Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/134

 

 

2024   11        01                             2024/ШЦТ/134

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгч: Б.О, түүний өмгөөлөгч Ц.Хонгорзул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2427001540161 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19""" оны 10 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн """"" суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл """", эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн """""" дугаар баг Хаахай гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, """"""" регистрийн дугаартай, Б овогт Б-О.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн """"" дугаар багийн нутаг Захын булаг гэх газар оршин суух хохирогч Ц.Оы гэрт “архи өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж модон сандлаар толгойн зүүн чамархай хэсэгт нь нэг удаа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр """"" аймгийн """"" сумын """"" дугаар багийн нутаг Захын булаг гэх газар оршин суух хохирогч Ц.Оы гэрт “архи өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж модон сандлаар толгойн зүүн чамархай хэсэгт нь нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.О би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Оы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэгтээ: “2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр намайг гэртээ буюу Өвөрхангай аймгийн Хужирт сумын Дулаан 6 дугаар баг Захын булаг гэх газарт ганцаараа байх үед төрсөн эгч Дуламсүрэнгийн хоёр хүү болох Д, О нар хадлан үзэж яваа гээд нэлээд согтуу ирцгээсэн. Тэр хоёрыг ирэх үед миний төрсөн эгч Ц /нас барсан/ гэх хүний хүү Ш эхнэртэйгээ ирчихсэн гүү сааж өгч байсан бөгөөд гүү сааж дуусаал гэри орж айраг уучихаад гэр рүүгээ яваад өгсөн. Тэр хоёрыг явах үед Дн, О нар манай гэрт үлдсэн бөгөөд тэр хоёрыг явснаас хойш нэг их удалгүй надаас архи нэхэж агсагнаад гөлөг нохой гээд доромжлоод эхэлсэн. Би тэгэхээр нь “би та хоёрт архи өгөхгүй” гээд өгөөгүй. Тэгтэл сүүлдээ дуу нь чангараад Д-тай би барилцаж аваад заамдалцчихсан зогсож байтал тэр хоёр "чи баян тарган хүн байж ганц шил архи харамлаад" гээд үгээр өдөөд байхаар нь "тэгвэл та хоёр гуйлгачин юм байгаа биз” гээд хэлчихсэн чинь Д-ны төрсөн дүү О уурлан сууж байсан модон сандлаа барьж босож ирээд миний толгойн зүүн чамархай хэсэг рүү цохичихсон. Тухайн үед миний толгой эргээд, толгойноос цус гоожоод явчихсан бөгөөд О намайг цохиж цус нөжийг маань гоожуулчхаад ахыгаа аваад зугтаагаад явчихсан. Тухайн үед би гэртээ ганцаараа байсан болохоор хойд орон дээрээ ухаан санаа самуурч муужирсан байдалтай цусаа тогтоох гээд давуугаа дараад сайн тогтож өгөхгүй хэвтэж байтал Шоовдор гаднаас ороод ирсэн. Тэгээд Ш-т юу болсон талаар арай гэж нэг тайлбарлан яриад сумын эмнэлэг рүү явсан. Ийм л асуудал болсон бөгөөд О-д цохиулсны улмаас эмнэлэгт олон хоног явж толгойд учирсан шарх гэмтэлдээ 6 ширхэг оёдол тавиулж одоо болтол эмчилгээ хийлгэж байна... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-14 дүгээр хуудас/,

Гэрч Л.Ш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэгтээ: “Өнөөдөр орой буюу 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн орой 17 цагийн орчимд би эхнэр Батдуламын хамт нагац ах Ц.Оыд очиж гүүг нь сааж тавьчхаад гэртээ харьсан. ...Отгон ахынд ороод ойр зуурын юм ярьж хэсэг сууж байгаад эхнэр бид хоёр гэр рүүгээ явсан бөгөөд Ц.О ахынд Б.О, Б.Д, Ц.О ах гурав эхнэр бид хоёрын араас манай гэрт очно гээд үлдсэн. Эхнэр бид хоёр ч гэртээ харьж гүүгээ сааж тавьчхаад тэр гурвыг хүлээгээд байсан чинь ирээгүй. Тэгэхээр нь эргээд Ц.О ахын гэрт яваад очтол Ц.О ах цустайгаа хутгалдчихсан орон дээрээ хэвтэж байсан. Би Ц.О ахаас юу болсон талаар нь асуухад "Дн агсам тавьж архи нэхээд байхаар нь барилцаад авсан чинь дүү О нь хажуугаас сандлаар толгой руу цохичихлоо” гэж хэлсэн. Намайг эргээд Ц.О ахынд очих үед тэр хоёр байгаагүй бөгөөд Ц.О ахын толгойноос нэлээн их цус алдсан байдалтай байхаар нь цаг алдалгүй сумын төв орж эмнэлэгт үзүүлье гэж бодоод араараа сундлаад сумын төв рүү явсан. Сумын төв рүү явж байх зам буюу Хужирт сум 6 дугаар баг Харзны гарам гэх газрын зүүн дэнж дээр явж байтал Б.О, Б.Дн нар мотоциклтой араас гүйцэж ирсэн. Тэгэхээр нь зогсоод "та хоёр яахаараа хүнийг ийм болгоод цустай нь хольж орхидог юм" гэхэд О юм дугараагүй. Харин Дн би зодоогүй гээд өөдөөс агсагнаад дайраад байсан...”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,

Гэрч    Б.Дн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэгтээ: “...О ах бид хоёрыг муусайн гуйлгачингууд гэж хэлсэн. Тэгтэл тухайн үед орны өмнө бид хоёрыг хараад сууж байсан О уурлаад босож ирээд сууж байсан модон сандлаараа Отгон ахын толгой руу цохичихсон. Ахиад цохих гээд нь дайрахаар нь би боль гэж хориод сандлыг нь гараас нь салгаад эргээд хартал Отгон ахын толгойноос цус гоожоод Отгон ах Оыг ална гэж араас нь хөөгөөд О гэрээс нь гараад зугатаачихсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 20-22 дугаар хуудас/,

Өвөрхангай аймаг дахь бүсийн Шүүхийн шинжилгээний 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 692 дугаартай “...1.Үзүүлэгч Ц.Оы биед зүүн чамархай хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь өнгө тогтоц шинж шинэ гэмтэл байх боломжтой. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. З.Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...”гэх дүгнэлт / хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Б.О нь 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн """"" дугаар багийн нутаг Захын булаг газар оршин суух Ц.Оы гэрт “архи өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж модон сандлаар хохирогч Ц.Оы толгойн зүүн чамархай хэсэгт нь нэг удаа цохих буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол” санаатай гэмт хэрэг гэж заасан.

Шүүгдэгч Б.О хохирогч Ц.Оы бусдын бие махбодид хүч хэрэглэн халдвал эрүүл мэндэд нь хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

 

Хохирогч Ц.Од шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралд суухгүй, гомдол саналгүй гэж хариу мэдэгдсэн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд суухгүй гэж хүсэлт гаргасан байна.

Шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, хохирол төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын санал гаргасан.

Шүүгдэгч улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч байна гэв.

Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.О хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Б овогт Б-Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэв.

Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгч нь  энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт Б-Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б-Оыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Од шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  1. Шүүгдэгч Б.Оын торгох ял оногдуулсан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

 

  1. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлат тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ДАГИЙМАА