өөрийн пронтер /fronter/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод хажууд нь ээж Алтанцэцэг, ээжийн хажууд Пагамсүрэн суугаад урд кабинд хүн багтахгүй байсан. Би та нар ирсэн шигээ урд кабиндаа бөөндөө давхарлаад суучих гэсэн чинь Оюунболд, талийгаач А хоёр үгүй ээ тэвш /ачаа/ дээр сууя гээд өөрсдөө тэвш дээр гараад суусан. Талийгаач А жолоочийн харалдаа хойно тэвш дээр байсан 100 литртэй цэнхэр өнгийн устай сав, 40 литрийн хөнгөн цагаан савны хойно суусан, харин Оюунболд Пагамсүрэнгийн харалдаа хойно согтоод хэвтчихсэн тэгээд тэд нар яваад өгсөн. Тэгээд би маргааш нь буюу 2024 оны 08 дугаар сарын 06-ны өглөө 07 цагийн үед Пагамсүрэнгийн гар утас руу залгасан чинь Пагамсүрэн надад хэлэхдээ А эгч машины тэвш дээрээс ойчоод нас барчихлаа гэж хэлсэн тэгээд би мэдсэн. ...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй болгоомжгүй байдлаасаа болоод машины тэвш дээрээс уначихсан байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/,

Гэрч Д.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Оюунболд, талийгаач Аптай хоёр “бид хоёр тэвш /ачаа/ дээр сууя” гээд өөрсдөө тэвш дээр гараад суусан. Талийгаач А жолоочийн харалдаа хойно тэвш дээр байсан 100 литртэй цэнхэр өнгийн устай сав. 40 литрийн хөнгөн цагаан савны хойно суусан, харин Оюунболд Пагамсүрэнгийн харалдаа хойно согтоод хэвтчихсэн, тэгээд бид нар хөдөлсөн. Өвөрхангай аймгийн """"" сум харагдаад орох гэж байсан ойролцоогоор 2-3 орчим км дутуу байсан байх. Тэгсэн чинь Оюунболд хэлэхдээ А ойчсон байна байхгүй байна гээд хашхирсан. Тэгээд зогсоод буцаж эргээд замаар жоохон явсан чинь миний сууж байсан баруун гар тал руу шороон замын хажууд дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд Аптай дээр надаас бусад нь очоод Оюунболд Агийн гараас нь татаад босоорой гэсэн чинь босохгүй байсан тэгээд би машин дотроос А хөдлөхгүй байна шүү дээ өнгөрчихсөн юм биш үү гээд би хэлсэн чинь эмнэлэг дуудъя гээд Оюунболд эхнэрийгээ харж үлдээд бид нар эмнэлэг дуудах гээд """"" сум руу явсан. Хэрүүл маргаан үүсгээгүй. ...Машин бага хурдтай явж байсан. Надад тийм юм мэдэгдээгүй. Шороон зам байсан болохоор овон, товон ихтэй байсан. Тухайн үед тэвш дээр хэрэлдэх, маргалдах чимээ гараагүй, юм мэдэгдээгүй...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/,

Гэрч П.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд нар жаргасан бүрэнхий болсон байхад цаг хэд болж байсан талаар мэдэхгүй байна тэгээд явъя гээд Нарангарав өөрийн пронтер /fronter/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод хажууд нь хадам ээж, хадам ээжийн хажууд Пагамсүрэн суугаад урд кабинд хүн багтахгүй байсан. Нарангарав, Үүрцайх эгч хоёр дотор кабинд суу гэсэн чинь манай эхнэр А үгүй ээ хоёулаа тэвш /ачаа/ дээр суугаад явъя гээд тэвш дээр гараад суусан. ...Өвөрхангай аймгийн """"" сум руу явж байхад би замдаа унтсан байсан. Мөнхбаяр ахын гэрээс хөдлөхөд талийгаач доор тэвш дээр сууж байсан, хэсэг явж байгаад харсан чинь тэвшний порчигний ирмэг дээр над руу хараад цэнхэр өнгийн сав бэхэлсэн байсан уяанаас бариад сууж байхаар нь доошоо суу гэсэн чинь гайгүй зүгээр гэхээр нь за гээд би унтаад өгсөн байсан. Тэгээд нэг сэрээд харсан чинь эхнэр А байхгүй байхаар нь гайхаад хашхираад цонхыг тогшсон чинь Нарангарав зогсохоор нь А байхгүй байна гээд буцаж эргээд замаар жоохон явсан чинь миний баруун гар тал руу шороон замын хажууд дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд би буугаад А дээр очоод гараас нь татаад босоорой гэсэн чинь хариу хэлэхгүй нас барсан юм шиг байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Бүсийн Шүүх шинжилгээний төвийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №101 дугаартай “...Талийгаач П.Агийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүрхний булчингийн урагдал, гавал ясны бяцарсан хугарал, зүүн уушгины эдийн шарх. Цээжний хөндийн хурц цус алдалт, доод эрүү ясны хугарал, дух хэсэгт шарх, зүүн чамархай, зүүн доод эрүү, хацар шанаа, хүзүү хоолой, зүүн мөр, бугалга, цээж, хөх, тохой, хавирганы нум, гуя, зүүн шилбэ хэсгийн зулгаралт цус хурал, шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. З.Дээрх гэмтлүүд нь өнгө тогтоц шинж байдлаараа хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүдэд хохирлын зэрэг тогтоох шаардлагагүй. 5.Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй. б.Талийгаач П.А нь авто ослын хавсарсан хүнд гэмтлүүд болох: зүрхний булчингийн урагдал, гавал ясны бяцарсан хугарал, зүүн уушгины эдэд шарх, цээжний хөндийн хурц цус алдалтын улмаас нас баржээ. Талийгаачийн цус, шээсэнд спиртийн агууламж илрээгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 79-83 дугаар хуудас/

 

5.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №4624 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “Ц.Н” гэж хаягласан хуруу шилтэй цусны дээжээс спиртийн агууламж илрээгүй..” дүгнэлт /хавтаст хэргийн 92 дугаар хуудас/,

Техникийн    шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №76 дугаартай “...Энэ нь зам тээврийн осол мөн юм. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг” хэлнэ гэж заасан байдаг. Ц.Н нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар зүйлийн 23.9-ийн Б-д заасан “тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт хүн тээвэрлэхийг хориглоно” гэх заалтыг зөрчсөний улмаас энэ зам тээврийн осол гарсан байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 107-108 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

 

Шүүгдэгч Ц.Н нь 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 20 цагаас 2024 оны 08 дугаар сарын 06-ны шөнийн 01 цагийн хооронд Өвөрхангай аймгийн """"" сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Чулуутын Их гэх газар 0556 ӨВР улсын дугаартай Пронтер загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.9-ийн “б”-д заасан “тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт хүн тээвэрлэхийг хориглоно” гэх заалтыг зөрчиж П.Аг ачааны машины тэвш дээр суулгаж явсны улмаас П.А машины тэвш дээрээс унаж, автомашины дугуйнд дайрагдан амь нас нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

           

Шүүгдэгч Ц.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүхээс шүүгдэгч Ц.Ныг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 20 цагаас 2024 оны 08 дугаар сарын 06-ны шөнийн 01 цагийн хооронд Өвөрхангай аймгийн """"" сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Чулуутын Их гэх газар 0556 ӨВР улсын дугаартай Пронтер загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.9-ийн “б”-д заасан “тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт хүн тээвэрлэхийг хориглоно” гэх заалтыг зөрчиж П.Аг ачааны машины тэвш дээр суулгаж явсны улмаас П.А машины тэвш дээрээс унаж, автомашины дугуйнд дайрагдан амь нас нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд “Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Алимаа би Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24-т заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Ц-н Нт холбогдох эрүүгийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна.

Шүүдэгч Ц.Н нь 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 20 цагаас 2024 оны 08 дугаар сарын 06-ны шөнийн 01 цагийн хооронд Өвөрхангай аймгийн """"" сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Чулуутын Их гэх газар 05-56 ӨВР улсын дугаартай Пронтер загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.9-ийн “б”-д заасан “тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт хүн тээвэрлэхийг хориглоно” гэх заалтыг зөрчиж П.Аг ачааны машины тэвш дээр суулгаж явсны улмаас П.А машины тэвш дээрээс унаж, автомашины дугуйнд дайрагдан амь нас нь хохирсон гэх үйл баримт тогтоогдсон байна. Шинжилгээний байгууллагын үхлийн шалтгаан тогтоосон шинжээчийн дүгнэлт, техникийн шинжээчийн дүгнэлтээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.9-ийн “б”-д заасан “тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт хүн тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас энэ зам тээврийн осол гарсан байна гэж дүгнэсэн байгаа учраас энэ үйл баримт нь Ц.Нын гэм буруутай үйлдэлтэй шууд холбоотой байна гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар түүний энэ үйлдэл бүрэн дүүрэн нотлогдож байгааг дурдах нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч Ц.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас талийгаач П.Ан амь нас хохирсон бөгөөд энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр талийгаачийн эгч П.Үүрцайх томилогдсон байгаа бөгөөд П.Үүрцайх нь энэ хэрэг дээр шүүгдэгч Ц.Наас нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг нэхэмжлэхгүй гэсэн байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Нын зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Прокурорын зүгээс хохирол төлбөр байхгүй, гэм буруугаа хүлээж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Ял эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгч түүний өмгөөлөгч нартай тохиролцсон бөгөөд энэ саналын хүрээнд ялын дүгнэлтээ хэлнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жил 02 сарын хугацаагаар хасаж, Өвөрхангай аймгийн """"" сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар 01 жил 02 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. Хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа П.Үүрцайх бол хохирол төлбөр нэхэмжлэхгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй. Энэ нь өөрөө болгоомжгүй гэмт хэрэг учраас би эд хөрөнгийн хувьд болон бусад зүйл дээр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг нэмж дурдаж байна. Шүүгдэгч Ц.Нын хувьд бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж байна. Шүүгдэгч Ц.Нт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Цагдан хоригдсон хоноггүй. Эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгч Ц.Нт авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх санА байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурорын санал болгож, шүүгдэгч Ц.Н хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жил 02 сар хугацаагаар хасаж, 01 жил 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.           

Шүүх, шүүгдэгч Ц.Ныг зорчих эрхийг хязгаарласан 01 жил 02 сарын хугацаанд Өвөрхангай аймгийн """"" сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, хяналт тавьж буй шийдвэр гүйцэтгэх байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих, оршин суух газраа өөрчлөх үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Н нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Гурав: Бусад асуудлаар:

         

            Шүүгдэгч Ц.Н нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 

         

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овогт Ц-н Ныг Эрүүгийн хуулийн туулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Цэвээнравдангийн Нарангаравын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хасаж, 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар Өвөрхангай аймгийн """"" сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Нт зорчих эрхийг хязгаарласан 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаанд Өвөрхангай аймгийн """"" сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, хяналт тавьж буй шийдвэр гүйцэтгэх байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих, оршин суух газраа өөрчлөх үүргийг хүлээлгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Ц.Нт мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

  1. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ДАГИЙМАА