Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2020/ДШМ/1422

 

      2020         11            10                                        2020/ДШМ/1422                              

 

 

Б.Мт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Алтанцэцэг,

хохирогч Б.Э ,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч С.Б,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 2020/ШЦТ/566 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Мийн өмгөөлөгч С.Бийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Мт холбогдох эрүүгийн 1910 00196 0667 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн  Б.М, 1977 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, техникийн инженер мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Гурван модны рашаан” хүнсний дэлгүүр ажиллуулдаг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ............................ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................./;

Б.М нь Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-ын виз гаргуулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Б.Эээс

2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 3.000.000 төгрөг,

2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 1.500.000 төгрөг,

2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 800.000 төгрөг, нийт 5.300.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 57 дугаар байрны 28 тоотоос М.Аийн 5029300530 дугаартай Хаан банкны дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.  

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч” залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мийг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, тус эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мээс 5.300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Эт олгож, шүүгдэгч Б.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Мийн өмгөөлөгч С.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Мийн хувьд анхнаасаа цагдаагийн байгууллагад гэрчээр мэдүүлэг өгөхдөө гэм буруугаа хүлээж мэдүүлдэг бөгөөд хохирогчоос уг мөнгийг аваад цааш нь дамжуулаад виз гаргадаг Оюунаа гэх хүнд өгсөн гэдгээ хэлдэг. Уг мөнгийг өөртөө авч захиран зарцуулсан зүйл байдаггүй нөхцөл байдал харагддаг. Иймд энэ байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Б.М нь гэм буруу болон зүйлчлэлийн талаар ямар нэгэн маргаан байхгүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаагаа анхан шатны шүүх хуралдаанд илэрхийлсэн. Хэдийгээр шүүхээс гэм буруутайд тооцсоны дараа хохирол төлөхөөр завсарлага авсан боловч уг хугацаанд хөөцөлдөж буй зээл нь бүтээгүй учир шүүхээс өгсөн хугацаанд хохирлоо төлж чадаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа хөөцөлдөж байсан зээлийг нь түүний нөхөр үргэлжлүүлэн хөөцөлдөж өөрийнхөө нэр дээр зээл гаргуулан хохирогчийн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулан хор уршгийг арилгасан болно. Б.М нь 6 настай хүүхэдтэйгээ хоёулаа амьдардаг, нөхөр нь хөдөө ажилладаг. Одоо 6 настай хүүхэд нь харах хүнгүй, сургууль соёлдоо явж чадахгүй байдалтай байгаа. Иймд Б.Мийн хувийн болон ар гэрийн байдал, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгож байгаа байдал, хохирол төлбөрөө барагдуулж хор уршгийг арилгасан байдал, мөн хохирогчоос авсан мөнгийг цааш нь бусдад дамжуулж өгсөн буюу гэмт хэрэг үйлдсэн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би 6 настай хүүхэдтэй. Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ...” гэв.

Хохирогч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Мийн ар гэрийнхэн миний хохирлыг барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлоо төлж барагдуулсан учир заавал Б.Мийг хорих шаардлагагүй гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор Б.М.А тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, гэм хорыг арилгаагүй гэх үндэслэлээр 1 жилийн хорих ял оногдуулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна. Харин шүүгдэгчийн өмгөөлөгч ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар давж заалдах гомдол гаргасныг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжтой. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Б.М нь Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-ын виз гаргуулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Б.Эээс

2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 3.000.000 төгрөг,

2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 1.500.000 төгрөг,

2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 800.000 төгрөг, нийт 5.300.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 57 дугаар байрны 28 тоотоос М.Аийн 5029300530 дугаартай Хаан банкны дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Эийн “... Би үеэл дүү Билгүүнийг Солонгос улс руу гэрээгээр явуулахаар хөөцөлдөж байсан юм. Гэтэл Билгүүн надад хандан “найз Нацагдоржийн бэр эгч нь Солонгос руу гэрээгээр явуулахаар хүмүүсийн материалыг бүрдүүлж өгдөг гэнээ, өмнө нь манай найзын дүүг явуулж өгсөн, одоо Нацагдоржийн материалыг бас хөөцөлдөж байгаа” гэхээр нь найзтайгаа хамт материалаа бүрдүүлээд хамт явчихвал өөрт нь хэрэгтэй болов уу гээд зөвшөөрөөд 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 3.500.000 төгрөг шилжүүлсэн. Эхний удаа 3.500.000 төгрөгийг нь өгчих, үлдсэн мөнгийг нь материал бүрдээд ирэхээр нь авна гэсэн. Ингээд 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Нацагдоржийн ээж М.А над руу залгаад “материалыг нь өгчихлөө, одоо хүлээх л үлдлээ, та үлдсэн 1.500.000 төгрөгийг миний данс руу шилжүүлчих” гэхээр нь шилжүүлсэн. Үүнээс хойш залгаж асуухаар дорж хаяж 3 сар болдог учраас жаахан удах юм шиг байна. 8 дугаар сар хүртэл виз гарахгүй, Солонгосын элчин солигдоод хөл хөдөлгөөнтэй байгаа гэж байна гэж хэлсэн. 9 дүгээр сарын дундуур М.А над руу залгаад “Билгүүний виз гарсан байна гэнээ чи онгоцны тийзний мөнгө бэлд, 800.000 орчим төгрөг болдог юм байна, та “Air market” тийз захиалгын газар луу залгаад асуучих” гэхээр нь залгаад асуутал “Нацагдорж, Билгүүн нарын онгоцны тийз захиалсан байна, мөнгөө өгөөгүй учраас баталгаажаагүй байна” гэхээр нь М.Аийн данс руу 800.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш таг болчихоор нь М.А рүү залгаад юу болж байгаа талаар асуухад Б.М рүү залгаж яръя, гэрт нь очиж уулзъя гээд таг болсон. Аргаа бараад М.Аээс Б.Мийн дугаарыг аваад 11 дүгээр сарын 27-ны өдөр явахаар болсон, дүүгийнхээ юмыг бэлдээд байж бай гэхээр нь итгээд Билгүүний явах бэлтгэлийг хангаад байж байтал дахин таг болсон. Тэгээд Б.М рүү залгаад яасан гэтэл 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр явахаар болсон гэхээр нь мөн л хүлээгээд байтал утсаа авахгүй алга болсон. ...” /хх 28-29/,

гэрч М.Аийн “... 2018 оны 2 дугаар сард Б.Мтэй уулзаад Солонгосын виз гаргуулъя гэж хэлэхэд Б.М “асуудалгүй, найдвартай гаргаж өгнө, манай нэг эгч байгаа, надад эхний ээлжинд 2.500.000 төгрөг бэлнээр өгчих гэж хэлэхээр нь би ломбарданд ээмэг бөгжөө тавиад 2.500.000 төгрөг бэлнээр авч, тэр ломбардны гадаа өгсөн. Дараа нь Нацагдоржийн багын найз Билгүүн Солонгосын виз гаргуулах гэсэн юм, хэлээд өгөөч гэж гуйхаар нь би Б.Мтэй утсаар яриад “манай хүүгийн багын найз виз гаргуулъя” гэж байна гэсэн чинь Б.М “бичиг баримтыг нь 3.500.000 төгрөгтэй өгчих” гэж хэлсэн. Билгүүнд энэ талаар хэлэхэд эгч Б.Э нь надтай холбогдож “Нацагдоржтой хамт явуулчихмаар байна, виз хөөцөлдөөд өгөөч” гэхээр нь өөрийнхөө дансыг Б.Эт өгч, түүнээс 3.500.000 төгрөг орж ирэхээр нь уг мөнгийг, бичиг баримттай нь Б.Мт аваачиж өгсөн. Сарын дараа Б.М залгаад “одоо виз гарах гээд бэлэн болж байна. Н , Б  хоёрын тус бүр 1.000.000 төгрөг өгөөрэй” гэхээр нь 1.800.000 төгрөг Б.Мийн өгсөн данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш удахгүй виз гарна гээд хойшлуулаад л яваад байсан бөгөөд Нацагдорж, Билгүүн хоёрыг Солонгосын Ачон гэж эмнэлэгт ажиллуулахаар болсон гэх зэргээр хойшлуулаад л яваад байсан. 2019 оны 7 дугаар сарын 28-нд Солонгос явуулахаар боллоо, онгоцны билетны мөнгө нэг хүний 1.300.000 төгрөг яаралтай шилжүүл гэхээр нь Б.Эт хэлж аваад уг мөнгийг Б.М рүү шилжүүлсэн. Гэтэл тэр асуудал нь худлаа болоод виз гаргаж өгнө гэсэн хүн Солонгост байгаа, удахгүй гэж хойшлуулсаар байсан. 2019 оны намар Б.Э бид хоёр Нарантуул зах дээр очиж микро автобустай явж байхаар нь очиж уулзаад би “чи миний мөнгийг дараа бол, Б.Эийн мөнгийг яаралтай өгөөдөх” гэсэн чинь “тэгье, 10 хоногийн дараа үхэр оруулж ирж зарна, тэгээд мөнгийг нь өгчихнө” гэж хэлсэн боловч одоо хүртэл мөнгө өгөөгүй. ...” /хх 33-34/,

гэрч Ц.Б-ий “... эгч Б.Этэй уулзаад “манай найз Н-ийн ээжид Солонгос улс руу виз гаргадаг хүн байгаа гэнэ, 5.000.000 төгрөг болдог гэж байна, манай найз бас материал, мөнгөө өгчихсөн гэж байна” гэхэд манай эгч “найдвартай юм бол тэг гээд 3.500.000 төгрөгийг М.А гэх хүний данс руу шилжүүлсэн. Үлдсэн 1.500.000 төгрөгийг 2018 оны 8 сард шилүүлсэн байх. Сүүлдээ виз гаргана гэдэг нь худал болж бид нарыг залилсан болж таарсан. ...” /хх 37-38/,

гэрч Т.Н-ийн “... би Солонгос явахаар ээж М.Аийн танил Б.М гэх хүнд материал, 5.600.000 төгрөгийг өгсөн бөгөөд Б.М нь миний танил Солонгосын элчинд ажилладаг, тэр хүнтэй уулзаад байх шаардлагагүй, надад материал, мөнгийг нь өгчих гэхээр нь манай ээж М.А өгсөн юм байна лээ. Тэгээд би найдвартай юм байна гэж бодоод найз Билгүүнд хандан манай ээжид таньдаг хүн байгаа гэж хэлсэн. Тэгсэн чинь Билгүүний эгч манай ээжтэй ярьж байгаад мөнгө болон бичиг баримтаа өгсөн гэсэн. Гэтэл 3 дугаар сараас хойш “виз гарна, удахгүй гарна” гэсээр одоог хүрч байна. ...” /хх 39-40/ гэх мэдүүлгүүд,

цахим төлбөрийн баримт /хх 82/, Хаан банкны дансны хуулга /хх 83-84/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс Б.Мийг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Мийн иргэн Б.Эийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон мөнгийг нь шилжүүлэн авч, залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мийг 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Б.Мийн өмгөөлөгч С.Б нь “... шүүгдэгч Б.М хохирогчийн хохирлыг барагдуулсан тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Б.М нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анхан шатны шүүх хуралдааны дараа бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, бага насны хүүхэдтэй, хохирогч Б.Эийн зүгээс гомдол саналгүй, ялыг хөнгөрүүлэх талаар хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Б.Мт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж заасан давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч Б.Мт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэлээ.    

Мөн шүүгдэгч Б.Мт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэнтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгов.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 2020/ШЦТ/566 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Мийн өмгөөлөгч С.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 2020/ШЦТ/566 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Мийг оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалт тус тус оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт нийт 68 хоног цагдан хоригдсон, хохиролд 5.300.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, түүнийг нэн даруй суллан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ